Сурвалжилга, Нийтлэл

Ховор амьтны жагсаалтад орсон ХАР СҮҮЛТИЙГ агнан сэг зэмийг нь хаяжээ

Ховор амьтны жагсаалтад орж, улаан номд бүртгэгдсэн хар сүүлтий /хар сүүлт гэж нэрлэх нь бий. сурв/ зээрийг (Gazella subgutturosa) Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын говьд агнаж, толгой арьстай сэг зэмийг нь хаясан байна гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Монгол улсад хар сүүлтий зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон байдаг. Амьтны аймгийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2001 оны 264-р тогтоолоор ховор амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан дансанд тус тус бүртгэгдсэн. Амт чанар сайтай махтай бөгөөд арьсыг хулгайгаар агнаж ашигладаг. Түүнчлэн хар сүүлтийн тархац нутгийн 15 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтад байдаг байна.

Иймд бид хар сүүлтийн сэг зэм олдсон гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлээс энэ талаар тодруулсан юм.

-ХАР СҮҮЛТИЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХДАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ДАЙРУУЛАХ, УСГҮЙДЭН АНГАЖ ҮХЭХ ТОХИОЛДОЛ НЭЛЭЭДГҮЙ ГАРДАГ-

-Галбын говьд хар сүүлт зээрийг агнаж сэг зэмийг нь хаяж орхисныг холбогдох газарт нь хэлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ талаар танайд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Одоогоор манайд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Манай сумын цагдаагийн байгууллагад ч мөн адил бүртгэгдээгүй байна. Гэхдээ бид энэ мэдээллийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэл бичсэн иргэнтэй холбогдохоор ажиллана. Бид тус хэргийг шалгаж дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах болно.

-Хар сүүлт танай нутагт хэр их нутагшиж байна вэ. Энэ мэт хуулиар хориглосон байхад агнасан тохиолдлууд бүртгэгдэж байсан уу?

-Ханбогд сумын Баян, Номгон, Гавилууд, Жавхлант багийн нутаг дэвсгэр нь хар сүүлтийн бэлчээр нутгийн нэг юм. Уул уурхайн бүтээн байгуулалт болон түүнтэй холбоотой тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл, хүн амын хөдөлгөөнөөс шалтгаалан хар сүүлтийн амьдрах орчин шахагдсаар байна. Харин хар сүүлтийг хууль бусаар агнасан тохиолдол хамгийн сүүлд 2015 оны 11 сард гарсан. Тухайн үедээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн. Түүнээс хойш ийм тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн харамсалтай нь хар сүүлтий нь хатуу хучилттай зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэлд дайруулах, мөн усгүйдэж ангаж үхэх тохиолдол нэлээдгүй гардаг.

Харин хар сүүлтий гэхээсээ илүү хулан адууны махыг нь ашиглах зорилгоор агнах тохиолдол их гардаг. Хулан адуу нь том биетэй учир хулгайн ан үйлдэгдсэн газарт толгой арьс, хөл гээд ул мөр заавал үлддэг. Манай сумын нутаг дэвсгэрт хулангийн сэг зэмийн тооллогыг доктор н.Батсайхан 2014 онд явуулж байсан юм. Судалгаагаар сэг зэмийн байгалийн жамаараа үхсэн үү хулгайн ангийн золиос болсон уу гэдгийг тодорхойлж болдог. Хулан адууг агнасан ул мөр сэг зэм олон тохиолддог ч тухайн ул мөрийн дагуу гэмт хэрэгтний илрүүлэх ажил үр дүнд хүрэхгүй байна. Хулан адууг хууль бусаар агнасан тохиолдол 2016 онд хоёр бүртгэгдэж шүүхээр шийдвэрлэгдсэн. Хар сүүлтий зээрийг ихэнх тохилолд гүзээг нь гаргаж орхиод бүхлээр авч явдаг тул хулгайн ангийн ул мөр бараг үлддэггүй.

-ХУЛГАЙН АНГИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭДИЙГ НУУЦЛАН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРӨӨС УРАМШУУЛАЛ ОЛГОДОГ-

-Хар сүүлтийтэй холбоотой ан амьтны хамгаалалт хэр хийгдэж байгаа вэ?

-Хууль эрхзүйн хувьд хангалттай сайн зохицуулалттай. Иргэдийн мэдээллийг хүлээн авч нууцлан хохирлын нөхөн төлбөрөөс урамшуулал олгодог болсон. Гэвч үүнтэй холбоотойгоор хулан адуу болон хар сүүлтийг агнах явдал маш далд хэлбэрт шилжсэн. Иргэдэд хууль тогтоомж сурталчлах ажлыг тогтмол явуулдаг бөгөөд хуулиар хүлээх хариуцлага болон нөхөн төлбөрийн талаар иргэд мэдээлэл сайтай байдаг.

Харин хамгаалалтын хувьд “Оюу Толгой” ХХК-ийн байгаль орчны дүйцүүлэн хамгааллын хүрээнд “Хулгайн антай тэмцэх” төслийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд сар бүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг сар бүр хяналтын ажлыг хийдэг.

-Арабууд хар сүүлтийг ихээр агнадаг гэх мэдээлэл бий. Тэгвэл танай сумаар ойрын хугацаанд Арабын иргэд ирсэн болов уу?

-Энэ жил Арабууд манай сумаар ирээгүй байна.

-Тэгвэл хар сүүлтийг нутгийн иргэд агнаж байсан тохиолдол илэрсэн болов уу?

-2015 онд агнагдсан хар сүүлтийг нутгийн иргэн агнасан байсан.

-ХАР СҮҮЛТИЙГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ДАГУУ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ БОЛОН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГОЛОМТЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР АГНАЖ, БАРЬЖ БОЛНО-

Дашрамд дуулгахад, Монгол улсын амьтны тухай хуулийн 7.5-д зааснаар Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно:

7.5.1.судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;

7.5.2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;

7.5.3.тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.

Үүнд хар сүүл зээрийн ооныг /эрийг/ жил бүрийн 11-р сарын 1-нээс дараа оны 8-сарын 31 хүртэл агнах, судалгаа шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар хар сүүлт зээрийг жил бүрийн 10-р сарын 15 аас дараа оны 7-р сарын 15 хүртэл амьдаар нь барихыг хориглосон байдаг байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button