Сурвалжилга, Нийтлэл

Г.Алтаншагай: “Өө, би ингэсэн юм уу” гэж бичлэгнээс л өөрийгөө харсан

Уншигч та бүхэнтэйгээ бид энэ удаа тун удахгүй "Галзуу хот ”шоу драмаа олноо хүртээл болгохоор ажиллаж буй "Мөрөөдлийн театр ”-ын жүжигчин СТА Г.Алтаншагайг уулзуулж байна. Тэрбээр 2015 онд гэр бүлийн хүний /С.Насанжаргал/ хамтаар "Уужим фильм ”-ээ нээж, энэ зун дөрөв дэх уран бүтээл "100 жилийн эморол ” киногоо үзэгч та бүхэнд өргөн бариад буй.

Энэ удаа бид түүнтэй шинэхэн уран бүтээлүүдийнх нь талаар болон үндэсний их баяр наадмаар Улсын арслан Э.Оюунболдыг Улсын аварга цол хүртэхэд баярлан хөөрч буй бичлэгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

УУЖИМ ГЭЖ ТОМ ХҮҮГИЙН МИНЬ БАС "АРАВТ КИНОНД БҮТЭЭСЭН ДҮРИЙН МИНЬ НЭР

-Сайн явж ирэв үү? та. Хилийн чанад руу ямар ажлаар яваад ирэв?

-Хилийн чанад руу нэгдүгээрт, гэр бүлээрээ аялаад ирлээ. Хоёрдугаарт, Уужим фильмийн шинэ уран бүтээл “100 жилийн эморол” киногоо Солонгос улсад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа гаргаж үзүүлчихээд ирлээ. Нийт 10 гаруй хотоор явсан байна.

-Уужим фильмийн дөрөв дэх уран бүтээл үү?

-Тиймээ. Анхны уран бүтээл маань “Хар сувдны нууц” кино бол хоёр дахь уран бүтээл “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, гуравдугаарт “Кибер сүлжээ” кино бүтэж байсан. Сая “100 жилийн эморол” киногоо хийлээ.

-Танай гэр бүлийн хамтарсан студи байх аа?

-Тийм. “Уужим” гэдэг нь Өвөр Монголчуудтай хамтран бүтээсэн “Аравт” түүхэн кинонд миний бүтээсэн дүрийн нэр юм. Бас миний том хүүгийн нэр. Тиймээс ч шинэ фильмээ бид Уужим гэж нэрлэсэн.

-“100 жилийн эморол” киноныхоо дүрийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийж, үзэгчдэд юу мэдрүүлж, ойлгуулахыг хүссэн бэ?

-Кино маань сүүлийн үеийн олон рекордыг эвдсэн. Энэ зун, гурван ч сар кино маань тасралтгүй гарсан. Зургаадугаар сараас хойш одоог хүртэл амжилтай гарсан хэвээр байна. Дүрийн сонгон шалгаруулалтын хувьд сошиал орчинд “од” болоод буй Жаамкаг олж харж, түүнд зориулан зохиол бичсэн.

Киноны үйл явдал нь 100 жил амьдарсан хүн, 14 настайдаа нас нь зогсчихсон хоёр хүний амьдралаар өрнөнө. Эмэгтэй гол дүрд Ч.Очгэрэл тоглосон бол эрэгтэй гол дүрд “Эмоц” продакшны жүжигчин Тэмка тоглосон.

Инээдмийн жанрын кино шүү дээ. Уг киногоор бид хүнийг байгаа байдлаар нь хайрлах тухай, хүмүүсийн ярьдаг шиг “мөнх амьдрал” гэж байдаг бол амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгддөг тухай харуулсан.

-Өөрт нь зориулж зохиол бичсэн гэхээр жүжигчин тань таны сэтгэлд нийцтэл тоглож чадав уу?

-Тэгэлгүй яахав. Жаамка өөрийн гэсэн өнгө төрхтэй, маш их хөдөлмөрч, шаргуу хүн. Өөрийнхөө амьдралын тухай ард түмэнд нээлттэй ярьж, түүнийгээ ч уран бүтээлд давуу талаа болгож чаддаг, авьяаслаг, мэдрэмжтэй залуу.

ИШИГ ЭВРЭЭ УРГАХААР ЭХИЙГЭЭ МӨРГӨНӨ ГЭГЧЭЭР ХОШИН УРЛАГИЙГ ЯНЗ БҮРЭЭР ХЭЛДЭГ Л ЮМ

-Танай фильмийн кино зохиолуудыг хэн бичдэг вэ?

-Янз бүр. Сүүлийн зохиолыг манай киноны ерөнхий найруулагч, F студийн захирал Амрий /Ц.Амартүвшин/, “Мааз” продакшны жүжигчин Г.Жанчив хоёр хамтран бичсэн. Киноны ерөнхий продюсероор манай гэр бүлийн хүн, Уужим фильмийн захирал С.Насанжаргал ажилласан.

-Бие даагаад фильм байгуулж, баг толгойлоод ажиллахад Монголын кино зах зээл хэр хатуу байна?

-“Мөрөөдлийн театр” 2011 онд байгуулагдсанаас хойш арваад жил болох гэж байна. Энэ хугацаанд тайзны 30 гаруй, дэлгэцийн гурван ч кино хийж. Хэрэв Уужим фильмийн кинонуудтай нийлбэл долоо, найм болж. Баг толгойлж ажиллахад цаг үеэ л мэдрэх хамгийн чухал. Тухайн цаг үед хит болж буй сэдвийг алдалгүй барьж ажиллахыг хичээдэг. Мэдээж санхүү тооцоо, урлаг, уран бүтээлчид гээд бүх л ажил хар толгой дээр минь ирнэ. Гэвч бүх зүйлийг мэдэрч, баг хамт олонтойгоо сайтар ярилцаж чадвал асуудалгүй.

Өмнө нь театрт ажиллаж байхад хоногшсон дүрдээ сайн ажиллаж, өөрийн үүргээ л гүйцэтгэхийн тулд шаргуу хичээнэ. Одоо бол маркетингаа өөрөө хийнэ, уран бүтээлдээ ч өөрөө тоглоно, кастингаа хийнэ гээд бүх ачааллаа үүрч ажиллана. Урлаг, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэж бодож явна.

-Үүнийг талаас олон сэтгүүлч асууж байсан л байх. Гэвч ахин асууя. Инээдмийн жанрт өнөөгийн нийгэм нэлээд шүүмжлэлтэй ханддаг болсон байна. Гэвч та бүхэн хийсээр. Яагаад?

-Хүнд “хүрэх” хамгийн гол зэмсэг бол инээдмийн жанр, инээдэм. Инээдэм бол хамгийн ардчилсан урлаг. Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг инээдмээр дамжуулж ард түмэнд ойлгуулж болдог. Түүнийг шууд муйхраар шүүмжилж, хүчээр тулгах нь өрөөсгөл. Харин ёгтолж хүргэх нь шал өөр.

Сүүлийн үед хүмүүс инээдмийн жанр, хошин урлагийн талаар их шүүмжлэл хэлж байна. Угаасаа манайхан сошиал орчин нээлттэй болсноос хойш бүхнийг дураараа хэлж, муутгадаг болсон. Гэтэл үнэндээ сүүлийн 30 гаруй жил, зах зээлийн нийгмээс хойш хямрал залгаж өнөөдрийг хүрэхэд Монголын ард түмэнтэй хамгийн ойр байгаа, хамгийн их үзэгчтэй, хамтдаа байсан жанр юм. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр хошин урлагийг янз бүрээр сайлж, муулаад явж л байгаа. Амьдрал өрнөж л байвал хошин урлаг байж л байх мөнхийн урлаг юм шүү дээ.

“Мөрөөдлийн театр”-ын хувьд сүүлийн үед шоу драм хийж, илүү мэргэжил рүүгээ хандсан уран бүтээлүүдэд төвлөрч байна. Одоо ч ийм шинэ уран бүтээлээ хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа. Нийгмийн болж бүтэхгүй байгааг шүүмжилж, улс төр, хар тамхидалт, авлига хээл хахууль, завхайрал энэ бүгдийг харуулсан томоохон тоглолт ахин хийнэ.

-Тоглолтын нэр юу вэ?

-“Галзуу хот”. Өнөөдөр энэ хот “галзуурч” байна шүү дээ. Бидний өмнө хийсэн “Дундын бүсгүй” шоу драм Улаанбаатар хотыг бүтэн жил гаруй хугацаанд байлдан дагуулсан. Мөн л нийгмийн эрээн барааныг “Дундын бүсгүй”-ээр тэсрэлт хийн харуулж байлаа. Энэ удаа ч мөн тэсрэлт хийнэ.

-Хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Наймдугаар сарын 23-ны өдөр Баруун дөрвөн замын МҮСТО-д нээлтээ хийхээр бэлтгэлдээ орсон байна.

-ХҮНИЙ АМЖИЛТАД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЖ ЧАДДАГ ХҮН ХАМГИЙН ГОЁ -

-Уучлаарай, ярилцлага авч буйнх сая Үндэсний их баяр наадмаар таны бичлэг сошиал орчинд цацагдаж, одоог хүртэл тайлбар, зурагтай иргэдийн дунд явсаар байна. Та ер нь бөхөд их элэгтэй юу? Оддын бэсрэг наадмаар хүртэл байнга л зодоглож байгаа харагддаг.

-Маш их элэгтэй. Хөдөө өссөн болоод ч тэр үү, бөхийн спортыг их сонирхдог. Хүүхэд байхаасаа л барилддаг, одоо ч барилдана. Бөхчүүдтэй их ойр, дотно. Монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл “Бөх болоорой”, унага төрвөл “Хурдан морь болоорой” гэж ерөөдөг шиг бид бүгд л бөхдөө их хайртай. Урлагийнхан дотор бөхөд хайртай улс нэлээд бий, түүний тэргүүн эгнээнд “цохиж” явдаг нь би юм шиг байгаа юм /инээв. сурв/. Зав л гарвал Бөхийн өргөөнд, наадмаар Төв цэнгэлдэхэд, цагаан сараар Бөхийн өргөөнд байна. Их сонирхолтой, Монгол эр хүний ид хавыг бишрүүлсэн сайхан спорт.

-Э.Оюунболд арсланг аварга цол хүртэхэд өөрөөс нь дутахгүй баярлаж байгаа бичлэгээ та өөрөө ч үзсэн байх. Хүмүүсийн элэглэл, егөөдлийн үгсийг их хөнгөхөн хүлээж авч байгаа санагдсан. Яагаад сэтгэл нь тэгж их хөдөлсөн юм бэ?

-Э.Оюунболд арслан миний нутгийн, хуурай дүү минь. Бид хоёр амьдрал ахуйд их ойр улс. Аймгийн арслан байхаас нь л дүүгээ дэмжиж ирсэн. 2015 онд Улсын арслан болоход нь ч их баярлаж явсан. Энэ жилийн тухайд... /инээв. сурв/

Тэр бичлэг энэ жилийн хамгийн тренд бичлэг л болох шиг боллоо. Наадмаас хойш л “Үнсэхийн өмнөх тачаалал”, “Бөхийн усанд орсон” л гэнэ. Энэ жил аваргыг хамгийн их үнссэн хүнээр би тодорчихсон, Б.Бат-Эрдэнэ аварга бүр миний хойно явж байна лээ шүү дээ /инээв. сурв/ Манай ард түмэн чинь хошин мэдрэмж их өндөртэй. Зарим постуудыг нь харахаар би өөрөө ч маш их инээдэг. Хошин урлагийн хүн болохоор хөгжилтэй талаас нь л хүлээж авсан. 100 хүний 95 нь хөнгөн, хөгжилтэй хүлээж авсан бол үлдсэн тав нь тиймхэн хүлээж авсан. Тэд магадгүй бөх мэдэхгүй, сонирхдоггүй улс байх.  Магадгүй тэр хүнийг хараачгүй, “Оюунболдыг таньдаг юм уу” гэмээр хүмүүс бичсэн байдаг. Ихэнх нь хөнгөнөөр хүлээж аваад, инээдэм болгоод өнгөрсөн. Тэр бичлэг хэсэг явж байгаад тэгэсгээд мартагдчихсан байсан юм. Гэтэл саяхнаас нэг зураг тавиад “Үнсэхийн өмнөх тачаалал” гээд биччихсэн байсан, би өөрөө хүртэл хараад их л инээсэн. Ямартай л фэйсбүүк дээрээ “Миний шинэ сериал” гарчээ гээд бичсэн. Яахав, үнэхээр л үнэн юм чинь.

Хүний амжилтад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг хүн хамгийн гоё. Манайхан хүний амжилтад баярлаж чадахаа байчихсан. Болж өгвөл цаагуур нь нэг муулчих гээд л, өө сэв хайгаад л, атаа жөтөөтэй байна. Хүний амжилтаар бахархаж сурцгаая, бие биенийгээ хөдөлмөрлөж байж амжилтад хүрсэн бол түүнийг нь дэмжиж сурцгаая гэж уриалъя.

-Тэр үеэ та санадаг уу?

-Санадаггүй. Хөл бараг л газраас хөндийрчихсөн, юу ч болоод байгааг мэдээгүй. Нэг мэдтэл дүү давчихсан, түрүүлчихсэн, тэнд ч нэг гүйж явсан, энд ч нэг гүйж явсан. Нэг мэдтэл л мөрөн дээрээ өргөчихсөн, үнсчихсэн, хэд үнссэнээ ч мэдэхгүй яваа юм.

Манай ангийнхны уулзалт болоод би Байгаль далай руу долоодугаар сарын 12-ны орой явчихсан. Хэд хоног явчихаад хилээр орж ирээд фэйсбүүк рүү ортол баахан бичлэг “таг”-лагдчихсан байдаг юм. Тэр бичлэгээ наадмаас нэлээд хэд хоногийн дараа харж, ганцаараа баахан инээсэн. Тэгэхэд л “Өө би чинь ингэсэн юмуу” гэж өөрийгөө харсан даа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button