УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүйтний улирлын сонгууль айсуй | Намууд 3 сар хүрэхгүй хугацаанд нэр дэвшигчээ тодруулна

1993 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгууль цөм ээлжит байв. Бүгд бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгож, суудлаасаа бууж ирсэн бол энэ удаа У.Хүрэлсүх Төрийн тэргүүний ажлаа өөрийн хүсэлтээр өгч, УИХ дэмжив.

Иймд монголчууд анх удаа өвөл сонгууль өгөхөөр боллоо. Хуулиар ээлжит бус сонгуульд богино хугацаа тогтоосон тул нэр дэвшүүлэх, сурталчилгаа явуулах, санал хураах шат бүгд хүйтний улиралд таарч байна. Сонгууль хэзээ болох, хэн нэр дэвших эрхтэй, шинэ Ерөнхийлөгч хэдэн жил ажиллахыг хуулийн заалтаар нэгтгэн хүргэе.

Тооцоолол: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2027 оны хоёрдугаар сарын эхнээс гуравдугаар сарын 19-ний хооронд болно

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ээлжит бус сонгуулийн хугацааг хоёр заалтаар тогтоожээ. Хуулийн 8.9-д зааснаар УИХ сонгууль явуулах нөхцөл үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор сонгуулиа товлон зарлана. Ингэхдээ санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. Мөн 74.2-т Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулж явуулна гэжээ.

Хоёр заалтыг нийлүүлэн харвал санал хураалт 2027 оны хоёрдугаар сарын эхнээс гуравдугаар сарын 19-ний хооронд болно. УИХ 11 дүгээр сарын сүүлээр шийдвэр гаргавал хамгийн эрт нь хоёрдугаар сарын эхээр санал хураана. Дөрвөн сарын хугацааг Ерөнхийлөгчийг чөлөөлсөн өдрөөс тоолбол хамгийн сүүлийн боломжит өдөр нь гуравдугаар сарын 19. Харьцуулбал, 1993–2021 онд болсон найман сонгуулийн санал хураалт бүгд тав, зургадугаар сард явагдсан. Зөвхөн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт долдугаар сарын 7-нд болсон цагалбар байна.

Сонгогчдын ирц 1993 онд 92.73 хувь байсан бол түүнээс хойш ерөнхийдөө буурсаар 2021 онд 59.29 хувь болж, түүхэн доод түвшиндээ хүрсэн. Сүүлийн гурван сонгуулийн ирц 70 хувьд хүрээгүй.

Намууд нэр дэвшигчээ 12 дугаар сарын сүүлээс хоёрдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд тодруулах шаардлагатай

УИХ 2021 оны ээлжит сонгуулийг нэгдүгээр сарын 20-ны 07 дугаар тогтоолоор зарлаж, санал авах өдрийг зургадугаар сарын 9 гэж тогтоосон. Хоёр огнооны хооронд 140 хоног байлаа. Энэ удаа УИХ сонгуулиа хэзээ зарласнаас үл хамааран санал хураалт дөрвөн сарын хугацаанд багтах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-д зааснаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурван өдөрт багтаан дуусгана. Нэр дэвшигчийг бүртгэсэн бол Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 16 хоногийн өмнө үнэмлэхийг нь олгоно (28.7). Сурталчилгаа үнэмлэх олгосон өдрөөс эхэлж, санал авахын өмнөх өдрийн 00:00 цагт зогсох тул 15 хоног үргэлжилнэ (34.1). Санал авах өдөр сонгогчид 07:00–22:00 цагийн хооронд саналаа өгнө (56.1).

Жишээ дурдахад, санал хураалтыг хамгийн оройтох хугацаанд буюу гуравдугаар сарын 19-нд товловол намууд нэр дэвшүүлэх ажиллагааг хоёрдугаар сарын 7–9-нд явуулна. Нэр дэвшигчид гуравдугаар сарын 3-нд үнэмлэхээ авч, сурталчилгаа гуравдугаар сарын 18-ны 00:00 цагт дуусна. Санал хураалтыг хоёрдугаар сарын эхээр товловол нэр дэвшүүлэх ажиллагаа 12 дугаар сарын сүүлээр эхэлнэ. Аль ч хувилбараар намууд нэр дэвшигчээ 12 дугаар сарын сүүлээс хоёрдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд тодруулах шаардлагатай.

Хэн нэр дэвших эрхтэй вэ?

Ерөнхийлөгчид тавих шаардлагыг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тогтоосон. Тэнд 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэжээ. Мөн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ гэж заасан.

Одоогийн парламентад МАН, АН, ХҮН, Иргэний Зориг Ногоон нам, Үндэсний эвсэл суудалтай. Үндсэн хуульд “зөвхөн нэг удаа” гэж заасан тул У.Хүрэлсүх энэ сонгуульд дахин өрсөлдөх эрхгүй. Үүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн нэр дэвшихийг хууль хориглодог.

  • МАН-аас Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, С.Амарсайхан
  • АН-аас Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын нэрс яригдаж буй. Харин ХҮН, Иргэний Зориг Ногоон нам, Үндэсний эвсэлээс яригдаж байгаа хүн үгүй юм.

2027 оны эхээр сонгогдох Ерөнхийлөгч 2033 он хүртэл ажиллаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг зургадугаар сараас оны эхэн рүү шилжинэ

Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч 14 хоногийн дотор хоёр дахь санал хураалтад өрсөлднө. Хоёр дахь санал хураалт дуустал сурталчилгаа явуулахыг хориглодог. Санал хураалтыг гуравдугаар сарын дундуур явуулбал хоёр дахь шат дөрөвдүгээр сарын эхэнд таарна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. Үндсэн хуулиар энэ хугацаа зургаан жил. Тэгэхээр 2027 оны эхээр сонгогдох Ерөнхийлөгч 2033 он хүртэл ажиллаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг зургадугаар сараас оны эхэн рүү шилжинэ. УИХ-ын ээлжит сонгууль 2028 онд болох тул шинэ Ерөнхийлөгч ажлаа авснаас хойш жил гаруйн дараа парламент шинэчлэгдэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.7-д ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар заасан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button