НИЙГЭМ

Олон нийтэд биш, хариуцсан байгууллагад нь хандаж сурах хэрэгцээ

Монголчууд бид өөрсдийг нь тодорхойлж буй “иргэн” хэмээх эрхэм алдраа хэтэрхий дорд үздэг гэмтэй. Ярьж бичихдээ хүртэл заавал “жирийн”, “энгийн” гэх мэт тодотгол залгадаг.

Өөрийгөө хэт дорд үздэг энэ чанараасаа болоод аливаа асуудал тохиолдоход төрдөө хандаж асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй хохирч үлдэх, эс бөгөөс хариуцсан байгууллага албан тушаалтанд хандахаасаа урьдаар олон нийтийн сүлжээнд мэдээлэн нийгмийн дунд бухимдал стресс үүсгэх байдал ихээр ажиглагдах болов.

Үнэндээ жирийн, жирийн бус иргэн гэж байхгүй. Гэхдээ, өмнө нь хэлсэнчлэн, өөрт тохиолдсон зовлон, хорсол бухимдлаа олон нийт рүү жишим ч үгүй цацаж орхидог нөхдийн хувьд бол жинхэнэ агуулгаараа ИРГЭН гэж хэлэгдэх эрхгүй байна. Иргэн гэдэг тодорхойлолт томдохоор байна.

Яагаад гэвэл, жинхэнэ иргэн хүн улс орныхоо төлөө үүргээ 100 хувь биелүүлдэг, үүний адилаар эрх ашгаа 100 хувь хамгаалалуулахыг төрөөсөө шаардаж чаддаг юм.

16 нас хүрч иргэний үнэмлэх аваад, цэргийн алба хааж, үр хүүхэд төрүүлснээрээ иргэн болчихлоо гэж ойлгох нь өрөөсгөл. Үнэмлэх олгож байгаа нь эрхзүйн харилцаанд оролцох эрхийг л нээж өгсөн хэрэг. Энэ эрхээ яаж ашигласан бэ гэдгээр л иргэний үнэ цэнэ хэмжигдэх учиртай. Одоо бол иргэн гэдэг агуулга нь орхигдоод нэршил нь л үлдээд байна гэвэл худлаа гэж хэлэх хүн гарахгүй байх.

Хүн хүн болж төрөөд л хүн болчихдоггүй. Бие хүн болж байж л жинхэнэ хүн, иргэн гэж хэлэгдэх эрхтэй болно. Боловсрол, хүмүүжил гэж тоймлочиход болох байх. Бие хүн болох үйл явц насан турш үргэлжилдэг. Харин иргэн хүн үүргээ ухамсарладаг, эрхээ эдэлдэг, үүний тулд хуулийн бүх боломжуудыг ашигладаг, өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгийг ухамсарлан өөрт нь хамаагүй байсан ч хамаагүй олон нийтийн эрх ашигт хамаатай бол холбогдох байгууллагад албан ёсоор хандан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлдэг байх ёстой юм.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИХ БИЧ, ТӨРИЙГ АЖИЛУУЛУУЛ

Монголчууд өөрт нь шууд хамааралгүй асуудлаар гомдол мэдүүлээд, өргөдөл бичээд гүйгээд байдаггүй. Гэтэл цаана нь төрийн олон байгууллага хийх ажилгүй сууж байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагууд бараг бүгд иргэдийн гомдлоор ажилладаг учраас тэр. Цагдаа, Шүүх, АТГ, МХГ гээд бүгд иргэдийн гомдлоор ажилладаг. Төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдлоор ажлаа засч сайжруулна.

Үгүй бол дээд шатны байгууллагад хандах хуулийн зохицуулалттай байдаг учраас тэр. Гэтэл их л бодож нийгмийн сүлжээнд тавихаас бусдаар холбогдох байгууллагуудад нь бичгээр хүсэлт гаргаад, үгүй ядаж утсаар яриад мэдэгдчихдэг нь хэд билээ. 

Иргэн хүнд хамгийн хамаатай, эрхийнх нь талаар Монгол Улсын Үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Бусад хууль тогтоомж бүгд энэ хуульд захирагдаж гарах учраас эрх нь зөрчигдсөн асуудлаар Үндсэн хуулиа бариад заргалдахад хуулийн нарийн мэдлэг шаардахгүй. Гэтэл иргэний эрхийг эрсдэлд оруулсан хууль тогтоомжтой холбоотой асуудлаар ҮХЦ-д хандсан тохиолдол маш цөөн. 1990-ээд оны үед “иргэн” хэмээх Д.Ламжав л ҮХЦ-ийг ажилтай болгодог байсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүдэд харин гомдлын тоо нэмэгдэж байгаа ч улс төрийн нам, бизнесийн бүлэглэлийн захиалгаар хандах нь нийтлэг болжээ.   

Монголчууд өнөөдөр эрхзүйн бүрэн чадамжтай иргэн гэх нэр зүүсэн  ч бие хүн болох гээд л яваад байгаа болохоос жинхэнэ иргэн болоогүй байна гэсэн нь ийм учиртай. Төрийг ард түмэн байгуулдаг, төрийн механизмыг иргэд үйл ажиллагаанд оруулж , хянадаг учраас үнэндээ "Жинхэнэ" иргэн бол төрт улсын хамгийн том эрх мэдэлтэн юм.

ИРГЭД НЬ ТӨРӨӨ ШАХАЖ АЖИЛЛУУЛСААР ХҮЧИРХЭГЖСЭН УЛСУУД

Израиль улс. Олон мянган жил хүний нутагт амьдрахдаа оюуны чадамж, алсын хараа, хөдөлмөрч чанар гээд олон сайн чанарыг шингээсэн. Чухам энэ чанаруудаа гол баялаг гэж үздэг. Нэг дор бөөгнөрөн суувал энэ чанараа гээнэ гэж болгоомжилдог учир жүүдийн нууц тунхаглалдаа төр улс байгуулахыг хориглосон гэсэн яриа ч бий. Еврейчүүдийг хамгийн ухаалаг үндэстэн гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.  

Герман. Германчуудыг хамгийн заргач, матаач үндэстэн гэж тодорхойлдог. Эндхийн иргэн бүр нь төрөөс явуулж байгаа бодлого, хийж байгаа ажил, авсан үйлчилгээ гээд ер нь тохиолдсон зүйлсийнхээ талаар холбогдох байгууллагуудад санал, шүүмж байнга бичдэг байна. Улс төрийн тогтолцоо, улстөрчдийн ухамсар, ажлын зохион байгуулалтаар үлгэр жишээ орны нэгд тооцогддог нь үүнтэй холбоотой гэсэн дүгнэлт ч бий.

Иргэд нь  “иргэн” гэдэг агуулгыг өөртөө шингээж чадсан учраас ийм болсныг гадныхан хүлээн зөвшөөрдөг. Герман иргэн ямар нэг асуудал гарсан байхад хаана хандахаа мэддэг. Харин монгол иргэн олон нийтийн сүлжээгээр цацах юм уу “Монгол коммент” нэвтрүүлэгт захидал бичихэд асуудал нь шийдэгдчих мэтээр ойлгодог нь хөгжихгүй байгаагийн гол шалтгаан ч байж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button