СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.Амарбаясгалан: Байгалийн тогтцыг ГОЁЛ ЧИМЭГ болгон давтагдашгүй загвар урладаг

Сүүлийн үед залуусын дунд байгалийн болоод аль болох өвөрмөц шийдэлтэй гоёлыг өдөр тутамдаа хэрэглэх хандлага давамгайлж байна. Гэвч өнөө л хэвэнд цутгаж хийсэн нийтлэг гоёлууд элбэг. Иймд бид ҮЙЛДВЭРЛЭГЧ булангаараа цэвэр байгалийн тогтцоор давтагдашгүй загвар бүхий ээмэг, зүүлт, бөгж зэрэг гоёлууд урлаж буй AMURE брэндийг санаачлагч Б. Амарбаясгалантай уулзаж ярилцлаа.

-Бидэнд өөрийнхөө тухай танилцуулна уу?

-Намайг Амарбаясгалан гэдэг. Дүрслэх урлагын дээд сургуулийг 1999 онд төгссөн, хувцасны дизайнер мэргэжилтэй.

-Анх энэхүү брэндийг нээх санаагаа хаанаас олж авсан бэ?

-Гэр бүлээрээ хотоос холдож байгальд амьдрахын тулд газар авсан. Тэгээд байшиндаа нөхөртэйгөө нийлж модон  “эко” орчин бүрдүүлсэн. Нөхөр маань модны үндсээр ширээ тавилга урлаж тохижуулсныг найзууд хараад “Гоё болсон байна, захиалж хийлгэе, бидэнд бас хийж өгөөч гэх” зэрэг санал тавьсан. Үүнээс хойш захиалгаар цөөн хэдэн бүтээл урлаж өгөөд энэ ажилдаа сонирхолтой болсон. Би өөрөө модны үндсээс үлдсэн материалаа ашиглан, гадаадын бичлэг аргачлалууд үзэж судлаад энэхүү зүүлт чимэглэлүүдийг урлаж эхэлсэн. Гадаадууд энэ төрлөөр их хийдэг. Түүнээс ерөнхий технологио сураад өөрийн санаа, загвар дизайнаа тусгасан ээмэг, бөгж, зүүлт хийж эхэлсэн. Бүтээлийн чанартай гар аргаар хийгддэг учраас би энэ ажилдаа их дуртай.

Гэр бүлийн хүн тань модоор урладаг гэсэн. Ямар мэргэжилтэй хүн бэ?

-Манай нөхөр тэшүүрийн спортын тамирчин, дасгалжуулагч мэргэжилтэй хүн. Бид хоёр анх эко өвөрмөц орчинтойгоор гэрээ тохижуулья гэж төлөвлөсөн. Яваандаа сонирхлоороо хийж, тэр нь бизнес болсон. Анх ийм бизнес хийе гэж санаагүй, гэрээ л гоё тохижуулья гэж бодсон.

-Зүүлт бөгжнүүдийн өнгө маш тод өвөрмөц санагдлаа. Яаж ийм өнгөнүүд гаргаж авдаг вэ?

-Тусгай зориулалтын өнгө оруулдаг будагч шингэн байдаг. Түүнийг өөрийн мэдрэмжээр хольж хүссэн өнгөнүүдээ гарган авдаг. Зүүлт маань эпокси буюу шингэн давирхай болон модны үндсээр хийгддэг учир маш хөнгөхөн бөгөөд үзэмжтэй болдог.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: Сургуулиудын ӨРГӨТГӨЛ барих тендерийн мөнгө бага учир барих эзэн олдсонгүй

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль цэцэрлэгүүд их бага хэмжээний засварын ажил хийж, хүүхдүүдийн суралцах таатай орчныг бүрдүүлэхээр ажилладаг. Харин энэ онд хичээлийн шинэ жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15-нд гэхэд дуусгасан байх зэрэг тодорхой үүрэг чиглэлийг албаныханд өгсөн юм.

Үүний дагуу бид зарим сургуулиудын засварын ажилтай танилцаж, хэдэн хувьтай явагдаж байгааг болон хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бэлэн болох эсэхийг сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн засварын ажлын талаар тус сургуулийн харуулын ажилтнаас асууж тодруулахад “Хичээл амраад долоодугаар сараас хойш засварын ажлаа хийгдсэн. Сургуулийнхаа үүд хэсэгт сурагчид чөлөөт цагаараа хичээлээ хийх боломжтой сандал ширээнүүдийг шинээр байгуулсан. Мөн өнгө төрхөө сайжруулан будаж зассан. Цонхнуудаа гэхэд л сүүлийн үеийн шийдэлтэй болгохын тулд өөр өнгөнүүдээр ялган будаж товгор мэт харагдуулж байна. Энэ нь хүүхдүүдийн хичээлдээ ирэх сонирхлыг  төрүүлэхэд ч тустай. Том засварын ажлууд дуусчихсан. Одоо зарим цонхнуудаа засаж янзлах жижиг ажлууд үлдчихсэн. Хичээл орохоос өмнө буюу энэ долоо хоног дуусахад бэлэн болохоор байна” хэмээн ярилаа.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН: Дэлхийн “дайд”-д хүрсэн Монгол хүчтэн Э.СОДНОМПИЛЖЭЭ

Eguur.mn сайт “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” нэртэй ярилцлагын булангийн шинэ дугаараа уншигчдадаа толилуулж байна. “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” ярилцлагын эхний зочноор пауэрлифтингийн пара болон IPF /энгийн/ төрөлд дэлхийн рекордыг ДӨРВӨН УДАА шинэчлэн тогтоогч Э.Содномпилжээ уригдлаа.

14 насандаа “Зургаан сарын настай” гэсэн оноштойгоор нэг хөлөө тайруулж, пауэрлифтингийн спорт руу ээжийнхээ “өвлүүлсэн” их тэвчээрээр хөл тавьж байсан хүү эдүгээ дэлхийд данстай тамирчин болжээ. Сүүлийн жилүүдэд түүний амжилт ямагт урагш цахилж буй. Тэр гол нь хэзээ ч үүндээ “шатдаггүй” аж.

-Ярилцлагыг нэлээд дэлгэрэнгүй хийхээр төлөвлөсөн учир эхэнд нь таны бага насыг асуумаар байна.

–Миний бага нас Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд өнгөрсөн. Есдүгээр сургуулийн нэгдүгээр ангид 1993 онд элсэн орж, 10 дугаар ангиа ч энд төгсөж байсан. Хүүхэд байхдаа их л хөдөлгөөнтэй болохоор нэгдүгээр ангид байхын л Брюс Ли хочтой хүүхэд байв.Намайг аль ч спортод авьяастай, спортын хүн болох боломжтой, хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан гэж найз нар маань ч, ээжийн найзууд ч хэлдэг юм. “Багадаа үгүй ээ мөн их сэргэлэн хүүхэд байсан шүү” гэдэг.

-Та багаасаа л ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ?

-Тийм ээ. Ээжтэйгээ хоёулхнаа л өсөж торнисон. Би Эрдэнэт хотод төрсөн, Эрдэнэтийн хүн гэж явдаг.

-Таны энэ спорттой холбогдож байсан түүх санамсаргүй мэт боловч бүхий л амьдралыг тань өөрчилсөн түүх байдаг шүү дээ. Энэ түүхээ ахин нэг дурсвал?

-Ээж минь энэ спортын талаар анх олж мэдээд надаас “Чи явах уу” гэж асуусан. Би ч “Явъя” л гэж хариулсан. Тухайн үед Биеийн тамир спортын тамгын газрын дарга Л.Ням гэдэг хүнтэй уулзуулахад, намайг багштай минь анх уулзуулж байв. Багш намайг харсан даруйдаа л ямар ч дасгал хөдөлгөөн хийлгэлгүй, ямар гэдгийг минь туршихгүй шууд л “Пауэрлифтингийн спорт гэж байдаг, чи энэ спортоор хичээллэвэл ямар вэ” гэсэн. Ингээд л багштайгаа хамт бэлтгэл сургууль хийж эхэлсэн байдаг. Тухайн үед анх пауэрлифтингийн спортоор хичээллэж эхлэхдээ 47 кг жинтэй чөрийсэн хүү байлаа.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ӨНДӨР ТӨСӨВ: Налайхын ЦОГЦ замын 1 километрийг 4.6 тэрбумаар барьж байна

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөөд буй. Энэ хүрээнд Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг засч, дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын Тэгшплант ХХК, Гашууны гол ХХК, Дарданговь ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр босгож буй энэхүү бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулах юм. Энэхүү 36.5 сая долларыг өнөөгийн ханшаар бодож үзэхэд 97.3 тэрбум төгрөг болно. Үүнийг Гачууртаас Налайх хүртэлх 20.9 километрт хувааж үзэхэд нэг километр нь 4,6 тэрбум төгрөгөөр хийгдэж байна гэсэн тооцоо гарсан нь иргэдийг уг асуудалд шүүмжлэлтэй хандахад хүргээд байна.

Иргэдийн санал бодол харилцан адилгүй ч дийлэнх хэсэг нь километр нь 4.6 тэрбум төгрөгөөр баригдаж буй байдал нь хэтэрхий өртөг өндөртэй байна хэмээн шүүмжлээд буй. Тодруулбал,

-Налайхын зам их үнэтэй тавигдаж байна.нэг км-ийн үнэ 4 тэрбум 637 сая төгрөг болж байна. Ийм өртгөөр өөр арматурдсан бетон зам  тавих юм байна. Сонсголон зам үүний тал өртгөөр баригдсан.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: Нэг сурагч дунджаар 150 мянган төгрөгөөр хичээлийн хэрэгсэл бэлдэнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаад ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх ёстой хичээлийн хэрэгслийн үнийн талаарх сурвалжилгыг хүргэж байна.

Томоохон худалдааны төвүүдийн ачаалал аль хэдийн ихэсч, олны хөл хөдөлгөөнд дарагджээ. “Бөмбөгөр” худалдааны төвөөр ороход хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд хичээлийн хэрэгслийн үнэ асууж, худалдан авалт хийсээр завгүй явцгаах аж. “Ээжээ би энэ цүнхийг авмаар байна” гэхэд ээж нь бололтой залуу бүсгүй “Сурагч болох гэж байгаа хүүхэд чинь эхлээд дэвтэр, үзгээ авдаг байхгүй юу” гэж охиноо хөтлөн цааш явав. Харсан бүхнээ авах гэх  бяцхан хүүхдүүдээ яаж ийгээд аргалах ээж, аавууд… Энэ бүхнийг ажигласаар цэцэрлэгийн хүүхдийн бэлтгэх ёстой, сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг гарган нэгэн лангуудаас үнийг тодрууллаа.

Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг нарийн чанарын шаардлага хангасан 17 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн, зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл байдаг.

Ердийн цэцэрлэгийн Ахлах бэлтгэл бүлгийн сургалтын хэрэглэгдэхүүн дунджаар 52 мянган төгрөг байгаа бол 24 цагийн цэцэрлэгийн бага, дунд бүлгийн хэрэглэгдэхүүн 47 мянган төгрөг, ахлах, бэлтгэл бүлгийн хэрэглэгдэхүүн ойролцоогоор 60 мянган төгрөг болж байна.

Ариун цэврийн хэрэгсэл нь мөн хүүхдийн насанд тохирсон, чанарын стандартыг хангасан гарын шингэ саван, шүдний оо, сойз, ариун цэврийн цаас, амны цаас, барааны саван дунджаар 54 мянган төгрөгний үнэтэй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2013 оны тушаалаар эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг тухайн цэцэрлэг, эцэг эхчүүдээс жилдээ нэг удаа авна гэж заасан байдаг. Гэвч зарим улсын цэцэрлэг улиралд нэг удаа авдаг гэх гомдлыг эцэг эхчүүд хэлж байсан юм.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ТОДРУУЛГА: Гурвансайхан сумынхан нүхэн жорлонгүй, цэвэр ус, халаалттай байшинд амьдарч байна

Аливаа томоохон бүтээн байгуулалт жижиг зүйлээс эхлэлтэй байдаг шиг улсын хөгжил сумаас эхэлдэг. Үүний тод жишээ бол Дундговь аймгийн Гурвансайхан сум юм.

Тус сум нь байршлын хувьд аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог байна. 2010 онд Эрүүл мэндийн төв, 2011 онд 100 хүүхдийн цэцэрлэг, 2014 оноос эхлэн Олон Улсын төсөл хөтөлбөр болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран 3,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын ачаар сумд дахин газар төлөвлөлт хийгдэж зөв зохион байгуулалттай болсон төдийгүй оршин суугчид эхнээсээ нүхэн жорлонгоос татгалзсан байна. Энэ тухай Гурвансайхан сумын Засаг дарга Л.Өлзийбаттай холбогдон дараах тодруулгыг авлаа.

-Гурвансайхан сумд одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Манай сумд нийт 60 орчим айл өрх амьдарч байна. Хоёр тусдаа гэр хороололтой бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж хоёр километр засмал зам хийсэн. Түүнчлэн гэр хорооллоо инженерийн шугам сүлжээнд холбож байна. Өмнө жил баруун талын айлуудаа шугам сүлжээнд холбож дууссанаар 7-8 айл нүхэн жорлонгоос татгалзсан. Энэ жил зүүн талаа холбож дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Жишиг сумаар тодорсон гэх яриа байсан. Энэ үнэн үү?

-Хүмүүс жишиг сум гэж байгаа бол тийм л байх. Гэвч албан ёсоор жишиг сум гэж тогтоогоод таван тэрбумаар санхүүжүүлсэн тохиолдол бол гараагүй.

-Инженерийн шугам сүлжээнд холбох, зам тавих зэрэг ажлуудыг хаанаас санхүүжүүлж байна вэ?

-Улсын төсвөөр хөгжлийн сангаас санхүүжиж байна. Барилга хот байгуулалтын яам жилийн өмнө нэг тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд баруун талын гэр хорооллын ажлыг түүгээр хийж дуусгасан. Одоо үлдсэн ажлаа дуусгахад төсөв дутаж байна. Өмнөх санхүүжилтээс 4-5 сая төгрөг үлдсэн. Тендер зарласан боловч төсөв бага гэсэн шалтгаанаар авах байгууллага олдоогүй. Аймгийн нэг байгууллага хамтарч ажиллана гэсэн боловч төсөв бага гэх шалтгаанаар удаж байна.

-Нийт 60 өрхийн хэд нь энэхүү шугам сүлжээнд хамрагдах боломжтой вэ?

-Бүх л айл хамрагдах боломжтой. Зарим өрхүүд гэртээ байшингаа бариад шугам сүлжээгээ холбуулна гэвэл холбоход бэлэн.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


МАН цахилгааны үнийг тогтвортой барина гэж амалсан ч энэ жил ДӨРВӨН Ч УДАА нэмэгджээ

Айл, ААН бүрийн сар тутмын эрчим хүчний хэрэглээ харилцан адилгүй. Мөн нэг кВ.ц цахилгааны тариф бага мөнгөн дүнгээр хэмжигддэг. Ийм ч учраас хэрэглэгчид цахилгааны тарифын нэмэгдлийг төдийлөн анзаараад байдаггүй болов уу. Харин сүүлийн үед Улаанбаатар хотын иргэд цахилгааны төлбөр өмнөхөөсөө өндөр тооцогдож буй тухай өөр зуураа ярих болов.

Үүний дагуу тодруулахаар, УБЦТС (Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ) ТӨХК-ийн лавлах ажилтантай холбогдоход айл өрх болон энгийн аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тариф нэмэгдсэн бол, Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрүүдийн тариф хэвээр байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм.

Энэ жилд цаг хугацааны хувь хоорондоо зайтайгаар нийт дөрвөн удаа тарифын нэмэгдэл хийжээ. Тухайлбал,

  • Дөрөвдүгээр сарын 7-нд эхний нэмэлт:  1 төг, 50 мөнгөөр
  • Тавдугаар сарын 1-нд хоёр дахь нэмэлт: 3 төгрөгөөр
  • Зургаадугаар сарын 1-нд гурав дахь нэмэлт: мөн 3 төгрөгөөр
  • Долоодугаар сарын 1-нд дөрөв дэх нэмэлт: 3 төг, 50 мөнгөөр тус тус нэмэгджээ.

Энгийн аж ахуйн нэгж болон айл өрхөд цахилгаан борлуулах тарифын мэдээллийг хүснэгтэлж харуулъя.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Н.Амаржин: Хүн өөрийгөө ХАМГИЙН САЙН НЬ гэж бодож явах хэрэгтэй

Эхлээд түүнийг Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч Н.Амаржин гэдгээр нь бид мэддэг байв. Харин дараа нь Авьяаслаг Монголчууд шоунд Stand up Comedy төрлөөр оролцож, шилдэг 32-т шалгардаг Амаржий болсон. Харин одоо журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав.

Түүний энэ бямба гарагт /2019.08.15/ хийх гэж буй ганцаарчилсан шоуны талаар болон, бусад сонирхолтой сэдвээр ярилцлаа. Тэр завсар зайгүй хичээл, IELTS-ийн шалгалтууд дундаас бидэнд цаг гарган товч хөөрөлдсөн юм.

-Удирдахын хажуугаар өөрөө багшилдаг Universal сургалтын төвийн тань сэдвээр ярилцлагаа эхлэе. Хэр их цагийг англи хэлний багшийн ажилд зарж байна вэ?

-Universal сургалтын төвөө байгуулаад даруй таван жил болсон байна. 2014 оны гуравдугаар сард анх үүсгэн байгуулж байлаа. Сурагчдыг англи хэлний бүх түвшинд бэлтгэдэг, гадаадын их дээд сургуулиуд руу тэтгэлгээр суралцахад нь тусалдаг цогц хөтөлбөртэй сургалтын төв байгуулах гэж зорьсон.

Ер нь идэвхтэй цагийнхаа 80 хувийг багшийн ажилд зарцуулж байна. Анх 100 хувь зориулдаг байсан. Долоо хоногийн долоон өдөр хичээл заана шүү дээ. Зарим өдөр бүтэн зургаан цагийн хичээлтэй өдөр ч байна.

Анх ерөөс ганцаараа л нэг жижигхэн өрөөнд багшилдаг байлаа. Өнөөдөр нэлээд хөөрхөн өргөжсөн байна. Лав саяхан болсон хурим дээр маань манайхан нэг ширээнд багтахгүй байна билээ.

-Багшлахын хажуугаар Stand up Comedy хийх цаг зав хэр гардаг юм бэ? Зохиол бичих, бэлтгэх гээд чамгүй их ажилтай байх.

-Манай Comedy Lab-ийнхан ер нь долоо хоног болгон тоглолт, үзүүлбэр хийгээд зай авахгүй, тасрахгүй урагшилж байгаа. Бид ээлжилдэг. Тайзан дээр 15 минут тоглолт хийнэ гэдэг үзэгчдийн хувьд бага хугацаа боловч, үүний цаана бэлтгэл ажилд маш их цаг зардаг л даа. Орой хамгийн эртдээ 9 цаг гээд гэртээ орж ирдэг. Охинтойгоо эцэг хүний хувьд цагийг их өнгөрөөх гэж бас хичээнэ, нэг их амжихгүй л явна.

Зохиолын санааг ихэвчлэн шөнө бичнэ. Заримдаа үүрийн 3, 4 хүртэл ч суучихсан байдаг. Өөр хүний сэдээгүй санаа, хөндөөгүй сэдвийг барьж авах ёстой учраас яг зохиолоо бичье гээд суухад орж ирдэггүй. Энд тэндээс л хайх хэрэгтэй болдог. Цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд гэр маань байдаг болохоор их алхана, алхангаа бодно, өөртэйгөө ярьж үзнэ. Орилно, инээнэ. Тэнд нэг мангар нөхөр явж байвал би л гэсэн үг.

Тоглолтын санаа, стандартыг аль болох гадаад орнуудыхтай дүйцүүлэх, адилтгахыг зорьж байна. Сэдвийн хувьд маш өргөн шүү дээ. Гэр бүл, эхнэр хүүхэд, боловсрол гээд л. Facebook, Twitter гэх мэт сошиал орчны тухай сэдвүүд дуусашгүй баялаг.

-Хэзээнээс та Stand up Comedy сонирхож эхэлсэн юм бэ?

-За, ер нь 13, 14 настайгаасаа юм уу даа. Тухайн үед Youtube суваг ч анхлан гарч ирж байсан байх, Америкийн комедиануудыг их үздэг байсан, энэ маань ч англи хэл сайн сурахад нөлөөлсөн байж магадгүй. Түүнээс хойш энэ урлагийг тасралтгүй сонирхож явна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ховор амьтны жагсаалтад орсон ХАР СҮҮЛТИЙГ агнан сэг зэмийг нь хаяжээ

Ховор амьтны жагсаалтад орж, улаан номд бүртгэгдсэн хар сүүлтий /хар сүүлт гэж нэрлэх нь бий. сурв/ зээрийг (Gazella subgutturosa) Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын говьд агнаж, толгой арьстай сэг зэмийг нь хаясан байна гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Иймд бид хар сүүлтийн сэг зэм олдсон гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлээс энэ талаар тодруулсан юм.

-Галбын говьд хар сүүлт зээрийг агнаж сэг зэмийг нь хаяж орхисныг холбогдох газарт нь хэлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ талаар танайд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Одоогоор манайд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Манай сумын цагдаагийн байгууллагад ч мөн адил бүртгэгдээгүй байна. Гэхдээ бид энэ мэдээллийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэл бичсэн иргэнтэй холбогдохоор ажиллана. Бид тус хэргийг шалгаж дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах болно.

-Хар сүүлт танай нутагт хэр их нутагшиж байна вэ. Энэ мэт хуулиар хориглосон байхад агнасан тохиолдлууд бүртгэгдэж байсан уу?

-Ханбогд сумын Баян, Номгон, Гавилууд, Жавхлант багийн нутаг дэвсгэр нь хар сүүлтийн бэлчээр нутгийн нэг юм. Уул уурхайн бүтээн байгуулалт болон түүнтэй холбоотой тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл, хүн амын хөдөлгөөнөөс шалтгаалан хар сүүлтийн амьдрах орчин шахагдсаар байна. Харин хар сүүлтийг хууль бусаар агнасан тохиолдол хамгийн сүүлд 2015 оны 11 сард гарсан. Тухайн үедээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн. Түүнээс хойш ийм тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн харамсалтай нь хар сүүлтий нь хатуу хучилттай зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэлд дайруулах, мөн усгүйдэж ангаж үхэх тохиолдол нэлээдгүй гардаг.

Харин хар сүүлтий гэхээсээ илүү хулан адууны махыг нь ашиглах зорилгоор агнах тохиолдол их гардаг. Хулан адуу нь том биетэй учир хулгайн ан үйлдэгдсэн газарт толгой арьс, хөл гээд ул мөр заавал үлддэг. Манай сумын нутаг дэвсгэрт хулангийн сэг зэмийн тооллогыг доктор н.Батсайхан 2014 онд явуулж байсан юм. Судалгаагаар сэг зэмийн байгалийн жамаараа үхсэн үү хулгайн ангийн золиос болсон уу гэдгийг тодорхойлж болдог. Хулан адууг агнасан ул мөр сэг зэм олон тохиолддог ч тухайн ул мөрийн дагуу гэмт хэрэгтний илрүүлэх ажил үр дүнд хүрэхгүй байна. Хулан адууг хууль бусаар агнасан тохиолдол 2016 онд хоёр бүртгэгдэж шүүхээр шийдвэрлэгдсэн. Хар сүүлтий зээрийг ихэнх тохилолд гүзээг нь гаргаж орхиод бүхлээр авч явдаг тул хулгайн ангийн ул мөр бараг үлддэггүй.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ерөнхийлөгчид “БАЗУУЛСАН” 64-ийн бүлэг

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар өнгөрсөн амралтын өдрөөс хойш тасралтгүй хуралдаж байна. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх дээрээ хуваагдаж, нам гацаад байгаа юм.

Д.Лүндээжанцан нарын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын 62 гишүүн  гарын үсэг зурсан.  Үүн дээр Ерөнхийлөгч УИХ-ын нэг циклийг таван жил болгох, гишүүдийн тоог 109 болгон нэмэх, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ҮАБЗ-д танилцуулж, хэрэгжүүлэх зөвшөөрөл авах, ТНБД нарыг арван жилээр сонгодог байх, ШЕЗ-ийн  дэргэд  сахилгын хороо байгуулах зэрэг асуудлуудыг тусгахаар оруулж ирсэн.

Энэ нь МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс тас зөрж буй. Гэвч “дээгүүрээ” УИХ-ын гишүүдийн тоог өсгөх тэргүүтэй асуудлууд дээр тохирсон гэх. Гол нь,  сонгуулийн системийг холимог болгох асуудлыг жижиг тойргоос сонгогдсон гишүүд эрс эсэргүүцэж байгаа юм.

Үүний эсрэг МАН-ын  ахмад гишүүд зогсож, Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа нь бүлгийн хурлыг сунжруулахад хүргээд байна. Тэд дундаасаа зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. Гэвч Ерөнхийлөгчид “атамандуулсаар” таарч байгаа тул  байр сууриа хамгаалахад бэрхтэй байгаа аж.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Г.Алтаншагай: “Өө, би ингэсэн юм уу” гэж бичлэгнээс л өөрийгөө харсан

Уншигч та бүхэнтэйгээ бид энэ удаа тун удахгүй “Галзуу хот ”шоу драмаа олноо хүртээл болгохоор ажиллаж буй “Мөрөөдлийн театр ”-ын жүжигчин СТА Г.Алтаншагайг уулзуулж байна. Тэрбээр 2015 онд гэр бүлийн хүний /С.Насанжаргал/ хамтаар “Уужим фильм ”-ээ нээж, энэ зун дөрөв дэх уран бүтээл “100 жилийн эморол ” киногоо үзэгч та бүхэнд өргөн бариад буй.

Энэ удаа бид түүнтэй шинэхэн уран бүтээлүүдийнх нь талаар болон үндэсний их баяр наадмаар Улсын арслан Э.Оюунболдыг Улсын аварга цол хүртэхэд баярлан хөөрч буй бичлэгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн явж ирэв үү? та. Хилийн чанад руу ямар ажлаар яваад ирэв?

-Хилийн чанад руу нэгдүгээрт, гэр бүлээрээ аялаад ирлээ. Хоёрдугаарт, Уужим фильмийн шинэ уран бүтээл “100 жилийн эморол” киногоо Солонгос улсад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа гаргаж үзүүлчихээд ирлээ. Нийт 10 гаруй хотоор явсан байна.

-Уужим фильмийн дөрөв дэх уран бүтээл үү?

-Тиймээ. Анхны уран бүтээл маань “Хар сувдны нууц” кино бол хоёр дахь уран бүтээл “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, гуравдугаарт “Кибер сүлжээ” кино бүтэж байсан. Сая “100 жилийн эморол” киногоо хийлээ.

-Танай гэр бүлийн хамтарсан студи байх аа?

-Тийм. “Уужим” гэдэг нь Өвөр Монголчуудтай хамтран бүтээсэн “Аравт” түүхэн кинонд миний бүтээсэн дүрийн нэр юм. Бас миний том хүүгийн нэр. Тиймээс ч шинэ фильмээ бид Уужим гэж нэрлэсэн.

-“100 жилийн эморол” киноныхоо дүрийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийж, үзэгчдэд юу мэдрүүлж, ойлгуулахыг хүссэн бэ?

-Кино маань сүүлийн үеийн олон рекордыг эвдсэн. Энэ зун, гурван ч сар кино маань тасралтгүй гарсан. Зургаадугаар сараас хойш одоог хүртэл амжилтай гарсан хэвээр байна. Дүрийн сонгон шалгаруулалтын хувьд сошиал орчинд “од” болоод буй Жаамкаг олж харж, түүнд зориулан зохиол бичсэн.

Киноны үйл явдал нь 100 жил амьдарсан хүн, 14 настайдаа нас нь зогсчихсон хоёр хүний амьдралаар өрнөнө. Эмэгтэй гол дүрд Ч.Очгэрэл тоглосон бол эрэгтэй гол дүрд “Эмоц” продакшны жүжигчин Тэмка тоглосон.

Инээдмийн жанрын кино шүү дээ. Уг киногоор бид хүнийг байгаа байдлаар нь хайрлах тухай, хүмүүсийн ярьдаг шиг “мөнх амьдрал” гэж байдаг бол амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгддөг тухай харуулсан.

-Өөрт нь зориулж зохиол бичсэн гэхээр жүжигчин тань таны сэтгэлд нийцтэл тоглож чадав уу?

-Тэгэлгүй яахав. Жаамка өөрийн гэсэн өнгө төрхтэй, маш их хөдөлмөрч, шаргуу хүн. Өөрийнхөө амьдралын тухай ард түмэнд нээлттэй ярьж, түүнийгээ ч уран бүтээлд давуу талаа болгож чаддаг, авьяаслаг, мэдрэмжтэй залуу.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


АСУУДАЛ: НОСК -ийн шалгаруулалт ШУДАРГА болж ЧАДСАН УУ

“Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долоодугаар сарын 22-оос наймдугаар сарын 05 хүртэл бүртгэж, эхний шатны шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг зарласан.

Энэ хугацаанд 35058 иргэн бүртгүүлж, уг түрээсийн орон сууцын хөтөлбөрт 583 иргэн тэнцсэн.

Гэвч иргэд анхнаасаа тавигдсан шалгуураа сайн тодорхой зааж мэдэгдээгүй. Нууцын тухай хуулиар хамгаалагдсан овог нэр бүртгэлийн дугаар л байна. Гэтэл энэ дотор үнэхээр иргэдийн сэжиглээд буй намын харьяатай, чихээсээр орж ирсэн хүмүүс байгаа бол хэрхэх вэ.

Тэд өөрсдийгөө хэвлэлд ямар нэг шударга бус шүүлт хийгээгүй гэж нэвт шувт сурталчилж байна. Эхний шатны тэнцсэн иргэдээс байрандаа орсны дараа мэдээлэл хийлгүүлж бодитой эсэхийг ил тодоор харуулна гэж байгаа. Гэвч үнэнчээр тэнцэж чадсан цөөн тооны хүмүүсээ танилцуулах нь ойлгомжтой. Иргэдийг хэрхэн сонгон шалгаруулсан мэдээллээ ил тод гаргаад тавьчихвал иргэдэд эргэлзээ төрөхөө больчих нь шүү дээ гэх мэт сэтгэгдлүүд хөвөрч байлаа.

Мөн хоёр хөгжлийн бэрхшээлтэй /сонсголоо бүрэн алдсан болон 90 хувийн сонсголгүй/ иргэн бага насны гурван хүүхэдтэй айл яагаад тэнцээгүй талаар лавлахаар төлөөлөл болох Чингэлтэй дүүргийн иргэн О.Баяраа иржээ. Харин НОСК энэ талаар “Нэг гэрт 2-3 хүн хөгжлийн бэрхшээлтэй байж түрээсийн байранд орно” гэх хариултыг өгчээ.

Тухайн иргэн “Тэгэхээр гурван нялх хүүхэд нь бас хөгжлийн бэрхшээлтэй байх шаардлагатай гэсэн үг үү” Ийм шалгуур байж болох уу.  Иргэдийг хэрхэн сонгон шалгаруулсан мэдээллээ ил тод гаргаад тавьчихвал иргэдэд эргэлзээ төрөхөө больчих нь шүү дээ гэж байлаа.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Б.Хурцыг ТАВАН жилээр яллахаар зүйлчилжээ

хурц hurts

Тагнуулын ерөнхий газрын  дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай шүүж буй. Шүүх хуралдаан  өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ.

Уг шүүх хуралд Б.Хурц  Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын цесөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа юм. Шүүгдэгчдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1-ээр зүйлчилсэн  байна.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Comment Durer Longtemps Usa Pills Viagra [url=http://buysildenaf.com]buy viagra online[/url] Buy Lasix Cheap Legitimate How Good Is Kamagra Comprar Cialis En Alicante

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button