СПОРТХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИНЯРИЛЦЛАГА

ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН: Дэлхийн “дайд”-д хүрсэн Монгол хүчтэн Э.СОДНОМПИЛЖЭЭ

Eguur.mn сайт “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” нэртэй ярилцлагын булангийн шинэ дугаараа уншигчдадаа толилуулж байна. “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” ярилцлагын эхний зочноор пауэрлифтингийн пара болон IPF /энгийн/ төрөлд дэлхийн рекордыг  ДӨРВӨН УДАА шинэчлэн тогтоогч Э.Содномпилжээ уригдлаа.

14 насандаа “Зургаан сарын настай” гэсэн оноштойгоор нэг хөлөө тайруулж, пауэрлифтингийн спорт руу ээжийнхээ “өвлүүлсэн” их тэвчээрээр хөл тавьж байсан хүү эдүгээ дэлхийд данстай  тамирчин болжээ. Сүүлийн жилүүдэд түүний амжилт ямагт урагш цахилж буй. Тэр гол нь хэзээ ч үүндээ “шатдаггүй” аж.  

-АНХ ПАУЭРЛИФТИНГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭХДЭЭ 47 КГ ЖИНТЭЙ ЧӨРИЙСЭН ХҮҮ БАЙЛАА-

-Ярилцлагыг нэлээд дэлгэрэнгүй хийхээр төлөвлөсөн учир эхэнд нь таны бага насыг асуумаар байна.  

Миний бага нас Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд өнгөрсөн. Есдүгээр сургуулийн нэгдүгээр ангид 1993 онд элсэн орж, 10 дугаар ангиа ч энд төгсөж байсан. Хүүхэд байхдаа их л хөдөлгөөнтэй болохоор нэгдүгээр ангид байхын л Брюс Ли хочтой хүүхэд байв.Намайг аль ч спортод авьяастай, спортын хүн болох боломжтой, хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан гэж найз нар маань ч, ээжийн найзууд ч хэлдэг юм. “Багадаа үгүй ээ мөн их сэргэлэн хүүхэд байсан шүү” гэдэг.

-Та багаасаа л ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ?

-Тийм ээ. Ээжтэйгээ хоёулхнаа л өсөж торнисон. Би Эрдэнэт хотод төрсөн, Эрдэнэтийн хүн гэж явдаг.

-Таны энэ спорттой холбогдож байсан түүх санамсаргүй мэт боловч бүхий л амьдралыг тань өөрчилсөн түүх байдаг шүү дээ. Энэ түүхээ ахин нэг дурсвал?

-Ээж минь энэ спортын талаар анх олж мэдээд надаас “Чи явах уу” гэж асуусан. Би ч “Явъя” л гэж хариулсан. Тухайн үед Биеийн тамир спортын тамгын газрын дарга Л.Ням гэдэг хүнтэй уулзуулахад, намайг багштай минь анх уулзуулж байв. Багш намайг харсан даруйдаа л ямар ч дасгал хөдөлгөөн хийлгэлгүй, ямар гэдгийг минь туршихгүй шууд л “Пауэрлифтингийн спорт гэж байдаг, чи энэ спортоор хичээллэвэл ямар вэ” гэсэн. Ингээд л багштайгаа хамт бэлтгэл сургууль хийж эхэлсэн байдаг. Тухайн үед анх пауэрлифтингийн спортоор хичээллэж эхлэхдээ 47 кг жинтэй чөрийсэн хүү байлаа.

-Анхны орсон тэмцээн тань хэзээ байв?

2001 онд Паралимпийн анхдугаар спартакиад болж 80 кг шахаж байсан. 2002 онд буюу жилийн дараа яг энэ төрлөөр 52 кг жинд 120 кг шахаж байв. Үүнээс хойш 2002 оны сүүлээр амьдралын эрхээр багш минь гадаад улс руу явлаа. Багш байхгүй үед өөр хүнээр заалгахаар сургалтын систем зөрөөд байсан учир сургууль соёлдоо илүү анхаарч, сургуулиа төгсөж, дээд сургуульд орж, төгсөж, ажил хөдөлмөр эрхлэх болсон. Багшийг байхгүй хугацаанд би нэг ч удаа төмөр барьж, нэг ч удаа штанг өргөөгүй.

-Хэзээ багштайгаа ахин бэлтгэлээ эхлэх болсон юм бэ?

-2009 оны нэг өдөр автобусан дотор явж байтал талийгч багштайгаа тааралдсан. Багш шууд л “чихдэж аваад” заал руу явсан. “Чамд ирээдүй байгаа, бэлтгэлээ эхэл, чи амжилт гаргаж чадна” гээд л бид хоёр бэлтгэлдээ шаргуу орсон юм. Ингээд 2009 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс бэлтгэлээ хийж эхлээд зургаадугаар сард хэвтээ шахалтын УАШТ-д орж дөрөвдүгээр байр эзэлсэн бол 2010 оноос эхлэн медалийн болзол хангаж эхэлсэн. 2010 онд алтан медаль авч, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгаас медалиа авч байсан гээд их түүх их бий.

-Анх энэ спортоор хичээллэж эхлэхэд хувь хүний хувьд ямар мэдрэмж авч байсан  бэ?

-Болчихоор, чадчихаар юм шиг санагдаж байсан. Энэ спортоор хичээллэж эхлэхэд л хөдөлмөрч, тууштай, шантрахгүй, хичээл зүтгэлтэй байж л амжилтад хүрнэ гэдгийг хүмүүс хэлж байсан. Үүнийг ч би баримталж, 2009 оноос хойш тасралтгүй хичээж байж өнөөдрийн энэ хэмжээнд хүрсэн. Одоо тооцож үзэхэд 20 гаруй жил энэ спортоор хичээллэхдээ 14 жилийг нь тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж явсан байдаг.

ӨВДСӨН ҮЕДЭЭ ЭЛДЭВ ТӨРЛИЙН ЭМ УУХГҮЙ, ӨӨРИЙН БИЕЭР ТЭСЭЖ ГАРДАГ

-Тамирчны нөөц бололцоо нь “Болчихоор байсан” ч ахуй амьдралд болж бүтэхгүй, хүнд хэцүү зүйлс их байв уу?

-Тухайн үед гэр хороололд амьдардаг, заал гэрээс их хол байлаа. 2014 он хүртэл дотроо душтэй фитнесс байдаггүй байлаа шүү дээ. Байсан ч миний хувьд боломжгүй. Тиймээс усанд орох л их асуудал болдог байлаа /инээв. сурв/ Мэдээж бэлтгэлээ хийхээр их хөлс ялгарна, гэртээ ирээд хувцсаа угаахаас эхлээд асуудал байна. Тэр бүгдийг ээж минь зохицуулна. Хувцас хунарыг минь угааж индүүдээд бэлтгэлээ хийхэд жин тан болгосон байна. Одоо ч ээж тэр хэвээр.

-Тэр үед бэлтгэлийн заал тань хаана, гэр тань хаана байдаг байсан юм бэ?

-Гэр Долоон буудлын хойно, бэлтгэлийн заал Төмөр замын 25-р эмийн санд байна. Автобус ч их ховор. Тухайн үед “Зараа” автобус явдаг, хүн ч гэж их. Яаж ийгээд багтаж байгаад л явна. Сүүлд 2009 оноос хойш Ханын материалдаа эргэж ирээд, удахгүй “Golden gym” клубт явдаг болсон. Одоо бол “Gold`s gym”-д явдаг. Амжилт гаргахын тулд мэдээж заалны тоног төхөөрөмж их чухал.

-Хуучин заалны тань тоног төхөөрөмж олон улсын тэмцээнд ороход байдаг тоног төхөөрөмжөөс стандартын хувьд их өөр байсан уу?

-Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зааланд Зэвсэгт хүчний биеийн тамир чийрэгжүүлэх төв гэж хуучин байсан, одоо тэр заал байдаггүй.  Тэндхийн штанг гар хийц, Монголчлоод л хийчихсэн байдаг байсан. Тэндээс УАШТ-д оролцохоор очиход яах аргагүй өөр байна. Ингээд л шаардлага яах аргагүй өөр болж, төхөөрөмжөө дагаад өөр газар бэлтгэлээ хийж эхэлсэн.

-“Golden gym”-рүү та багшийгаа дагаад л явсан уу?

-Тийм. Багш “Golden gym”-д дасгалжуулагч хийдэг болсон. Бэлтгэлээ хийхээс гадна тэнд би нягтлан бодогчийн ажил хийнэ. Миний мэргэжил нягтлан бодогч шүү дээ. Тэнд олон сайхан хүмүүстэй танилцсан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэхчлэн. Тэр хүмүүс намайг хүнд жинд орж байхыг хараад л гайхна. Яахав, учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг тэнд л учирч, өнөөдрийг хүртэл сайхан ах дүүсийн харилцаатай явж байна.

Би дандаа л бэлтгэл дээрээ байж байдаг, бэлтгэлээ огт тасалдаггүй байв. Хүн амжилтад хүрэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөр бол амжилтын үндэс шүү дээ. Мянга сайн дасгалжуулагч, сургалтын систем байгаад тамирчин өөрөө хичээл зүтгэлгүй байвал амжилтад хүрэхэд хэцүү. Нэгдүгээрт, багш мундаг байх шаардлагатай. Хоёрдугаарт, дасгалжуулагч өөрөө маш өндөр мэдрэмжтэй байх. Гуравдугаарт, тамирчин өөрөө хөдөлмөрч байх. Энэ гурав нийлж байж амжилтын суурь болдог гэж би боддог.

-Тамирчны хөдөлмөр гэхээр хүнд хэцүү гэдгийг нь хүн бүр мэддэг. Гэсэн ч хөдөлмөр гэдэг үгний цаана хөлс, цус яаж урсаж байдгийг тэр бүр мэддэггүй. Өвдсөн үедээ ч өвчин намдаах эм уух эрхгүй, өвдөлтийг гагц тэсэж л гарах ганц замтай гэдэг.

Өвдсөн үедээ элдэв төрлийн эм уухгүй, өөрийн биеэр тэсэж гардаг. Бүр болохгүй бол Спортын төв ордныхоо эмчид хандаж эм авч уудаг. Хэр барагтай л бол тэвчинэ. Хүнд жин авч бэлтгэл хийсний дараа нүдэнд цус хурна, нүүрний арьсанд цусан толбо үүснэ, цорой хүртэл өвдчихсөн байдаг.

-Нүднээс хүртэл цус гарч байсан гэдэг байхаа?

-Тийм тохиолдол бий. Цус тарчихдаг болохоор нулимс гоожиход улаан туяатай гарч ирнэ. Энэ зөвхөн надад биш, манай пауэрлифтингийн спортынхонд бүгдэд нь л тохиолддог. Тэд ингэж хөдөлмөрлөснийхөө үр дүнд амжилтад хүрдэг. Амжилтад хүрэхийн тулд энэ зэргийн юм байх л гэж боддог. Мөн манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ах маш мундаг ажиллаж байна. Өнгөрсөн жил “Bull” брендийн таван штанг тавиурыг комоор нь авч ирлээ. Одоо манайд “Eleiko” брендийн мөн таван яг ийм штанг бий. Үүн дээр олон улсын тэмцээнүүдийн бэлтгэлээ хийж байна. Одоо манай холбоо 19 аймагт салбар хороотой, 6000 гаруй тамирчинтай болсон байна.

-6000 гаруй тамирчинтай гэдэг их тоо байна шүү. Н.Түвшинбаярыг олимпын аварга болсны дараа жүдо бөхөөр хичээллэх хүүхдийн тоо эрс өссөн гэдэг шиг таныг олимпоос медаль аваад ирэхэд тань энэ тоо өссөн гэх үзүүлэлтийг танай салбарынхан хэлдэг үү?

Тийм яриа байдаг. Гэхдээ би өөрөө яриагүй шүү /инээв. сурв/. Манай спортын төрлийнхөн “Пауэрлифтинг гэж ямар спорт байдгийг чамайг 2016 онд Риогоос хүрэл медаль авахад Монголын бүх ард түмэн мэддэг болсон” гэж хэлэх нь бий.

БАГШ МИНЬ БИЕ НЬ МУУ  ҮЕДЭЭ “ОДОО ЧИ ШАВЬ НАРТАЙ БОЛ” ГЭДЭГ ДААЛГАВАР ӨГСӨН

-Таны багш  хүндийн өргөлтийн арга техникийг монгол ухаантай хослуулж, нарийн арга барил гаргаж авсан гэгддэг. Энэ нь яг ямар арга барил юм бэ?

-Багшийн заадаг бэлтгэлийн системийн үндсэн суурь нь Болгар. Талийгаач багш минь Болгарын биеийн тамирын ангийг Хүндийн өргөлтийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тэр хүн өөрийн мэдлэг боловсролоо Монгол ухаантайгаа хослуулсны үндсэн дээр энэ амжилт минь гарч ирсэн гэж боддог. Гадны улс орнуудтай ижил түвшний амжилт гаргахын тулд бэлтгэлийн системийг яаж дөхөм байх вэ зэргээр бүгдийг боловсруулж байж л гарч ирдэг. Түүнээс номын дуу сонссоноо “Би юм мэддэг болчихсон” гээд л цойлж гарч ирдэггүй. Маш их хөдөлмөр, туршлага, мэдлэгийн нэгдэл.

-Одоо та багшийнхаа өвлүүлсэн энэ системээр шавь нарыгаа дасгалжуулж байгаа юу?

-Тийм. Өөрөө өөрийгөө дасгалжуулахаас гадна пауэрлифтингийн IPF төрлөөр гурван шавиа дасгалжуулж байна. Өнөөдөр миний гурван шавь 74 кг, 83 кг, -120 кг жинд улсынхаа рекордыг эзэмшиж байна. -83 кг жинд Оргилболд 3 төрөлтийн шахалтын төрлөөр Азийн болон улсын рекорд эзэмшдэг. Миний гурван шавь гурвуулаа л улсын болон тивийн рекордоо эзэмшээд явдаг.

-Та хэзээнээс шавьтай болохоор шийдэв?

-2016 оноос хойш. Багш минь бие нь муу байсан болохоор “Одоо чи шавь нартай бол” гэдэг үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, шавьтай болох зөвшөөрөл өгсөн. Багш минь байхад би юу гэж шавь авах вэ.

-Удаан хугацаанд уйгагүй бэлтгэл хийж, хүрээлэлдээ танигдаад байсан ч олон нийтэд шууд танил болоогүй үед танд итгэл хүлээлгэж, сонин сайхан дурсамж үлдээж байсан ямар хүмүүс байдаг вэ?

-2012 оны Лондонгийн олимп дууссанаас хойш олон улсад гаръя гэж бодсон. Үүнээс өмнө 2010 оны Азийн наадамд явж, 60 кг жинд 140 кг шахаж тавдугаар байранд орж байлаа. Үүнээс хойш бэлтгэл сургуулилтаа сайн хийж, тэмцээн уралдаанд оролцохыг түр хойш тавиад дөрөв орчим жил болсон. Ингээд 2013 оноос олимпын шинэ цикл эхэллээ. Эхний тэмцээн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байв. Манайх тивийн аваргын тэмцээнд орж байж дараа дараагийн тэмцээнүүдийн эрх нээгддэг ёстой.

Тухайн үед ААШТ долоодугаар сард Солонгос улсад болох ёстой байтал хойшилж, 11 сард Малайз улсад болохоор боллоо. Энэ тэмцээнд явах гэтэл зардал байдаггүй, их хэцүү байдалд орсон. Гэтэл тухайн үеийн ССАЖЯ-нд ахлах мэргэжилтэн хийдэг н.Гэрэл гэж ах маань хөөцөлдөж байж онгоцны зардал гаргуулж өгч байгаа юм. Буудал, хоол, тэмцээний хураамжийг бүгдийг нь хувиасаа гаргах болчихоод байдаг. Энэ үед “Ард” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, н.Батдэлгэр гэж хоёр ах маань тодорхой хэмжээний зардал хоёр талаас нийлүүлэн явуулж байлаа.

-Та тэгэхээр ганцаараа явсан байх нь ээ?

-Гав ганцаараа. Очоод жингээ үзүүлтэл жиндээ орсон ч намайг хасчихсан. Яагаад хассан учрыг нь асуутал надаас “Багш байна уу” гэж асууж байна. “Байхгүй” гэтэл “Дасгалжуулагч байна уу” гэж байна. “Байхгүй” гэтэл “Менежер байна уу” гэв. Бас л байхгүйгээ хэлтэл  “Эмч байна уу”, “Албаны хүн байна уу” гээд ахиад л асуулаа. Бүгд байсангүй. Тэгээд л шууд хасагдсан.

Ингээд л бөөн хямрал боллоо. “Хүмүүсээс мөнгө төгрөг авчихсан, улсаас мөнгө авчихсан. Гэтэл тэмцээндээ орж чадахгүй болчихлоо, одоо яах билээ” гээд л.

Бодож, бодож тухайн үеийн Пара пауэрлтифтингийн Ерөнхий нарийн бичгийн даргад үнэнээ учирлаад гуйлаа. “Багш байхгүй, менежер байхгүй, албаны хүн байхгүй, эмч байхгүй, гэхдээ л ормоор байна” гэлээ. Тэр хүн толгой сэгсэрч байснаа л “88кг жинд л ор доо, евро байна уу” гэж байна. Ахиад л байсангүй. “Тэгвэл доллар байна уу” гэнэ. Аз болоход надад тулсан 150 доллар байв. Түүнийгээ торгууль болгож тэмцээндээ орсон. Тэр 150 доллараар би хоол авч идэх байсан юм. Эндээс явахдаа Инчеоноор дамжиж, онгоцны буудал дээр 14 цаг орчим хүлээхдээ энэ мөнгөөрөө утас ч авчихмаар санагдаад, хоол ч идэхгүй тэвчиж хадгалсан минь аминд орж байлаа. /инээв. сурв/

Тэмцээндээ 80 кг жинтэй байсан ч дээд талын 88 кг жинд орж 191 кг шахаж тавдугаар байранд орсон.

-Магадгүй энэ тэмцээнээс хойш таны оргил үе эхэлсэн шиг. Та спортын замнал дахь хамгийн оргил, сэтгэлд үлдсэн үеэ хэзээ гэж тодорхойлох вэ? 

-Инчеоны Азийн наадам. 2013 оны тэмцээн дуусч, 2014 оны дөрөвдүгээр сард ДАШТ болсон. 80 гаруй орны 800 орчим тамирчин оролцож байсан санагдана. Манай 88 кг жинд 36 орны тамирчин өрсөлдөж байв. Үүнээс долдугаар байранд орж, Риогийн олимпод оролцох эрхээ авсан. Маш ширүүн өрсөлдөөн, хэзээ ч мартагдахгүй дурсамж болж хоцорсон.

Инчеоны Азийн наадмаас анхны олон улсын тэмцээний медаль авч, хүрэл медаль хүртэж байлаа. Хамгийн амттай, хамгийн сайхан, хамгийн сэтгэлд хоногшсон медаль бол анхны минь хүрэл медаль.

-Анхны хүрэл медалиа хүртсэн бас олимпод оролцох нь тодорхой болсон. Ийм үедээ та олон улсын тавцан дээр юу бодож зогссон бол?

-Тайван байдаг. Баярлаад байдаггүй. Учир нь хийх ёстой зүйл минь, миний өөрийн л ажил. Спортынхон олимптой жилээ өндөр жил гэдэг. Тэр өндөр жилд л медаль авах нь чухал болохоос наана авсан медалиуд нэг их чухал нь биш. Монголчууд ч олимпоос медаль авахгүй л бол бусад медалийг тоохоо больж. Тэр бүү хэл, алтан медаль л биш бол мөнгө, хүрэл ч тэдний хувьд сонин биш болсон шиг санагддаг.

-Олимпоос медаль аваад ирсний тань дараа маш олон хэвлэл ярилцлага авч байсан тул тус тэмцээний талаар яриаг алгасъя. Харин та медалиа энгэртээ зүүх үеийнхээ сэтгэгдэл, мэдрэмжийг одоо ч санадаг уу?

-Медаль авахаар боллоо гэх үед биш медалиа зүүсэн хойноо л “Би медаль авлаа” гэж бодож байсан. Хэцүү шүү дээ /инээв. сурв/

-Улсын болон дэлхийн рекорд эзэмшинэ гэдэг тамирчин хүний хувьд бахархал нь байдаг болов уу гэж бид ойлгодог. Та одоо ямар ямар рекордууд эзэмшиж байна вэ?

-2017 оноос хойш миний ид, оргил үе эхэлсэн. Багш маань ч жингээ нэм, тэд рүү ахина шүү гэж захидаг байв. Жинд минь тааруулж бэлтгэлийн системийг ч тааруулж өгсөн. Ингээд 2017 оноос хойш олон улсаас 13 медаль авсан байна. Үүний хоёр нь мөнгөн медаль, бусад нь алт. Үүний дөрөв нь рекорд эвдэж авсан медаль. Миний хувьд 2017 оны Парагийн ДАШТ-ээс Азийн рекорд, 2018 онд IPF буюу энгийн төрөлд ДАШТ дээр мөн рекорд тогтоосон. Энэ рекорд их онцлогтой. Дэлхийн Пауэрлифтингийн холбооноос 2016 онд -105 кг жингийн стандарт рекорд 235 кг гээд тогтоочихсон, тэр нь гурван жил эвдэгдээгүй байсан. Үүнийг би 242.5 кг болгож шинэчлэн тогтоож, алтан медаль авсан. Дараа нь Япон улсад Ази номхон далайн орнуудын нээлттэй тэмцээн болж 239 кг өргөж Ази тивийнхээ рекордыг ахиулсан.

Мөн Жакартад ААШТ-д Ирантай өрсөлдөж 244 кг өргөж Ази тивийн рекордыг 5 кг, дэлхийн рекордыг 1 кг, Азийн наадмын рекордыг 12.325  кг-аар эвдсэн. Азийн наадмын рекордыг олимп шиг дөрвөн жилд нэг удаа л эвдэх боломжтой байдаг. Ингээд сүүлд энэ оны тавдугаар сард IPF-ийн ДАШТ-д явсан. Энэ тэмцээн дээр “IPF буюу энгийн төрөлд парагийн тамирчин орж ирээд байна, парагийн тамирчин бид нараас илүү, тэмцээн уралдаан ч илүү зохиогддог” гэх хэл ам гарсныг хүмүүсээс дуулсан. Ингээд энэ ДАШТ-ээс би мөнгөн медаль авсан. Учир нь АНУ-ын Арнолд классик про тамирчин орж ирсэн. Мэргэжлийн боксоор яривал би сонирхогч, тэр тамирчин мэргэжлийн тамирчин гэсэн үг л дээ. Энэ хүнтэй өрсөлдсөн. Шүүгч нар ч намайг дарж, АНУ-ын хоёр тамирчин ч намайг хавчсаар 500 граммаар алтан медаль, дэлхийн рекордоо алдаж, Ази тивийн рекордоо барьж үлдэж чадсан. Парагийн тамирчин энгийн төрөлд орж ирээд ахиад л алтан медаль хүртэж, ахиад л рекорд тогтоох гээд байсан тул Дэлхийн холбооноос бодлогоор ийм тамирчин оруулж ирсэн байдаг. Өнгөрсөн долоодугаар сард харин парагийн ДАШТ-д оролцож алтан медалиа авсан.

-Та  энэ тэмцээний өмнөх бэлтгэлийнхээ үеэр 250 кг шахаж байсан байх аа?

-Тийм. Сая хоёр ДАШТ их ойр болсон тул нэгээс нөгөө рүү ороход бэлтгэлээ унагахгүйн тулд 250 кг шахсаар байгаад явсан. Одоо бол 260 кг шахах бэлтгэлээ эхлүүлсэн. Саяхан 14 хоног амраад бэлтгэлдээ орлоо. Үүнтэйгээ л ноцолдоод байна даа, нэг хэсэгтээ.

    ВИДЕО: ОЛИМПОД БЭЛДЭЖ БУЙ 260 КГ ЖИНГ ӨРГӨЖ БАЙГАА НЬ

-Гэхдээ зорилго тань ДАШТ дээр 250 кг өргөх биш байсан бололтой?

-Парагийнхаа рекордыг эвдэх зорилго байсан ч өрсөлдөгчөө хэт хурцалж, хэт өндрөөр гарч болохгүй шүү дээ.

-2020 оны олимпын тактик уу?

-Тийм. Сая тактик хийж Ираныг шатааж “нисгэлцсэн”. Дасгалжуулагч Тугаа ах маань ч маш уран гоё тактик боловсруулж, түүгээр болсон. Тамирчинтайгаа яаж харьцахаа мэддэг, мундаг хүн. Дарга байх үедээ дарга байж, дасгалжуулагч байх үедээ дасгалжуулагч, ах нь байх үедээ ах нь байдаг. Ийм хүний хажууд байхад тамирчин хүнд сэтгэлзүйн дарамт гэж байдаггүй, их түшигтэй хүн.

-ТАМИРЧИН ХҮН “ШАТАЖ” БАЙГАА Л БОЛ БОЛООГҮЙ БАЙНА Л ГЭСЭН ҮГ-

-Хэдхэн жилийн өмнө хүмүүсийг “Жижиг орны тамирчинг хавчиж шахдаг” гэж ярихад итгэхгүй “Энэ чинь дэлхийн спорт шүү дээ” гэж хамгаалдаг байж. Ийм зүйл танд ажиглагддаг  уу.

-Хэцүү шүү дээ. Шүүгч нар дарна, чангаана. Талийгч багшийн минь үед, 2015 оны ААШТ-ий үеэр 221 кг шахаад мөнгөн медаль дээр буусан. Гэвч гурван шүүгч гурвуулаа Араб байсан болохоор намайг тооцолгүй, Ираныг дээш гаргаж мөнгөн медальд хүргэх жишээтэй. Тухайн үед багш минь “За яахав, зарга хийгээд хэрэггүй, дараа дараагийнхаа тэмцээнийг бодно шүү” гэдэг байв. Сүүлд ААШТ, Азийн наадам дээр ч Араб шүүгч нар суухаараа Ираны тамирчны талд шүүлт гаргадаг. Дээгүүр эхэлсэн ч минийхийг тооцохгүй. 100 ам.доллараа төлөөд л бичлэгээ үзнэ. Тэгж байж л “Монголыг тооц” гэдэг үг сонсоно. Ингэж буруу шүүсэн ч тухайн үедээ л талбай дээр гарсан шүүгчийг солихоос өөргүй.

Сая Жакартад гурван шүүгчийн хоёр нь Араб шүүгч байсан. Голын шүүгч нь цагаан, хоёр захынх нь улаан асааж байгаа юм. Яагаад гэхээр хариулт өгөхгүй. Ахиад л 100 ам.доллараа төлөөд бичлэгээ үзэхээр ямар ч асуудалгүй. Ингэхээр нь Техникийн ерөнхий шүүгч, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга талбай дахь хоёр Араб шүүгчийн нэгийг нь сольж Европ хүн болгов. Ер нь л шүүгч нар Араб эсвэл Арабтай ойр бол хэцүү. Зөвхөн шүүгчид ч бус. Жакартад рекорд хийх гээд цаг яваад эхэлсэн байхад Ираны тамирчин Али Акбар талбай руу гардаг зам хаагаад зогсчихсон. Намайг гаргахгүйн тулд тэр шүү дээ. “Холдоорой, манай тамирчин гарах гээд байна” гээд байхад л мэдэн будлиад замаас холдохгүй байсаар би рекорд хийхэд 10 секундын өмнө л штангаа барьж, өргөлт хийж байгаа юм. Энэ л нэг жишээ юм.

-Арабууд яагаад шүүлтэд тийм өндөр нөлөөтэй байдаг юм?

-Хүндийн өргөлтийн ихэнх тэмцээнүүд Арабын орнуудад зохион байгуулагддаг. Арабууд бүхий л спортдоо маш их хөрөнгө оруулж байна. Спортуудаа сайн ч хөгжүүлж чадаж байгаа орон. Гол нь тэд  олон улсын зэрэглэлтэй шүүгч нарыг бэлдэж байгаа. Мөнгө ихтэй учир аль ч спортын төрлөө орхидоггүй, зэрэгцүүлээд хөгжүүлж байна. Улсын санхүүгийн чадвартай л холбоотой асуудал юм.

-Таны төрөлд манай улс олон улсын шүүгчтэй болвол?

-Олон улсын шүүгчтэй болно гэсэн итгэл байдаг.

-Тамирчдын өрсөлдөөнийг  энгийн үзэгчид хамгийн шударга өрнөдөг гэж хардаг. Гэтэл хөшигний ард маш олон зүйл өрнөж байдаг нь спортын бас нэг сонин тал  юм даа?

-Муухай байдлаар өрсөлдөх үе байна. Араб, Ираны тамирчид нэлээд дээрэлхүү хандлагатай. Бусад нь дүрмийн хүрээнд л өрсөлддөг. Арбауудтай яг адилхан л үзээд, дараад байхгүй бол давраад байдаг талтай.  Улс орнуудын тамирчид нэгдэж, сэтгэлзүйгээр дарах нь ч бий.

-Яаж?

-Нэг нь гарч ирээд захиалгаа өндөр өгчихнө. Энэ нь  намайг үсэргэх гэсэн санаа. Тэр тамирчин нөгөө тамирчныхаа төлөө бүрэн эрсдэлд орж байна гэсэн үг. Тийм амь нэгтэй. Жишээ нь, Арабын нэг тамирчин гарч ирээд, 240 кг-ийн захиалга өгчихлөө гэж бодъё. Тухайн үед би өөртөө итгэлгүй байгаа бол “За, би 241 кг өргөе” гэнгүүт нөгөөх нь 242 кг захиалчих жишээтэй. Ийм тактикийн тулаанууд их явдаг учраас бүр цойлж гарч байж л хөрөнгөтэй орны тамирчинг ялах магадлал өндөр болдог.

Маргаан гарсан тохиолдолд 100 ам.доллар төлж, бичлэгээ үзэх эрхээ авдаг. Та 100 ам.доллараа эргүүлж авч чадалгүй алдсан тохиолдол байгаа юу?

-Олон улсын тэмцээнүүдийн үед 100 ам.доллар төлөөд, бичлэгээ үзэх тохиолдол гарна. Би өөрөө зөвөөр өргөсөн гэдгээ мэдэж байгаа болон манай дасгалжуулагч техникийн алдаа гаргаагүй гэж үзсэн  хэдий ч шүүгчид өөр шийдвэр гаргасан тохиолдолд үздэг. Бичлэг үзээд, бидний зөв байвал 100 ам.доллараа буцааж авна. Шүүгч  нарын талд техникийн зөвлөлийн шийдвэр гарвал бид 100 ам.доллараа алдана гэсэн үг. Гэхдээ одоохондоо ингэж алдаж үзээгүй. Бид бичлэгээ үзээд, 100 ам.доллараа буцаагаад л авдаг. Бидний зөв үед л  техникийн хуудас авдаг.

-Та тэмцээний шүүлтийн үеэр өөрт тань нийцээгүй шийдвэр гарсан тохиолдолд хувь хүнийхээ хувьд “шатдаг” уу?

-“Шатдаггүй”. Тайван л байдаг. Тамирчин хүн тайван л байх ёстой. Өөрийн буруугаас болсон уу. Шүүгчид дарж байна уу гэдгээ ялгаж салгахад л болно. Тамирчин хүн “шатаж” байгаа л бол БОЛООГҮЙ байна л гэсэн үг. Тамирчин болох болоогүй гэсэн үг. Яг чадчихсан тохиолдолд бол өөр. Эхний оролтоо тэглэчихээд дараа нь дахиад шатаад байгаа бол болоогүй төрхөө л харуулж байгаа юм.

-Тэмцээний үеэр сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг юм. Байнга мэргэшсэн сэтгэлзүйч дэргэд тань ажилладаггүй шүү дээ?

-Би өөрөө өөртөө л сэтгэлзүйч /инээв.сурв/. Маш тайван байхыг л чухалчилна. Тэмцээний үеэр утсаа оролдохыг өөртөө хориглоно. Ээж, хүү хоёр луугаа мессеж бичээд л болчихно. Эрт унтах дүрмийг баримталдаг. Тэмцээний үеэр өглөөний цай ууж орж ирээд л унтана. Унтаж босч ирээд, өдрийн хоолоо идээд, дахин унтана. Орой хоолоо идчихээд, жаахан салхилж, жингээ барих зэргээр л энгийн тайван, амралттай байхыг чухалчилдаг.

14 НАСТАЙДАА ХӨЛӨӨ ТАЙРУУЛАХАД “ЗУРГААН САРЫН НАСТАЙ” ГЭЖ БАЙВ. ОНГОД ТЭНГЭРЭЭ ЗАЛААД…

-Яг тэмцээний үеэр  сэтгэлзүй бас их чухал. Та яг өргөхийнхөө өмнө мөргөлийн зан үйл үйлдэж харагддаг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Би тэнгэр шүтлэгтэй, өөрөө зайран хүн. Би хэзээ ч харийн шашин шүтэхгүй. Өөрийн үндэсний  өв соёл, өвөг дээдсээ л шүтэж амьдардаг. Чингис хаан Хоризм руу дайлаар мордохдоо Бурхан халдун дээр гарч, Тэнгэрт хандан мөргөл үйлдсэн түүхтэй. Гараа дээш өргөж, алгаа дээш харуулан залбирсан гэдгээр  дүрслэгддэг. Би хаан суудалтай хүн биш, өнөө цагийн эгэл монгол хүн. Тиймээс эзэн Чингис хаан шигээ залибирал үйлдэж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд Мөнх хөх тэнгэр, эцэг өвгөдийнхөө сүнс сүлдэнд залбираад, өргөлтөө хийдэг.

-Та онгод тэнгэрээ залаад хэр удаж байна. Хэрхэн залж, хүндэтгэж явдаг талаараа яривал?

-Угаа аваад 9 жил болж байна. Зан үйлээ хийгээд, онго тэнгэрээ тахиад явдаг. Тэмцээнд явахынхаа өмнө уг удам, онго тэнгэр, сахиусаа буулгаж хэвшсэн. Өвөг дээдэстээ зам мөрөө даатгаад морддог. Чингис хаан  дайнд мордохдоо зайрангуудаа залж, онго тэнгэрүүдийг нь буулгадаг байсан. Тухайн эзлэх гэж буй газрынхаа уул ус, лус савдгийг нь аргадах зан үйл хийдэг байж. Тиймээс ч хурдан түргэнээр саад бэрхшээл бага гэтлэн, олон улсуудыг эзэлсэн гэж түүхэнд дурддаг. Үүнтэй л нэгэн ижил бид гадны орнуудад явахдаа онго шүтээнээ буулгаж, эцэг өвгөдийнхөө сүнсэнд залбирч явдаг.

Зураг: Хүүгийн хамт. Тэрбээр тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцохоор жилийн тэн хагасыг бэлтгэл, гадаад дотоодын тэмцээнд оролцон өнгөрүүлдэг тул хүүдээ сайн анхаарал хандуулж завдахгүй яваагаа учирав. Харин боловсрол, мэдлэгтэй хүн болгохсон гэж ихэд хүсэн хичээл номонд нь шамдуулдаг аж. Хүү спортод элэгтэй нэгэн боловч хичээл сургууль, сургалт, дугуйлан гэсээр цаг зав төдийлөн гардаггүй бөгөөд аав, хүү хоёр амьдралын ар албыг эмээ, ээж хариуцан авч явна.

Энгийн үед “хаус” байдлаар шууд мэдрэмжүүдийг авах уу. Тухайлбал, тэмцээний өмнөх эгшинд залбирал хийх үед танд мэдрэмж ирдэг үү?

-Мэдрэмж ирнэ. Мэдэрнэ. Ямар тактик хэрэглэх вэ гэж бодож байхад хүртэл гэнэт  санаа харваж ирнэ. Гэв гэнэт хурцаар арга замууд орж ирэх ч юм уу. Би энэ байдлаа дасгалжуулагчдадаа ч хэлдэг. Дасгалжуулагч маань “Хол газар явах гэж байна. Онго тэнгэрээ буулгаж, өвөг дээдэстээ даатгаарай”  гэж хэлдэг. Тэмцээн уралдаанаас ирээд, сахиусынхаа  багш нарт очиж мөргөдөг.

Ийм яриа руу орчихоод бас дутуу үлдээгээд гарч болохгүй байна. Танд уг онгодоо авах ёстой гэсэн мэдрэмжийг анх хэрхэн өгч байсан бэ?

-Уг зална гэдэг их хэцүү зүйл. Миний хувьд сүүл рүүгээ бараг л галзуурахаа дөхсөн. Хамаг л ажил төрөл бүтэхээ больж, өвдөж, гэр орны ахуй амьдрал доройтож эхэлдэг юм билээ. Онго тэнгэрээ залснаас хойш хамаг л ажил үйл маань тэгширч, орж ирсэн хэдэн зоос маань ч юм болж үлдэж эхэлсэн. Би багадаа хөзрөөр их мэргэлдэг хүүхэд байлаа. Хүн амьтан ирж, юм асууж, мэргэлүүлээд явна. Ээж маань нэлээд дургүй, загнана. Зөн совин маань ч сайн биелдэг байлаа. Ингэж явж байгаад, 14 насандаа хөл гэв гэнэт өвдчихсөн.

-Онго тэнгэрээс шалтгаалсан гэсэн үг үү?

-Би 14 нас хүртлээ энгийн, хоёр хөлтэй хүү байлаа. Сахиусууд буусан хойно хөлгүй болсон шалтгаанаа мэдсэн. Тамлагын тарчилгаа гэж нэрлэдэг юм билээ. Би 13 наснаасаа өмнө онго сахиусаа залах ёстой байсан юм билээ. Гэтэл би тэр хугацааг нь өнгөрөөчихсөн юм билээ. Тухайн үед гэнэт өвдөхөөр нь эмчид үзүүлтэл ясны хорт хавдар гэсэн онош гарсан. Эмч нар намайг шууд л насгүй гэж үзсэн юм. 14 насандаа хөлөө тайруулахад зургаан сарын настай л гэж байв. Гэтэл өнөөг хүртэл 20 гаруй жил эрүүл энх сайхан л амьдарч явна. Онго тэнгэрээ залснаас л үүдэлтэй амьдрал минь ингэж эргэсэн.

-ЭЭЖ МИНЬ ТЭВЧЭЭРТЭЙ, ШАНТРАШГҮЙ УЧРААС БИ ТЭВЧИЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ, УРАГШАА ЯВСАН-

14 нас хүрээд л өвдөөд, онош нь ЯСНЫ ХОРТ ХАВДАР гэж гараад

14 нас хүрээд л өвдөөд, онош нь ЯСНЫ ХОРТ ХАВДАР гэж гараад л, НАСГҮЙ гээд, намайг чинь. Тэгээд л ХӨЛИЙГ НЬ ТАЙРНА. Хөлийг нь тайраад ЗУРГААН САРЫН НАСТАЙ л гэж байсан юм билээ. Хөл тайраад, одоо ингээд 20 гаруй жил явж байна. Хүний эх чинь л аягүй чанга байдаг юм ш тээ. Аав нар мэдэхгүй ээ. Уйлах байх аа, цагаа тулахаар. Ээж маань чанга байсан учраас би бас ЧАНГА БАЙСАН. ЭЭЖ МААНЬ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙДАГ УЧРААС БИ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙСАН. Ээж мань ХӨДӨЛМӨРЧ, ШАНТРАШГҮЙ УЧРААС би спортдоо хөдөлмөрч, шантрашгүй, мундаг байсан. Тэгж боддог. Энэ хүн намайг хэвлийдээ байхаас авахуулаад 34 жил надтай хамт байна. Ээж минь намайг хүн болгож, ӨСГӨЖ, өдий зэрэгтэй сайхан амьдруулж байна. Би ээж шигээ амьдарч байна. Би ээж шигээ байж чадаж байна.

Posted by Mongol Mgl on Tuesday, August 13, 2019

-Та тухайн үедээ энэ бүхнийг даваад гарна гэсэн сэтгэлзүйг өөрөөсөө олж чаджээ. Энэ бүхэнд ээжийнх нь чанга сэтгэлзүй ч нөлөөлсөн шиг санагдлаа?

-Хүний эх хүн л чанга байдаг юм билээ, цагаа тулахаар. Аав нар бол мэдэхгүй ээ. Уйлах байх. Ээж маань чанга байсан  учраас би чанга байсан. Ээж минь тэвчээртэй учраас би тэвчиж гарсан. Ээж минь  хөдөлмөрч, шантаршгүй, ажилсаг учраас би спортдоо ШАНТАРШГҮЙ байж чадсан. Тэгж л боддог. Намайг нэг ойтой байхад манай аав ээжээс минь салаад явсан. Ээж минь намайг хэвлийдээ байхаас авахуулаад, өдийг хүртэл 35 жил надтай хамт амьдарч явна. Ээж минь намайг  өсгөж, хүн болгож, өдий зэрэгтэй сайхан амьдруулж байна. Миний ээж яг л НАДААР АМЬДАРСАН, АМЬДАРЧ БАЙГАА. Би  бас ээж шигээ амьдарч, ээж шигээ байж чадахын төлөө хичээж явдаг.

Та хөлөө тайруулсныхаа дараа спорт руу оржээ. Энэ нь ямар нэгэн байдлаар сатаарах, өөрийгөө нэг зүйлтэй холбох гэсэн хувь хүний сэдэл байсан уу?

-Хөлөө тайруулаад, хүндийн өргөлтийн спорт руу орсон. Өмнө нь ээжийнхээ дүүг дагаад, энэ тэнд мишок өшиглөөд явдаг байлаа. Манай үеэл цэргийн ангид ажиллаж байсан. Тэнд боксоор хичээллэж, 1998 онд жүдогоор явж үзэж байлаа. 1999 онд  хөл өвдсөнөөс хойш спортоо орхичихсон байсан. Хөлийнхөө өвчнийг даван туулсны дараа өнөөгийн энэ спорт руугаа орсон юм. Нэг жил гаруй хугацаанд гэрт гам барьж байлаа. Гам барих ч гэж дээ. Эмч нар зургаан сарын настай гэсэн учраас гэртээ л байдаг байлаа.

Бид  гуравт бас ядарсан үе бий. Би нягтлан мэргэжилтэй учир ажилд орох гэхээр  захирлууд нь “Манай нягтлан ачаа зөөдөг. Хөл нь доголон учир тэнцэхгүй” гэдэг байв.  Гэр хороололд амьдарч, бэлтгэлдээ явж байхдаа нэг ч удаа спортоо орхиё гэж бодож байгаагүй. Ээжийнхээ дэмээр тууштай явсаар амжилтын захаас атгасан гэж боддог.

-2016 оны паралимпийн дараа  та нүүр хуудсандаа нэг гоморхонгуй сэтгэгдэл бичиж, дараа нь олон үйл явдал өрнөсөн. Олон түмний хайр тань дээр асгарч эхэлсэн тэр үеийн мэдрэмжийнхээ талаар?

Тухайн үед яагаад ч юм,  нэг тийм пост хийчихсэн. Нэг их гомдоод, “Бусад спортын хүмүүсээ сайхан тосож авсан мөртлөө намайг тоосонгүй” энэ тэр гэж үг хаях сэтгэл байгаагүй. Ер нь хүмүүс надад хэлдэг. “2016 оны олимпоос чи хүрэл медаль хүртсэнээр олон нийт паралимф гэдэг төрлийг ойлгож, хүлээж авч эхэлсэн” гэж. Төр засгаас амжилтыг маань үнэлж, хүндэтгэж үзсэн. Спортынхоо хүчээр сайхан амьдралд хүрч, хүний дайтай л явна. Одоо тэмцээнд явах бүхий л зардлыг Улсын шигшээ багаас гаргаад явдаг. Олимп болон паралимпээс медаль хүртээд ирэхээр шууд улсын шигшээд ордог. Тэгэхээр санхүүгийн хувьд  хүндрэл эрс багасдаг. Шигшээ багт орж чадаагүй нөхцөлд бол хэцүү л дээ.

МИНИЙ БАГШ МИНИЙ БАЯЛАГИЙГ БИЙ БОЛГОСОН

– Пауэрлифтингийн спортын гол филисофи нь юу юм бол?

-Хэн нь илүү хүндийг өргөх вэ гэх энгийн боловч оргилд хүрэх нь хэцүү спорт. Хэмжигдэхүүнтэй спорт өөрөө цаг хугацааны спорт байдаг. Хэмжигдэхүүнтэй спортын амжилт хэзээ ч унадаггүй. Ахиж л байдаг. Тухайн хүний байгалиас заяасан ген, чадамж хаана хүрнэ, тэр хүртэл явдаг спорт. Олимпоос хүрэл медаль авчихсан л  бол дараачийн  олимпоос медаль авах бүрэн боломжтой. Гол нь барьж байгаа өргөлтөөсөө унах уу, өсгөж өргөх үү  гэдэг нь тамирчны л асуудал.

-Таны өргөлтүүдийн хэмжээ үргэлж өссөөр ирсэн. Спортынхоо онцлог, хувь хүний чадамжаас шууд хамаарч байна гэсэн үг үү?

-Бэлтгэлийн төлөвлөлт сайн байгаа учраас өргөлтийн жин үргэлж өснө гэж би хувьдаа дүгнэдэг. 2017 онд 97 кг-т Дэлхийн аваргын хоёр төрөлд хоёуланд нь түрүүлсэн.  Удалгүй -107 кг-т ДАШТ-д орж, 237  кг шахсан. Энэ мэтээр үргэлж өсч ирсэн. Энэ бол тамирчин хүнд байх ёстой амжилт. Хадгалах, урагшлах, туулах, бий болгох ёстой зам юм.

Одоо 2020 он таныг хүлээж байна. Бүх хүчээ Токиогийн олимп дээр гаргана гэж та хэлсэн. Ямар учиртай үг байваа?

-Би сая Дэлхийн рекорд эвдэхдээ 250 кг шахах боломж байсан. 253 кг ч шахах боломжтой. Гэхдээ шахаагүй.  Хэрвээ би 250 кг шахчихвал Иранчууд үүнээс давах гээд л үзнэ. Тийм учраас жаахан тайвшрал өгөх тактик хэрэглэсэн. Миний анзаарснаар 250 кг гарт нь арай ороогүй байсан. Тиймээс би өөртөө жингээ ахиулах гэж үзэх хооронд өөрийгөө бэлдэнэ. Энэ мэтээр зүтгэж л байна.

2020 оны  олимп бол миний багшийн мөрөөдөл байсан.  Тиймээс ч 2020 оны олимпоос медаль хүртэхийн төлөө бүх хүчээ шавхана. Багш минь өнгөрснөөс хойш дөрвөн удаа ДАШТ-д оролцож, 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн. Азийн наадмын аварга болсон. Одоо багшийн маань мөрөөдөл болж байсан 2020 оны олимп л үлдэж байна.

-Багшийн тухай яриа танд хамгийн нандин байх. Таны багш өнгөрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь таны амьдралд багш нь юу өгөөд одсон юм шиг санагддаг вэ?

-Миний ээж  надад миний амьдарлаыг өгсөн. Одоо ч амьдралыг минь авч явж байна. Харин миний багш миний баялгийг бий болгосон. Багшийнхаа бий болгосон тэр баялгаас би  шанагадаж, хутгаж авч яваа. Яаж баялаг бүтээхийг надад зааж өгсөн хүн. Багштайгаа би 17 жил орчим ажилласан. Аав хүү хоёр шиг байсан. Хамаг л хайраа надад зориулж, аав шиг минь байлаа. Одоогийн дасгалжуулагч ч тэр.  Багш нар маань надаар  хоолны зааланд хоол зөөлгөдөггүй. Өөрсдөө яваад, хоолыг минь сонгож шилж өгөхөөс л тэдний хайр эхэлдэг.

БИ ТАМИРЧИН ХҮНИЙХЭЭ ХУВЬД ДОПИНГИЙН ХЭРЭГЛЭЭГ ЭРС ЭСЭРГҮҮЦДЭГ

-Танд одоо холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга тань их хань болж байгаа юу?

-Тиймээ.Монголын паурлифтингийн холбооны нарийн бичгийн дарга Тугаа ах маань сая намайг Жакартад авч явахдаа мах шуузалж бэлтгээд, гоймон аваарай гэсэн. Тэнд очоод дасгалжуулагч маань +40 С-д балкон дээр гараад, газан плиткан дээр шөлтэй хоол хийж өгсөөр ирсэн. Намайг нэг ч удаа гаргаж хоол идүүлээгүй. Тэмцээнд  орохоосоо өмнө нэг л бэлтгэл хийж байгаа юм. Тэгээд тэмцээндээ ирсэн оройноо буцаад нисчихсэн. Ийм л хүмүүсийн хайранд би бэлтгэлээ хийж, тайван явдаг. Намайг ямар ч үед ахархаж, даргархаж загнаж байгаагүй. Тамирчнаа маш сайн мэдэрч, харилцаа  үүсгэж чаддаг.

Үзэгч талаас харахад та 2016 оноос хойш ер бусын оргил үе рүүгээ шилжсэн. Дандаа л “Содномпилжээ түрүүллээ, рекорд эвдлээ” гэдэг. Хувь хүнийхээ хувьд та амжилтандаа хааяа хөөрч, эмоци гаргаж, чадлаа гээд орилчихмоор санагддаг уу?

-Үгүй. Тамирчин хүн даруухан  байх ёстой. Даруухан байж амжилтаа ахиулна. Ард түмнийхээ хайрын хүчээр урагш явна. Нэгэн цагт тамирчин хүн зодгоо тайлж, дасгалжуулагчийн эгнээнд шилждэг. Энгийн л хүн гэдгээ өөрийгөө хүлээж авч байх ёстой юм. Хүн даруухан, нам жим байснаараа хэзээ ч алддаггүй. Хүмүүс намайг “Гэр, бэлтгэл, сургууль гэсэн маршрутаасаа ерөөсөө салахгүй  байна. Орой гарч бай” гэдэг. Би ингэж явдаггүй. Түүнийхээ оронд 21:00 цагт орондоо орж, 22:00 цагт унтчихсан байхыг илүүд үздэг. Энэ л надад жаргал.

Тамирчин хүнд “Надад нэг тийм хүч байгаа” гэсэн өөрийн мэдрэмж байдаг. Энэ баримжаагаараа зодог тайлах хугацаагаа төсөөлж төлөвлөдөг үү?

-Гурван олимп үзнэ гэсэн бодол бий. 2016 онд би эхний олимпын босго давсан. Одоо 2020, 2024 оны  олимпууд миний өмнө байгаа. Парисын олимпод үзээд, өөрийгөө нэг харна аа. Манай спортод нас нэг их хамаардаггүй. Хүч нь байгаа л бол өргөөд л явж байдаг.

Хүндийн өргөлтийн тамирчдыг их хэмжээгээр уураг хэрэглэдэг. Допинг хэрэглээд, нууж чаддаг гэх шүүмж, хардлагууд их явдаг. Сэргээшийн төрлийн бодис хэрэглэчихээд нуугаад явах боломж хэр байдаг юм бэ?

-Хүчний  спорт учраас хүмүүс сэргээш хэрэглээд л яваад байдаг гэж боддог. Гэтэл допингийн хяналтыг эсрэгээрээ маш сайн тавьдаг, манай спортод. УАШТ дээр допингийн шинжилгээ авдаг. Монголын паралимпийн хороо, Олимпын хороо Олон улсын допингийн эсрэг төвүүдэд бүртгэлтэй. Тэр ч утгаараа холбоодод бүртгэлтэй тамирчдын  допингийн шинжилгээний мэдээлэл олон улсад нээлттэй байршдаг. Овог нэрээр бичээд хайхад л гараад ирнэ. Би тамирчин хүнийхээ хувьд допингийн хэрэглээг эрс эсэргүүцдэг.

Тамирчнаас эс шалтгаалсан байдлаар санамсаргүй, зохион байгуулалттайгаар допингийн төрлийн бодис хэрэглүүлэх эрсдэл хэр байдаг вэ?

-Би үүн дээр нэг юм хэлдэг. Тэмцээн уралдааны үеэр задалсан уснаасаа холдсон л бол дахин битгий уу гэж хэлдэг. Би ч ийм зарчим баримталдаг. Задалсан уснаасаа холдсон л бол уудаггүй.  Энэ чинь өөрөө дасгалжуулагч, тамирчны хариуцлагын асуудал.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

СЭТГҮҮЛЧ: Б.ГЭРЭЛМАА

СЭТГҮҮЛЧ: Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРАГЧИН: Ц.МЯГМАРСҮРЭН

ЗУРАГЛААЧ: Ч.ОТГОНБАЯР

ЭВЛҮҮЛЭГЧ С.БОРГИЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button