“Тавантолгой түлш” ХХК химийн хортой 9 төрлийн бодис хууль бусаар хадгалсан хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

“Тавантолгой түлш” ХХК шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглахаар химийн хорт болон аюултай есөн төрлийн бодис хууль бусаар худалдан авч, хадгалсан гэх хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Тодруулбал, тус компани шахмал түлшний барьцалдуулагч эдийг шинжлэх аргачлалыг нутагшуулах, туршилт хийх зорилгоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисуудыг холбогдох зөвшөөрөлгүйгээр 2024 оны наймдугаар сард “Гарааны Праймер” ХХК-аас худалдан авч, хадгалсан хэрэгт холбогджээ.
Хууль бусаар авсан гэх бодисууд нь натрийн гидроксид, цууны хүчил, натрийн фторид, мөнгөний нитрит, иод, фенол, хүхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил зэрэг есөн төрлийн химийн бодис юм. Уг хэрэгт “Тавантолгой түлш” ХХК болон “Гарааны Праймер” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс С.Лхагвасүрэнг 5.4 сая төгрөгөөр торгох, “Гарааны Праймер” ХХК-ийн инновац, технологи дамжуулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Харин прокуророос уг шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.