Антониу Гутерриш газрын тос, байгалийн хийн компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулахыг уриалав
НҮБ-ын ЕНБД Антониу Гутерриш газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд онцгой албан татвар ногдуулахыг гишүүн улсуудадаа уриалллаа.
ОХУ-Украины зөрчлөөс үүдэлтэйгээр үнэ ханш огцом өсөж, салбарын компаниудын ашиг чинээндээ тултал нэмэгдэж байгаа нь уриалга гаргах шалтгаан болсон байна.
“Айл өрхүүд эрчим хүчний үнийн өсөлттэй тэмцэж байхад ААН-үүд өндөр ашиг хүртэж суух нь ёс суртахуунгүй хэрэг” гэж тэрбээр уриалгадаа онцолжээ.
ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш газрын тосны салбарт нийлүүлэлт тасалдаж, үнэ ханш огцом өссөн. Энэ нөхцөл байдлаас болж салбарын компаниудын ашиг орлого мөн эрс нэмэгдсэн юм.

Британийн “British Petroleum” сүүлийн 14 жилийн хамгийн өндөр ашиг олсноо саяхан тайлагнасан бол “Shell” дөрвөөс зургадугаар сарын хооронд олсон ашиг компанийн түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Энэ салбарын Exxon, Chevron, Shell, TotalEnergies гэсэн дөрвөн том компаниийн энэ оны хоёрдугаар улиралд нийт 51 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин илүү байгаа ажээ.
“ААН-үүдийн энэ шунал нь ядуусыг шийтгэж байгаа хэрэг. Би бүх Засгийн газарт хандаж, энэхүү гэнэтийн ашигт татвар ногдуулан зорилтот бүлгийн хүмүүст зориулахыг уриалж байна” гэж А.Гутерриш хэлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.