ЭДИЙН ЗАСАГ

Дотоодын тоглогчид голлосон “Коал Монголиа 2022”

Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулж буй “Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын Олон Улсын чуулга уулзалт, үзэсгэлэн “Шангри Ла” зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арав дахь удаагаа болж буй энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсад уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй юм.

АНХААРАЛ ТАТАЖ, ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ИЛТГЭЛҮҮД

Чуулган үзэсгэлэн, хуралдаан илтгэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг уламжлалтай. Энэ жил албан ёсны үйл ажиллагаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг сонсгож, Уул Уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээлтийн үг хэлснээр эхэлж, эхний илтгэлийг Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Монголын нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба боломжууд” сэдвээр эхний илтгэлийг тавьсан юм.

“Коал Монголиа”-д манай уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын хамгийн чухал, чадварлаг мэргэжилтэн, удирдагчид, гадны хөрөнгө оруулагч, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцож, хамгийн тулгамдсан сэдвийг хөнддөг гэдгээрээ маш их өгөөжтэй илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөдөг уламжлалтай. Энэ удаад ч салбарын тулгамдсан асуудлууд, шинэ боломж, хууль эрх зүйн орчин гээд чиглэл чиглэлээр сонирхолтой илтгэлүүд тавигдсан. Илтгэлүүдээс харж байхад манай нүүрсний салбар нэг шат ахиж, олборлолтоос боловсруулалт руу хийх шилжилт эргэлт буцалтгүй болсон нь мэдрэгдэж байв.

Үдээс өмнө тавигдсан илтгэлүүд бүгд сайн байснаас Ерөнхий сайдын илгээлт, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн Хөрөнгө оруулалт ба хууль эрх зүйн орчин, Монгол дахь Австралийн Худалдааны Танхимын ТУЗ-ийн дарга Жулиен ЛауренсынАвстрали, Монгол хоёр улсын нүүрсний экспортын бизнесийн харьцуулалт” сэдэвт илтгэл сонирхолтой болсон.

Цар тахал гадаад харилцаанд бага зардлаар ихийг амжуулах давуу тал авчирсан билээ. Энэ давуу тал Монголд ч нэвтэрчээ. Гаднын олон чухал хөрөнгө оруулагч, түшүүд чуулганд цахимаар оролцсон нь "Коал Монголиа 2022"-ын нэг онцлог байв.

МОНГОЛ КОМПАНИУД ШИНЭ ШАТАНД ГАРАХААР ТЭМЦЭЖ БАЙНА

“Коал Монголиа”-гийн хамгийн сонирхолтой хэсэг нь үзэсгэлэнгийн хэсэг. Энд ороод гарахад уул уурхай, нүүрсний салбарын хөгжлийн талаар төсөөлөл авч болдог. Энэ жилийн тухайд, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын олон ААН оролцсоны ихэнх нь дотоодынх байсан нь анхаарал татлаа. Нүүрсний хайгуул олборлолт, судалгаа шинжилгээ, боловсруулалт, ханган нийлүүлэлт гээд бүх л талбарт дотоодын компаниуд хүчтэй орж ирж, гадныхныг чадлаараа “шахаж” байгааг олж мэдлээ.

“Дисковери Монголиа”, “Коал Монголиа” анх зохион байгуулагдаж эхлэхэд илтгэлүүд нь гадны хөрөнгө оруулагчдад найр тавих, боломж олгохыг шаардсан, хүссэн, үзэсгэлэнд оролцогчдын дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай, дистрибьютор компаниуд байсан бол энэ удаад тавигдсан илтгэлүүд нь технологи нутагшуулах, хууль эрхзүйн орчныг сайжруулах, Засгийн газраас барьж буй ганц нэг алдаатай бодлого, хуулийн гажиг согогийг засах, үзэсгэлэнд оролцогч компаниуд нь дотоодынх болсон байна. Импортоор үйл ажиллагаа эхлүүлж байсан компани явцын дунд үйлдвэрлэгч болж бойжсон байна. Чиглэл чиглэлд дотоодын үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч компаниуд бий болж, улам хөгжиж дэвшхийг хичээж буйг харах сайхан байв.

Тэдгээр компаниудын заримтай нь уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссоноо уншигчидтайгаа хуваалцья.

Ц.Амартүвшин: Боловсруулах салбарын боловсон хүчин бэлтгэх шаардлагатай

/”ТРҮ ТИ АР СИ” ХХК-ийн Эрдэс боловрсуулалт, судалгааны лабораторийн менежер/  

Манай компани нүүрсний туршилт судалгаа, үйлдвэрийн хяналт сорьцлолт, ТЭЗҮ тооцоо, тоног төхөөрөмжийн сонголт чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа нүүрс баяжуулалт, гүн боловсруулах үйлдвэрийн технологи тал дээр илүү түлхүү ажилладаг. “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний технологийн судалгааг хийсэн. Баяжуулах үйлдвэрүүдийн техник технологийн сонголтыг хийж өгдөг. Тухайлбал, “МАК” компанийн нүүрс хүйтэн баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт, тоног төхөөрөмжийн сонголтыг хийж өгсөн. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын хоёр ч үйлдвэр дээр очиж ажилласан.”Коал Монголиа” чуулганд хоёр дахь удаагаа оролцож байна. Өөрсдийгөө таниулах, хамтрагчдынхаа хүрээг тэлэх зорилгоор оролцдог. Яг зорилтот бүлгийнхэн ирдэг болохоор үр дүнтэй байдаг. Нүүрсний компаниуд боловсруулалт тал дээр илүүтэй анхаарч байгаа нь мэдрэгдэж байгаа. Ялангуяа гүн боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох тал дээр туршилт судалгааны ажлуудын эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс энэ тал дээр боловсон хүчин, мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх шаардлага байгаа юм болов уу гэж харж байгаа.

Б.Анударь: Монголд үйлдвэрлэсэн агаар шүүгчээ “Оюутолгой” зэрэг томоохон ААН-үүдэд нийлүүлж байна

/“Альфа фильтр” компанийн Борлуулатын менежер/  

Манай компани уул уурхайн салбарт ашиглагдаж буй машин техникийн агаар шүүгчийг 2013 оноос Монголдоо үйлдвэрлэж байна. Гаднын хөрөнгө оруулалт байхгүй цэвэр дотоодын компани. Үүсгэн байгуулагч маань ОХУ-д техникийн боловсрол эзэмшсэн. ОХУ_ Герман, Солонгос зэрэг олон улсын технологийг судалж, давуу талуудыг нь шингээсэн шинэ технолги боловсруулаад тэр технологио үйлдвэртээ нэвтрүүлсэн. Олон улсын ISO 5011 чанарын стандартыг хангасан чанартай бүтээгдэхүүн гаргадаг.

Өнгөрсөн хугацаанд Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй компанитай хамтарч ажиллажээ. Эдгээрийн 280 орчим нь байнгын эргэх холбоотой, түншүүд болсон байна. 2022 онд “Оюутолгой” ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Сая цар тахлаас үүдэлтэй хил гаалийн хязгаарлалт манай компанийн, ер нь дотоодын үйлдвэрлэгч компаниудын давуу талыг харуулсан гэж бодож байна. Дотооддоо үйлдвэрлэдэг болохоор хил гаалиас хамааралгүй, нийлүүлэлтийн хувьд найдвартай нь бидний давуу тал. Үнэ ханш ч хямдхан. Хил гааль дээр татварыг жингээр биш, м3 гээд эзэлхүүнээр нь тооцож авдаг болохоор импортын агаар шүүгчээс яаж ч бодсон хямд тусна.

Өмнө нь агаар шүүгч Монголд үйлдвэрлэдэг гэхээр хүмүүс мэддэггүй байсан. Одоо бол салбартаа танигдсан. Гэсэн ч бизнесийн байгууллага учраас харилцагчдынхаа тоог нэмэх, илүү танигдах зорилгоор “Коал Монголиа 2022” чуулга уулзалт үзэсгэлэнд оролцож байна.  

Ш.Бурмаа: Импортоор оруулж ирдэг байсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болсон

/“Евро Ази сервис” компанийн эрсдэлийн үнэлгээний мэргэжилтэн/

Манай компани Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Галын сарай, гал унтраагуур, замын тэмдэг тэмдэглэгээ, галын хор, хөдөлмөр хамгааллын хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл дотооддоо үйлдвэрлэнэ. Мөн гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээ, гэрээт харуул хамгаалалт, хяналтын камер, галын дохиолол суурилуулалт, хяналт, засварын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. 2002 оноос Евро стандартын галын хор, хамгаалах хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас импортоор оруулж ирж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж байсан. Гадаад худалдаагаар дагнаж байгаад сүүлд дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй юм байна гэж үзээд үйлдвэрлэл рүү орсон. 2002 оноос хувцас хэрэгсэл, 2018 оноос тэмдэг тэмдэглэгээ, 2020 оноос галын хор дотооддоо үйлдвэрлэж байна. Гадаад худалдаа импорт хийдэг байх үедээ Монгол гэр, гэрийн бүрээс, эдлэл хэрэглэл, тавилгыг Европ руу гаргах ажлыг ч давхар хийсэн. Үйлдвэртээ өрх төлгойлсон эхчүүд, нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг ажиллуулдаг. “Коал Монголиа”-д хоёр дахиа оролцож байна. Хүн нэг бүрийн болооод орчны, техник тоног төхөөрөмжийн хамгаалах хэрэгсэл, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх гээд аюулгүй байдлын чиглэлээр дагнаж орж байгаа нь бидний давуу тал. Гамшгийн эрсдэл нь өмнө нь ямар ч зохицуулалтгүй явж байгаад 2020 онд эрхзүйн орчин бүрдсэнээр энэ чиглэлд идэвхтэй ажиллах боломжтой болоод байна.

Ц.Алтанцэцэг: Дотоддоо өндөр чанартай N-95 маск үйлдвэрлэж байна

/"Соёмбот оргил" компанийн Маркетингийн албаны менежер/

Манай компани дотооддоо үйлдвэрлэсэн өндөр чанартай N-95 маскаар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ААН-үүдийг хангах зорилготой ажилладаг. 2016 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн. Багануур ХК, Эрдэнэт УБҮ зэрэг томоохон ААН-үүдтэй хамтарч ажилладаг. Өдөртөө 6000 маск үйлдвэрлэх хүчин чадалтай. Олон улсад EN 149 2018, дотооддоо 5620 2006, 6654 2017 гэсэн стандартуудыг хангаж ажилладаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн тоос, тоосонцрыг 95 хувь хүртэл шүүнэ. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн, нэг ширхэг нь 2387 төгрөгөөр үйлдвэрээс гардаг. Олон байгууллагтай хамтрахын тулд үнийн тал дээр хямд байлгах бодлого барьж байна. “Коал Монголиа 2022” чуулганд энэ зорилгоороо оролцсон. Манай улсын дотоодын хэрэгцээнд жилд 6 000 000 маск хэрэгтэй гэсэн тооцоо бий. Уул уурхай, хүнд үйлдвэр гэлтгүй хот тохижуулахынхан ч зориулалтын маскаар хангагдах ёстой. Үйлдвэрээ өргөжүүлэхийн тулд ЖДҮДС-д материал бүрдүүлж өгсөн байгаа.            

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button