ОРОН НУТАГЯРИЛЦЛАГА

Ч.Доржбат: Малын хулгайгаас урьдчилан сэргийлж, малчдад сайн дурын байцаагчийн үнэмлэх олгож байна

Тв5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ хөдөө” төсөлбөр хөтөлбөр эхлүүлж, цуврал нэвтрүүлгүүдээ цацаж эхэлжээ.

Учир нь хөдөө орон нутагт малын хулгай “байх ёстой” мэт ноёлож, хүлээх хариуцлага нь сул тул хулгайчдын сүлжээ хүртэл бий болж, хулгайн арга зам нь нарийсаж, айл хотлоосоо хүртэл айж ичихгүй хулгай хийх болсон талаар малчид ярьж байна.

Харин сэтгүүлч Ч.Доржбатын эхлүүлсэн уг төсөл нь хулгайлсны дараа яах вэ гэх бус хулгайгаас урьдчилан сэргийлэх, малчдыг эрхзүйн боловсролтой болгох, айл хотлоор нь нэг бүлэг болгож, өөрсдийн малд, газар орондоо эзэн болох боломжийг олгох аж. Энэ хүрээнд Ч.Доржбат хууль хүчний байгууллагатай хамтран малчдад мэдээллийн дэвтэр, сайн дурын байцаагчийн үнэмлэх зэргийг олгож, хэсгийн төлөөлөгчидтэйгөө нягт уялдан ажиллахыг сурталчилан таниулж явна. Тэрбээр одоогоор Монгол улсынхаа хэд хэдэн аймаг, сумдаар явж, малчидтай уулзан, ажил хэргээ эхлүүлж, үр дүнгээ хараад эхэлжээ.     

Сэтгүүлч Ч.Доржбат:

“ШИНЭ ХӨДӨӨ” ТӨСӨЛ БОЛ ХӨДӨӨГ МАЛЫН ХУЛГАЙГҮЙ ШИНЭ ХӨДӨӨ БОЛГОХ ТӨСӨЛ

-Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай төсөл эхлүүлсэн гэлээ. Ямар учиртай төсөл болох, яагаад эхлүүлсэн шалтгаанаа тайлбарлаж яриагаа эхлүүлэх үү?

-Би сэтгүүлч мэргэжил эзэмшээд 7 дахь жилдээ, ТВ5 телевизийн улс төр мэдээллийн албанд 5 дахь жилдээ ажиллаж байна. Нэг хэсэг Монголчууд уул уурхайг шүтэж явснаа одоо эргээд мал аж ахуйгаа ярих боллоо. Монгол улсын үндсэн хуулинд мал төрийн хамгаалалтад байна гэдэг, мал аж ахуй монголчуудыг аврана, мал дагавал ам тосдоно гэх зэрэг үгс ч бий. Сэтгүүлч бүрийн харах өнцөг өөр.  Би өөрөө ч малчин айлын хүүхэд. Тиймээс сэтгүүлчийн хувьд малтай холбоотой контент санаачлаад хийж байна. Сүүлийн хоёр жил би цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахдаа малын хулгайн хэргүүд дээр илүү их төвлөрч ажилласан байдаг. Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, аймаг орон нутгуудын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэсгүүдтэй удаан хамт ажиллаж, тэд ч над руу их ханддаг болов “За, Доржоо тэнд нэг малын хулгай гарлаа, үйлдэл нь их ноцтой юмаа” гэхэд тэр бүрт очиж сэтгүүлчийнхээ хувьд сурвалжилга бэлдэнэ. Энэ хүний хурдан адууг өнөө шөнө ингэж төхөөрөөд аваад явжээ гэх мэтээр сурвалжлагуудаа бэлдсээр л байлаа. Нийгмийн сүлжээнд ч уг мэдээллээ байршуулна. Хүмүүс ч үзээд “пээх, паах, ямар аймар юм бэ” гэнэ. Гэвч үр дүн гарсангүй. Гэтэл нэг өдөр ЭЦА-ны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, Дэд хурандаа Г.Бөхчулуун ах надад санаачлага өгч “Чи малын хулгайн талаар сурвалжилга, мэдээлэл бэлдээд яваад байна. Малчдыг жаахан мэдээлжүүлэх хэрэгтэй байна. Малын хулгай нь малчдын хариуцлагагүй байдал, мэдээлэлгүй байдлаас ч шалтгаалан гарч байна. Хэдий бидний эрх үүрэгт байгаа ч малын хулгайтай тэмцэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш. Тиймээс малчдыг жаахан идэвхжүүлье. Телевизийн нэвтрүүлэг, контент бэлдье” гэсэн. Ингээд өнгөрсөн намраас бид ажилдаа орлоо.

Удалгүй, Төв аймгийн Баяндэлгэрт малын хулгай гардаг юм байна. Айлын хонь бэлчээд явж байхад нь мотоцикльтой хоёр хүн тууж аваачаад хотонд нь төхөөрж байхад нь барьсан байдаг. Үүнийг сурвалжилж очихдоо тухайн сумынхантай танилцаад “Танайд ийм нэг контент бэлдэж, малчдаа идэвхжүүлбэл ямар вэ, малчдыг бүлэг зохион байгуулалтад оруулж, бүлгийн журмыг мөрдөөд явбал ямар вэ” гэсэн. Тэд ч дэмжсэн. “Шинэ хөдөө” төсөл бол хөдөөг малын хулгайгүй шинэ хөдөө болгоё гэсэн л төсөл шүү дээ. Учир нь хөдөөд сүүлтэй болон сүүлгүй гэсэн хоёр хулгайч л бий.

-Малчдын бүлэг үүсгэж малын хулгайгаас сэргийлнэ гэдэг нь ээлжлэн малаа харахыг хэлэх үү? Эсвэл…

-Ойролцоо нутагладаг айлуудыг малчдын бүлэг болгоно. Нэг бүлгийг хоёр сарын хугацаанд бүлгийн дэвтэр номтой болгож, малчдын им тамганы судалгааг айл бүрээс авч, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход малчдын оролцоог нэмэгдүүлэхээр цагдаагийн байгууллагатай хамтран үнэмлэх олголоо. Тодруулбал, нэг уулын жалганд 10-20 айл амьдарч байвал тэр нутгийн эзэд нь тэр л малчид шүү дээ. Тэнд юу болж байгаа бүх л мэдээллийг сумын цагдаагаас илүүтэй тэр малчид л мэдэж байгаа. Тиймээс хуулийн дагуу малчин Батыг бүлгийн албан ёсны гишүүн болгож, бүртгэл дэвтрээр хангана. Дараа нь Сумын цагдаагийн гарын үсэг, Сумын иргэдийн нийтийн хурлын даргын гарын үсэгтэй үнэмлэх олгож байгаа юм. Үнэмлэхтэй малчин ойр хавьд нь ямар нэгэн сэжигтэй хүн амьтан, мал ачсан машин тэрэг өнгөрвөл бүгдийг нь бүртгэж авна, шаардлагатай бол зогсоогоод шалгана, зураг хөргийг нь авна. Хаанаас хаа хүрч яваа, ямар учиртай мал ачиж явааг нь асуух эрхтэй, торгож шийтгэх эрхгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын байцаагчийн үнэмлэх байхгүй юу. Үнэхээр сэжиг бүхий байвал сумын цагдаа руугаа мэдээлнэ. Гэх мэтээр малчдыг эрх зүйн боловсрол олгож, өөрийн нутаг орондоо эзэн нь байх эрхийг бид олгож байгаа юм.

Тэр бүлэгт дарга, нарийн бичиг томилно. Бүлэг болсноор дан ганц малын хулгайтай тэмцэх биш маш олон талын ашигтай. Олон хүн нийлээд ажиллавал цаг хугацаа хэмнэхээс эхлээд ашиг тус их. Залуус нийлээд нэгнийхээ хашаа хороог босгочихдог, хадлан тэжээлээ авчихдаг, мөнгөн хуримтлалаа үүсгээд бие биедээ хүүгүй зээлж, цагаан сараар буцаан авах гээд маш их шинэ санаа ашиг тустай байдаг юм шүү  дээ.

-Уучлаарай, та энэ төслөө төрийн байгууллагаас төсөв хөрөнгийн хувьд дэмжлэг авч явуулж байгаа юу?

-Ямарваа нэг төрийн байгууллагын дэмжлэг авалгүй эхлүүлсэн. Ингээд Баяндэлгэр дээр төслөө хэрэгжүүлж байтал Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ийм ажилд төсөв гаргаж өгдөг гэх мэдээлэл танилаасаа авлаа. Өнгөрсөн өвлийн 12 дугаар сард хийсэн юмаа бариад очтол төслийг маань дэмжиж, энэ жилээс Хууль зүйн яамны тодорхой дэмжлэг авдаг болсон. Ингээд 2019 онд улсын хэмжээнд хамгийн их малын хулгай гардаг таван аймгийн 20 сумд хэрэгжүүлье гэсэн төлөвлөгөөтэй явна. Баруун бүсэд Завхан аймгийн дөрвөн сумын 1700 орчим малчдад хүрч ажиллаад байна. Эхний ээлжинд 9 дүгээр сарын сүүлээр малчид дээрээ очиж ажиллаад баг болгонд, жалга болгонд очиж ажиллан, малчдын бүлэг байгуулаад ирлээ.

Мөн Дорнод, Хэнтий аймгуудад ажиллаад ирлээ. Монгол улсад малын хулгайн гэмт хэргээрээ номер нэг аймаг бол Төв аймаг. Учир нь зах зээлд их ойрхон, Улаанбаатарыг тойрсон байна. Дараа нь Хэнтий, дараа нь Дорнод аймаг ордог. Дорнод аймаг нь 120-130 мянган хүн амтай, зах зээл өргөнтэй аймаг. Мөн хил орчмын бүс нутгуудад байх аймгуудад малын хулгай их гарч байна. Завхан аймгийн хувьд дотооддоо маш их малын хулгайтай, малчид өөрсдөө эрх зүйн мэдлэг маш муу. Төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого чиглэл хязгаар нутгийн малчдад үнэхээр хүрэхгүй байна. Тиймээс энэ жилийн Шинэ хөдөө төслийн гол зорилго бол малчдад эрхзүйн мэдлэг олгох,  мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малчны хөдөлмөрийг хөнгөвчлөх. Үүгээрээ мэдээж бид ашиг олохгүй гэдгийг цохон хэлье.  

ТУСЛАХ МАЛЧДЫН СУДАЛГАА ХИЙЖ, ЯВЖ ӨНГӨРСӨН СЭЖИГТЭЙ МАШИНУУДЫГ МАЛЧИД БҮРТГЭЖ АВСНААР МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРЧ БАЙНА

-Малчид эрхзүйн боловсрол муугаас болж алдаж байна гэж та хэллээ. Тухайлбал, ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?  

-Малын хулгай дээр л тулгуурлан ярья. Малчин Бат адуу малаасаа хулгайд алдаж. Түүнийгээ даруйд нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгддэггүй. Мэдэгдэх ёстой шүү дээ. Адуу нь алга болуут өөрсдөө хайгаад давхичихна. Нэг бол тоохгүй, гүйчихсэн үү яав гэнэ. Ингээд сар гаруй хугацаанд хайж, хүлээж байгаад эцэст нь цагдаад хандана. Гэтэл түүнийг нь хулгай аваад явчихсан бол аль хэдийн эд бадыг нь хийгээд ор мөргүй алга хийчихсэн байна. Хоёрдугаарт, мэдэгдэх ёстойг мэдсээр байж мэдэгддэггүй. “Өө, манай тэр хэсгийн төлөөлөгч олно гэж юу байхав” гэнэ. Гэтэл хуулинд “Тухайн малчин малаа алга болгосон даруйд сум орон нутгийн цагдаа болон хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх ёстой, хэсгийн төлөөлөгч түүнийг бүртгэж аваад тав хоногийн дотор малчинд эргээд ямар нэгэн мэдээлэл өгөх ёстой” гэдэг. Үүнийг малчид мэддэггүй. Мөн малчны хотонд хүний алдуул мал ирлээ гэхэд сум орон нутгийнхаа цагдаа, хэсгийн төлөөлөгчид мэдэгдэхгүй, намайг мэдэгдэхээр цагдаа хэсгийн төлөөлөгч нь байцаагаад цаг авна, ажил болно гэж төвөгшөөдөг. Үүнээс болоод малын хулгайн гэмт хэрэг илрэхгүй байгаа ч тохиол бий. Иргэний үүргийн дагуу хүний алдуул малыг олоод маллаж байсан бол, тухайн малыг эзэнд нь олж өгснийхөө төлөө 10 хувийг нь авч алдарших, шагнагдах тухай цагаан дээр хараар биччихсэн хууль бий. Нөгөөтэйгүүр хүн болгон л амиа боддог болж, би л хэдэн малаа онд оруулаад явж байвал болно гэсэн системээр явбал болохгүй шүү дээ.

-Малчны хотонд очоод хийх гэж буй ажлаа танилцуулаад, малын хулгайн эсрэг ийм ажил эхлүүлнэ гээд ярихад хүнээс буюу малчдаас шалтгаалсан хүндрэлүүд гарч, ажил зогсонги байдалд орох тохиолдол бий юу?  

-Улстөрчид их ярьж байна. Сонгууль дөхчихсөн тул энэ төслийг улс төртэй хутгах гээд байгаа юм. Би уг ажлыг хэн нэгний сурталчилгаа, улс төрийн ажил болгохгүй. Харин үндэсний хөтөлбөр болгох алс хэтийн зорилготой гэдгийг юуны өмнө хэлье.

Орон нутагт очиж ажиллахад малчдын оролцоо ийм ажилд жаахан муудаж. Нөгөө л улстөрчид очоод бөөгнүүлж аваад худлаа ярьдаг, ийм ч төсөл, тийм ч ажил гэж ярьсаар зүрхийг нь авч, итгэх итгэлгүй болгочихсон. “За худлаа даа, бид өмнө зөндөө л олон улсын төслөөр малчдын бүлэг байгуулж байсан, ингэж ч бэлчээрээ хамгаалж байлаа” гээд л ярина. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамт очоод баримтжуулаад зурагтаар гараад явна гэхээр арай өөр хандаж байна. Мэдээж үндэсний хэмжээний төсөл болно гээд очиход сум орон нутаг нь биднийгээ их дэмжинэ. Багийн дарга нар улстөржөөд байхгүй, яг малаа маллаж буй малчин түмэнд зориулсан төсөл юмаа гээд үнэнээ хэлээд очихоор дургүй байхгүй. Бидний хийгээд буй энэ ажил телевизүүдийн контент дундаа анхных. Тэр дундаа нүүдлийн соёл иргэншилтэй бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдад зориулсан анхны бодит ажил юм.

Гэвч зарим баг дээр очоод уулзалтаа хийх болоход ганц ч хүн ирэхгүй тохиол байна. Заримдаа таван хүн ч ирнэ. Тэр бүрт тавыг тав гэлтгүй бүх ажлаа ярьж, хуваалцаад буцна. Тэр таван хүн ойр ойрчмынхоо өөр таван хүнд бас ярина шүү дээ.

Сая би Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багт очсон. Хүмүүс нь маш их идэвхтэй оролцсон. Цагаан-Овоо гэж буриадууд байдаг сумын нэгдүгээр баг, Дорнод аймгийн Булган сумын малчидтай уулзлаа. Бас л маш их идэвхтэй оролцлоо. Учир нь тэнд малын хулгай маш их, малчид дотроосоо хулгайлдаг болж. Тиймээс малчид дотроо ярилцаж, хүн бүр малдаа нүд чих тавьж байж, идэвхтэй байж л малын хулгайг арилгаж байна. Баяндэлгэр сумын Галтай булнай гэдэг хангайн багт маш их малын хулгай гарч, намар болохоор идэвхжинэ. Бат хажуу айлынхаа нөхрийг малаас нь аваад байгааг мэддэг. Гэхдээ баримт байхгүй тул “Чи мал хулгайлаад байна” гэж хэлж чаддаггүй. Ингээд манай төсөл хэрэгжиж тэд гадна, дотноос ирсэн бүх хүмүүсийг бүртгэж, туслах малчдаас судалгаа аваад, регистрийн дугаарыг нь тэмдэглээд л, цагдаатайгаа байнгын холбоотой ажиллаад ирэхээр дотроосоо хулгай хийдэг хүмүүс ямар ч боломжгүй болчихож байгаа юм.

Хулгай гэдэг маш нарийн болсон. Сумаас гаргаж өгдөг нэг хүн, гаргасныг нь цааш хүргэж өгдөг, өгөхөд нь худалдаж авдаг гээд нарийн системтэй болчихсон юм билээ. Ийм үед малчид өөрсдөө бүлэг болчихоор таслан зогсоож чадаж байна.

-Туслах малчдыг бүртгэлжлүүлнэ, судалгаа авна гэдэг нь ямар учиртай юм бэ? Малын хулгай буурахад энэ хамаатай юу?

-Тиймээ. Малын хулгай гардаг шалтгаануудын нэг бол яах аргагүй туслах малчид юм билээ. Хөдөөний чинээлэг малчид намар хичээл эхлэхээр хүүхдээ дагуулаад хот ороод суучихдаг. Зар тавьж байгаад мал дээрээ туслах малчин аваад ирдэг. Огт танихгүй хүн авч ирээд малаа маллуулж байгаа юм. Авч ирсэн туслах малчин малыг нь хариулангаа тэр хавийн нутаг орны хүмүүстэй танилцаж, найзалж нөхөрлөнө. Ганц, хоёр сарын дараа хөлс хүчээ тохирохгүй юм байна гээд эзэдтэйгээ муудаад явчихна. Тэр хүнийг сумын цагдаа ч бүртгэж авдаггүй тул хаанаас ирсэн, хэн гэдэг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх гээд ямар ч мэдээлэл байхгүй. Гэтэл нөхөр эргэж ирээд хулгай хийдэг. Ийм жишээ олон бий шүү дээ. Бүх айлуудыг судалдаг. Батсайханых малаа хаана бэлчээдэг вэ, хэдийд сум явдаг вэ, амралтын өдрөөр яадаг вэ гэж судалгаа хийж байгаад малаас нь олон удаа хулгай хийсэн үйлдлүүд ч бий. Бүлэг болж туслах малчдын судалгааг авч үлдээд, хулгайн гэмт хэрэг гарахад нэг хүнийг сэжиглэж, илрүүлсэн тохиолдол манай Баяндэлгэрт бий.

ХИЙМЭЛ ДАГУУЛААР ХОЛБОГДОЖ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ GPS-ИЙГ АЗАРГА АДУУНД СУУЛГАЖ ЭХЭЛСЭН

-Сумдад хэсгийн төлөөлөгч ихэвчлэн ганц байдгаас бусад томоохон хэргүүдэд анхаарлаа хандуулж, малын хулгайг тоодоггүй байх хандлага байдаг гэж яригддаг. Хүрч ажиллах нөхцөл ямар байдаг бол?

-Тоо баримтаас харахад малын хулгайн гэмт хэрэг байнгын өсөлттэй яваад байгаа. Учир нь илэрдэггүй, илрэхэд их төвөгтэй. Таны хэлсэнчлэн хэсгийн төлөөлөгчийн ачаалал их байхдаа байна. Гэвч сум тосгодын хувьд янз бүр. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хувьд 12-13 мянган хүн амтай тул сум дундын хэсэг ажиллаж байна. Архидан согтуурах, танхайн хэрэг байнга гараад байхгүй тул хэсгийн төлөөлөгчид бусад үед зөвхөн малын хулгай дээр л ажилладаг. Ер нь хэсгийн төлөөлөгчид тийм их өндөр ачаалал байхгүй юм билээ. Нэг суманд нэг цагдаа, нэг хэсгийн төлөөлөгч ажиллаж байгаа.

-Урьдчилан сэргийлснээрээ ямар ач холбогдолтой вэ? Төслөөрөө малын хулгайн тоо баримтыг хэд болгож бууруулна гэх зорилт тавиад байна?

-Малаа хулгайд алдчихаад цагдаатай хамт эрээд явах бус алдахаасаа урьдчилан сэргийлье гэсэн зорилготой. Бүлгийн зохион байгуулалтад орсон малчид сумынхаа цагдаатай байнгын холбоотой байх ёстой. Үүний үр дүн ч зах зухаасаа харагдаж байгаа. Миний хувьд цомхон багтай буюу  хоёр зураглаачтайгаа л явдаг. Малчдад мэдээлэл зөвлөгөө өгөхийн тулд би өөрийгөө ч тодорхой хэмжээнд боловсруулж, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хууль зүйн яаманд сургалтад хамрагдаж, хууль эрхзүйг нь ч уншиж судалсан. Миний хийж яваа ажлыг цагдаа дан ганцаар хийгээд явах боломж байхгүй. Улсын хэмжээнд яваад л хулгай их гардаг баг болгон, сум болгонд очоод малчидтай уулзах явах боломж байхгүй шүү дээ. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч байгаа юм. Манай ТВ5 телевиз 17 дахь жилдээ Монгол улсаа хөгжүүлье уриан дор ажиллаж байна. Энэ бодлогынхоо хүрээнд цагдаагийнхан, сайн санаат хүмүүсийн санаачилга дэмжлэгээр төслөө хэрэгжүүлж буй ч цаашид төрийн бодит бодлого хэрэгтэй байна.

Манай Засгийн томчууд нэг кино бүтээх ажилд төсвөөс 500 сая төгрөг өгсөн тухай сонслоо. Олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг би үгүйсгэхгүй. Гэхдээ яг хөдөөгийн малчид руугаа зарцуулсан мөнгө гэж алга. Сая малчид дээр очтол өлийн цагаан оготно дүүрэн, малчид гасалж байна, намаржаа хаваржааг нь идчихэж. Бид бүлэг болоод ажиллачихлаа, одоо төрөөс хулганы хор авах хэрэгтэй байна, хаана хэнээс авах вэ гэнэ. Ядаж л иймэрхүү юмыг нь малчдад өг л дөө. Зүгээр өг гээгүй шүү дээ, малчид худалдаад авчихаж чадна. Тэр мөнгийг кинонд зарцуулж байхаар малчид руугаа бодит тусламж хүргээсэй гэж боддог. Үнэхээр л нүүдлийн соёлоо хадгалж авч үлдэж байгаа малчиддаа эхлээд хүрч ажиллаад дараа нь тэр киногоо хийгээсэй гэж хувь хүнийхээ хувьд боддог.

-Танай төслөөс харж байхад хөдөө аж ахуйн салбарыг техник технологитой холбох ажлыг ч мөн эхлүүлж байх шиг. Яг ямар инноваци шийдлүүдийг юунд ашиглаж байна? Үүнд тань ямар байгууллага хэрхэн тусалж байгаа вэ?

-Бид төслийнхөө маркетингийг өөрсдөө л хийж байна. “Споттер Монгол” гэж компанийн оруулж ирдэг GPS-ийг авч азарга адуунд суулгаж байна. Уг асуудлаар дэмжлэг хүсэж хэд хэдэн улстөрчтэй уулзсан, хулхидуулсаар сүүлдээ тэднийг гуйхаа ч больсо. Нэг GPS-ийн өртөг 260 мянган төгрөг буюу 100 доллар. Мөн GPS-тэй холбогдох технологийг малчдын гар утсанд суулгаж өгнө. Хиймэл дагуулаар холбогдож мэдээлэл өгдөг тул тухайн адуу сүлжээтэй газар байгаа эсэхээс үл хамааран цаг бүр мэдээлэл ирнэ. Мөн адууг чоно нохой эсвэл хулгай хөөж 5 км.цагаас хурдтай давхих юм бол шууд малчны утсанд анхааруулах мессеж ирдэг. Мөн GPS-ийг суулгаж өгөхдөө нутгийнх нь радиусыг тодорхойлж өгнө. Хэрэв тодорхойлсон бэлчээрээс гарвал малчинд мессеж ирнэ. Бидэнд хөрөнгө санхүү муу л байна. Тиймээс өөрсдөө гаргаад явах боломж хомс. Зардал мөнгөний тухайд, Завхан руу том машинаар яваад ирлээ гэхэд 2000 км байна, 2000 км-т ирж очих бензин тосны зардлаас эхлээд урсана шүү дээ.

“БОД МАЛЫГ 7, БОГ МАЛЫГ 23 ТООНООС ДЭЭШ БАЙВАЛ ХҮНДРҮҮЛСЭН НӨХЦӨЛ ГЭЖ АВЧ ҮЗНЭ” ГЭЖ ЗААСНЫГ СЭТГҮҮЛЧИЙН ХУВИАР АНХ ХӨНДӨЖ БАЙЛАА

-Энэ мэтээр төслийнхөө эхний шатыг өөрсдөө болгоод эхлүүлж. Тэгвэл үндэсний хөтөлбөр болгоход та бүхэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа юм бэ?

-Юм хийе гээд орохоор хүн дэмждэггүй тал бий. Харин надад хийсэн зүйл бий. Очоод малчидтай уулзаад, бүлэг байгуулаад тодорхой үр дүн гарсан. Тиймээс төслөө бариад Засгийн газар руу орж, Ерөнхий сайдад хандана. Сануулахад, би ямар нэгэн намын гишүүн биш шүү. Уул уурхайг ухаад дуусна, харин монголыг аврах хүмүүс бол малчид гэж би боддог. Тиймээс малчдыг зайлшгүй дэмжиж, харанхуйгаар нь байлгахгүйн тулд техник технологитой сайтар уяж, эрхзүйн мэдлэгтэй болгож, нутаг орных нь эзэн байлгах шаардлагатай. Энэ санааг минь Засгийн газрын тэргүүн дэмжвэл дэмжинэ л биз, дэмжихгүй бол тэр л биз. Тэглээ гээд би болихгүй, бор чадлаараа хэрэгжүүлээд явна. Бүх малчдад хүрч чадвал сайхан л байна.

-Сэтгүүлчийн хувьд Шинэ хөдөө төсөл нэвтрүүлгээс өөр ямар ажлууд дээр төвлөрч байна. Ажлынхаа хэдэн хувийг уг нэвтрүүлэгтээ зарцуулж байна вэ?

-Би улс төр мэдээллийн албаны сэтгүүлч, өдөр бүр мэдээ сурвалжлагадаа гүйдэг байсан. Харин энэ төслөө хэрэгжүүлэхээр мэдээний ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Сая Дорнод, Хэнтий аймгуудаар явж ирсэн. Харин энэ долоо хоногт малын хулгай их гардаг Төв аймаг руу явна. Эмээлт захтай их ойрхон Алтанбулаг, Аргалант, Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Эрдэнэ гэх мэт сумдаар явж малчидтай уулзаж, бүлгийн зохион байгуулалтад оруулна. Үүнийг Төв аймгийн цагдаагийн газраас дэмжиж ажиллаж байгаа. Ингээд 11 дүгээр сарын эхээр Завхан аймаг руу буцаж бүлгүүд дээрээ очиж, асуудлуудаа ахин ярилцах болно.

-Малын хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хуулийн хариуцлага нь их сул байдаг тухай хэлж байсан. Тодруулахгүй юу?

-Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар малын хулгайчид хүлээлгэх хуулийн хариуцлага бий. Үүн дээр “Бод малыг 7, бог малыг 23 тооноос дээш байвал хүндрүүлсэн нөхцөл гэж авч үзнэ” гэж заасан байсныг би сэтгүүлчийн хувиар хөндөж байлаа. Энэ тухай орон нутгаас сонгогдсон гишүүдтэй уулзаж, малчидтай ярилцлага хийж явсаар үр дүнд нь уг хуулийн төслийг өөрчилж байгаа. Гэтэл үүн дээрээ нөхөд одоо “алалцаад” эхэлсэн байна лээ. Болорчулуун гишүүнтэй анх уулзаж, уг санааг хэлж, гишүүн судалгааг нь хийгээд явж байтал Нарантуяа гишүүн дундаас нь аваад өргөн барьчихсан юм билээ. Үүнээс болж хоорондоо маргалдаад л байгаа гэсэн. Маргалдахдаа гол нь биш. Ядаж энэ хуулиа өөрчилж, малын хулгайчид хүлээлгэх хариуцлагаа чангатгах ёстой. Хүний нэг адууг аваад явна гэдэг санамсаргүй үйлдэл гэж та хэлэх үү? үгүй шүү дээ. Энэ бол хулгай. Мал дээр байж үзээгүй гишүүд уг хуулийг сайн ойлгодоггүй. Ойлгоогүй чигээр нь баталчихсан гишүүд ч байдаг юм билээ. Гэтэл одоогийн хуулиар энэ хулгайчдыг шоронд суулгахгүй, торгууль тавиад л суллана. Нөгөөдүүл нь гарч ирээд л ахиад хулгай хийж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Удахгүй малын хулгайн сурвалжлагууд дээрээ илүү төвлөрч явна аа.

Малын хулгайн гэмт хэргийн талаар сурвалжилга бэлтгэх үеэр…

-Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе.

-Талархал илэрхийлэх нь зүй болов уу. Шинэ хөдөө төсөл болон намайг бүх талаар дэмжиж байгаа хүн бол ТВ5 телевизийн удирдлага, ерөнхий захирал Н.Базаррагчаа. Өөрөө мал аж ахуйтай тул малчдыгаа дэмжье гэж надад урам зориг өгсөн. Мөн өчүүхэн энэ ажлыг маань цааш явуулахад тодорхой хэмжээний дэмжлэг өгч буй байгууллагууддаа талархлаа. ХХААХҮЯ-ны Малчин лавлах 109 гэж төрийн мэдээллийн үнэгүй утасны лавлах бидэнтэй хамтран ажиллаж байна. Мөн Хууль зүйн яамны Нямгэрэл даргатай Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн энэ төслийг минь дэмжиж байгаа. Намайг зөвхөн бус монголын малчдын мал идээг хамгаалах, гэмт хэргийг бууруулахад бодит тусламж үзүүлж байгаа. Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч Бөхчулуун хурандаа, Сандагбалираа хошууч, Мягмарсүрэн ахлах дэслэгч нарын хүмүүстээ баярлалаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.

   Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button