УРЛАГЯрилцлага

Мисс З.Номинзул: Бид монгол хүн гэх үндэсний ондоошлоо хамгаалж, тээж авч үлдэх ёстой гэж боддог

Арван найман насныхаа босгон дээр тэргүүн миссийн титэм зүүж, аавынхаа нэрийг алдрын тайзнаа цуурайтуулсан гэгээн түүхийн эзэн бол З.Номинзул. Түүнийг Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдсан "Miss Universe -2024" тэмцээний үндэсний оролцогч гэдгээр нь олон нийт андахгүй мэднэ.

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, нэр хүндтэй тэмцээнд "Тал нутгийн охин" гэх танилцуулгатайгаар оролцож, өв уламжлалаа сурталчилан чамгүй өндөр амжилт гаргасан. Гэхдээ энэ зөвхөн тэмцээнд зориулан бэлтгэсэн видео танилцуулга төдий байсангүй. Тэр өдгөө ч цаг заваар маруухан ажил, хичээлийнхээ чөлөөгөөр нутаг руугаа яаран очиж, ааваараа унага татуулан гүүгээ сааж буй.

"Сумын наадмынхаа нээлтийн өдөр хотод байсан чинь гуниг төрөөд, маргааш нь шууд унаа олоод нутагтаа очсон" хэмээн инээвхийлэн ярих нь гэрээ санасан, хөдөөдөө тэмүүлсэн сэтгэлийг илтгэнэ. Түүнтэй хүүхэд насны дурсамж, нүүдэлчин ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх чин хүсэл, цаашдын зорилго мөрөөдлийн тухай гээд талбиун ярилцсанаа хүргэе.


-Саяхан гэртээ очоод ирсэн учраас гэр бүлийнхнийх нь тухай, хөдөөний сонин сайхны талаар ярилцлагаа эхлүүлье?

-Би хөдөө өссөн. Хот руу шилжиж ирснээсээ хойш амралтаараа дандаа аав ээж дээрээ очдог. Энэ жил өмнөх жилүүдээсээ арай хожуу очсон. Сумын наадмын эхний өдөр хотод байж таарсан чинь жаахан гунигтай санагдсан. Тэгээд маргааш нь шууд унаа олоод нутаг руугаа яваад, сумын наадмын хоёр дахь өдөр амжиж очсон. Цаанаасаа догдлоод гоё байсан. Ер нь ажил, хичээлийн чөлөө олдвол гэртээ, нутагтаа очихыг хичээдэг. Гэхдээ том болох тусам зав зай багасаад ирдэг юм байна. Нутагтаа хоёр, гурав хоногоор ч хамаагүй очоод ирэхэд сэтгэл санаа гоё болчихдог.

-Өв соёлоо дээдэлдэг, сааль сүүгээ зэхчихдэг хэмжээнд хүмүүжихэд гэр бүлийн нөлөө их нь мэдээж. Аав, ээжийнхээ танилцуулбал?

-Аав, ээж маань Булган аймгийн Могод сумын уугуул. 10 жилийн нэг анги, ширээний найзууд. Одоо дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болоод явж байгаа. Миний аав маш хөдөлмөрч хүн. Манайх сумын төвийн айл. Намайг төрөхөөс өмнө нэг хэсэг хөдөө амьдарч байсан юм билээ. Ээж маань мэргэжлээрээ ажиллахаар болоод сумын төв рүү нүүсэн гэдэг. Аавд хийж чаддаггүй зүйл гэж байдаггүй. Дугуй засвар ажиллуулж байсан. Ноос авч байсан. Малаа харна, машин тэрэг засна. Ааваас суралцах зүйл үнэхээр их. Ээж маань илүү ухааны хүн гэх юм уу, гэр бүлийн дотоод нарийн зүйлсийг зохицуулдаг. Хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг. Аав болохоор том шийдвэрт оролцдог.

-Наадмын өдрүүдэд цахим орчинд түгсэн ааваараа унага татуулаад гүү сааж байгаа дүр зураг нь олны хайрыг татсан. Хэзээнээс гүү сааж сурсан бэ?

-Долоодугаар анги төгссөн зунаа гүү сааж сурсан. Тэр үед манайх айлтай хамтарч гүүгээ барьдаг байсан. Аав "Чи энэ жил нэг гүү сааж сурна шүү" гээд номхон гүү зааж өгсөн. Дотроо жаахан эмээж байсан ч яг гүү саасан чинь их гоё санагдсан. Тэгээд дараагийн саамнаас эхлээд хоёр, гурван гүү гээд тоогоо ахиулж саасан. Наймдугаар ангиасаа аавтайгаа хоёулаа гүүгээ барьдаг болсон. Ер нь жил болгон гүүгээ барьж, гэр бүлээ гар бие оролцдог. Өнгөрсөн жил гүүгээ барилгүй өнжөөд хашаа барьсан. Газар шорооны ажил хийж таарсан. | Инээв |

-Хотжилт хүнийг яаруу, цагт баригдсан болгочихдог юм шиг. Чиний хувьд хөдөө өссөн, одоо хотод ажиллаж амьдарч учраас хот хөдөөгийн ялгааг илүү сайн мэдэж байгаа байх. Монгол ахуй соёл, түүний ач холбогдлын талаар үзэл бодлоо хуваалцвал?

-Улс орон бүр өөрийн гэсэн соёл, ондоошилтой. Монгол орны хувьд маш их үнэт зүйл, арвин түүхтэй. Нүүдэлчин соёл иргэншил бол гайхалтай зүйл. Бид энэ ондоошлоо авч үлдэх ёстой гэж боддог. Өсвөр насанд хотод амьдрах нь илүү гоё юм шиг санагддаг байсан. Хот руу шилжиж ирээд, өөрөө энд ажиллаж амьдраад ирэхээр бодол өөрчлөгддөг юм билээ. Хөдөө өссөн маань үнэхээр том ондоошил байсан. Тийм сайхан монгол ахуйд өссөндөө бахархдаг.

Хотод өглөө гэрээсээ гараад л орой болтол барилга байшин дунд, машины дуу чимээн дотор явсаар байгаад л орой болчихно. Дуу чимээний бохирдлоос эхлээд хүний сэтгэл зүйг ядраадаг юм шиг санагддаг. Хөдөө очихоор илүү сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг. Эх орныхоо байгаль, өв соёлоороо улам бахархдаг. Байсхийгээд л аав, ээжтэйгээ "Нутгаа, хэдэн малаа санаад байна" гээд л ярьдаг даа.

-Анх нэг гүү сааж эхэлсэн охин одоо өдөрт хэдэн гүү сааж байна. Ойр ойрхон сааманд гардаг учраас гар цуцахаас эхлээд ядралт их байх?

-Сэтгэл санааны хувьд маш сайхан амралт болдог. Бие махбодын хувьд ядралт их. Гэхдээ тэр ядралтыг тоодоггүй. Аав 05:00 цаг босоод адуундаа явчихна. Оройтлоо гэхэд өглөөний 07:00 цаг гэхэд саам хэдийн эхэлчихсэн байдаг. Тэгээд цаг цагийн зайтай саана. Тэр нэг цагийн дотор хийж амжуулах ажил бас маш их бий. Хөдөөний ажил ер нь дундардаггүй. Заримдаа суух ч зав гарахгүй.

Хотоос очсон эхний өдөр бол их гоё байна аа. Сууж босоход хөнгөн шингэн. Хоёр дахь өдрөөс жаахан цуцна, гар өвдөнө. Тэгээд гурав дахь өдрөөсөө жигдэрчихнэ дээ. Хоёр хүн унага татаад, ганц хүн сааж байгаа үед зэл хооронд гүйж өгнө шүү дээ. Бараг дасгал хийж байгаа юм шиг болчихно.

-Хоёр дүүтэй юм том эгч юм билээ. Айлын том охидын хувьд үүрэг хариуцлага улам ч нэмэгддэг санагддаг. Дүү нартаа хэрхэн үлгэрлэхийг зорьдог вэ?

-Би нэг ахтай, хоёр охин дүүтэй. Хоёр охин дүү маань надтай хамт амьдардаг. Тиймээс ээж аавын хүмүүжлээс гадна намайг харж өсөх учраас үйлдлээрээ дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хүсдэг.

Miss Universe -2024 | 130 орны мисс бүсгүйчүүдтэй өрсөлдөх явцдаа хүн өөрийгөө бусадтай харьцуулахгүйгээр өөртөө итгэж, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх нь чухал гэдгийг маш сайн ойлгосон

-Амьдралынх нь хамгийн сайхан дурсамжуудын нэг бол "Мiss Universe Mongolia" тэмцээний ялагч болсон мөч гэдэг нь дамжиггүй. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?

-Би 2019 оноос эхлээд Андра академид орж, загварын салбартай холбогдсон. Анх багш маань надад Miss Universe тэмцээнд орохыг санал болгосон. Ээжтэйгээ ярилцаж үзээд шийдвэрээ гаргаж байсан. Тэр үе их өндөр хүлээлт тавиагүй, туршлага хуримтлуулах зорилготой орсон. Би оролцогч нараасаа хамгийн бага нь байсан. Мэдээж оролцогч охид маань нэг л зорилгын төлөө өрсөлдөж байгаа. Биднийг шалгаруулалт болон дээр маш олон талаар оноожуулж байсан. Өөртөө хэт дарамт өгөхгүйгээр чадах зүйлээ хийе гэж хандсан. Тэр хэрээрээ тайван байж шалгаруулалтууд дээр хангалттай оноо авсан гэж боддог.

-18 нас бол хүний амьдралын хамгийн хайрлам, догдлол дүүрэн нас. Чиний хувьд Тэргүүн миссийн титэмтэйгээр 18 насаа угтан авснаараа онцлог. Ялагчийн нэрийг зарлах тэр мөчид ер юу бодогдсон бэ. Одоо ч бодоход догдолмоор сайхан мөч болов уу гэж санана?

-Ер нь бол шокны байдалд орчихсон. Сэтгэл зүйгээ дараад тайван байх гэж хичээх тусам цаанаасаа догдлоод, улам сандраад байсан. Нэр зарлах мөч, нэр зарласнаас хойш таван минут орчмын хугацаанд хаана юу болоод байгааг, хэн намайг тэвэрч баяр хүргээд байгааг ч мэдэхээргүй хэмжээний баярласан.

Дараа нь бичлэгээ үзсэн чинь баярлаагүй юм шиг царайтай гарчихсан байна билээ. Тэгсэн чинь "Мисс болчихоод баярладаггүй, нүүрний баясгалангүй хүүхэн бэ" гэсэн коммент ч бичсэн байсан. Тэндээс сэтгэл хөдлөлөө хэтэрхий их дарж хэрэггүй, эмоцио тодорхой хэмжээнд гаргаж байх ёстой юм байна гэж ойлгож авсан. Уг нь тэр үед отроо бол үнэхээр их баярлаад уйлчих гээд нулимсаа гарчих гээд л байсан.

-Мэдээж хүний ээж, аав үр хүүхэддээ үргэлж зааж зөвлөдөг. Мисс болоход нь юу гэж захиж байв. Салбарын онцлогоос хамаараад үргэлж олны нүдэнд ил, магтаал шүүмжлэлд ойр байдаг учраас ээж, аавд нь охин үрээ харамлах, болгоомжлох зөн байсан байж таараа?

-Ер нь бол анх миссийн тэмцээнд ороход аав эрс эсэргүүцэж байсан. Тийм болохоор аавд хэлэхгүйгээр ээжтэй хуйвалдаж байгаа орчихсон юм. Тэмцээн эхлээд хэд хоносны дараа аавд "Би Miss Universe тэмцээнд орчихсон шүү" гээд хэлж байлаа. Тэгсэн чинь аав "Нэгэнт орчихсон бол сайн хичээрээгэй" гэсэн. Аавын эсэргүүцэж байсан байр суурийг нь ойлгож байгаа. Яагаад гэвэл нийгэмд мисс гэхээр л буруу зүйлд нэр холбогдоод явдаг юм шиг нийтлэг ойлголт байдаг.

Мисс болсныхоо дараа би аав, ээж хоёртоо "Өөрсдийнхөө төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн охиныг хараарай. Та хоёрынхоо өсгөж хүмүүжүүлсэн зөв замаар явах болно" гэж хэлж байсан. Бага байхаас "Зөв яваарай. Амжилт, алдар нэрд хүрсэн ч хүн байгаарай. Мэнд устай, хэнтэй ч хүндлэлтэй харьцдаг хандлагатай сайтай яваарай" гэх ээж, аавын захиас, сургаалыг сонсож өссөн.

-Багадаа ямархуу хүүхэд байв. Цөөнгүй урлаг, соёлынхон багадаа бүрэг хүүхэд байсан тухайгаа өгүүлсэн байдаг. Эсвэл анхнаасаа л нээлттэй, нийгмийн идэвхтэй сурагч байсан уу?

-Багадаа мисс, загвар өмсөгч болно гэж боддог байгаагүй. Багш юм уу жүжигчин болно гэж боддог байсан. Тэр дотроо жүжигчин болохсон гэх хүсэл түлхүү. Ер нь даруухан, үг дүү цөөнтэй хүүхэд байлаа. Гэхдээ нэг танилцчихвал ярихаа зогсоож чаддаггүй яриа хүүхэд байсан.

Дүү маань их нүүрэмгий. Хүнээс юм асуухдаа дүүгээрээ дамжуулж хэлүүлдэг байсан. Юм болгонд оролцдог хэрнээ аль нэгийг нь гоц гойд хийж чаддаггүй хүмүүс байдаг даа. Түүн шиг л урлагийн наадам болсон ч би явж л байдаг, спортын тэмцээнд ч орж л байдаг. Ер нь юм юманд өөрийгөө сорьдог тийм л охин байсан.

-Бүх зүйлд өөрийгөө сорьдог, нийгмийн идэвх оролцоо өндөртэй байхад ээжийн нөлөө өндөр байсан уу. "Урлагаас гадна спортоор хичээллэвэл хэрэгтэй юм байна гэж бодоод охиноо гар бөмбөгийн дугуйланд бүртгүүлж байсан" гэж ярьсныг уншиж байсан юм?

-Ер нь аав ээж хоёр маань хүүхдүүдээ маш сайн дэмждэг. Маш сайн зөвлөгч байдаг. Хэзээ ч хүсэл сонирхлыг маань хааж бооддоггүй. Хэрэв тийм биш байсан бол З.Номинзул гэдэг хүн өнөөдрийн түвшинд хүрэхгүй гэж боддог.

-Ажлынх нь онцлог яалт ч үгүй олон нийттэй харилцах, нээлттэй байх шаардана. Магадгүй долдугаар ангидаа хотод сурахаар шилжиж ирсэн нь өөрийгөө шинээр нээж, задлах хөшүүрэг болсон уу?

-Хөдөө сурч байгаад хотод шилжих ирэхээр яалт ч үгүй задрах шаардлага гардаг юм билээ. Долоодугаар ангидаа хотод шилжиж ирчихээд эхний нэг сар хүнтэй нэг их ярьж, дуугарсанаа санадаггүй байхгүй. Нэг найзтай болсон, түүнтэйгэй л ярьдаг байсан юм. Мэдээж энэ үйл явдал нөлөөлсөн. Бас Андра академи, волейболын секцэнд явсан маань ч нөлөөлсөн. Дараа нь МҮОНРТ-д нэг жил орчим хөтлөгчөөр ажилласнаар өөрийгөө зөвөөр илэрхийлж сурахад ахиц болсон.

-З.Номинзулын нэрийг цаг үргэлж дагалдах тодотгол бол "Miss Universe" тэмцээний үндэсний оролцогч. Олон орны гоо бүсгүйтэй өрсөлдөх, эх орныхоо нэрийг дуудуулах мэдээж сайхан. Гэхдээ дэлгэцийн ард дахь сорилт, бэрхшээл бишгүй бий?

-Олон улсын тэмцээн маш өндөр түвшинд зохион байгуулагддаг юм билээ. Хувь хүн гэдэг талаас нь биш улс орных нь хувьд авч үздэг. Тийм учраас эх орныхоо нэрийг өндөрт өргөх ёстойгоо ухамсарлаж байсан. Тэр хэрээр үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Хааяадаа жаахан дарамт мэдэрнэ. Зарим үед шантарна. Зөндөө олон бэрхшээл тулгардаг юм билээ.

Миссийн тэмцээнээр алдартай орнууд гэж байдаг. Филиппин, Тайланд зэрэг орнууд өөрсдийнхөө түүх, уламжлал болгож авч явдаг. Бид Чингис хаанаараа бахархдаг шиг. Тэр хэрээр миссийн тэмцээнд ач холбогдол өгч дэмждэг юм билээ. Miss Universe тэмцээний онцлог бол миссийн тэмцээнд тавьдаг гэр бүл зохиогоогүй байх, хүүхэд төрүүлэгүй байх зэрэг тодорхой хязгаарлалтуудыг халсан.

Олон орны охидтой өрсөлдөх гоё байсан. Тухайн үед би 19 настай, жаахандаа орж байсан. Маш олон зүйлийг сурч мэдсэн. Цагийн юм яг цагтаа л болдог. Өөрөө самбаачилгатай, зохион байгуулалттай байхгүй бол зураг авалт төлөвлөсөн цагаасаа нэг минут ч хоцрохгүй дуусдаг. Манайх шиг 10, 20 минут сунгачихъя гэх ойлголт байхгүй.

-Тэгвэл эмэгтэй хүнийхээ хувьд юуг илүү ойлгож мэдэж авсан бэ. Өөрөөс чинь насаар эгч, илүү олон миссийн тэмцээнд орсон туршлагатай гэхчилэн олон төрлйин бүсгүйчүүд байгаа шүү дээ?

-Тус тэмцээнд 130 орны мисс оролцож байгаа. Бүгд улсынхаа шилдэг нь. Тэгж бодохоор эхэндээ их сүрдсэн. Би хамгийн жаахан нь, хамгийн муу нь байна байх даа гээд өөрийгөө нэлээд дарсан байдалтай байсан. Яг очоод, тэмцээнд оролцож эхлээд энэ бодол маань өөрчлөгдсөн. Хүн өөртөө итгэлтэйгээр, потенциалаа бүтэн дайчлаад бусадтай өөрийгөө харьцуулахгүйгээр, өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх нь чухал юм байна гэдгийг хамгийн сайн ойлгож авсан.

Гэр бүл төлөвлөлтийг хэт оройтуулж болохгүй юм шиг санагддаг. Миний хувьд 30 наснаас наана гэр бүл зохиосон нь зүгээр юм болов уу гэж бодсон

-МУИС-д Бизнесийн удирдлагын ангийн оюутан шүү дээ. Хичээл сурлага нь сайн уу. Дээрээс нь өөрөө Андра академидаа багшилдаг. Ажил хичиээлийн хуваариа хэрхэн зохицуулж байна даа?

-Хичээл сургууль тун дажгүй байгаа. Намайг хүмүүс сурдаггүй гэж боддог юм шиг байна билээ. Би хичээлээ ерөөсөө орхигдуулж байгаагүй. Тэмцээнд оролцох үеэрээ нэг семистрийн чөлөө авч байсан. Тэрнээс хойшоо хичээлдээ ч яваад, ажлаа хийж байгаа. Багш маань "Цагийн менежментээ сайн хийж чадвал ямар ч ажлыг амжуул чадна" гэж хэлдэг. Тийм болохоор би хийх ажлаа өдөр өдөртөө бичиж тэмдэглээд, төлөвлөөд явдаг. Аль бол бүгдийг амжуулахыг хичээдэг.

-З.Номинзул ойрын үед юу хийхээр төлөвлөж байна. Бидэнтэй зорилгоосоо хуваалцвал?

-Мэдээж хамгийн ойрын зорилго бол сургуулиа төгсөх. Дараа нь ажлын байр байна. Гэхдээ миний хамгийн том зорилго бол аав, ээжийнхээ бахархалт охин байхыг хүсдэг. Танихгүй хүмүүс "Мундаг охин шүү" гэж хэлэх нэг өөр. Аав, ээжийнхээ сэтгэлд миний охин чинь мундаг даа гэж бахархал төрүүлэх нь илүү сайхан. Түүндээ би өөрөө ч өөртөө бахархдаг.

-Нийгмийн хурдацтай хөгжил, амьдралын хэв маягаас шалтгаалаад орчин үеийн залуус гэр бүл оройтож зохиодог болсон. Ер нь ажил карьер гэж явсаар хувийн амьдрал орхигдох гээд байдг талтай. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Гэр бүл төлөвлөлтийг хэт оройтуулж болохгүй юм шиг санагддаг. Миний хувьд 30 наснаас наана төлөвлөх болов уу гэж бодож байна. Гэхдээ хүн хүний бодол өөр. Амьдралын зорилго ч өөр. Тийм болохоор өөр өөрсдийнхөөрөө шийдээд явж байгаа нь зөв.

-Өв соёлын талаар ярьсан ярилцлагаа мөн энэ сэдвээр хаая. Цахим хуудсандаа хөдөөний бичлэг, reel оруулж хийж буй зүйлсээ хуваалцаж байгаагийн цаана өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилго байгаа байх. Ахуй соёлдоо ойр байхын үнэ цэнийг өөрийнхөөрөө тайлбарлавал?

-Хүмүүс эхэндээ намайг эхэндээ мисс З.Номинзул гэж таньдаг болсон. Дараа нь Мойлхон клипэнд тоглодог охин байна гэж хардаг болсон. Одоо бол нөгөө адуучин охин байна шүү дээ гэдэг болсон байна билээ. Мисс хүн гэхээр л цагаан гартай юу ч хийж чаддаггүй гэсэн үг биш, Монгол хүн хөдөө ахуйтайгаа ойр байх нь чухал юм байна гэдгийг хүргэхийг зорьж байгаа.

Бид энэ ахуй соёлоо гээчихвэл Монгол гэсэн ондоошил алдагдана. Ер нь нэг хэсэг алсарсан. Одоо эргээд сэргэж байна. Нэг үеэ бодоход залуус маань монгол дээлээ их өмсөж байна. Энэ бол маш сайн зүйл гэж бодож байгаа. Бүгд түүх соёлоо мэддэг, хувцсаа эдэлж хэрэглэдэг байвал бидний өв уламжлал, соёл улам хүчирхэг болно. Тиймээс бид монгол хүн гэх үндэсний ондоошлоо тээж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь чухал. Надад нэг тийм айдас байдаг юм, өв соёл минь тасарчих вий гэдэг. Тийм болохоор өөрөөсөө эхлээд үргэлжүүлэх ёстой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол ахуй, өв соёлоо ингэж үнэлж ярьж байгаа залуусаараа бахархаж байна

Зочин
Зочин

Hunii undesnii ulamjlalaa hairlaj, hamgaalah yostoi gesen sanaa ni mash zuv sanagdlaa

Зочин
Зочин

Зөв хүмүүжилтэй, даруу төлөв хүн юм байна гэж ярилцлагыг нь уншаад бодогдлоо

Зочин
Зочин

Huduu ussun hunii setgelgee oor baidag gedgiig ene yariltslaga haruullaa

Зочин
Зочин

Өв соёлоо хадгалж үлдэх нь бид бүгдийн үүрэг шүү

Зочин
Зочин

Aav eejdee bayarlaj, nutag usaa hairladag ni uneheer saihan zan yum

Зочин
Зочин

Ийм залуус олон байвал монгол ёс улам бат бөх үлдэнэ

Зочин
Зочин

Miss gedeg nerees iluu hun chanar ni taalagdaj bn

Зочин
Зочин

Аавтайгаа гүү сааж, нутагтаа очдог нь их энгийн бөгөөд сайхан харагддаг

Зочин
Зочин

Uuriiguu bish eh ornoo tuluulj yavsan gedeg ni hundetgel huleeh zuil

Зочин
Зочин

Монгол хүн гэх үндэсний ондоошлоо хамгаалах ёстой гэсэн санаатай нь санал нэг байна

Зочин
Зочин

Zaluu humuust ulger duurail bolohoor saihan bodoltoi busgui yum

Зочин
Зочин

Даруу мөртлөө зорилготой хүн шиг санагдлаа

Зочин
Зочин

Hotoos iluu nutagtaa setgel ni tatagddag gedeg ni olon hund adilhan baih

Зочин
Зочин

Үндэсний бахархлаа ингэж ярьдаг хүмүүсийг илүү дэмжих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button