Мики Маусын аймшгийн кино гарна
Даваа гарагт /2024.01.01/ Мики болон Минни Маусын хамгийн анхны загвар “Disney” компанийн оюуны өмч байхаа больсон. 1928 онд “Steamboat Willie” болон “Plane Crazy” нэртэй анимейшн дээр хамгийн анх Мики, Минни хоёр гардаг. Одоо оюуны өмч байхаа больсон тул Мики болон Минни хоёрын тэдгээр загварыг зөвшөөрөл авалгүй ашиглаж болно гэсэн үг.
“Disney” компанийн оюуны өмч байхаа больсноос хоёр өдрийн дараа гэхэд бие даасан видео тоглоом хөгжүүлэгчид болон кино найруулагчид анхны Мики Маусын загварыг оруулсан тоглоом болон киноны трэйлерийг цацжээ.
Тэдний нэг нь “Mickey’s Mouse Trap” нэртэй кино юм. Тус киноны трэйлер мягмар гарагт /2024.01.02/ “Youtube” дээр цацагдсан байна. Киноны найруулагч Жэйми Бэйли “Бид нар зүгээр л хөгжилдөхийг хүссэн. “Steamboat Willie” дээр гардаг Мики хүмүүс алж байгаа талаарх кино шүү дээ, яаж ч бодсон үнэхээр утгагүй солиотой зүйл. Бид энэ санаагаа хэрэгжүүлэхдээ их хөгжилдөж чадсан” гэж хэлсэн юм.
Тус киноны танилцуулга дээр “Алексийн 21 насны төрсөн өдөр болж байна. Гэхдээ тэр тоглоомын паркад оройны ээлжид ажиллах болсон тул найзууд нь түүнд сюрприз барихаар шийджээ. Тэгтэл Мики Маусын баг өмссөн алуурчин тэдэнтэй амь тэнссэн тоглоом тоглохоор болдог” гэж бичжээ.
Өмнө нь хүүхдийн киноны дүр үүнтэй адил аймшгийн киноны дүр болж хувирсан тохиолдол бий. Өнгөрсөн жил “Winnie Pooh: Blood and Honey” нэртэй кино нээлтээ хийсэн юм. Тус кино дээр Винни Пүүх болон Пиглет нар алуурчин болсон талаар гардаг. Хэдийгээр тэр кино 2023 оны хамгийн муу үнэлгээтэй кинонуудын нэг болсон ч бүтээсэн зардлаа 52 дахин нугалж ашиг олсон юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.