Пак Жиний айлчлал: Уул уурхай, аюулгүй байдлын хамтралд ахиц авчрах уу
БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жиний Монгол Улс дахь ажлын айлчлалынхаа хүрээнд хийх албан ёсны уулзалт хэлэлцээрүүд өнөөдөр эхэлнэ. Түүний айлчлалын онцлог, гарах үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна.
Сөүл Монголын уул уурхайд ашиг сонирхлоо илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин /тухайн үеийн/-тэй цахимаар уулзаж, стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаагаа хөгжүүлэхээр хамтарсан тунхаглал гаргасан. Ингэснээр БНСУ Монгол Улсын хувьд стргатегийн түншлэлийн харилцаатай зургаа дахь улс болсон юм. Хамтарсан тунхаглалд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг
1. Улс төр, аюулгүй байдал
2. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,
3. Боловсрол, шинжлэх ухаан-технологи, байгаль орчин, эрүүл мэнд,
4. Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,
5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, салбар тус бүрээр харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт айлчилж буй Пак Жин сайдын айлчлалаар яригдах, шийдэгдэх асуудлууд дээрх таван чиглэлд хамаарах юм. Үүнээс БНСУ тал уул уурхай, тээвэр ложистик, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа талдаа хамтрах сонирхол илүү байгаа нь Пак Жин сайдын “Бид байгалийн баялгаараа дэлхийд 10-т ордог Монгол Улстай нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах, төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэсэн мэдэгдлээс харагдана.
Манай улсын эрдэс баялгийн салбарт 2,642 тусгай зөвшөөрөл 2,363 компанид олгогдсон байдгийн 916 буюу 34.6 хувийнх нь эцсийн өмчлөгчийн мэдээлэл ил тод болсон. Тэдгээр 916 тусгай зөвшөөрлийн дотор БНСУ-ын иргэн хуулийн этгээдийн өмчлөлтэй зөвшөөрөл дөрөвхөн байгаа нь Стратегийн түншлэл хөгжүүлж байгаа улсуудын хувьд хангалтгүй юм. Солонгосчууд 10 гаруй жилийн өмнө Тавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлж, төрийн өмчит “Кореа Электрик Пауэр”, ган үйлдвэрлэгч “Поско”, олон улсын худалдааны “Дэйвү Интернэшнл”, “Эл Жи Интернэшнл” нь Японы хэд хэдэн компанитай консорцуим байгуулан Засгийн газраас зарласан тендерт ороод ялагдаж гомдолтой үлдэж байсан удаатай.
Одоо бол тоймтойгоос “Си Эм Кей Ай” гэх компани жонш, Солонгосын Нүүрсний корпораци Хотгор шанагын нүүрсний уурхайг ажиллуулдаг гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Тиймээс Пак Жин сайдын айлчлалаар манай улсын уул уурхайн салбар дахь тус улсын нөлөө нэмэгдэнэ гэж харж байна.
Манай Улс экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалдаа нэмүү өртөг шингээхийг чухалчилж, “Олборлолтоос боловсруулалт руу” шилжилт хийж байгаа бөгөөд энэхүү шилжилтийн хүрээнд ордуудыг иж бүрнээр нь ашиглах боломжийг шат дараатай бүрдүүлж яваа. Тиймээс манай улсын хувьд энэ хамтралаас үлдэх өгөөж нь технологи шилжүүлэлт байх болно. Өмнө нь Ашигт Малтмалын Газар болон БНСУ-ын Нүүрсний Корпораци хооронд нүүрсний салбарын хөгжилтэй холбоотой технологи солилцоо, байгаль орчны нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллах Санамж бичиг байгуулж байсан удаатай. Ийм маягийн хамтралыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхийг хичээх болов уу.
"Боомтын сэргэлт" хөтөлбөр, БНХАУ-ОХУ-ыг холбосон коридор байгуулах ажил нааштай байгаа нь үүнд нөлөөлсөн нь тодорхой.
Харилцан визгүй зорчдог болох чиглэлд хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ
БНСУ бол манай улсын иргэдийн хамгийн их ирж, очдог хамгийн олон иргэн байнга оршин сууж ажиллаж амьдардаг газар (БНСУ-; 50.8 мянга, Европын холбоо 43.8 мянга, АНУ 40.1 мянга). Тэр ч утгаараа хоёр улсын харилцаанд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн асуудал чухал байр суурь эзэлдэг. Манай зүгээс иргэдийнхээ байдлыг дээрдүүлээд авахыг боддог. Стратегийн түншлэл тогтоосон түүхэн уулзалтын үед ч энэ асуудал хөндөгдөж, У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчлдог болох чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохирсон байдаг. Тохиролцоо эхнээсээ хэрэгжиж, БНСУ-ын жуулчид 90 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчдог болсон бол манай улсын иргэд БНСУ-ын аялал жуулчлалын бүс болох Чэжү арал руу визгүй зорчдог болсон. Зөрчил гаргахгүй байвал цаашдаа зорчих хүрээг тэлэх тохиролцоотой байсан ч харамсалтай нь манай улсын иргэдээс оргож алга болох зөрчил гаргасан билээ. Гэсэн ч энэ удаагийн айлчлалаар хоёр тал хүчин чармайлтаа цаашид үргэлүүлнэ гэдгээ нотлох болов уу.
Ногоон хэрэм III-ыг эхлүүлж магадгүй
Манай улсын зарлаад хэрэгжүүлэхдээ хойрго хандсан “Ногоон хэрэм” хөтөлбөрийг “амьтай” байлгахад БНСУ-ын хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү хөрөнгө оруулалтын гуравдугаар ээлж буюу Ногоон хэрэм III-ыг хэрэгжүүлэх ажилд ахиц гарах хүлээлттэй байна.
Монгол Улс бүс нутгийн тоглогч болсныг дахин нотолно
Монгол Улс зургаан улстай Стратегийн түншлэлийн харилцаатай. Сүүлийн жил хүрэхгүй хугацаанд АНУ-аас бусад нь бүгд манай улсад Гадаад харилцааны сайдын түвшний айлчлал хийлээ. Эдгээр айлчлалуудын цаана геополитиктой холбоотой ятгалга, тохироо, санал гээд олон арга механизм явагдаж байгаа нь тодорхой. Пак Жиний айлчлал ч энэ агуулгаас гажихгүй нь тодорхой бөгөөд үр дүнд нь Монгол Улсын бүс нутаг дахь нөлөө нэмэгдэж, “Улаанбаатарын уулзалт” илүү хэлбэржих хүлээлттэй байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hamtiin ajillagaag erchimjuuleh heregtei
sain ajillaarai amjilt
Х.Батсайхан ч яг ванга шиг хусдаг нөхөр дөө. таамаг дэвшүүлнэ. тэр нь яг л байдаг, янзын залуу