Нийгмийн

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.


Б.Батгэрэл: Багш нарын ёс зүй уурхайн ажилчдынхаас доогуур үнэлэгдсэн

-“Монголын хүний нөөцийн аудиторуудын холбоо” хэд, хэдэн салбаруудад хөдөлмөрийн ёс зүйн үнэлгээ хийсэн гэж сонслоо. Үр дүн нь сонин байна, эндээс ярилцлагаа эхэлье.

-Хүний нөөц гэдэг бол зөвхөн албан байгууллагын ажилчдыг хэлдэг биш, “Human Capital” буюу хүн баялаг хэмээх өргөн ойлголтын хүрээнд яригддаг зүйл юм. Өнөөдөр Монгол улсын төрийн гурван өндөрлөг ч Монгол улсын хүний нөөц, биднийг ярилцаж байх хооронд шинээр төрж байгаа хүүхдүүд ч Монгол улсын хүний нөөц баялаг юм. Энэ утгаараа тухайн хүн нас, хүйс үл хамааран хөдөлмөрийн харилцаанд өөрийгөө зөв таниж олоод хүссэн мэргэжлээрээ тууштай, сэтгэл хангалуун  ажиллах нь амжилт авчирдаг.

...

Дээрх стандартын дагуу хийгдсэн судалгааны хариу нь 1-100 онооны хооронд дүгнэгддэг. Одоогоор Монголд хийгдсэн үнэлгээ дөнгөж эхэлж байгаа учраас энэ салбар нь илүү эсвэл тэр салбар ёс зүйн доголдолтой байна гэж ярих нь арай эрт юм. Үнэлгээ хийсэн бүх салбарын хүрээнд, нийтээрээ 100 байхаас 38 онооноос дээш гараагүй байна. 

Үүнээс харахад Монгол улс маань хүн бүр өдөр болгон бухимдан ярьдагчлан ёс суртахууны хоосролд орж, хүндээр өвчилсөн нь тодорхой байгаа юм. Үнэлгээ бол оношилгоо юм. Монголын нийгэм, хүмүүсийн ёс суртахуун ханиад туссан уу, хавдар туссан уу гэдгээ эхлээд оношлон тодорхойлох нь юу юунаас илүү чухал. Яагаад бид ийм юм бэ гэж дор дорноо бухимдан суух бус ямар асуудал тулгараад байгаагаа эхэлж зоригтой оношлон тогтоогоод түүнд таарсан гарц гаргалгааг буюу эмчилгээг  хамтдаа эрэлхийлэх нь Та бидний хийх ёстой зүйл.


Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: 11-р ангийн Монгол бичгийн номыг “дуржигнатал” уншдаг наймхан настай З.Мөнх-Эрдэнэ

Өдгөө цагт алдагдаад буй үндэсний бахархал, Монголын ард түмний оюуны соёлын давтагдашгүй үнэт өв болох монгол бичгийг наймхан настай балчир хүү уншиж, басхүү гайхалтай уран бичиж сурчээ. Бидний энэ удаагийн сурвалжилгын гол зочин З.Мөнх-Эрдэнэ наймхан настай. Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 3а ангид суралцдаг. Босоо монгол бичгийг зургадугаар ангиас, бийрэн бичлэгийг 11-р ангиас эхэлж заадаг хэдий ч, 11-р ангийн Монгол бичгийн номыг түгдэрч гацалгүй “дуржигнатал” уншиж, бийрэн бичлэгээр уран бичиж сурчээ.

-ЭМЭЭ НЬ САНАЛ ТАВЬСНЫ ДАГУУ ЗУРГААН НАСТАЙГААСАА МОНГОЛ БИЧИГ ЗААЛГАЖ ЭХЭЛСЭН БАЙНА-

Сурвалжлагын гол зочин авъяаслаг бяцхан З.Мөнх-Эрдэнэ хүүтэй уулзахаар нийслэлийн 67 дугаар сургуулийг зорьж очиход хүүхдийн инээд хөөр бялхсан эрдмийн их өргөө биднийг угтлаа. Бид бага ангийн сурагчид хичээлдээ орохоор сургуулийнхаа гадаа жагсаж байгаатай таарсан юм. Харин дотогш ороход З.Мөнх-Эрдэнэ хүү товлосон цагаа хүлээгээд бийр бэхээ хэдийн бэлдчихсэн сууж байв.  


Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Хавдартай иргэдэд зориулсан төсвөө ТЭГЛЭЖ, Ж.Чинбүрэн эмчээр гуйлга гуйлгагчид ичиг ичиг

ХСҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Чинбүрэн эмчийг сонгогдоход “Хагалгаа хийхдээ л алтан гартай хүн. Менежер сайн хийх нь юу л бол” гэцгээж байв. Гэвч тэр мэргэжилдээ хайртай, чин сэтгэлтэйгээр зүтгэвэл сайн менежерийн түвшинд ажиллаж чаддагийг харуулсан билээ. ХСҮТ өнөөдөр нарийхан коридор, дугаарласан олон өвчтөн, эмч нарын түжигнэсэн амьсгал дунд айл шиг айл, байгууллага шиг байгууллага яваа.

Болоо ч үгүй, тэд ХСҮТ-ийн гол эмчилгээний хэсгүүдээ 10 мянган м.кв бүхий шинэ байранд нүүлгэн шилжүүлж, ороо 120-оор нэмэгдүүлэн, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн байрыг түрээсээр ашиглах шинэ шийдэлд шилжихээр ажиллаж буй. Тэр нь, “Энэрмед” ХХК-ийн хавдрын өвчтэй иргэдэд зориулан барьсан шинэ эмнэлэг билээ.


Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Б.Буман-Учрал: Үе үеийн хөлбөмбөгчдийн амжилтыг үнэлж, тэднийг төлөөлүүлэн надад Гавьяат цол олгосон юм шүү

Монголын хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч, мэргэн бууч хэн бэ гэж спортын хорхойтнуудаас асуувал цөөнгүй нь Болдын БуманУчралыг онцлох нь лавтай. Үндэсний шигшээ багт 12 жил (1993-2005 онд) зүтгэхдээ 2000-2001 онд багийн ахлагч байсан тэрбээр ДАШТ, Азийн АШТ, Зүүн Азийн АШТий урьдчилсан шатны тоглолт, Азийн наадам, Зүүн Азийн наадамд оролцсон манай шилдгүүдийн нэг яах аргагүй мөн. Тэгэхдээ албан ёсны 27 тоглолтод өрсөлдөхдөө ес, албан ёсны бус 48 тоглолтод хүч сорихдоо 17 гоол оруулж, Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд бүх цаг үеийн мэргэн буучаар тодорсон гавьяатан. Үүний сацуу Үндэсний лигт тав, УАШТд хоёр, Монголын бүх ард түмний спартикиад, МХБХны цомын тэмцээнд тус бүр нэг удаа түрүүлж, аваргын цом өргөж явсан авьяастан. Өдгөө ч хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө зүтгэн, залгамж халаагаа бэлтгэж яваа Б.БуманУчрал энэ жил улсын наадмын өмнө Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан юм. Монголын хөлбөмбөгийн спортоос мэндэлсэн хоёр дахь (түүнээс мөн Л.Сандагдорж гавьяат дасгалжуулагч болсон), тамирчдаас анхны Гавьяат цолтон түүнтэй ярилцлаа.

Та эхээс гурвуулаа, бүгд эрэгтэй юм билээ. Дэрсхэн өссөн ах дүү хоёртойгоо хөлбөмбөг тоглон, эл спортод хорхойсож, амьдралаа холбосон бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье.

-Хөлбөмбөгийн спортод хорхойсон, тоглож өссөн бага нас минь үйлдвэр комбинаттай салшгүй холбоотой. Би бусад хүүхдийн адил хөлбөмбөг тоглож, дэгдэж өссөн. Тоглох талбай тэр бүр олдох нь ховор. Нийслэлийн 15, 18 дугаар сургуулийн гаднах талбайд ихэвчлэн тоглоно. Тавдугаар ангид сурч байхдаа нэг удаа хөдөө явав. Буцаад ирэх нь ээ манай ангийн хүүхдүүд “Хөдөлмөр” нийгэмлэгийн дугуйланд бүртгүүлчихэж. Бүртгэл нь дуусан, ганцаараа үлдсэндээ зөндөө харамссан. Аавд хэлсэн чинь ашгүй намайг “Хөдөлмөр” нийгэмлэгт дагуулж очин Түмэндэмбэрэл багшаас гуйж байгаад бүртгүүлсэн юм. Гудамжинд л шуугиулж явсан би тэгж хөлбөмбөгийн техник, сууриа заалгаж байлаа. Бөмбөг хэрхэн эзэмших, тогтоохоос авхуулаад бүхнийг багшаараа заалгасан. Тухайн үед бөмбөг нүдний гэм. Олон байрнуудын дунд ганцхан бөмбөг байх нь энүүхэнд. Тэгэхэд “Хөдөлмөр” нийгэмлэгт олон бөмбөг байсан нь их гоё санагдаж билээ.


Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ж.Мөнхбат “Түүх мартахгүй” кинонд 1.3 тэрбумыг төрөөс авч, У.Хүрэлсүх ТӨХК-уудаас 1 тэрбумыг НЭМЖ ӨГҮҮЛСЭН үү

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Хүмүүн фильм” НҮТББ-тай хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээж буй.

Монгол Улсын 21 аймаг, ОХУ-ын нутаг  дэвсгэрт зураг авалт нь явагдаж, 1700 орчим хүнийг хамарсан уг бүтээл хоёр ангитайгаар бүтээгдэх юм. Кино зохиолч, продюссероор нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа юм.

Сонирхолтой нь, 2011 онд үүсэн байгуулагдсан түүхтэй “Хүмүүн Фильм” НҮТББ-ын хувьцаа эзэмшигчид дунд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын  төрсөн дүү Ж.Батсуурь багтдаг юм байна. Уг уран бүтээлийн нэгдэл өмнө нь “Долоон бурхан харвадаггүй” тэргүүтэй хоёр ч кино бүтээл дээр Ж.Мөнхбаттай хамтран ажилласан аж.


Тайлбар: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын төрсөн дүү Ж.Батсуурийн "Хүмүүн Фильм" НҮТББ-д хамаардаг байдал

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Тэтгэврийн мөнгийг нь сар бүр авч, зодож танхайрдаг хүүгээ “буруугүй” гэж мэдүүлжээ

Тэртээ хол тэнгэрийн орноо бурхан болж мөнхөрсөн ижий аав хоёроо зүүдэнд минь ч болтугай зүүдлүүлж өгөхийг гуйсан дуу хүртэл байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засаг нийгмийн ёс суртахууны доройтол дээд цэгтээ хүрч байгаагийн илрэл нь төрсөн ээж, аавыгаа зодож гэр бүлийн хүчихийлэл үйлддэг этгээдүүд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Мөн архидан согтуурах үзэгдэл хавтгайрснаас үүдэн олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаагийн хамгийн түгээмэл нь гэр бүлийн хүчирхийлэл аж.

Өөрийн төрүүлж өсгөсөн ээжийнхээ тэтгэврийг сар бүр банкны үүдэнд зогсож байгаад авч яваад архидан согтуурдаг төдийгүй ээжийгээ уураа хүрэхээрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 52 настай Н-ийг саатуулжээ.

Учир нь Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн алба хаагчдад иргэнээс “Манай байрны … тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байх шиг байна хэмээх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Цагдаагийн алба хаагчдын шалгалтаар тус тоотод оршин суух иргэн 83 настай Г нь  төрсөн хүү 52 настай Н-тэй хамт хоёулаа амьдардаг. Хүү болох 52 настай Н нь архинд донтох өвчний 3-р зэрэгтэй гэдэг нь эмнэлэгийн байгууллагаар тогтоогдсон бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагаас гурван удаагийн архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан этгээд өөрийн төрсөн ээж болох 83 настай Г-г байнгын зоддог болох нь тогтоогджээ.


Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


“Чингис хаан” үзэсгэлэнг 10 жилийн турш, дэлхий тойрон гаргаж яваа Н.Ганхуягтай ярилцлаа

2006 онд санаачлан, 2009 онд ажил хэрэг болгон дэлхий тойрон Эзэн богд Чингис хаан болон алтан ургийнхны алдар сууг сурталчлан таниулахаар эх орноосоо гарсан уран бүтээлч Н.Ганхуягтай (Gankhuyag Natsag) ярилцлаа. Тэрбээр Чингис хаан үзэсгэлэнг анх Монголын зургаан музейн ховор, сонин үзмэрүүдээр баяжуулан гаргаж байсан бол гурван жилийн дараачаас гадны улс орнуудад буй XIII зуун, Чингис хааны үеийн олдвор, үзмэрүүдийг цуглуулан өдгөө хүртэл үзэсгэлэнгээ гаргасаар явна.

Дараагийн үзэсгэлэн 2019 оны энэ сарын 24-нд АНУ-ын Миссури мужийн Кансас хот дахь Union Stadion-д 10 дахь жилээ нээгдэх гэж буй тул бид түүний зохион байгуулж буй үзэсгэлэн болоод өөрийн бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Та нэгэн үес “Чингис хаан” явуулын үзэсгэлэнг Монгол улсын үнэт, ховор үзмэрүүдийг татан авч зохион байгуулж байсан. Уг үзэсгэлэнг хэрхэн эхлүүлж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-АНУ-ын иргэн Дон Лессем гэж Монголд их элэгтэй, ирж очдог хүн бий. Монголын түүх соёлыг судалж, Чингис хааны талаар томоохон үзэсгэлэн гаргаж, дэлхийг тойрч явахсан гэж мөрөөддөг байж. Би тэр хүнтэй 2006 онд Вашингтон ДиСи дэх Смитсоны институтэд анх уулзалдаж санаа бодлоо ярилцсан. Миний зүгээс Монгол талаасаа чадах бүхнээрээ дэмжиж туслая гээд бид гурван жил бэлтгэл хийж, бичиг баримт хөөцөлдсөөр 2009 оноос эхлэн уг үзэсгэлэн маань хэрэгжиж эхэлсэн.


Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Т.Номин-Эрдэнэ: Ээждээ Азийн АШТ-ий алтан медальтай ирсэн нь хамгийн том бэлэг юм даа

 Гэрэл зургийг: С.Боргил

Боксын спортын хорхойтнууд Төгсжаргалын Номин-Эрдэнийг ер андахгүй. 16 настай тэрбээр өөрийн насныхаа ангилалд Монголдоо босоо яваа аварга, аль хэдийнэ олонд танигдсан боксчин. Өсвөр үеийн УАШТ, “Олимпийн гараа” тэмцээний хошой аварга, шилдэг тамирчнаар хоёр удаа шалгарсан Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт АНЭУ-д болсон өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгэхдээ тус тэмцээнд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүхийн шинэ хуудас нээсэн юм.

“Сэтгэмж” цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч, боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй Т.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.

-Юуны өмнө өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин болсонд тань баяр хүргэе. АНЭУ-аас өчигдөр (уржигдар) ирсэн гэж дуулсан. Гэртээ сайхан амарч байгаа болов уу гэж бодож байлаа.

-Баярлалаа. Азийн өсвөр үеийн АШТ-д түрүүлсэн улсынхаа анхны эмэгтэй боксчин болсондоо баяртай байна. Энд (Хан-Уул дүүргийн спорт хороо) болж буй Ардын багш Д.Банди агсны нэрэмжит “Олимпийн гараа” тэмцээнд Ж.Еркин багшийн шавь нар оролцож байгаа. Багшдаа туслан, шавь нарынх нь бэлтгэлийг хангалцаад сууж байна.


Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Хөрөнгө нь огцом өссөн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай танилц

“Бид уучлахгүй  хөдөлгөөнийхөн гэнэт хөрөнгөжсөн гишүүнийг шалгуулахаар УИХ-ын гишүүн Ёс зүйн дэд хороонд хандсан. Тодруулбал, тус хөдөлгөөнийхний зүгээс М.Оюунчимэг, Лу.Болд, Ж.Мөнхбат нарын гурван гишүүний хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн гэж үзсэн. Улмаар Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшлоод байгаа юм.

Үүнтэй холбогдуулан бид гэнэт хөрөнгөжсөн төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайд нар хэн бэ гэх мэдээллийг онцлон хүргэж байна. Өнөөдөр 12 яаманд 12 дэд сайд ажиллаж буй. Дэд сайд нарын сарын дундаж цалин 970 мянган төгрөг, жилийн нийт зардал 300 орчим сая төгрөг байдаг тул “Дэд сайд шиг хэрэггүй юм төрд алга” гэх шүүмжлэл хэдэн жилийн өмнө олон нийт хэлж байв. Гэтэл өнөөдөр 12 яаманд 12 дэд сайд байна. Тэдний хамгийн өндөр орлоготой нь буюу өөрийнх нь жилийн орлого 468 саяар хэмжигдэж байгаа жишээг эндээс харж болно.

ДЭД САЙДЫН ОРЛОГО ХАГАС ТЭРБУМД ХҮРЧ, ХӨЛЖЖЭЭ

Дэд сайдуудаас Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга хөрөнгө орлогоороо дээгүүрт бичигдэж байна. Түүний жилийн орлого 468 сая төгрөг. Дэд сайд болохоос өмнө жилийн 96 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр дэд сайд болуутаа орлогоо хэд дахин нэмэгдүүлж чадсан байгаа юм. Дэд сайдын гэр бүлийн гишүүн нь жилийн 88 сая төгрөгийн орлоготой. Тэднийх нэг амины орон сууц хоёр нийтийн орон сууцтай. Эдгээрийн үнэлгээ 760 сая төгрөг. Мөн Т.Гантулга дэд сайд Mercedes Benz ML350 маркийн 60 сая төгрөгийн үнэлгээтэй нэг машинтай.


Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Нью-Йоркын Рубины урлагийн музейд дадлагажигчаар ажиллах гэж буй куратор П.Мягмарцэрэнтэй ярилцлаа

 Гэрэл зургийг: А.Мандуул

Ванжил урлагийн институтын туслах куратор Пүрэвийн Мягмарцэрэнтэй (Жина) ярилцлаа.

-Рубины урлагийн музейд дадлага хийх /internship/ алтан боломжийг хэрхэн олж авав?

-Би тун удахгүй АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг Рубины урлагийн музейд дөрвөн сарын хугацаатай интерншип хийх гэж байна. Интерншип гэдэг нь дадлагажина гэсэн үг. Энэ боломжийг атгаж авахад мэдээж олон хүний туслалцаа байсан. Тухайлбал, материалаа өгөхөд, материалаа бүрдүүлэх тал дээр надаас илүү дэвшилттэй яваа, туршлагажсан, чадвартай хүмүүс зөвлөгөө өгсөн. Нөгөөтэйгүүр, найз нөхөд минь чадна гэдэг урам зориг өгч, хамт ажилладаг хүмүүс маань ч итгэл найдвар өгсний үндсэн дээр материалаа өгсөн. Үүнээс хойш гурван шат дамжиж байж есдүгээр сард тэнцсэн гэдэг хариугаа авсан. Энэ хөтөлбөрийг Монгол судлалын Америк төв анх зургаадугаар сард зарлаж, хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүс материалаа өгч эхэлсэн байдаг. Ингээд наймдугаар сарын 04-ний өдөр материалаа авч дуусаад, тухайн сарынхаа дундуур ярилцлаганд дуудсан. Хоёр ч ярилцлагад орсон нь Монгол судлалын Америк төв, нөгөө нь Рубины музейтэй видео ярилцлага хийж, есдүгээр сард музейгээс тэнцсэн гэсэн хариугаа аваад, удахгүй явахаар болоод байна.


Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Н.Батсайхан: Баавгайг АМЬ НАСАНД ХАЛДААГҮЙ байхад нь отооноос буудсан бол хомроголон устгасантай адил

Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд хүний суурьшил газар луу зэрлэг баавгай “дайрсан” бас нэгэн тохиолдол гарсан. Харин энэ удаад нутгийн иргэд мөнөөх баавгайг алс зайнаас отож байгаад буудаж хөнөөв. Буудах зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг өгсөн гэх.

Ер энэ жилийн зун тэнэмэл баавгайтай холбоотой хачин сонин, басхүү гуниг харуусал дагуулсан мэдээ дуулдах болсныг бид мэднэ. Төв аймгийн Цонжинболдог хавьд насанд хүрээгүй бага баавгай үзэгдсэнээс хойш энэ бүхэн эхэлсэн. Харин өнгөрөгч сард Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэртээ унтаж байсан аав хүү хоёрыг тэнэмэл баавгай “идэж”, амь насыг нь хөнөөсөн хэрэг гараад буй. Мөн айлын зэхэж тавьсан торхтой 120 литр айргийг 100 орчим метр зайд авч яваад уусан гэх нь ч бий. Яв явсаар байгалийн зэрлэг амьтныг зүгээр л буудчихаж болдог байдал руу энэ бүхэн аваачив уу? Зэрлэг хийгээд өлсгөлөн амьтан хүний суурьшил нутаг руу зориуд бусаар орж ирсэн асуудалд ухамсарт хүн ямар өнцгөөс хандвал зохих вэ?

Уг асуудлаар МУИС-ийн багш, амьтан судлаач Н.Батсайхантай товч ярилцлаа.


Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


БАРИМТ: ХЗДХ-ийн яамныхан төсвийн 7 сая төгрөгийг ганцхан оройн зоогонд зарцуулжээ

ХЗДХ-ийн яамны ажилчид ганцхан өдрийн оройн зоог идэхэд төсвийн мөнгөнөөс 7 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал, наадмын өмнө буюу өнгөрөгч долдугаар сарын 10-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд ХЗДХ-ийн яамны 35 ажилтан тансаг зэрэглэлийн гэх Shangri-la зочид буудалд оройн зоог барьж өнгөрүүлсэн байна.  Оройн зоог барих гэрээг урьдчилж долдугаар сарын 04-ны өдөр хийж, төсвөөс 7 сая төгрөг гаргуулсан аж.

Ингэхдээ нэг хүний хоолонд 150 мянга буюу нийт 5,2 сая төгрөг, соёмбо архинд 120 мянга, хужирт усанд 350 мянга, ундаанд 100 мянгыг тус тус зарцуулжээ.


Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ч.Доржбат: Малын хулгайгаас урьдчилан сэргийлж, малчдад сайн дурын байцаагчийн үнэмлэх олгож байна

Тв5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ хөдөө” төсөлбөр хөтөлбөр эхлүүлж, цуврал нэвтрүүлгүүдээ цацаж эхэлжээ.

Учир нь хөдөө орон нутагт малын хулгай “байх ёстой” мэт ноёлож, хүлээх хариуцлага нь сул тул хулгайчдын сүлжээ хүртэл бий болж, хулгайн арга зам нь нарийсаж, айл хотлоосоо хүртэл айж ичихгүй хулгай хийх болсон талаар малчид ярьж байна.

Харин сэтгүүлч Ч.Доржбатын эхлүүлсэн уг төсөл нь хулгайлсны дараа яах вэ гэх бус хулгайгаас урьдчилан сэргийлэх, малчдыг эрхзүйн боловсролтой болгох, айл хотлоор нь нэг бүлэг болгож, өөрсдийн малд, газар орондоо эзэн болох боломжийг олгох аж. Энэ хүрээнд Ч.Доржбат хууль хүчний байгууллагатай хамтран малчдад мэдээллийн дэвтэр, сайн дурын байцаагчийн үнэмлэх зэргийг олгож, хэсгийн төлөөлөгчидтэйгөө нягт уялдан ажиллахыг сурталчилан таниулж явна. Тэрбээр одоогоор Монгол улсынхаа хэд хэдэн аймаг, сумдаар явж, малчидтай уулзан, ажил хэргээ эхлүүлж, үр дүнгээ хараад эхэлжээ.     


Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


АСУУДАЛ: Түрээсийн сурах бичгүүд шалаар хөглөрч, сурагчид номгүй нэг улирлыг барлаа

Гэрэл зургийг: А.Мандуул

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавдугаар сарын 14-нд батлагдсан А/302 тоот тушаалаар “Түрээсийн сурах бичиг” гэх шинэ санаачилга энэ хавар биелэлээ олов. Тодруулбал, сурагчдад шаардлагатай бүх хичээлийн сурах бичгийг багцаар нь олгох бөгөөд, нэг жил түрээслэн ашиглаад сургуулийн номын сандаа буцаан хураалгах зарчимтай. Мөн нэг сурах бичгийг дөрвөн жил дамжуулж ашиглаад актлана, жил өнгөрөх тусам ашиглалт, элгэдлийн зардал хасагдаж, түрээсийнх нь үнэ бууна.

Харин түрээсийн сурах бичгийн үнэ аравдугаар сарын 07-нд А/602 тоот тушаалаар батлагдсан байдаг. Үнэ нь аравдугаар сарын эхээр батлагдаж байхад хэвлэлийн компаниудтай хийх гэрээ ч дэндүү хожимдох нь тодорхой. Ингээд дахин нэг хичээлийн жилийн бүтэн улирлыг сурагчид сурах бичгээ хүлээсээр барав.

Бодит байдал ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн нэгэн ЕБС-ийг зорив. Нийт 20400 түрээсийн сурах бичиг ирэх ёстойгоос аравдугаар сарын 22-ны байдлаар 5500-г л хүлээж авчээ. Энэ долоо хоног хичээллээд сурагчдын улирлын амралт эхлэх гэж байхад нийт сурах бичгийн ердөө ¼ хувь ирсэн байгаа нь энэ.


Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ядарсан иргэдийнхээ мөнгийг банк бусаар хүүлэгчид УИХ-ын гишүүн болох нь ёс зүйд нийцэх үү

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 544 Банк бус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагуудын тоо эрчимтэй өсч буй.Тэд арилжааны банкны зээлийн шалгуурт тэнцэхгүй иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх замаар жилд 30-40 хувийн хүүтэй зээлийг олгодог.

Боловсон байдлаар мөнгө хүүлдэг энэ тогтолцоог нийгэм даяараа шүүмжилдэг ч зах зээлийн чөлөөт зарчмаар өсөн нэмэгдсээр байгаа юм. ББСБ-аас авсан зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө хэт доогуур үнэлгээтэйгээр шууд шилждэг өндөр эрсдэлтэй. Бүр зарим тохиолдолд “рекет” нөхдүүд ББСБ-ын зээлийн барьцаалбарыг шилжүүлэх явцад оролцдог гэх бүдүүлэг яриа ч бий.


Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ДЭЛГЭРЭНГҮЙ: Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарт улсын наадамд өвдөг шороодсон бөхчүүд

Баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдан допинг илэрсэн улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын бүх давааг хүчингүйд тооцон, тэдэнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор ШИЙДВЭРЛЭСЭН. Үүний сацуу тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасах санал гаргаснаа Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.

Ингэснээр дөрвөн бөхөд (А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга) цол, хоёр хүчтэнд (улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага О.Хангай) чимэг нөхөж олгохоор болсон.

Энэ жил улсын наадамд Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарт хэн, хэн унасныг уншигч та бүхэнд сонирхуулъя.

Улсын аварга Э.Оюунболдод унасан бөхчүүд:

Нэгийн даваанд-Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар

Хоёрын даваанд-Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн

Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж

Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх

Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа

Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, шинээр улсын начин болсон Б.Цэдэнсодном

Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, шинээр улсын харцага болсон Д.Анар

Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж

Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь

Өмнөх жилүүдэд улсын наадамд шөвгөрсөн бөхөөс допинг илэрч байсан ч түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрч байгаагүй. Э.Оюунболд аваргад доогуур даваанд унасан залуу бөхчүүд улсын цол хүртэх байсныг үгүйсгэх аргагүй. Үүний сацуу дөрвийн даваанд унасан П.Батсүх арсланд ч мөн харамсалтай. Хэрвээ Э.Оюунболдтой барилдаагүй бол улсын цол хүртэх ч байсан юм бил үү.

Нөгөө талаар цол нөхөж олгохоор болсон бөхчүүдэд ч мөн харамсалтай. Дээрх бөхчүүдийн хэн нь ч цолоо ахиулж, түрүүлж, үзүүрлэх магадлалтай байсан шүү дээ. Ялангуяа, Д.Анар, Ц.Содномдорж хоёрын тухайд бүр ч илүү. 2017 оны улсын наадмын түрүү бөх Ц.Содномдорж бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирон, чимэг нэмээд өнгөрөх харамсалтай, чамлалттай байгаа нь лавтай.

Улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон бөхчүүд:

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ЗГ-аар өрийн баталгаа гаргуулсан ХОЁР компани ирэх онд өрөө төлж дуусах ёстой

-МОНГОЛ УЛСЫН НИЙТ ӨРИЙН ХЭМЖЭЭ 29.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР-

2019 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.долларт хүрсэн гэж Монголбанк тооцоолсон. Уг 29.7 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээг хүн амдаа хуваахад нэг монгол бүрд 24.4 сая төгрөгийн өр ногдож байгаа юм.

Тус 29.7 тэрбум ам.долларт, Засгийн газрын, Монголбанкны, хувийн хэвшлүүдийн, арилжааны банкуудын гадаад өр багтаж буй.

Харин Монгол Улсын Засгийн газрын нийт өрийг /гадаад, дотоод/ 22.4 тэрбум төгрөг хэмээн Сангийн яам тэмдэглэсэн. Үүнийг хүн амын тоонд хуваахад нэг хүнд 7 сая төгрөгийн өр ногдож буй. Гэвч Монгол Улсын цэвэр гадаадын өрийн хэмжээ зохистой хэмжээнээс тав дахин их буюу ДНБ-ий 180 хувьтай тэнцэж байгаа талаар холбогдох албаныхан анхааруулсаар байгаа.

Манай улс 2015 онд “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг анх баталснаар олон улсын стандартад нийцүүлж улсын өр гэдэг нэршилд багтдаг байсан бүрэлдэхүүнийг Засгийн газрын өрд багтаахаар хуульчилсан. Засгийн газрын өр дотор Засгийн газрын гадаад, дотоод зээл, орон нутгийн зээл, гэрээгээр санхүүгийн төлбөрийн үүрэг хүлээж байгаа Засгийн газрын гэрээтэй өр төлбөрийг багтаана зэргээр нарийвчлан зааж өгсөн байдаг.

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш нийт 11 зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргасан бөгөөд Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрч буурсан.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ХЭРЭГ: Харанхуйд дайруулж амиа алдсан хохирогчийг цагаан хувцас өмсөөгүй нь буруу гэж үзэн хэргийг хаажээ

Өнгөрсөн есдүгээр сарын 14-ний үүрийн 04:00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Их нарангийн 12 дугаар гудамжинд “Frightliner columbia” маркын … улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан О.Б нь зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас нэг иргэн алтан амиа алдаж, ар гэрт нь нөхөж баршгүй гарз тохиов.

Осол гаргасан иргэн О.Б нь хэргийг үйлдсэн өдрөө хэргийн газрыг орхин зугтааж Сэлэнгэ аймагт явж байх үед цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байж олж баривчилан байдаг. Өнгөрсөн хугацаанд сэжигтний талаас хохирогчийн талд “Приүс 20 маркын автомашин, 25 сая төгрөг, хоёр өрөө байр” зэргийг ээлж дараалан амалж, гомдолгүй хэмээн хэргийг хаах талаар санал тавьж байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Хохирогчийн тал уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд удалгүй хяналтын Прокурор Б.М тогтоолоо гаргаж хэргийг “гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж хаажээ.

Уг тогтоолд:

“Хохирогч буюу Л.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2 Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явалбал зохино”, мөн дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах” гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх тул гэмт хэргийн шинж байхгүй байна” гэжээ.

Одоогоор осол хэргийг үйлдсэн иргэн хохирогчийн талтай уулзаагүй, хохирогчийн оршуулганы зардлыг ч өгөөгүй нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаагийн илрэл гэж хохирогчийн талаас үзэж байгаа аж. Нөгөөтэйгүүр хэргийг хаасан нь үндэслэл нь зам дээр цагаан хувцастай яваагүй тул харанхуй газарт дайрч болно гэх ойлголтыг төрүүлж байна.

Ингэхэд хохирогч талын гэр бүл том оврын автомашинд дайруулсан талийгаачийнхаа толгойгүй биеийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, оршуулсан байдаг.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button