УЛС ТӨР

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үр дүн буюу аяны богц задрах өдрүүд

Төр засгийн тэргүүнүүд өнгөрсөн оны эхээр ОХУ, БНХАУ руу цувраад айлчилсан билээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан юм.

Төрийн дээд хэмжээний айлчлалын бодит үр дүн тэр дороо мэдэгддэггүй. Албан мэдээ хэт ерөнхий байдгаас анхаарал таталгүй өнгөрдөг. Татсан ч биелэлт гэдэг том шалгуур бий. Тиймдээ ч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудаас илүү сэлфи хийсэн сэтгүүлчид олон нийтийн анхаарлыг татаж, Л.Оюун-Эрдэнийг бол бүр “Хэдэн тамирчин дасгалжуулагч явуулсан бол аштай юу” хэмээн баалж байв.

Тэгвэл сарын зайтай болж буй хоёр хөршийн Гадаад харилцааны сайд нарын хариу айлчлал дээрх айчлалуудын бодит үр дүнг илүү тодорхой болгож байна. Eguur.mn сайт ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын оны эхэнд ойр, ойрхон хийсэн айлчлалуудын гол үр дүн юу байв гэдэгт хариулт эрлээ. 

У.ХҮРЭЛСҮХИЙН БОГЦОНД ЮУ БАЙВ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын удирдагч Владимир Путинтай уулзахдаа “Транзит Монгол“ буюу ОХУ-БНХАУ-ыг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх сонирхлоо илүү үггүй илэрхийлсэн. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа буюу 2019 онд ОХУ-д айлчлахдаа мөн энэ саналаа тавьж байсан бөгөөд тэр жилээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахад саналаа бататгаж байсан удаатай. Транзит Монгол гэдэгт төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудал багтана.

Ерөнхийлөгчийн хувьд найман сарын өмнөх айлчлалынхаа үеэр нутгийн зүүн хэсгээр буюу Арц сууриас БНХАУ руу, Эрээнцаваас Бичигтийн боомт хүртэл төв магистралиас гадна гурван улсыг холбосон төмөр зам байгуулах тал дээр хамтрах асуудлыг В.Путинтай ярьсан байдаг.

Тэгвэл саяхан ОХУ-ын Зам тээврийн яамнаас ойрын долоон жилд улс орныхоо дотоодод болон БНХАУ, Казахстан, Монгол, БНХАУ-д төмөр замын төсөл хэрэгжүүлэхэд 31 тэрбум ам.долллар зарцуулахаар болсноо зарласан. Товч танилцуулгад Зүүнбаянгаас БНХАУ-ын хил хүртэл 226 км төмөр зам барих төслийг багтаасан байсан бөгөөд маршрутын төгсгөлийг дурьдаагүй ч урт нь  өнгөрсөн хавар бүтээн байгуулалт нь эхэлсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замынхтай таарч байгаа юм. Мөн Эрээнцав-Соловьёвка боомтын хөгжүүлэлтэд хөрөнгө хуваарилсан.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БОГЦОНД ЮУ БАЙВ

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван Игийн айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын цахилгаан станц, Улаанбаатарт түгжрэл бууруулах зэрэг чухал төслүүдийг хөдөлгөх асуудал эцэслэн шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй буй. Эдгээрээс хамгийн чухал нь өргөн царигийг хүлээн зөвшөөрүүлж “Боомтын сэргэлт”-ийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн явдал. Ван И айлчлалынхаа үеэр өргөн царигийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурах бөгөөд ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ажиллах боломж бүрдэж буй. Экспортын хэмжээг үлэмж /боомтын сэргэлтийн дараа боомтуудын нэвтрүүлэх чадвар 200 гаруй сая тоннд хүрнэ гэсэн хүлээлт бий/ нэмж, БНХАУ-аас авсан хөрөнгө оруулалт, өр төлбөрөө төлөх боломж бүрдүүлж байгаагаараа энэ ажил ач холбогдолтой юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эцэст нь хэлэхэд, Монгол Улс ийнхүү олон жил хөөцөлдсөн ОХУ-БНХАУ-ыг холбох тээвэр ложистикийн гүүр болох ажилдаа ахиц гаргаж чадлаа. Цагийн байдал бидэнд ашигтайгаар эргэсэн нь ч үүнд нөлөөллөө. Хоёр хөрш Монголыг эдийн засгийн урт хугацааны бодлогодоо багтааж, цаашдаа урт удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллах боломж бүрдсэн нь хамгийн чухал юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
2022-08-07 10:47

Unen esehiig tsag hugatsaa l bidend batalj ugnu,tomchuudiin hudal amlalt,poprold itgehgui baigaa

Холбоотой мэдээ

Back to top button