ДЭЛХИЙ

НҮБ-ын тайлан: БНХАУ Шинжаан Уйгурт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

НҮБ-аас Хүний эрхийн комиссын захиалгаар бэлтгэсэн, БНХАУ-ын Шинжаан Уйгурт явуулж буй бодлогыг хүний эрх талаас нь судалсан тайлангаа гаргажээ.

Удаан “дуншиж” багагүй хүлээлт үүсгээд байсан энэ тайланд БНХАУ-ын эрх баригчдыг Шинжаан Уйгурт хүний эрхийг ноцтой зөрчиж байгаад буруутгасан байна.   

Илтгэлд Шинжаан Уйгурын лалын шашинт иргэдийн эрхийг зөрчиж буй талаар олон баримтууд орсон гэнэ. Бээжин НҮБ-аас илтгэлээ гаргахгүй байхыг шаардаж, дотор нь дурдагдсан баримтуудыг худал, барууны оролцоотой тавьж буй “жүжиг” гэж мэдэгдээд буй.

НҮБ-ын хүний эрхийн комиссар Мишель Башлет

Харин илтгэлийг бэлтгэсэн судлаачид БНХАУ Шинжаан Уйгурт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй ноцтой баримтууд олсон болохоо хариу мэдэгджээ. Илтгэлд “Тодорхойгүй, тайлбарлаж болохуйц хууль тогтоомж батлах замаар иргэдийг хүссэнээрээ баривчлах тогтолцоо бүрдүүлсэн” хэмээн хурцаар шүүмжилсэн байна.

Мөн шоронгийн хоригдлууд дунд хүйсийн ялгавартай хүчирхийлэл үйлдэгдэж байгааг тодорхой баримттайгаар бичжээ. НҮБ илтгэлийнхээ төгсгөлд БНХАУ-ыг Шинжаан Уйгурт явуулж буй хүний эрх зөрчсөн бодлогоо өөрчилж, хоригдож буй уйгурчуудыг бүгдийг нь суллахыг зөвлөжээ. Эгнээндээ 60 гаруй байгууллагыг нэгтгэсэн Бүх дэлхийн уйгурчуудын конгресс шахалтыг эс тоон илтгэлээ гаргасан явдалд нь НҮБ-д талрхал илэрхийлээд, олон улс нэн даруй хариу үйлдэл хийх хэрэгтэй гэсэн байна.

БНХАУ-ын эрх баригчид Шинжаан Уйгурын өөртөө засах орны иргэдийг улс төрийн хэргээр баривчилж, дахин хүмүүжүүлэх лагерь гэгчид хорин тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлүүлж, хүний эрх байнга зөрчигдөж байгаа гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч олон улсын анхаарлыг татаад буй. Хардлага голлосон дээрх мэдээллийг НҮБ ийнхүү албан ёсоор баталж байна.

Өмнө нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо энэ талаар тусгайлан судалж, зарим баримт олсноо олон нийтэд дэлгэж байлаа.  Тэдний олсон баримтуудын нэг нь “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж байсан удаатай.  

Тэрхүү баримт нь орон нутгийн эрх баригчдад өгөх зөвлөгөө удирдамж байсан бөгөөд түүнд Шинжаан Уйгурын лалын шашинт иргэдийг дахин хүмүүжүүлэхийн тулд бөөнөөр нь хорих хуаран байгуулах, түүнд явагдах үйл ажиллагааны зорилго, арга зүй, тэр бүү хэл алга болсон хүүхдүүдээ эрж сурагласан эцэг эхчүүдэдийн уур хилэнг намжаахын тулд хэлэх үгийг нь хүртэл зааж өгсөн байсан юм. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдээ сураглаж ирэх юм бол “Засгийн газраас байгуулсан тусгай сургуульд байгаа” гэж хэлнэ. “Тэр сургуульд хамрагдахгүй л бол шашны хэт даврах үзлийн аюулыг хэзээ ч ойлгохгүй” гэж ухуулах, тэгээд ч ойлгохгүй бол хүүхдийг сургуулиас чөлөөлөх эсэхэд эцэг, эхийн зан байдал чухал үүрэгтэй гэдгийг ойлгуулах гэх мэтээр зааварчилсан байсан нь ил болж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хаха
хаха
2022-09-02 11:07

ЭНЭ Ч ЯЛТ ХЭРЭГ Л ДЭЭ ИЙМ УЧРААС Л КОММУНИСТУУДЫГ БҮГДИЙГ ЦААШ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГАА ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button