НИЙГЭМСурвалжилга

Улаанбаатарыг 12 жил цэвэрлэж буй Ц.Чинзориг: Одоо ахиад 10 жил л өглөө эрт босчихвол болно доо

Улаанбаатар хотод өглөөний 04:40 цаг. Нийслэлийн гудамж талбай эл хуль агаад анир чимээгүй. Манай сурвалжлах баг үүрийн гэгээтэй уралдан СХД-ийн дугаар хороог зорилоо. Бид их хотын гудамж талбайг дөрвөн улирлын турш өглөөн нарнаас орой нарны хооронд 12 дахь жилдээ цэвэрлэж буй Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтан Ц.Чинзоригийн гэрийг зорьж буй нь энэ.

Түүний өглөө 05:00 цагаас эхэлдэг аж. Ц.Чинзориг өглөө бүр эртлэн босож эхнэрийнхээ бэлдсэн цайг амсан гэрээсээ гарна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хамгийн жавартай цагаар хашааны нохдын хуцах чимээг дагуулсаар одно. Түүний амьдралын сүүлийн 12 жил ингэж өнгөрчээ.

"Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламж, араас нь ТҮК-ын ажил орно шүү дээ. Цас орлоо л бол бид тушаал авсан цэрэг адил зам дээр бэлэн. Шөнө, өдөр, орой үл хамаарна. Ямар цас хэзээ орохыг бид шийдэх биш. Ах нь сүүлийн 12 жил өглөө бүр энэ гудмаар ажилдаа явж байна. Бүр хонины номхон морь аятай болж. Сүүлийн хэдэн өдөр цас зогсохгүй ороод ёстой баллах дөхлөө шүү" гэх мэт жаал жуулыг хөөрөлдөн бид Ц.Чинзоригийн ажлын байрыг зорилоо.

-Баруун-4 замаас Их дэлгүүр орох замд нэг ч хүн мөсөн дээр халтирч гэмтэхгүй байвал ахынхан ажил бүтэж буй хэрэг-

Өглөөний 06:00 цаг. Их хотод үүрийн гэгээ морилж, хэдийнээ утаан хөшиг татаж, эл хуль байсан хотын гудамжаар ганц нэг хүн, машин тэрэг явна. Замын түгжрэлээс урьдаж ажилдаа ирж амжсан Ц.Чинзориг нийтийн тээврийн автобус явж эхлэхээс өмнө замаа цэвэрлэх гэж яаравчилна. Баруун-4 замаас Их дэлгүүр хүртэлх нэг километр орчим талбай бол түүний ажлын байр.

Ирсэн даруй Ц.Чинзориг

  • "Алган дээрээ бөмбөрүүлсэн
  • Айлын хооронд үүрсэн
  • Азай буурал ижийнхээ
  • Ачыг нь яаж хариулна даа..." хэмээн амандаа аялж, автозамаа шүүрдэж эхэллээ.

-Дуулахаар даардаггүй гэдэг дээ. Та ирэхэд машинд дуу аялаатай явсан?

-Дуулахаар даардаггүй гэж үнэн байх шүү. Ах нь өглөө бүр л амандаа нэг ая аялмаар аядна. Ажил ч хурдан явдаг юм. Хажуугаар зөрдөг зарим хүмүүс намайг гайхдаг байх аа.

-Хажуугаар зөрдөг хүмүүс гэснээс энэ хавийнхан таныг андахгүй болоо байлгүй?

-Тэгэлгүй яах вэ. Өглөө бүр таардаг хүн ч байна. Инээгээд л "ах ажил нь сайн уу. Цэмцийлгээд л байна уу" гэдэг. Хариуд нь та хэдийгээ халтирч унаад гэмтээчихгүй гээд л зүтгээд байна даа. Гэх мэтээр амны зугаа гаргана. Баруун дөрвөн замаас Их дэлгүүр орох замд нэг ч хүн мөсөн дээр халтираад гэмтэхгүй байвал ахынхан ажил бүтэж буй хэрэг.

-Та Говь-Алтай аймгийн хүн гэсэн. Хэдэн онд хотод орж ирсэн юм. Яагаад ТҮК-д ажилд оров?

-Малчин болмоор санагдаад 10 жилээ төгсөөгүй юм. Шууд л хөдөө гарсан гэтэл нэг өвөл л зуд болж хэдэн малаа тавиад туучихлаа. Араггүй эрхэнд л 2000 онд хотыг зорьсон. Анх ирээд барилга, харуул гээд олон газар ажилласан даа. Сүүлдээ тогтвортой нэг газраа тууштай ажил хиймээр санагдаад Хот тохижилтын газар ажилд орсон.

-Анх намайг ажилд ороход "тэнэг мангар, шар хадны, эмзэг бүлгийн хүмүүс л ТҮК-д ажилладаг" гэдэг байлаа-

-Анх хэдэн төгрөгийн цалин авч байв. Тухайн үед ТҮК-д ажилладаг хүмүүсийг нийгэм муухайгаар хардаг байсан байх. Одоо ч буруу ойлголттой хүмүүс мэр сэр байдаг шүү дээ?

-Нэг хэсэг нийгэмд тэнэг мангар, шар хадны, эмзэг бүлгийн хүмүүс л ТҮК-д ажилладаг гэсэн ойлголт байсан. Үүнд нь би огт эмзэглээгүй. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голохгүй гэдэг. Айхтар үг шүү. Анх ₮700 мянгын цалинтай, хот огт мэдэхгүй будилсан нөхөр л байсан. Өнөө "мангар, шар хадны" гээд байдаг хүмүүс чинь надад сэтгэл дэвсэж, зааж сургаж, ажлын дөр суулгасан юм даа. Одоо ах нь Улаанбаатар хотод цэвэрлээгүй газар байхгүй. Бүх л газарт очиж ажилласан байна.

-Хот тохижилтын газрын ажилчдын цалин ₮3.5 сая болоход хүмүүс хоёр талын л байр суурьтай байсан. Зарим нь зөв гээд гараа өргөөд дэмжсэн. Харин зарим нь эсэргүүцсэн шүү дээ. Тэр эсэргүүцэл, талцал та хэдэд хэрхэн буусан бэ?

-Сайн яваа нэгэндээ атаархаж, өс зангидаг нь Монгол хүний зан юм болов уу даа. Биднийг огт тоодоггүй, мэддэггүй хүмүүс л "эд нарын цалинг нэмж байхаар багш, эмч нарыг цалинг ₮3.5 сая болго. Энэ муусайн нар юу хийдэг юм" гэх мэтээр дайрч байв. Атаархуу л зан юм даа. Харин тухайн үед хотын дарга байсан Х.Нямбаатар зүтгэсээр байгаад л ₮3.5 болгосон. Х.Нямбаатар ганц гоё үе хэлсэн байдаг юм. "ТҮК-ын ажилчдын цалинг эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдөө очоод ажлыг нь хийгээд үз. Тэгээд надаас ₮3.5 саяа ав" гэж. Товч, тодорхой хариулт нь ердөө л энэ. Атаархаад, барьцаад байгаа бол ирээд ажилла, нээлттэй. Өглөө бүр гэрээсээ 05:00 цагт босоод идэр есийн хүйтэнд зам шүүрдэж, мөс цохиод үз л дээ. Тэгээд чадаж байвал ₮3.5 саяа ав. Энэ чинь л шударга ёс мөн биз дээ.

-Тэгээд ₮3.5 саяыг авах гээд хүмүүс ажилд орох юм уу. Тухайн үед цалин нь нэмэгдсэн олон хүмүүс ТҮК-д ажилд орсон гэсэн сураг байсан?

-Цөөнгүй хүмүүс ирсэн шүү. Ихэнх нь шантраад гараад явсан даа. Өглөө эрт босохоос эхлээд хэцүү байсан биз. Энэ нөхцөлд дасах гэж нэлээд хугацаа зарцуулна. Тийм ч амар ажил биш дээ хө. ₮3.5 саяын сургаар ирсэн хэдээс одоо үлдсэн нь тун цөөн шүү. Бараг байхгүй л байхдаа.

-Их хотын соёл, цэвэр цэмцгэр байлгахын төлөө та 12 жил зүтгэжээ, цаашаа хэдэн жил ажиллах вэ. Надад таныг гэрээс чинь эхлээд дагаад явахад хүнд хөдөлмөр санагдлаа. Би бол даарч байна?

-Эхэндээ их даарна. Одоо бол ах нь дассан гэх үү дээ. Сүүлдээ хэр баргийн хүйтнийг тоохоо болино. Нэг ажлаа удаан хийгээд дадсан учраас бүр гарт орсон. Цаашдаа өндөр настны тэтгэвэрт суутлаа л ажиллана гэж бодож байна. Одоо бараг 10 жил өглөө эрт босчихвол болох нь тэр.

-Улаанбаатар хотынхон хэр соёлтой болж байна. Та л хамгийн сайн мэдэх хүн нь юм шиг?

-Нэг үеэ бодоход бол соёлтой болжээ. Намайг ажилд ороод удаагүй байхад зам дээр хог хаясан залуу дээр очоод "хогоо хогийн саванд хий" гэхээр "би хогоо хогийн саванд хийвэл та ажилгүй болно шүү дээ. Танд ажил олж өгч байхад..." гэдэг байлаа. Одоо бол ийм хүмүүс цөөрсөн. Залуус намайг их хүндэлж харьцана. Манай энэ хавийнхан халуун цай, аарц бариад ирнэ. "Ах даарч байна уу, халуун юм уу" гээд л хөөрхөн. Намайг огт танихгүй зүгээр л гудманд хараад зөрсөн хүн хүртэл халуун аарц аваад хүрээд ирнэ. Энэ бүхэн л ахад нь урам шүү дээ. Хүн хүндээ хайртай байгаа цагт юм бүхэн амархан санагдана. Ингээд бодохоор замаа улам сайн л цэвэрлэмээр санагдаад байдаг. Хүн сэтгэлийн амьтан гэдэг нь тэр биз.

-Таны ажлын байр гэх байх. Баруун-4 замаас Их дэлгүүр хүртэл хэдэн метрийг та хариуцдаг юм. Шүүрдсэн хогийг харахаар ихэнх нь тамхины иш байна. Хоёулаа чинь өглөө автобуснаас урьдаж гээд 06 цагаас эхэлсэн хэзээ дуусах уу?

-Багцаагаар нэг километр орчим талбай бий. Гэхдээ зөвхөн замынхаа урд талыг нь хариуцна. Хойд талд нь өөр хүн байгаа. Өглөө эрт хөдөлгөөн эхэлхээс өмнө ажлаа амжуулчихвал амар. Нийтийн тээврийн автобус явж эхлэхээс өмнө зогсоолыг нь цэвэрлэж дуусгах хэрэгтэй. Ер нь 07:00 гээд л энэ хавийн хөдөлгөөн эхэлнэ. Өглөөгүүр эрт ганц нэг согтуу хөлчүү хүмүүс таардаг нь аюултай. Хамгийн аюултай нь согтуу жолооч. Манайхан зарим үед согтуу машин бариад явах тохиолдол цөөнгүй. Их хурдтай, дайрчих гээд хэцүү. Хөдөлгөөн эхлээд түгжрэл үүсчих юм бол ямарч араггүй. Түгжрээд зогссон машин дунд ороод цэвэрлэнэ гэж байхгүй. Хүлээх л хэрэг гарна. Багцаагаар бол 3-4 цагийн дотор нэг километр замыг цэвэрлэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button