Махны үнэ инфляц өсөхөд хамгийн их нөлөөлжээ
Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр танилцуулсан Азийн хөгжлийн төлөв тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.0 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү тооцоолол нь Азийн хөгжлийн банкын өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан төсөөллөөс өөрчлөгдөөгүй аж.
Харин инфляц өмнө нь төсөөлж байснаас өндөр байхаар байна. “Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн хэвээр байгаа хэдий ч уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхён Жонг дурдлаа. Тэрбээр “Уул уурхайн орлогыг урт хугацаанд үр өгөөж өгөх хөрөнгө бий болгоход зарцуулахын зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлж, ирээдүйд тохиож болзошгүй цочролыг давж гарах чадварыг бэхжүүлэх нь өнөөгийн тулгамдсан сорилт болж байна” гэлээ.
Уул уурхайн салбар эрчимтэй өсч, хөдөө аж ахуйн салбар сэргэснээр энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих бол боловсруулах үйлдвэрлэл, худалдааны салбарын идэвхжил сул хэвээр байна. 2027 онд уул уурхайн салбар үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн шинэчлэлүүд хэрэгжиж эхэлснээр өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа төдийгүй татварын хөнгөлөлт, тэтгэврийн шинэчлэл нь өрхийн хэрэглээг нэмэгдүүлэхээр байна.
АХБ нь 2026 оны инфляцын төсөөллийг долоодугаар сард тооцсон 7.8%-иас 10.7%, 2027 оны төсөөллийг 6.8%-иас 8.3% болгон тус тус нэмэгдүүллээ. Энэхүү шинэчлэн тооцсон төсөөлөлд махны үнийн өсөлт, мөн түлш шатахууны үнэ болон үйлчилгээний төлбөрүүд нэмэгдсэн нь нөлөөлөв. Оросын Холбооны Улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд доголдол үүссэний зэрэгцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой үнийн дарамт нэмэгдэж буй нь бүс нутгийн түлшний нийлүүлэлтийг хумиж, зардлыг нэмэгдүүлж байна.
Түлшний хомсдол удаан үргэлжлэх нь эдийн засгийн үйл ажиллагааг доголдуулж, үнийг улам өсгөж болзошгүй тул дээрх төсөөлөлд нөлөөлөх хамгийн ойрын эрсдэл болж байна. Төсвийн тэлэх бодлого бүхий 2027 оны төсвийн төсөл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой хэдий ч инфляцын дарамтыг мөн нэмэгдүүлж болзошгүй. Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь эдийн засгийг түүхий эдийн үнийн савалгаа болон гадаад эрэлтийн өөрчлөлтөд эмзэг болгож байна.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.