
ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михайл Горбачев удаан хугацаанд хүндээр өвдсөний эцэст 91 насандаа өчигдөр таалал төгсжээ. Mash цахим сонинд мэдээлснээр, талийгаач бөөрний асуудалтай, гемодиализын аппаратад ордог байсан аж. Түүнийг Новодевичье дэх оршуулгын газар, эхнэр Раиса Горбачевагийнх нь дэргэд оршуулах юм байна.
М.Горбачев бол XX зууны хамгийн содон дүрүүдийн нэг юм. Тэрээр нам төрийн эрх мэдлийг аваад “Өөрчлөн байгуулалт”-ыг эхлүүлж, ЗХУ-ын задралыг суурийг тавьсан. М.Горбачевыг Роналд Рейганы бодлоготойгоор явуулж байсан дэлхийн улсууд цаашдаа энх тайвнаар зэрэгцэн хөгжинө гэсэн суртал ухуулгад хэтэрхий автаж гэнэн загнасан гэж буруутгагчид олон бий. Тэдний буруутгалд "АНУ-ын хүслийг саналаараа биелүүлсэн, хүчирхэг гүрнийг хадгалж үлдэх боломж байсныг ашиглаагүй" гэсэн агуулга шингэсэн байдаг.
Нөгөө талаас, ЗХУ-ыг задлах төлөвлөгөөг З.Бжезинский тэргүүтэй тэргүүлэх онолчид удаан хугацаанд толгойгоо гашилгаж боловсруулсан, ЗХУ төлөвлөгөөнд нь орсон болохоос М.Горбачевын нөлөө бага байсан гэж үзэх хэсэг ч бий. Үнэхээр ч АНУ төлөвлөгөөтэй ажиллаж, сансрыг эзэмших зэрэг зардал ихтэй салбарын өрсөлдөөнд ЗХУ-ыг татан оролцуулах зэргээр санхүүгийн чадавхийг нь эрс доройтуулж байсан нь хожим тодорхой болсон байдаг.
Түүний итгэж, найдаж байсан бүхэн нь худал гэдгийг тэрээр амьддаа үзэж мэдэрсэн.
ЗХУ-ын КН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга байхдаа 1987 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Вашингтон хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Дундын болон ойрын зайн пуужинг хорогдуулах тухай хэлэлцээрт АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы хамт гарын үсэг зурж байсан.

Тухайн үед түүний үйлдлийг өрнөдөд дэлхий нийтийн айдас, болгоомжлолыг төрүүлж байсан зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг эцэс болголоо гэж сурталчилж байсан удаатай. Гэвч энэ хэлэлцээрийн үйлчлэл 32 жилийн дараа дууссан төдийгүй зэвсэглэлээр хөөцөлдөх явдал түүнээс ч өмнө эхэлсэн. В.Путин ЗХУ-тай бараг ижил Евразийн холбоо гэгчийг байгуулахаар зүтгэж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд дэмжиж буй.
Тэрээр “Хүйтэн дайн”-ыг намжаасан үйлдлээрээ өрнөдөд алдаршиж, Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байсан. И.Сталины цус, нулимсаар босгосон ЗХУ-ыг задалж, стануудад тусгаар тогтнох боломж олгосон үйлдлийг талархан дэмжигчид олон бий. Гэсэн ч Орос орондоо ямар ч нэр хүндгүй нэгэн болж хувирсан бөгөөд оросууд түүний талаар одоо ч зөрчилтэй байр суурьтай байдаг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУНДАГ ХҮН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ