Борис Жонсоны огцролтын жинхэнэ шалтгаан
Британийн Ерөнхий сайд Борис Жонсон албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр зарлалаа. Тэрээр тус албанд хоёр жил 349 хоног ажиллаад ийнхүү албаа өгөв.
Намын нөхөд нь түүнийг цар тахлын үеэр үдэшлэг зохиож архидан согтуурсан, бусдад бэлгийн дарамт үзүүлдэг ёс зүйгүй этгээд Кристофер Пинчерийг ил, далдаар өөхшүүлэн дэмжиж өндөр албан тушаалд томилсон хэмээн буруутгасаар санасандаа хүрсэн. Гэхдээ дээрх бол зөвхөн түүний огцролтыг олон нийтэд харагдуулах өнцөг бөгөөд жинхэнэ шалтгааныг эрвэл илүү олон жилийн өмнөхийг сөхөх хэрэгтэй болно.
ТҮҮХЭН ТОХИРОО
Найман жилийн өмнө, тухайн үед Британийн Ерөнхий сайд байсан Дэвид Кэмерон цагаачдын асуудал, мөнгөний бодлого дээр бие даасан байдлаа хадгалж үлдэх, энэ асуудлаар Европын холбоотой хийх хэлэлцээрт давуу тал олж авах зорилгоор анх “Британийг Европын холбооноос гарах эсэх асуудлаар санал асуулга” явуулах санаачилга гаргасан юм. Холбоон дотроо хангалттай тусгай эрхтэй тэд ийнхүү Брюсселийг шахаанд оруулахыг оролдсон бөгөөд Евро комиссын шинэ тэргүүнийг сонгох үед энэ асуудал бүр ч хурцаар тавигдсан байдаг.
Борис Жонсоны замнал
1964 онд эдийн засагч, улс төрийн зүтгэлтэн тэнли Жонсон, Шарлотта Фоссетт нарын хүү болж төрсөн.
Итоны коллеж, Оксфордын их сургуулийг төгсжээ.
Авьяаслаг сэтгүүлч, тоймч байсан ч баримттай харьцахдаа алдаа гаргасан гэсэн шүүмжлэлд нэг бус удаа өртөж байв.
2001 онд анх парламентын гишүүнээр сонгогдсон.
2008 онд Лондон хотын дарга болсон.
2016 оны санал асуулгын дараа “Брексит” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж, удирдагчдынх нь нэг болсон. 2016–18 онд Британийн Гадаад харилцааны сайдаар ажиллажээ. Энэ үедээ Москва, Бээжинтэй харилцахдаа хэт хатуу байр суурь баримталсан тул Ерөнхий сайд Тереза Мэйтэй муудалцаж, улмаар огцорсон байдаг.
2019 онд Консерватив намын дарга болж, Тереза Мэйг буулган Ерөнхий сайд болсон. Ингэхдээ Брекситийг шуурхайлуулна гэж амласан байдаг.
2020 онд Брекситийг амжилттай дуусгасан.
2020 оны дөрөвдүгээр сард ковид19 цар тахлаар өвдсөн. Энэ үедээ амь нас нь нэг бус удаа дээсэн дөрөөн дээр очсон гэдэг.
Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулж, Британи цар тахлын хязгаарлалыг цуцалсан анхны улсуудын нэг болход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Украины хамгийн том дэмжигч, тус улсад олон удаа айлчилж байсан.
Гурван удаа гэрлэсэн, долоон хүүхэдтэй.
Тухайн үед /2014 он/ Их Британи, Герман гэсэн хоёр нөлөө бүхий улс Евро комиссын тэргүүнээр өөрсдийн хүнээ тавихыг эрмэлзэж байсан бөгөөд эцэстээ Герман дийлж, өөрийн хүн болох Жан Клод Юнкерыг томилоход Ерөнхий сайд Дэвид Кэмерон санал асуулгын хугацааг наашлуулж, 2016 онд явуулахаар болгосон. Британи тэр үед Европын холбоотой үүсгэсэн асуудлаа шийдэхийн тулд ард түмний санал асуулга явуулах ямар ч шаардлага байгаагүй гэдгийг олон хүн хэлдэг.

Брюссельд болсон хэлэлцээрээр Дэвид Кэмерон дүрвэгсэд болон мөнгөний тал дээр бие даасан бодлого баримтлах зарчмаа хүлээн зөвшөөрүүлж чадсан. Чадах нь ч анхнаасаа ойлгомжтой шахуу л байсан тул заавал ард түмнээр “айлгах” шаардлага байгаагүй. Гэвч зүтгэсээр санасандаа хүрч, санал асуулга явуултал иргэд нь “Гаръя” гэчихсэн билээ. Хэрвээ санал асуулга 49.9, 50.1-ээр /Зөрүү нь ойрхон байх тусам Европын холбоог цаашид айлгахад хэрэгтэй гэдэг утгаар/ “Үлдэнэ” гэж гарсан гарсан бол тэрээр дотоод гадаадад улс төрийн нөлөөгөө баталгаажуулах давхар ач холбогдолтой байсан учраас л ингэсэн гэж ажиглагчид таамагладаг. Гэвч санасан хэрэг нь бүтэлгүйтэж, өөрөө албан тушаалаасаа огцорсон юм.
Европын холбоо, Британийн улс төрийн яг энэ нюанс дээр Лондон хотын дарга Борис Жонсон Ерөнхий сайд болох замаа зассан билээ.
"АРД ТҮМНИЙ ЗАРЦ"
Тэрээр “Брексит” хөдөлгөөн гэгчийг үүсгээд санал асуулгын дүнг гул барьж, ард түмэн шийдсэн л бол хэрэгжүүлэх ёстой хэмээн зүтгэсээр 2019 онд сансандаа хүрч, эрх мэдлийг гартаа атгасан юм. Зарчмын хувьд бол энд ямар ч алдаа мадаг байхгүй. Тэрээр хийх ажил нь тов тодорхой, цэвэр тунгалаг буюу Британийг Европын холбооноос гаргах гэсэн зорилготойгоор Ерөнхий сайд болсон.

Гэхдээ, харамсалтай нь, Европын холбооноос гарахыг эсэргүүцэгчид ард түмний дунд ч, Парламентад ч, тэр бүү хэл Борис Жонсоны өөрийнх нь тэргүүлдэг Консерватив нам дотор ч байв. Борис Жонсон тэднийг урвуулахын оронд анхнаасаа хэтэрхий муйхар ажилласан юм. Өчигдрийн огцролтын шалтгаан чухам энд бий.
Тэрээр Европын Холбоотой гэрээ байгуулсан, байгуулаагүйгээс үл хамааран 2019 оны аравдугаар сарын 31-ний дотор Британийг гишүүнчлэлээс гаргах хуулийг батлуулахаар парламентад хандсан ч дэмжээгүй. Парламентын гишүүдийн олонх хэсэг, түүний дотор Б.Жонсоны өөрийнх нь консерватив намын олон гишүүн Европын Холбоотой гэрээ байгуулалгүй салах нь Британийн ирээдүйд хор хөнөөлтэй гэж үзсэн юм. Энэ ялагдлынхаа дараа Б.Жонсон эсрэг санал өгсөн 21 гишүүнийг намаасаа хөөсөн. Огцрох асуудалд хамгийн олон удаа орж байсан сайд гэдэг статистик байдаг бол Борис Жонсон гарцаагүй тэргүүлнэ. Хамгийн сүүлд сарын өмнө Парламентаар орж, 211 гишүүний дэмжлэг авсан нь албандаа тогтсон сүүлийн удаа нь байжээ.
Борис Жонсон огцорсноор Европын холбоо, Их Британийн харилцаа нааштай болно. Украинтай харилцах харилцаанд ч өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байна. Б.Жонсон Украиныг тууштай дэмжигч бөгөөд өчигдөр огцрох мэдэгдэл хийснийхээ дараа шууд В.Зеленскийтэй утсаар ярьжээ. Тэрээр Консерватив нам дараагийн Ерөнхий сайдыг тодруултал ажлаа үргэлжүлүүлж хийх тул тайван байх агуулга хэлсэн аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.