Д.Мөнхжаргал: Хятад-Оросын “хязгааргүй түншлэл”-д хязгаар байгаа нь “Сибирийн хүч-2” төсөл дээр харагдлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлах үеэрээ "Сибирийн хүч-2" төслийн талаар тус улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Энэхүү айлчлалын талаар болон "Сибирийн хүч-2" төслийн талаар хоёр хөрш ямар яриа хэлэлцээнд хүрсэн талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мөнхжаргалтай ярилцсаныг хүргэж байна.
-ОХУ-ын ерөнхийлөгч В. Путины БНХАУ-д хийсэн төрийн айлчлал дэлхийн нийтийн анхаарлыг татлаа. Уг айлчлалыг олон улсын судлаачид хэрхэн харав?
-Бээжин 7 хоногийн дотор дэлхийн хамгийн том 2 их гүрний удирдагчдыг хүлээж авч харууллаа. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 5 сарын 13-наас 15-ны өдрүүдэд, В.Путин 5 сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилсан нь ердөө дөрөв хоногийн зайтай айлчлалууд. Олон улсын дэг журам дахин эмхлэгдэж, Орос-Украины дайн удаан үргэлжилж, Хятад, АНУ-ын хоорондох өрсөлдөөн ширүүсч буй энэ эмзэг үед болсон дээрх 2 айлчлалыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Хятадын дипломат системд улс төрийн бэлгэдэлд ихээхэн ач холбогдол өгдөг. Дээрх хоёр айлчлал өргөн цар хүрээнд, төрийн өндөр хэмжээнд болж өндөрлөсөн ч хоёр төрийн тэргүүнийг хүлээн авах Бээжингийн уур амьсгал, бодит агуулга нь "илэрхий өөр" байсан, үүгээр Хятадын эрх мэдлийн төлөөх эрмэлзэл, геополитикийн кодыг бүрэн харуулсан айлчлал боллоо гэж судлаачид бичиж байна. Д.Трампын хувьд Цагаан ордонд эргэж ирсэн 2 дах бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 9 жилийн дараа анх удаа БНХАУ-д айлчиллаа. Өөрийнхөө хамгийн “чухал бөгөөд аюултай” өрсөлдөгчид Бээжин онцгой хүндэтгэл үзүүлж, өндөр зэрэглэлийн, тансаг хүлээн авалтыг зохион байгуулсан. Хятадын дарга Ши Жиньпин Д. Трампыг Тэнгэрийн сүм, хуучин эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнгээр аялуулаад зогсохгүй “Энэ газар олон нийтэд ховорхон нээлттэй байдаг” гэдгийг онцолж, Хятад-АНУ-ын хурцадмал харилцааг "онцгой эелдэг харилцаа" болон хувийн зохицуулалтаар намжаахыг оролдов гэж бичиж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В. Путины хувьд 25 дах удаагаа БНХАУ-д айлчиллаа. Хонконгийн “Өмнөд Хятадын өглөөний сонин” зэрэг хэвлэлүүд В.Путины энэ удаагийн айлчлал бол Орос, Хятад 2 улсын “ээлжит” дипломат харилцааны нэг хэсэг гэж бичсэн байна. Д.Трампын айлчлал илүү “ёслолын”, гадаад ертөнцөд үзүүлэх “шоу” хэлбэртэй болсон бол В. Путины айлчлал “удаан хугацааны стратегийн түншлэл”, “ажлын харилцаа” болон “хувийн итгэлцэл” зэргээр тодорхойлогдох айлчлал боллоо гэж үзэж байна. В.Путин 39 хүний бүрэлдэхүүнтэй томоохон төлөөлөгчтэй очсон. Албан ёсны томоохон уулзалтуудаас гадна ердөө дөрвөн хүн оролцсон “цайны уулзалт” зохион байгуулж, олон асуудлаар “харилцан итгэлцсэн, нууцлаг” уулзалтууд болсон гэж яриад байгаа. Владимир Путины айлчлал эдийн засгийн зорилгоосоо илүү бэлгэдлийн шинжтэй байв. Ши Жиньпин долоо хоногийн дотор 2 том гүрний удирдагчдыг хүлээн авч уулзсан нь Хятадын дипломат улс төрийн тавцанд үзүүлэх нөлөө нэмэгдэж, хүчирхэг гүрнүүдтэй өөрийн нөхцөлөөр харилцах чадвартай болсныг харууллаа. Хэлэлцээрийн үеэр Путин хоёр талын харилцаа "урьд өмнө байгаагүй" түвшинд хүрсэн гэж тодорхойлсон бол Ши Жиньпин 2 талын харилцаа "тасралтгүй хүчин чармайлт" болон гүн гүнзгий стратегийн харилцан итгэлцэл дээр суурилдаг гэдгээ мэдэгдсэн. Тэд бие биенээ "хайрт найз" гэж байнга дуудаж байсан, энэ түүх үндсэндээ бараг 10 гаруй жил үргэлжилж байна. Ер нь 2 ерөнхийлөгч бие биенээ ингэж дуудах бүрэн үндэслэлтэй, нийтдээ бараг 40 гаруй удаа уулзалдсан байдаг.
-Айлчлалын үеэр ямар ямар баримт бичигт гарын үсэг зурав?
-Энэ жил Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын хооронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна. Энэ гэрээг анх 2001 онд тухайн үеийн Хятадын удирдагч Жян Зэмин болон ОХУ-ын өнөөгийн ерөнхийлөгч В. Путин нар үзэглэж байлаа. В.Путины энэ удаагийн айлчлалын үеэр тус гэрээг сунгасан. Мөн 2 талын хамтын ажиллагааны 40 орчим баримт бичигт гарын үсэг зурж, 47 хуудас бүхий 2 хамтарсан мэдэгдэл гаргасан. "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл", "Олон туйлт байдал, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг дэмжих тухай хамтарсан тунхаглал" гэсэн улс төрийн ач холбогдолтой эдгээр хоёр мэдэгдэл нь "олон туйлт ертөнц"-ийг хүчтэй дэмжсэн төдийгүй барууны ноёрхсон олон улсын дэг журмыг хамтдаа эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Америкийн Брукингсийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Патрисиа Ким энэ талаар хэлэхдээ, Хятад-Оросын хамтарсан мэдэгдлийн тодорхой агуулгыг олж үзээгүй байсан ч бэлгэдлийн чухал ач холбогдолтой гэдэг нь тодорхой харагдаж байна. "Хятад-Оросын түншлэлийн харилцаа урьдын адил бат бөх, институцчилсэн хэвээрээ байна" гэдэг хүчтэй дохиог бидэнд өглөө гэж дүгнэсэн байдаг.
В.Путины айлчлалын үеэр 2 төрийн тэргүүн “Хятад, Оросын боловсролын жил”-ийг албан ёсоор нээсэн. Ер нь 2 улсын хооронд иймэрхүү сэдэвчилсэн жилийн арга хэмжээ зохиогдоод энэ жил 10 дах жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд л Хятад, Оросын аялал жуулчлалын жил байсан. Дээр үзэглэсэн олон баримт бичгийн агуулгад цөмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандарт, төрийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл, хил дамнасан төмөр зам, хотын хөгжил, хулсны баавгай зэрэг ховордсон ан амьтдыг хамгаалах зэрэг маш олон асуудал багтсанаас хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичиг нэлээд хувийг эзэлж байна. Жишээ нь, Харбины аж үйлдвэрийн их сургууль, Санкт-Петрбургийн улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг гэх мэт. Шаньдун, Сычуань, Фүдань, Бээжингийн гадаад хэлний их сургуулиуд Оросын нэртэй их сургуультай, тухайлбал Оросын ард түмний найрамдлын их сургууль, Москвагийн их сургууль, Казанийн их сургууль зэрэг нэр хүндтэй их дээд сургуультай хамтарч ажиллахаар болсон. Сонирхуулахад, 2019 оны 4 сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд Хятадын Чинхуа их сургуулийн хүндэт доктор цол олгосон бол мөн оны 6-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн хүндэт доктор цол тус тус олгосон байдаг. Энэ 2 сургууль бол Орос, Хятадын удирдагчдын дүүргэсэн, дэлхийд нэр хүндтэй их дээд сургуулиуд юм.
Тайванийн асуудлын тухайд Орос улс “Нэг Хятад улс” гэсэн зарчмыг тууштай баримталж байгаагаа дахин нотолж, дэлхий дээр ганцхан Хятад улс байдаг, Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Орос улс аливаа хэлбэрийн "Тайванийн тусгаар тогтнол"-ыг эрс эсэргүүцэж, Хятадын дотоод хэрэг болох Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулна гэдгээ онцолж, Хятадын засгийн газраас үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, үндэсний нэгдлийг хангахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
Судлаачдын үзэж байгаагаар, айлчлалын үеэр Хятад, Орос улс дээрх олон баримт бичигт гарын үсэг зурсан ч томоохон тохиролцоонд хүрээгүй. Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас Орос улс хөгжүүлэх шатандаа явж буй хиймэл оюун ухааны тэргүүлэх загвар болох “GigaChat”-аа дэмжихийн тулд Хятадад үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.
- “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн явц хэр байна?
-Айлчлалын үеэр хоёр тал өндөр түвшний зөвшилцөл, түншлэлийг харуулсан боловч “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлаар хүлээгдэж байсан тохиролцоонд хүрч чадаагүй. Айлчлалын дараа Кремлийн зүгээс хийсэн мэдэгдлээс Оросын тал харьцангуй хамгаалах байр суурь руу шилжиж байгааг харж болохоор байсан. Хятадын талаас В.Путин, Ши Жиньпин нарын хувийн нөхөрлөлийг онцгой сурталчилж, АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлал Хятад-Оросын “хязгааргүй түншлэл” болон 2 улсын хамтын эрх ашигт нөлөөлөхгүй гэж хэлж байсан ч энэхүү “хязгааргүй түншлэл”-д мөн хязгаар байна гэдгийг энэ айлчлал харууллаа. Тэдгээрийн нэг нь “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл юм.
Орос улс ойролцоогоор 2575 км урт, 15 тэрбум ам.долларын өртөг бүхий энэхүү хийн хоолойн бүтээн байгуулалтыг яаралтай урагшлуулах хүсэлтэй байгаа. Энэ хоолой баригдвал Хятад улсад жилдээ 50 тэрбум куб. метр байгалийн хий нийлүүлнэ гэж тооцоолж байгаа юм. Гол нь Орос-Украины дайнаас үүдэлтэйгээр Европын хийн борлуулалтаас алдсан орлогоо нөхөж авах зорилготой учраас ОХУ-ын хувьд чухал ач холбогдолтой төсөл гэдэг нь харагдаж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, хоёр тал төслийн маршрут болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар "үндсэндээ тохиролцоонд" хүрсэн, гол нарийн ширийн зүйлс болон хугацааг хараахан эцэслэн шийдээгүй байна гэсэн.
Харин Хятадын талын албан тушаалтнууд уг хоолойн талаар маш бага дурдсан, дурдлаа гэхэд энэ төслийн инженерийн байгууламжийн хүнд хэцүүг онцолж, 8-10 жилийн хугацаа шаардлагатай гэх буюу эсвэл Орос улс Хятадын дотоодын хэрэглэгчдийн үнээр байгалийн хийгээ нийлүүлэхийг шаардаж байгаагаа дахин дахин хэлдэг. Сүүлийн 6 жилийн хугацаанд Орос улс энэхүү хөнгөлөлттэй үнийг хүлээн авахаас татгалзсаар ирсэн нь хэлэлцээрт томоохон саад болж байна гэж бичиж байна.
Түүнчлэн Путин, Ши Жиньпин нарын уулзалтын үеэр шинэ саад бэрхшээл гарч ирснийг мэдээлж байна. Энэ нь юу гэвэл Хятад улс дан ганц эрчим хүчний нийлүүлэгчээс хэт хамааралтай байхаас зайлсхийхийг хүсч, аль нэгэн улсаас эрчим хүч худалдан авах хязгаарлалт тогтоож, энэ хязгаарт Орос улс аль хэдийн хүрсэн гэжээ. Хятад, Оросын хамтарсан мэдэгдэлд хоёр тал "эрчим хүчний салбарын цогц түншлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх", "газрын тос, байгалийн хий, нүүрсний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх" талаар тохиролцсон гэж заасан боловч “Сибирийн хүч-2” хоолойн талаар тодорхой дурдаагүй.
Бас нэгэн мэдээллээр, Хятад улс АНУ-аас эрчим хүчний бүтээгдэхүүн түлхүү худалдан авахаа мэдэгдсэн байна. Д.Трамп 5-р сарын 14-нд Ши Жиньпинтэй уулзсаны дараа Хятад улс Техас, Луизиана, Аляскаас газрын тос, байгалийн хий худалдан авч, Хятадын хөлөг онгоцыг эдгээр бүс нутаг руу илгээнэ. Хятадын эрчим хүчний эрэлт хэрэгцээ асар их байгаа бол АНУ хангалттай нийлүүлэлттэй гэдгээ онцолсон. Одоогоор АНУ-ын газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл Саудын Араб, ОХУ-ын нийт үйлдвэрлэлээс давсан гэж мэдэгдсэн явдал юм. “Сибирийн хүч-2” төсөл хэрэгжвэл ОХУ-ын Ямалын хойг, Сибирийн баруун бүсийн байгалийн хий Монгол улсаар дамжин Хятадын Шинжаан Уйгарын ӨЗО-д нийлүүлэгдэнэ. Харин “Сибирийн хүч-3” төслийн хувьд ОХУ-ын хамгийн том арал гэгдэх Сахалин арлын байгалийн хийг хуучин байсан Владивостокын хоолойгоор дамжуулж, Хятад улс руу тээвэрлэх юм.
-Хятадын дотоодын хэвлэлүүд энэ айлчлалыг хэрхэн дүгнэж байна?
Хар: Хятадын төрийн төв хэвлэлийн нэг “Глобал таймс” сонины тоймд, “АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын дараалсан айлчлалууд нь Бээжин "дэлхийн дипломат харилцааны төв болж хурдацтай өсөж байгааг" харууллаа. Хүйтэн дайны дараах эрин үед АНУ, ОХУ-ын удирдагчдыг долоо хоногийн дотор дараалан хүлээн авах улс орон үнэндээ маш ховор. Энэ нь Хятадын өнөөгийн олон улсын дэг журам дахь өвөрмөц байр суурийг харуулсан төдийгүй 2 хүчирхэг гүрний тэнцвэрийг хадгалах Бээжингийн итгэл үнэмшил, дипломат ур чадварыг харуулж байна” гэж дүгнэсэн байна.
Хятадын худалдааны яамны мэдээлснээр, өнгөрсөн 2025 онд Хятад, Оросын 2 талын худалдааны хэмжээ 227.9 тэрбум ам.долларт хүрч, Хятад улс 16 жил дараалан ОХУ-ын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. 2022 оноос хойш 2 талын худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Хятад улс одоогоор Оросын экспортын дөрөвний нэгээс илүү хувийг худалдан авч байгаа бөгөөд үүнд Оросын түүхий газрын тосыг их хэмжээгээр худалдан авч, өөрийн стратегийн хэрэгцээг хангаж, эрчим хүчний аюулгүй байдлаа дэмжиж байна. Ойрхи Дорнодын хямрал, Ормузын хоолойгоор дамжин газрын тос тээвэрлэхийг зогсоосон үед Оросоос ирэх хуурай болон далайн тээврийн эрчим хүчний тогтвортой нийлүүлэлт нь Бээжин эдийн засгийн үйл ажиллагаа, стратегийн тогтвортой байдлаа хангах чухал тулгуур болсоор байгаа юм.
Ц.ТАМИР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Том гүрнүүдийн ашиг сонирхол таарахгүй болохоор ийм төслүүд удаашрах нь аргагүй юм байна
Монголоор дамжих хоолойн асуудал бас тодорхойгүй хэвээр үлдлээ дээ
Хятад улс зөвхөн нэг нийлүүлэгчээс хамаарахгүй байх бодлого барьж байгаа нь ойлгомжтой
Сибирийн хүч-2 олон жил яригдсан ч ахиц бага харагддаг
Оросын хувьд энэ төсөл маш чухал юм байна
Геополитик гэдэг эдийн засгаас ч илүү нөлөөтэй зүйл юм даа
Монголд ашигтайгаар шийдэгдээсэй гэж хүсэж байна
Хоёр улсын харилцаа сайн ч ашиг сонирхол дээрээ хатуу байдаг юм байна
Хятад АНУ-аас эрчим хүч авах сонирхолтой байгаа нь сонин мэдээлэл байлаа
Хятад АНУ-аас эрчим хүч авах сонирхолтой байгаа нь сонин мэдээлэл байлаа
Ийм том төслүүд улс төрөөс их хамаардаг бололтой
Манай улсын хувьд дамжин өнгөрөх боломжоо алдахгүй байх хэрэгтэй
Хязгааргүй түншлэл гэдэг үг бодит байдал дээр арай өөр харагдаж байна
Sibiriin huch 2 gej olon jil yariad l baina
Geopolitik gej ih sonin zuil yum daa
Tunshlel sain geed buh asuudal shiidegddgui yum bn