ДЭЛХИЙНийгмийн

Н.Пелосигийн айлчлал "өндрөө авсны" шалтгаан

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Азид хийх аяллынхаа хүрээнд Япон, Малайз, БНСУ  дөрвөн улсад албан ёсны айлчилсан ч албан ёсны төлөвлөгөөнд байгаагүй БНХАУ-ын Тайваньд газардсан явдал хамгийн ихээр анхаарал татаж олон улсын анхаарлын төвд орлоо. Дэлхийн тэргүүлэх гүрний №3 албан тушаалтан маргаантай нутаг дэвсгэрт айлчлах нь мэдээж олон улсын анхаарлыг татна. Гэхдээ яагаад Нэнси Пелоси Ерөнхийлөгчийнхөө хориглолт, БНХАУ-ын анхааруулгыг үл хайхран Тайваньд газардана вэ.  БНХАУ юуны учир тэгтлээ хурц хариу үйлдэл үзүүлнэ вэ.

Нэнси Пелоси Тайваньд буучихсан, Бээжин заналхийлж байсан шигээ дайныг шууд эхлүүлээгүй цаг мөчид энэ талаар шинжээчид юу гэж бичсэнийг харъя.

АЙЛЧЛАЛ ЯАГААД “ӨНДӨР АВАВ”

1. ДОТООД УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

            АНУ, БНХАУ аль, аль нь ирэх арваннэгдүгээр сард сонгуультай. АНУ-д Конгрессийн завсрын сонгууль болох бол БНХАУ-д ирэх зургаан жилд улс орныг удирдан залах жолоодогчоо сонгоно. Нэнси Пелоси, Ши Жиньпин нар хоёул энэ сонгуульд ялахыг хүсэж байгаа улстөрчид. Чухам энэ нь айлчлалыг Дэлхийн III дайны эхлэлийн хэмжээнд хүртэл хөөрөгдөх шалтгаан болсон байх талтай.

            АНУ-ын Сенат болон Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын сонгууль буюу “Завсрын” сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 08-нд болно. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр жил болж, сайн муугаа мэдрүүлчихсэн үед болдог тул Завсрын сонгуульд бүр үнэхээр хүчирхэг Ерөнхийлөгчгүй л бол сөрөг хүчин илүү давуу байдалтай оролцдог бичигдээгүй хуультай.

Нэнси Пелоси, Кевин Маккарти

Гэтэл Жо Байден нэр хүндгүй байгаагаас болж Ардчилсан намын нэр хүнд уруудан ялагдал хүлээх нь бараг тодорхой нөхцөл байдалтай байна. Байдал энэ янзаараа үргэлжилбэл БНН-д ялагдаж, Нэнси Пелоси Кевин Маккартид албан тушаалаа алдах нь бараг тодорхой үед Тайванийн айлчлал болж таарсан. Тааруулсан ч байж, мэднэ, учир нь Нэнси Пелоси өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайваньд айлчилна гэж байхдаа ковид19-ийн халдвар авсан юм.

Уншигчид анзаарсан бол Нэнси Пелосиг Тайваньд айлчлах гэж байгаа талаар мэдээлсэн хэвлэлүүд бараг бүгд цаанаас нь хэлж өгсөн гэмээр “Ерөнхийлөгч Жо Байдены хорьсныг эс харгалзаж” гэсэн тодотгол ашиглаж байсан. Ялангуяа айлчлалыг АНУ-ын дотоодод “сэвсэн” хэвлэлүүд болох CNN тэргүүтнүүд үүнийг илүү тодотгож байлаа.

Айлчлалыг хийснээрээ Нэнси Пелоси Конгрессийн төлөөлөгчдийн танхим болоод Ардчилсан нам нь Ерөнхийлөгчөөс ямар ч хамааралгүй субъект гэж харуулан ирэх сонгуульд ялахыг зорьжээ. Нэг ёсондоо нэр хүндгүй хөгшин Ерөнхийлөгчөөсөө оюун санааны хувьд тусгай байдал үүсгэх, ядаж сонгогчдод тэгж харагдах арга нь Тайвань болсон гэж үзэх шинжээчид байна.

БНХАУ-ын тухайд Ши Жиньпин гурав дахь удаагаа сонгогдох найдлага өвөртөлж буй ч Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ч бас санаатай байгаа гэсэн мэдээлэл гараад буй. Ши Жиньпин “Бээжин 2022” зуны олимпын наадмыг гардаж зохион байгуулсан нь дотоод гадаад нэр хүндээ өсгөхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг нь харуулсан. Нэнси Пелосигийн айлчлалд хатуу байр суурь илэрхийлсэн нь ч үүнтэй холбоотой.

Тэрээр 2017 онд хоёр дахиа сонгогдохдоо намын үндсэн дүрэмд өөрийн санаачилсан “Шинэ үеийг авчрах Хятад маягийн социализмыг хөгжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санаа” гэгчийг тусгуулж, үзэл баримтлалаа өөрийн нэрээр нэрлүүлэн намын дүрэмд тусгуулсан гурав дахь (Мао Зэдун, Дэн Сяопин нарын дараа), амьд ахуйдаа ийм хүндлэл хүлээсэн хоёр дахь (Өмнө нь Мао Зэдун) удирдагч болсон юм. “Шинэ эрин үе” бодлогын тулгуур нь дотоодын эв нэгдэл сахилга бат буюу  “Нэг Хятад” бодлого тул тэрээр хэрвээ зүгээр хараад суусан бол дотоодынхоо улс төрд “үхдэл” болж хувирах байсан гэдэг таамаг үнэний хувьтай. Ши Жиньпиний санаачилсан “Шинэ эрин үе” буюу гурав дахь эрин үед Хятад улс дотооддоо эв нэгдэл, сахилга батыг улам бүр бататган бэхжүүлсэн, чинээлэг дундаж давхарга бүхий, олон улсын тавцанд тэргүүлэх үүрэгтэй улс болж хөгжих талаар заасан байдаг юм.  

ХОЛБООТНУУДЫНХАА ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ БАЙХ

Тайвань АНУ батлан хамгаалах салбарт хамтрах гэрээг 1969 онд байгуулсан байдаг. Вашингтон ийм гэрээг дэлхийн олон улстай байгуулсан. Тиймээс тэдгээр холбоотнуудадаа итгэл өгөх зорилго мөн давхар байж болох юм. Энэтхэг Номхон далайд хамтрах AUKUS төсөлд багтсан Британи, Австрали зэрэг улс орнуудад ч хамаатай нь мэдээж.     

Нэнси Пелоси Тайваньд буухынхаа өмнө “Америк үүнээс ч хүнд үед Баруун Берлиныг орхиогүй, өнөөдөр Тайваныг ч орхихгүй. Ардчилал эрх чөлөөг хамгаалахаа хэнээр ч заалгахгүй. Дэлхийн аль ч өнцөгт хамгаална” гэж мэдэгдсэнийг шинжээчид дээрхийн баталгаа хэмээн эшлэсэн байв.

ДАЙН БОЛОХ МАГАДЛАЛ БАГА

Нэнси Пелосигийн үйлдэл хэдий БНХАУ-ын анхааруулгыг үл тоосон ч эрх ашгийг нь хүндэтгэсэн шинжтэй. Аяллын хөтөлбөрт албан ёсоор “улс” гэж оруулаагүй нь БНХАУ-ын ашиг сонирхлыг тодорхой хэмжээнд хүндэтгэдгийн нэг хэлбэр. Цагаан ордноос гаргасан мэдээлэлдээ БНХАУ-ыг дайны өдөөн хатгалга гэж үзэхгүй байхыг уриалсан байна лээ.

Украины дайнаас болж хямарсан иргэд дараагийнхад нь хэтэрхий эмзэг хандаж байх ч өнцөг бий.

“Хэтэрхий үнэтэй тусах тул хоёр тал аль, аль нь дайнаас зайлсхийж байгаа. Дотоодын улс төрөөсөө болоод улайрчихгүй л бол”

Эндрю Гилхолм /“China and North Asia at Control Risks”-ийн шинжээч/

Хоёр улс дайн үүсгэхгүй, цаг нь болоогүй гэж үзэх шинжээчид ч маш олон байна. Тэгээд ч Тайванийг зэвсгийн бус аргаар, аажмаар нэгтгэх боломж бий. Нэнси Пелоси өөрөө БНХАУ-д хандаж “Харилцаандаа сэв суулгасан хэрэг гэж үзэхгүй гэж мэдэгдсэн байна лээ.

Харин БНХАУ-ын авах дараагийн арга хэмжээнд цэргийн сургуулилтыг ойр орчмынх нь усанд байнга хийх, Тайвань арлын дээгүүр онгоц нисгэж, устгах эсэхийг нь шинжих, АНУ-аас Элчин сайдаа татах гэх мэт аргууд бичигджээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хаагий
хаагий
2022-08-03 19:14

Сонгуулийн шоу байжээ

Зочин
Зочин
2022-08-03 20:37

Зөнөг өвгөн .Зөнөг эмгэн

Зочин
Зочин
2022-08-04 12:12

Х.Батсайханд энэ айлчл#### хэнд тийм юм болов оо. Сайн үйлд учир Жанцан, муу үйлд ш####тгаан байдаг. Арван хэдхэн үсэг мэддэг картон хавтаст аа.

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x