ХУУЛЬ

Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд “..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах” гэсэн зохицуулалт шинээр орсон. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжийг хангахаар зорьсон бна. Иймд нийт шүүгчийн хуралдаанаар дээрх заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцээд Захиргааны хэргийн танхим 7, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтов.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталлаа.

Түүнчлэн “… хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хангахаас татгалзах тогтоолыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button