Пакистанчууд хамгийн том нуурынхаа халилтыг зогсоохоор тэмцэж байна

Пакистандаа хамгийн томд тооцогддог Манчар нуурын ус эргээсээ хальж, орчин тойрныхоо нам дор газар руу урсан усанд автуулж байна.
Үүний улмаас нуурын орчин тойронд байдаг хот тосгод усанд автаж, тэдгээр тосгодод амьдардаг 100 000 гаруй иргэд орон гэрээ орхин дүрвэжээ. Эрх баригчид нуурын халилтыг зогсоохоор олон арга хэрэглэсэн ч амжилтад хүрээгүй аж. Нуур оршдог Синд мужийн эрх баригчид усны түвшинг доошлуулж чадаагүйгээ өчигдөр өгсөн мэдээлэлдээ дурджээ.

Эрх баригчид нуурын усны халилтыг зогсоохоор хүч зарж тэмцсэн нь Синд мужийн эдийн засгийн ач холбогдолтой шууд хамааралтай аж. Нуурын эргэн тойронд тариалангийн талбай олонтой, Пакистаны хүнсний үйлдвэрлэлийн бараг тал хувийг нь энэ муж дангаараа гаргадаг юм байна. Хэрвээ нуурын ус үргэлжлэн хальсаар, эргэн тойрны 400 гаруй тосгоны газар тариаланг сүйрүүлбэл үерийн гамшгийг залгаад эдийн засаг, хүмүүнлэгийн хямрал нэрвэх нь тодорхой гэнэ.

Тус улсын Гамшигтай тэмцэх үндэсний агентлагийн мэдээлснээр, энэ зуны үерийн гамшиг 33 сая хүнд нөлөөлж, 10 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулаад байна. 1314 хүн амиа алдсаны 458 нь хүүхэд байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.