Сурвалжилга

Бүх ангийн сурагчдадаа үдийн хоол өгдөг 151-р сургууль: Бид хөтөлбөрөө хэрэгжүүлээд 3 жил болж байна

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургууль. Энэ сургуульд бага, дунд, ахлах ангийн нийт 1258 хүүхэд суралцдаг. Эдгээр хүүхдүүд бүгд үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд хэрэгжүүлдэг 1-5 дугаар ангийн буюу бага ангийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийг энэ сургууль дунд, ахлах ангийнхандаа хэрэгжүүлдэг гэсэн үг.

Лаборатори 151 дүгээр сургууль нь одоогоос гурван жилийн өмнө энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “ARTA” системийг нэвтрүүлснээр бүх процессийг амар, хялбар байдлаар шийдэж чаджээ. Тодруулбал, тус системийг нэвтрүүлснээр дунд, ахлах ангийн сурагчид өөрийн нэртэй тусгай карттай болсон байгаа юм. Тэрхүү картаа системд уншуулж хоолоо захиалаад төлбөрөө төлнө. Нэг хоол 2000-2800 төгрөг. Ингээд зогсохгүй сургуулийн багш, ажилчдаа ч энэ хөтөлбөртөө хамруулдаг сайн жишиг энд тогтжээ. Багш, ажилчдын тухайд мөн л өөрсдийн гэсэн хоол захиалах, төлбөрөө төлөх карттай. Картаа орхисон тохиолдолд өөрийн "ARTA" систем дэх хаягаар "QR" кодоо ашиглаад төлбөрөө төлчихдөг гээд сайн тал олон.

Улсаас дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй ч энэ сургууль болгоё, бүтээе гэсэн сэтгэл, зүтгэл байвал болдогийг харуулж хүүхдээ бодсон, хүнээ бодсон энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эцэг эхчүүдийн хувьд энэ шийдлийг ихэд сайшаадаг бөгөөд тэд хүүхдийнхээ картыг цэнэглэж өгөх л үүрэг хүлээдэг. Цэнэглэхдээ банкинд очих эсвэл сургууль руу нь ирэх эсвэл ямар нэг данс руу шилжүүлэг хийхгүйгээр тус систем дэх хүүхдийнхээ тусгай бүртгэлээр нэвтрээд дансыг нь хялбар цэнэглэчихдэг аж. Дунд, ахлах ангийн сурагчдад зориулж улсаас хөтөлбөр хэрэгждэггүй учир ийн тодорхой хэмжээний мөнгө төлж байгаа гэдгийг тодотгох нь зүй. Гэсэн ч 2000-2800 төгрөгийн үнэтэй стандарт, эрүүл мэнд, хоол зүйн шаардлага хангасан хоол өнөөгийн нийгэмд байхгүй. Сургууль энэ хүрээндээ хүүхдүүд сууж хооллох танхим, гал тогоо зэргээ шийдэж чаджээ. Гал тогоонд найман тогооч ажиллаж, улсаас цалинждаг. Үүнээс гадна хоол зүйч, эрүүл ахуйч, эмч гээд том баг энд ажиллаж байна. Энэ баг сурагчдын нас, биеийн онцлогт тохирсон шим тэжээл бүхий хоолны цэсийг боловсруулдаг бөгөөд 14 хоногт хоол давхцахгүй байхаар цэсийг зохиожээ. Мөн мах, ноогоо зэрэг хүнсээ олон хоногоор биш тав таван хоногоор авдаг учир хоолны чанарт өөрчлөлт орохгүй, дандаа шинэ хүнсээр хоолоо хийж байгаа учир хүүхэд эрсдэлд орох боломжгүй гэдгийг онцолж байгаа юм.

151 дүгээр сургуулийн дахин нэг сайн жишиг бол баасан гараг бүрийг монгол үндэсний хувцсаараа гоёх өдөр болгож хэвшүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл долоон хоног бүрийн баасан гарагт сурагчид, багш нар, ажилчид гээд бүгд монгол дээлээрээ гоёж байна.

151 дүгээр сургуулийн хоолзүйч Д.Оюундэлгэр: Тогооч нар маань хоол хийх л үүрэг хүлээдэг. Мах, ногоо зэргийг хоолонд хийхэд бэлэн болгоод бэлтгэж нийлүүлдэг компани тусдаа бий

-Хоол зүйчийн хувьд энэ хөтөлөбөрт чухал үүрэг гүйцэтгэж буй гол хүн. Ямар шаардлагыг тавьж энэхүү хөтөлбөрийг өнөөдрийг хүртэл авч ирж чадав?

-Хамгийн гол нь Хятад хүнсийг хүүхдүүдийнхээ хоолонд хэрэглэхгүй гэдэг нэгдүгээр шаардлагыг тавьдаг. Тиймээс тогооч нар маань өдөр тутамд шинэ, чанартай, эрүүл ахуйн болоод хүнсний стандартын шаардлага хангасан монгол хүнсээр хоолоо хийдэг гэж ойлгож болно. Энэ асуудал хүүхдийн хоолонд хамгийн чухал учраас тусгайлан ач холбогдол өгч дотоодын сайн нийлүүлэгчтэй хамтарч ажилладаг. Тус газар маань ногоог л гэхэд хоолонд хийхэд бэлэн болгоод, арилгаад, хэрчээд, савлаад хүргэж ирдэг. Мөн махыг хоол тус бүрээр тусгайлан ангилаад машиндаад, зороод, хэрчээд аваад ирдэг. Өөрөөр хэлбэл, нэг хоёрдугаар хоолонд хийхэд бэлэн болгоод аваад ирдэг. Энэ нь тогооч нарын маань ажлыг хөнгөлж буй нэг хэлбэр л дээ. Тэд зөвхөн хоолоо л амттай хийх үүрэг хүлээнэ. Өөрөөр ногоо арилгах, хөлдүү махтай зууралдах шаардлага гардаггүй.

-Системийн гол онцлог юу байна?

-Бид "ARTA" системээ ашиглаад хүүхэд нэг бүр дээр өдөрт хоолноос авсан илчлэгийнх нь хэмжээг тооцоолж эцэг, эхэд нь мэдэгддэг. Жишээлбэл, таны хүүхэд хоолноос авах ёстой илчлэг, шим тэжээл, нүүрс усаа ийм хоолноос ингэж авч чадаж байгаа шүү гэдгийг нь нарийвчилж гаргадаг. Ингэхдээ хүүхэд бүрийн онцлог буюу биеийн жинд нь суурилдаг. Манайх одоогоор 301 сет хоолыг систем дээрээ гаргачихсан байгаа. Ингэхээр 14 хоногт нэг ч хоол давхцдаггүй. Өдөр бүр өөр өөр хоолтой. Мөн тав хоногийн нэг өдөр цагаан хоол өгөхөөс гадна өвлийн улиралд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих зорилгоор халуун чацаргана, аарц, үзэмний шүүс өгөхөд анхаарч байна.

-Улирлын онцлогоос хамаарч хоолны цэсээ өөрчилдөг гэсэн?

-Мэдээж, энэ бол бидний үүрэг шүү дээ. Жишээ нь намар шинэ ургацын ногоо түлхүү өгөхөд анхаарна. Харин хавар хүүхдүүд ядарч дархлаа нь унадаг учир шимт бодис дээр анхаарах шаардлага үүснэ. Өвөл ханиад томуунаас сэргийлж дархлааг нь дэмжинэ гэдэг ч юм уу. Тиймээс энэ бүхэнд хэрэглэж байгаа зүйлс чанарын шаардлага хангасан байх хамгаас чухал. Тиймдээ ч мэргэжлийн бүхэл бүтэн баг энд ажиллаж байгаа гэж хэлж болно.

151 дүгээр сургуулийн эмч Т.Янжмаа: Бид түрээсийн биш өөрийн гал тогоотой учир эрүүл ахуй болоод хоолны чанарт асуудал гардаггүй

-Эрүүл ахуй талаас нь хяналт тавьдаг гэлээ. Нийт хэдэн хүүхэд хөтөлбарт хамрагдаж байна вэ?

-Манай сургууль 1258 сурагчтай. Үүнээс үдийн хоол хөтөлбөрт 585 сурагч бий. Энэ нь 1-5 дугаар ангийн буюу улсын үдийн хоол хөтөлбөрт албан ёсооор хамрагддаг гэсэн үг. Харин үлдсэн буюу дунд, халах ангийн сурагчид маань сургуулиас хэрэгжүүлдэг үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг. Манай сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид л зөвхөн ангидаа хооллодог. Бусад ангийн хүүхдүүд бүгд хоолныхоо зааланд хооллодог. Энэ нь сурагчдад зөв хооллож сурах, гараа угааж сурах зэрэг хувийн чадваруудыг суулгаж өгдөг давуу талттай.

Системийн хувьд бид нэвтрүүлээд гурван жил болж байна. Тус системээр дамжуулж хүүхдүүдийн төлж буй мөнгө төрийн санд төвлөрдөг. Мөн бид төрийн компаниудаас хүнсээ авдаг, зах зээл дээрх хувь хүмүүсээс биш. Ингэснээр илүү найдвартай, эрүүл, аюулгүй хүнсээр хангагддаг. Хүн бүр шинжилгээний бичигтэйгээ ирдэг болохоор санаа зовох асуудал үүсдэггүй. Энэ мэдээж чухал.

-Гал тогооны тухайд түрээсийнх биш учир давуу талтай гэдгийг онцлоод байгаа?

-Хоолны тухайд ямар ч асуудал гардаггүй шалтгаан бол манай гал тогоо түрээсийнх биш өөрийнх. Тиймээс ашгийн бус. Ийм болохоор хямдхан зүйл худалдаж авах, хэмнэх, өөрчлөх зэрэг асуудлууд үүсэх боломжгүй. Энд ажиллаж байгаа тогооч нар маань ч улсаас цалинждаг. Тэд наймуулаа ажилладаг бөгөөд юунд ч санаа зовохгүйгээр хоолоо амт, чанартай хийх л үүрэг хүлээдэг. Мөн гал тогоонд тусдаа үйлчлэгч ажиллаж цэвэрлэгээ үйлчилгээг өдөр тутамд хийдэг. Манай сургууль нэг хоолыг 2000-2800 төгрөгөөр үнэлдэг. Энэ үнээр багш, ажилчид, хүүхдүүд өдрийн хоолоо иддэг гэсэн үг. Мэдээж өдөрт нэг хүн нэг удаа л хоол иднэ гэдэг хязгаар тогтоодоггүй. Тэр бол хувь хүний асуудал. Бид өдөр бүр нэг хоёрдугаар хоолоор үйлчилдэг.

Бага ангийн багш Ц.Болормаа: Бүх хүүхдэд хоолны карт олгосноор амьдралын чанарын хувьд ялгаа гарахаа больсон

-Би сургуульдаа дөрөв дэх жилдээ багшилж байна. Энэ системийг нэвтрүүлснээр маш олон давуу тал бий болсон. Жишээлбэл, хүүхдүүд мөнгөтэй, мөнгөгүй байх тохиолдол гарна. Тэр болгон өдөр бүр үнэтэй хоол авч идээд байх боломжгүй ч үе байна. Харин маш бага үнээр сурагчдаа энэ хөтөлбөрт хамруулж дээрээс нь тусгай карт олгодог болсноор хүүхдүүд маань өдөр бүр амт чанартай, халуун хоол идэж чаддаг болсон. Мэдээж бага дүнтэй учир эцэг эхчүүдэд тэр бүр дарамт болоод байхгүй маш боломжийн гэж хардаг. Мөн бүх хүнд ижил тэгш байдлыг тогтоож өгснөөр хүүхдүүдийн хооронд нэгнээ ялгаварлах, харилцааны доголдол үүсэх зэрэг асуудал гардаггүй. Цаашлаад хүнсний бүтээгдэхүүний үнэ маш өндөр болсон. Ийм нөхцөлд стандартын шаардлага хангасан хоолыг маш бага дүнгээр багш, ажилчдадаа хүртэл өгч байгаа нь өөрөө маш сайн жишиг шүү дээ.

8б ангийн сурагч П.Гэгээнитгэл: Бусад сургуулийн найзууд маань өөрийн сургуулиа манайх шиг хоолны хөтөлбөртэй болоосой гэдэг

-Хэрвээ би өөр сургуульд сурдаг байсан бол тавдугаар ангиа төгсөөд үдийн хоол хөтөлбөрөөс хасагдах байсан. Гэтэл манай сургууль тийм биш. Энэ нь хүүхдүүдэд маш том давуу тал болдог. Мэдээж тогооч эгч нартай баярлалаа гэж хэлэхийх маш их хүсдэг. Сургуулийнхаа гал тогоо руу аль ч үед орж ирсэн халуун хоол, амттай уух зүйлтэй угтдаг. Хоолны амт чанарын хувьд ч ярих юм байхгүй ээ, маш гоё. Миний хувьд нэгдүгээр хоолнуудад нь илүү дуртай. Бусад сургууль сурдаг найзууд маань манай хөтөлбөрийг их ярьдаг. Тэд сургууль дээрээ өлсдөг, их завсарлагаанаар гаргадаггүй зэрэг шалтгаануудыг хэлдэг. Харин аав ээжүүдийн тухайд таатай ханддаг. Ам ч сайтай байдаг. Бидэнд санаа зовох шалтгаан нь нэгээр багасдаг гэсэн үг л дээ.

6в ангийн сурагч Анужин: Хоолны амт үнэхээр гоё, ийм сургуульд сурч байгаадаа дандаа баярладаг

-Би энэ сургуульд сурч байгаадаа маш баяртай байдаг. Хоолны үнийн тухайд үнэгүй авч байгаагаас өөрцгүй гэж хэлж болно. Мөн хоолныхоо төлбөрийг бэлэн мөнгөөр биш тусгай картаа уншуулаад төлчихдөг болохоор бидэнд амар байдаг. Амт, чанарын тухайд бол үнэн тасархай. Ялангуяа нэгдүгээр хоол. Аав ээж маань ч манай сургуулийн энэ хөтөлбөрийг магтдаг.

Бага ангийн дуу хөгжмийн багш Б.Сайнтөмөр: Бид тав дахь өдөр бүр үндэсний хувцсаараа гоёдог

-Хоолны хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа арга, хэлбэр анхаарал татлаа. Багш ажилчид ч энэ хөтөлбөртөө хамрагддаг юм байна. Та хэрхэн хардаг вэ?

-Энд судалгааны том баг ажилладаг. Тиймдээ ч энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсээ яваа гэж ойлгодог. Жишээлбэл, аль улиралд ямар хоол идвэл хүүхдийн биед сайн байх вэ гэх зэргээр нарийн ажиллаад хоолны цэсээ зохиодог байх жишээтэй. Дээр нь энэ системээр дамжуулаад олон шат дамжлага процессийг халж чадсан. Төвөгтэй, мэдэхгүй, чадахгүй гэдэг асуудал хэн дээр ч үүсдэггүй. Тиймээс би хувийн зүгээс бусад сургуулиуд энэ системийг хэрэгжүүлээсээ, ийм хөтөлбөртэй болоосой гэж хүсдэг. Энэ ажлыг манай анхны захирал санаачилсан. Ер нь тэр хүний болгоё, бүтээе гэсэн чин сэтгэлээс үүссэн ажил л даа. Ингэхдээ маш бага дүнгээр бүх ажилчдаа, хүүхдүүдээ хоолны хөтөлбөртэй болгож чадсан. Өнөөдөр 2800 төгрөгөөр хэн ч хаана ч ийм хоол авч идэх боломжгүй болсон цаг шүү дээ.

-Та дээл өмссөн байна. Бусад ажилчид, хүүхдүүд ч мөн адил. Учрыг нь тайлбарлаж өгөөч?

-Манайх анх байгуулагдсан цагаасаа өдөр бүр дээлээ, үндэсний хувцсаа өмсөж байя гэж ярилцаж байсан. Гэхдээ өдөр бүр гэдэг хүүхдүүдэд бэрхшээлтэй байсан учраас долоо хоног бүрийн баасан гарагт сургуулиараа үндэсний хувцас өмсдөг байхаар тогтсон. Энэ уламжлал тогтоод бас л удаж байна. Мэдээж хүүхдүүддэ танин мэдүүлэх, үндэсний онцлогийг нь ойлгуулах зэрэг зорилгыг тээж байгаа юм л даа.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ойрын өдрүүдэд сурагчдын үдийн хоолны асуудал шүүмжлэл дагуулах болсон. Хувийн сургуулиуд хоолны асуудал хөндсөн сурагчаа хөөсөн тохиолдол ч ил болсон. Улсаас нэг хүүхдийн үдийн хоолны төсвийг өдөрт 1500 төгрөг байна гэж тогтоосон. Энэ дүнгээр сургуулиуд чүү ай хүүхдийнхээ хоолыг болгож буй нь нууц биш. Үүнд үнийн өсөлт хамгийн том нөлөөтэй. Гэвч зөвхөн энэхүү хоолны асуудал бага ангийн сурагчдад л хамаатай. Өөрөөр хэлбэл дунд, ахлах ангийнханыг байтугай бага ангийн сурагчдадаа хангалттай үдийн хоол өгч чадахгүй ийм түвшинд байгаа. Ийм байхад бусад хүүхдүүд үдийн хоол иддэг болно гэдэг бүтэхгүй, боломжгүй гэж ярьж, итгэдэг хүмүүс олон. Гэвч энэ асуудлын нөгөө өнцөгт 151 дүгээр сургууль байна. Тэд сэтгэл байхад зүтгэж, хүргэж, шийдэж болдогийн жишээг байгууллагаараа үлгэрлээд гурван жил болжээ. Ингээд харахаар бусад сургуулиудад ч ийм сайн жишиг тогтох боломж 100 хувь бийг ойлгож болно. Хамгийн чухал нь гарц болоод шийдэл, нөгөөтэйгүүр маш сайн тооцоолол, судалгаа, уйгагүй байдлын дүнд бий болох зүйл ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2023 10:21

Ёстой сайхан мэдээлэл байна. Баярл�##�аа

Зочин
Зочин
12 сар 4, 2023 12:07

Ямар хөөрхөн юм бэ. Болдог л юм байна ш дээ

asj
asj
12 сар 4, 2023 15:14

mundag bna a

Дээгий
Дээгий
12 сар 4, 2023 18:27

Бусад сургуулиуд жишээ авч хэрэгжүүлээсэй,удирдлагууад нь х�##�уун баяр хүргэе.

Зочин
Зочин
12 сар 4, 2023 23:17

Өө ямар мундаг юм бэ. За тэгээд эцэг эхчүүд нь ийм тийм гээд олон юм ярилгүй хийж байгаа ажлыг дэмжээд яваасай. Улсын хийж чадахгүй байгаа ажлыг хийх гээд хичээж яваа юм байна

Зочин
Зочин
12 сар 5, 2023 12:02

Iim surguulid xuuxdee yawuulj bui etseg exchuud sanaa zowox zuilgui ajlaa xiideg bxda. Amjilt xusie.

ТУЛГА
ТУЛГА
12 сар 10, 2023 11:58

ХҮСЭЛ ЗОРИЛГО ЗҮТГЭЛИЙН ҮР ДҮН

Холбоотой мэдээ

Back to top button