Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Гурвансайхан сумынхан нүхэн жорлонгүй, цэвэр ус, халаалттай байшинд амьдарч байна

Аливаа томоохон бүтээн байгуулалт жижиг зүйлээс эхлэлтэй байдаг шиг улсын хөгжил сумаас эхэлдэг. Үүний тод жишээ бол Дундговь аймгийн Гурвансайхан сум юм.

Тус сум нь байршлын хувьд аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог байна. 2010 онд Эрүүл мэндийн төв, 2011 онд 100 хүүхдийн цэцэрлэг, 2014 оноос эхлэн Олон Улсын төсөл хөтөлбөр болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран 3,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна.

-ТЕНДЕР ЗАРЛАСАН БОЛОВЧ ТӨСӨВ БАГА ГЭСЭН ШАЛГААНААР ОРОХ БАЙГУУЛЛАГА ОЛДООГҮЙ БАЙНА-

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын ачаар сумд дахин газар төлөвлөлт хийгдэж зөв зохион байгуулалттай болсон төдийгүй оршин суугчид эхнээсээ нүхэн жорлонгоос татгалзсан байна. Энэ тухай Гурвансайхан сумын Засаг дарга Л.Өлзийбаттай холбогдон дараах тодруулгыг авлаа.

-Гурвансайхан сумд одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Манай сумд нийт 60 орчим айл өрх амьдарч байна. Хоёр тусдаа гэр хороололтой бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж хоёр километр засмал зам хийсэн. Түүнчлэн гэр хорооллоо инженерийн шугам сүлжээнд холбож байна. Өмнө жил баруун талын айлуудаа шугам сүлжээнд холбож дууссанаар 7-8 айл нүхэн жорлонгоос татгалзсан. Энэ жил зүүн талаа холбож дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Жишиг сумаар тодорсон гэх яриа байсан. Энэ үнэн үү?

-Хүмүүс жишиг сум гэж байгаа бол тийм л байх. Гэвч албан ёсоор жишиг сум гэж тогтоогоод таван тэрбумаар санхүүжүүлсэн тохиолдол бол гараагүй.

-Инженерийн шугам сүлжээнд холбох, зам тавих зэрэг ажлуудыг хаанаас санхүүжүүлж байна вэ?

-Улсын төсвөөр хөгжлийн сангаас санхүүжиж байна. Барилга хот байгуулалтын яам жилийн өмнө нэг тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд баруун талын гэр хорооллын ажлыг түүгээр хийж дуусгасан. Одоо үлдсэн ажлаа дуусгахад төсөв дутаж байна. Өмнөх санхүүжилтээс 4-5 сая төгрөг үлдсэн. Тендер зарласан боловч төсөв бага гэсэн шалтгаанаар авах байгууллага олдоогүй. Аймгийн нэг байгууллага хамтарч ажиллана гэсэн боловч төсөв бага гэх шалтгаанаар удаж байна.

-Нийт 60 өрхийн хэд нь энэхүү шугам сүлжээнд хамрагдах боломжтой вэ?

-Бүх л айл хамрагдах боломжтой. Зарим өрхүүд гэртээ байшингаа бариад шугам сүлжээгээ холбуулна гэвэл холбоход бэлэн.

-ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОНООР ЖОРЛОН, УС, ХАЛААЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДСАН -

-Нүхэн жорлонгоосоо татгалзсан иргэд бохироо яаж шийдэж байна вэ?

-Манай сум цэвэрлэх байгууламжтай. Гэвч тийш нь холбох техник хангалтгүй байна. Иймд төсөв хүсч тендер зарласан.

-Шугам сүлжээг холбосноор ямар давуу талууд гарсан бэ?

-Эхний ээлжинд цэвэр ус, халаалтын асуудлыг шийдсэн. Цэвэрлэх байгууламж маань ямар ч асуудалгүй. Хамгийн их ажиглагдаж буй давуу тал бол нүхэн жорлон хэрэглэх шаардлагагүй болсон явдал. Нэг айл жорлонгийн нүхээ жилд 3-5 удаа ухах шаардлага гардаг байсан. Хоёрт, холоос ус зөөж хоол унд хийх шаардлагагүй гэрээсээ цэвэр устайгаа холбогдчихно. Бараг хотын айл шиг л амьдарч байна. Гуравдугаарт, өвөл түлээ нүүрс зөөх шаардлагагүй болж халаалтын асуудлыг шийдэж чадсан.

-Иргэд энэхүү ажлыг хэр дэмжин ажиллаж байгаа вэ?

-Анхнаасаа дахин төлөвлөлт хийхэд хашааныхаа хэлбэрийг өөрчилж, хашаандаа шугам сүлжээгээ холбохын тулд байшингаа барьж их нааштайгаар хүлээж авсан. Бидний зүгээс нь мөн уриалахыг оролдож, хямд сууц барих талаар мэдээллүүд өгч ажиллаж байна.

-Бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа.

Ийнхүү Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь шугам сүлжээнд холбох, хөгжил дэвшлийн ажил эрчимтэй өрнөсөн хэдий ч одоо төсөв санхүүгийн тал дээр асуудалтай байгаа тухай тус сумын Засаг дарга хэлж байлаа. Хэрэв бохирын техник хэрэгслээ хангаад шийдчихвэл, оршин суугчид дэмжээд өгвөл ойрын хугацаанд нийт сумаараа нүхэн жорлонгоос татгалзах боломжтой байгааг онцолсон юм.

          С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button