"Eguur"-ийн сэдэв: Сонгуулиар ХМБ-ууд ямар үүрэг хүлээж, бас хэрхэн "мөнгө хийх" ёстой вэ

2024 онд дэлхийн түүхэнд байгаагүй олон хүн сонгууль өгнө. Тухайлбал, дэлхий даяар 64 улс буюу нийт хүн амын 49 хувь нь парламент эсвэл ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх юм.
Дэлхийн аль ч улсын хэвлэл, мэдээллийн байгууллага сонгуулийн жилд нэмэгдсэн ачаалалтай ажилладаг.
Нөгөө талаар улс төрийн намууд сурталчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулна. “Insider Intelligence” фирм АНУ-д энэ жил сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгө 2020 оны сонгуультай харьцуулахад 30 хувиар нэмэгдэж, 12.32 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй гэж тооцоолжээ.
Үүний 71.9 хувийг нь хэвлэл мэдээлэлд зарцуулна гэж "Insider Intelligence" фирм тооцжээ.
Манай улсын хувьд томсгосон тойрогтой, холимог тогтолцоотой, 126 кандитат сонгох онцлог парламентын сонгууль энэ жил тохионо. Хэвлэлүүд урьдаас илүү зарчим, ёс зүй, уншигчдын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах ёстой.
Нөгөө талаар, нэгэнт хэвлэл мэдээллийн салбарт ирэх пи-ар, сурталчилгааны мөнгөн урсгалтай хэрхэн зөв харилцах, төлбөртэй контентыг уншигчдадаа хэрхэн ялгамжлах буюу сонгуулиар хэрхэн бизнесийн зарчмаар ажиллах нь ч анхаарал татах сэдэв мөн.
Eguur News агентлаг нь жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр салбарынхаа асуудлыг хөнддөг. 2021 онд “Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой вэ”, 2022 онд “Монголын мэдээллийн сайтууд яагаад гажуудав. Бид хаашаа явах ёстой вэ” , 2023 онд Монголын сэтгүүл зүйг ямар ирээдүй хүлээх вэ. Бид юуг өөрчилж бас хэвээр авч үлдэх вэ контентоор та бүхэнтэй уулзсан.
Редакцын бүх сэтгүүлч, уран бүтээлчдийн хамтын бүтээл болдог “Eguur-ийн сэдэв” контентоо энэ удаад “Сонгуулиар ХМБ-ууд ямар үүрэг хүлээж, бас хэрхэн "мөнгө хийх" ёстой вэ?" сэдвийн дор бэлтгэлээ.
М.Тэнгис

Нэгдүгээр хэсэг: Cонгууль ба хэвлэл мэдээлэл дэлхийд
Контентын нэгдүгээр хэсэгт, юуны өмнө дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн жил хэрхэн ажилладаг талаар товч дурдлаа. Тэд сэтгүүл зүйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд ямар зарчим баримталдаг вэ.
Мөн нөгөө талаар, хувийн ААН байгууллагын хувьд сонгуулийн сурталчилгааны төлбөрөөр хэрхэн санхүүждэг вэ? Энэ тэдний хувьд чухал уу?
Үзэл баримтлалаар ялгарч, улстөрчдийн амлалтад үнэлэлт, дүгнэлт өгөхөд анхаардаг
Түүхэн дэх хамгийн олон хүн сонгууль өгөх өнөө жил дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах бол. Тэдний өмнө жил ирэх бүр ямар асуудлууд тулгамдаж байна вэ.
Их Британи үндсэн хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 28-наас өмнө парламентын сонгууль явуулах шаардлагатай. Тус улсын Ерөнхий сайд Риши Сунак 2024 онд ерөнхий сонгуулийг явагдана гэж бодож буйгаа мэдэгдсэн. Сонгуулийн жил болсон тул “BBC” агентлаг, дөрөвдүгээр сард Риши Сунак албан тушаалаа хүлээн авахдаа өгсөн таван амлалтын гүйцэтгэл хэр явцтай байгааг харуулсан нийтлэл бичжээ.
Мөн АНУ-д энэ жил ерөнхийлөгчийн, конгрессын сонгууль болно. “CNN” агентлаг Жо Байден 2020 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтуудын биелэлтийг жагсаасан байна.
Хэвлэлүүд үүнээс гадна сонгуулийн жилд иргэдийн дунд санал асуулга явуулж, аль нэр дэвшигчийг дэмжиж байгааг тогтмол мэдээлдэг. Тухайлбал дөрөвдүгээр сард БНСУ-д парламентын сонгууль болсон. Тус сонгуулиас өмнө “MBC” агентлаг хэд хэдэн санал асуулгын үр дүнг цуглуулж сөрөг хүчний нам ялалт байгуулах төлөвтэй байгааг мэдээлсэн юм.
Мөн “CNN”, “Reuters”, “Washington Post” агентлагууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих талаар санал асуулга энэ жил гарснаас хойш хэд хэдэн удаа явуулсан байгаа.
Сонгогчид хэрхэн саналаа өгөхөд нас, нийгмийн статус, хүйс зэрэг хэд хэдэн зүйлс нөлөөлдөг. Үүний нэг нь хэвлэл мэдээллийн салбар билээ.
Гадаадын томоохон хэвлэлүүд улс төрийн баруун болон зүүний талд хуваагдсан байдаг. Тухайлбал Их Британийн “The Guardian” зүүний үзлийг их тусгасан сэдвийг хөндөж, нийтлэл бичдэг юм. Харин “The Daily Mail” барууны үзэлтэй.
АНУ-ын хувьд “Fox News” бол барууны үзэлтэй хамгийн том хэвлэл. Харин “CNN”, “MSNBC” нь улс төрийн зүүний үзэл бодол шингээсэн нийтлэлүүд их бичдэг юм. Баруун юм уу зүүний улс төр баримталж бичнэ гэдэг нь тийм идеологитой намд ээлтэй ажилладаг л гэсэн үг.
Сурталчилгааны зардал их ч ХМБ-уудын орлого буурав. ХМБ-уудын өмнө хэд хэдэн сорилт тулгарчээ
Улс төрийн намууд сурталчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тухайлбал “Insider Intelligence” нэртэй фирм АНУ-д энэ жил сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгө 2020 оны сонгуулийн жилтэй харьцуулахад 30 хувиар нэмэгдэж, 12.32 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй гэж тооцоолжээ.
Үүнээс 71.9 хувийг хэвлэлд зарцуулна гэж тус фирм тооцоолсон байна. Сүүлийн хэдэн улиралд АНУ-ын “Fox News”, “CNN”, “MSNBC” гэх мэт томоохон хэвлэлүүдийн сурталчилгааны орлого буурч ирсэн.
2020 оны АНУ-ын сонгуулиар 9.5 тэрбум ам.долларыг улс төрийн сурталчилгаанд зарцуулжээ. Тус жил “Fox News”, “CNN”, “MSNBC” агентлагийн сурталчилгааны орлого нэмэгдсэнийг доорх графикаас харж болно.

2023 онд Их Британийн “Cision” фирм дэлхийн 17 улс, бүс нутагт ажиллаж амьдардаг 3,132 сэтгүүлчээс судалгаа авсан юм. Тэднээс сүүлийн 12 сард сэтгүүл зүйн салбарт хамгийн их тулгамдаад буй асуудлууд юу байгааг асуужээ.
Сэтгүүлчдийн хамгийн тулгамдсан гэж хариулсан таван асуудлыг жагсаавал:
- Итгэмжлэгдсэн мэдээллийн эх сурвалж гэх байр сууриа хадгалах, хуурамч мэдээлэл тараасан хэмээн буруутгагдаж буй явдалтай тэмцэх – 27%
- Боловсон хүчин, бусад нөөцийн хомсдол – 20%
- Орлогын бууралт – 20%
- Сошиал платформ, инфлюенсерүүд уламжлалт хэвлэлийг давсан – 19%
- Редакцын болон сурталчилгааны бичвэрийн хоорондын ялгаа бүдгэрсэн – 11%
Тус судалгаанаас харвал орлого бууралт тулгамдаад буй гол асуудлуудын нэг болжээ. Мөн боловсон хүчин, бусад нөөцийн хомсдол ч гэсэн санхүүтэй холбогдож болно.
Харин 2022 оны судалгаагаар сэтгүүлчдийн 16 хувь нь л орлогын бууралт мөн боловсон хүчин, бусад нөөцийн хомсдол тулгамдаад буй асуудал гэж хариулсан юм. Үүнээс санхүүгийн асуудал жил ирэх тусам дордож байгааг харж болно.
Хэвлэл санхүүгийн хувьд тодорхой эрх чөлөөтэй, хараат бус байх нь хэвлэлийн эрх чөлөөнд нөлөөлж болох чухал хүчин зүйл билээ. Мэдээ, мэдээллийн агентлагууд үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй, үүнийг биелүүлэхэд туслах зүйл нь санхүүгийн эрх чөлөөт байдал мөн.
ТЭМДЭГЛЭЛ:
Дэлхийн томоохон ХМБ-ууд улс төрийн чиг баримжааг нээлттэй зарладаг байна. Улмаар уншигчдад сонголт, итгэл бий болно. Нөгөө талаар, сонгогчдын боловсролд зориулж улстөрчдийн мөрийн хөтөлбөрийн биелэлтэд үнэлгээ хийх чиглэлд ихээхэн анхаардаг аж.
Харин жил ирэх тусам улс төрийн намаас төсөвлөх сонгуулийн сурталчилгааны зардал өссөөр. Гэвч ХМБ-уудын орлого эсрэгээрээ буурч байна. ХМБ-уудын өмнө энэ гэлтгүй, уншигчдын итгэлийг олж авах, хүний нөөцийн дутагдлын асуудлаа шийдэх, сошиал платформуудтай өрсөлдөх сорилт тулгарчээ.
Б.Буяндорж
Хоёрдугаар хэсэг: Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд сонгуулийн үеэр ямар үүрэг хүлээх ёстой вэ?
Харин Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд сонгуулийн үеэр чухам ямар үүрэг, хариуцлага ухамсарлаж ажиллах ёстой талаар:
- Судлаач, туршлагатай мэргэжилтэн
- Редакц удирдагч, чиглүүлэгч
- Улс төрийн сэдвээр мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийн байр суурийг цуглууллаа.

Д.Нарантуяа: Мэргэжлийн ёс зүйн зарчмууд ямар ч цаг үе, ямар ч нөхцөлд хөрсөн дээрээ баттай зогсох тулгуур
Тэрбээр өдгөө Analytic.mn сайтын эрхлэгч, ХМЗ-ийн хараат бус зөвлөхөөр ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт арвин туршлагатай Д.Нарантуяа ингэж ярилаа.
"Сонгуулийн бэлтгэл үе, сурталчилгааны үе, санал хураах өдөр гээд сонгуулийн үеийн мэдээлэл нь өөр өөрийн үе шаттай. Үе шат болгон редакцаас мэдээллийн агуулга, хурд, контентын өгөлтийн хувьд тохирсон мэдрэмжийг шаарддаг. Энэ мэдрэмжийг залуурдах үүрэг нь ерөнхий редактор дээр буудаг. Ерөнхий редактор илүү хянуур, илүү мэдээлэлтэй байж, улс төрийн үйл явцын өрнөлийг ажиглаж, мэдээний балансыг барих шаардлагатай болдог.
Үйл явдал, сурталчилгаа хоёрыг ялгах нь санал хураалтын өдөр ойртох тусам улам төвөгтэй болж эхэлдэг. Ялангуяа эрх баригч хүчний үйлдэл болгон “үйл явдал” болж эхэлдэг учраас энэ нь редакциудыг сонголтгүй сонголтын өмнө аваачиж байгаа нь анзаарагдаж байна. Худал мэдээлэл, хиймэл оюун ухаан ашигласан худал мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй сошиал платформуудаар түгээгдэх магадал өндөр.
Сонгуулийн үе гээд редакц, сэтгүүлчид жирийнхээс өөр байх зүйл үгүй. Эх сурвалжтай, тэнцвэртэй, бодитой мэдээллийг бэлтгэн түгээх мэргэжлийн ёс зүйн зарчмууд ямар ч цаг үе, ямар ч нөхцөлд хөрсөн дээрээ баттай зогсох тулгуур байдаг.
Тэрбээр цаашлаад “10-15 жилийн өмнөхтэй харьцуулбал редакцууд сонгуулийн жил идэвхтэй, чөлөөтэй ажиллах боломж хумигдсан. 2020 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн штабуудын эх сурвалжтай албан ёсны мэдээ зонхилж, редакцууд бараг дамжуулан түгээгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ жилийн хувьд ч энэ нөхцөл байдал нэг их өөрчлөгдөхгүй болов уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин редакц удирдагч, чиглүүлэгчдээс:
- "Зууны мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал
- Ergelt.mn сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар
- NTV телевизийн мэдээний албаны дарга, сэтгүүлч Б.Ундрахжаргалант нарын байр суурийг сонслоо.
Асуулт: Сонгуулиар редакцууд бужигнадаг. Харин ямар үүргийг умарталгүй, баримталж ажиллах чухал вэ. Үүний тулд редакцаа хэрхэн чиглүүлдэг вэ?
"NTV" телевизийн мэдээний албаны дарга, сэтгүүлч Б.Ундрахжаргалант:
"Манайх редакцын бодлогодоо нам, бүлэг, хувь хүний явцуу эрх ашгаас ангид байж олон нийтийн дуу хоолой болохоос гадна Монгол хүн бүрийн ирээдүй рүү чиглэхэд туслах үүргийг тодорхойлсон. Түүнчлэн сэтгүүлзүйн суурь зарчмыг баримтлан хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж нийгмийн гишүүн бүрт хариуцлага, ёс суртахууныг үргэлж сурталчилж, ирээдүйн зөв сайхны төлөө улс төр дахь олонхийн зарчим, чөлөөт эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ажиллана гэсэн үндсэн зарчим манайд үйлчилдэг.
Тэгэхээр Сонгуулийн хуулийн хүрээнд ажиллахын зэрэгцээ “эрүүл” байр суурийг дэмжиж ажиллах нь бидний бодлого. Нийтийн эрх ашиг, ардчилал, чөлөөт эдийн засгийн эсрэг байр суурийг, үүнийг тунхагладаг хүмүүсээс зайлсхийж ажилладаг. Мөн мэргэжлийн бүлгийн эх сурвалжуудын шинжлэх ухаанч тайлбар, харьцуулсан дата мэдээлэл, нотолгоонд суурилсан баримтууд, нягталж шалгасан байр суурь, сонгогчдын боловсролд зориулсан судалгаа мэдээллийг түлхүү өгөхийг зорьдог болно.
Энэ жилээс Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн ёс зүйн зарчмын 10 дугаар зүйлд заасан “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэсэн мөрдлөгийг баримталж ажиллана".
"Зууны мэдээ" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал:
"Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин сонгуульд нэр дэвшигчдийн тэнцвэртэй байдал, тэгш оролцоог хангаж ажиллахаар редакцийн ажиллах журмаа гаргасан. Бид бусдыг гутаан доромжилсон, гүтгэсэн мэдээлэл нийтлэхгүй. Төлбөртэй нийтлэлийг "Редакцийн бус нийтлэл" гэсэн анхааруулгатай оруулах зэргээр сэтгүүлзүйн бүтээл, төлбөртэй нийтлэлээ салгаж уншигчдаа төөрөгдөхөөс сэргийлэх болно. Хамгийн гол нь уншигчид сонгуульд хэрсүү хандаасай, энэ талын зөв мэдээлэлтэй байгаасай гэсэн үүднээс "Сонгуулийн боловсрол" буландаа долоо хоногт хоёр удаа нийтэлж байна. 33 жилийн түүхтэй мэргэжлийн редакцийн хувьд сонгуулийн үеэр сэтгүүлзүйн үндсэн үүргээ биелүүлж, нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлүүдээ хүргэж ажиллана"
Ergelt.mn сайтын ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар:
"Улс төрийн сонгууль ХМБ-ын хувьд хамгийн чухал үе. Өмнөх жилүүдэд нэр дэвшигчдийн пи-арыг хийдэг хүмүүсийн гар хөлийн үзүүрт, санаа зорилгыг биелүүлсэн байдалтайгаар оролцож ирсэн байдаг. Нөгөө талаас “Улс орныг хөгжүүлчих юм байна. Иргэддээ тустай амлалтуудыг өгөх юм байна” гэж хараад иргэдэд ойлгуулах өнцгөөр мэдээлж ирсэн.
Гэвч эргээд улс төрч нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь амлалтуудыг нь нэхдэггүй байдал өнгөрсөн жилүүдэд байсан.
Тэгэхээр одоо яах вэ гэхээр илтэд худлаа мэдээллүүдийг түгээж, контент нийлүүлмээргүй байна. Бид ингэж чадвал нэр дэвшигчид худлаа ярихгүй, иргэд мэдээлэлд итгэл үнэмшил өндөр болох давуу талтай. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн мэдээллийг бүгдийг нь цензургүйгээр гаргахгүй байх нь чухал үүрэг болоод байна. Бас сэтгүүлчид хэрсүү болох ёстой.
Сүүлийн үед хэвлэлүүд “Хэрсүү байя. Худал хэлж байгаа хүмүүст тодорхой цензур тавих хэрэгтэй” гэсэн байр суурьтай болсонд баяртай байгаа".
ТЭМДЭГЛЭЛ:
Уншигчдын эрэлтийн судалгаанаас харахад, медиа хөгжлийн нөлөөгөөр богино хэлбэрийн видео контентын үзэлт сайн байгаа хэдий ч асуудалд дүн шинжилгээ хийсэн тойм унших, нухацтай материал түшиглэх хандлага өндөр буй. Энэ нь редакциуд сонгуулийн үеэр мэдээллийг шүүлтүүртэй хүргэх, бизнесийн ба бодлогын агуулгуудаа ялгамжлах, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлт, тойргуудын таамаг зэргийг цувралаар хүргэхэд эрэлт байсаар байгааг харуулах юм.
Мэдээллийн урсгал хариуцаж байгаа редкатор, менежерүүд энэ үед хамгийн өндөр мэдрэмжтэй байж, баланс бариулах үүрэг хүлээдэг. Үүн дээр шинэ тутам редакциуд, тогтсон албад харьцангуй туршлагажиж, нийгмийн үүргээрээ ажиллахыг чухалчилдаг сайн талтай.

Мөн нэгж сэтгүүлч бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа, редакцын гол цөм.
Иймд 30 жил тасралтгүй парламент сурвалжилж байгаа сэтгүүлч Г.Мөнхтуул, аналитик талдаа уншигчдын талархлыг хүлээсэн iToim.mn сайтын сэтгүүлч Л.Одончимэг болон Eguur.mn сайтын сэтгүүлч П.Урнаа нарын байр суурийг сонирхов.
Асуулт: Сонгуулийн цаг наргүй, хөл алдам бужигнаан дунд сэтгүүлч өөртөө ямар үүргийг ухамсарлаж, ажиллах нь зүйтэй вэ?
MN25 телевизийн сэтгүүлч, тоймч Г.Мөнхтуул:
"Миний хувьд парламeнтын найман удаагийн сонгуулийг сурвалжилж байна. Сонгуулийн өмнөхөн тухайн нам, улс төрчид биeлэх, биeлэхгүй амлалт өгч, түр зуурын шинжтэй популист шийдвэрүүд гаргадаг нь гэм биш зан. Тэгээд үүнийгээ сурталчлуулах гэж хэвлэлд төлбөртэй захиалга өгдөг. Мэдээж төрийн хэвлэл биш л бол хувийн хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой тарифаар үйлчилгээ үзүүлж, "захиалсан дууг нь тавина".
Гэхдээ тэр захиалга нь хуулийн хүрээнд биш, улс, олон нийтийн эрх ашигт харшилсан, хувь хүний нэр төрийг үндэслэлгүй гутаан доромжилсон агуулгатай эсэхийг тухайн рeдакц, хувь сэтгүүлч нь анзаарч, нягтлах ёстой. Нийтлэхээс татгалзах ёс зүйтэй байх учиртай.
Мэдээллийн тэнцвэрийг хангах нь мэргэжлийн сэтгүүл зүйн гол зарчим. Зарчмаа барихгүй бол уншигч үзэгчдийн итгэл үнэмшлийг тэр хэрээр алдана. Энэ нь сонгуулийн түр зуурын ашиг орлогоос илүүтэй асар их хохиролтой тусах юм. Тиймээс сонгуулийн сурталчилгааг төлбөртэй хийсэн ч "хоосон тархи угаалт" хийхгүйгээр үнэн, бодитой байх зарчмыг барьж ажиллах нь нэр төрийн хэрэг байдаг".
iToim.mn сайтын сэтгүүлч Л.Одончимэг:
"Манай редакц сонгуулийн үеэр баримтлах түр журам баталж, тэр дагуу сэтгүүлчид ажилладаг. Ер нь сонгуулийн үе ч гэхгүй бүх цаг үед хүний нэр төрд халдсан юм уу, хэт нэг талыг барьсан, сайн нягтлаагүй мэдээ мэдээллийг гаргахгүй байх бодлого барьдаг. Сонгуулийн үеэр редакцийн хурлаар ярьсан сэдвийн дагуу л мэдээ мэдээллээ бэлтгэдэг. Мөн хувь сэтгүүлч хувийн үзэл бодлоо ажил үүрэгтэйгээ хольж хутгахгүй ёс зүйгээ баримталж ажилладаг".
Eguur.mn сайтын улс төрийн албаны дарга, сэтгүүлч П.Урнаа:
"Сонгуулиар улстөрчид, эрх баригчид сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх, цагдаа тэр байтугай тагнуулаар шалгуулах нь эрс нэмэгддэг. Өмнөх сонгуулиар бужигнасан их ажлын хажуугаар өдөрт хэдэн ч удаа мэдүүлэг өгөх хэрэг манай редакцад тулгарч байсан. Тиймээс нийтэлж буй мэдээ бүртээ “Нягтал бас дахин нягтал” зарчим баримтлах нь хамгийн чухал.
Дараагийнх нь хөвсөн их мэдээллийн хөөсрөлийг дагаад намирахгүй, хэрсүү байх гэдэг асуудал тулгарна. Энэ нь нэр дэвшигч, өрсөлдөгч талуудын цензургүйгээр шидэлцсэн мэдээллүүд дунд эрүүл ухаанаа алдчихгүйхэн шиг уншигчдаа эрүүл мэдээллээр чиглүүлэх хариуцлагатай үүрэг биднийх. “Дөрөв дэх засаглал” хоточ нохойныхоо үүргийг гүйцэтгэж бурууд нүд хурц байх зарчмаа ч алдаж болохгүй. Ялангуяа улстөрчдийн захиалгаар утсан хүүхэлдэй шиг нь ажиллахаас татгалздаг чанар, “үгүй” гэж хэлдэг зоригтой байх ёстой гэж боддог"
ТЭМДЭГЛЭЛ:
Улс төрийн сонгуулиар редакцдаа хамгийн өндөр нөлөөг үзүүлж, мэдээллийн урсгалд шууд оролцдог хэсэг бол улс төрийн мэдээний албаны сэтгүүлчид. Тэд үйл явдлыг халуун цэгээс хүргэхээс гадна сонгуулийн бүхий л үед мэдээллийн урсгал хөтлөлтөд редактортоо чухал нөлөөг үзүүлдэг. Энэ утгаараа олон нийт ч парламентын туршлагатай сэтгүүлчдийг анзаарч, тэдний мэдээлэлд итгэлтэй ханддаг.
Ц.Наранцацрал
Гуравдугаар хэсэг: Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн үед бизнесийн зарчмаар хэрхэн ажиллавал зөв бэ?
Сонгуулийн үеэр ХМБ-ууд ямар зарчим баримталж ажиллах нь зүйтэй талаар олон талт байр суурийг зэрэгцүүлэн хүргэлээ.
Харин ХМБ бол хувийн аж ахуйн нэгж байгууллага. Хараат бус байхын тулд бизнесийн цэвэр зарчмаар буюу зар сурталчилгаа, маркетингийн орлогоор санхүүждэг.
Тэгвэл, сонгуулийн жил ХМБ-аар "сурталчлуулах" гэсэн нэр дэвшигч, нам эвсэл олон. Улмаар нэр дэвшигчдийн захиалга бүхий төлбөртэй контент бүтээх нь редакцуудад түгээмэл. Гэхдээ энд ямар зарчим барих ёстой вэ. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ төлбөртэй контент бүтээж, бизнесийн зарчмаар ажиллахын тулд хэрхэх вэ?

Энэ хүрээнд GoGo.mn сайтын Ерөнхий редактор, менежер Р.Адъяасүрэн, "Mongol HD" телевизийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, Urug.mn сайтын эрхлэгч У.Болортуяа, unnu.news-ийн редактор Б.Лхагвацэрэн нарын байр суурийг сонирхлоо.
Асуулт: Уншигчдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа алдахгүйн дээр нэр дэвшигчидтэй сурталчилгааны ажлаар, бизнесийн зарчмаар хамтрахын тулд хэрхвэл зөв жишгээр ажиллах ёстой вэ?
Urug.mn сайтын эрхлэгч У.Болортуяа:
"Сонгуулийн сурталчилгаа түгээж мөнгө олох нь зөв. Энэ бол зөвхөн Монголд байдаг формат биш. Барууны орнуудын хэвлэл хэнийг дэмжихээ зарлаад, өрсөлдөгчийг нь яагаад дэмжихгүй байгаа шалтгаанаа ч хурцаар илэрхийлээд ажилладаг. Монголд харин ил хэлдэггүй, нууц хэлбэрээр явдаг нь буруу.
Энэ жилийн сонгуулиар бид дэмжиж ажиллах улс төрчөө зарлаж, Монголд хэвлэлийн салбарт шинэ шан татна. Медиа бол бизнес. Үнэгүй ажиллах боломжгүй. Татвар төлдөг ХХК. Тиймээс тэнцвэртэй, үнэн мэдээлэл бэлтгэж цацахаа зарчим болгоод аливаа мэдээг түгээхдээ төлбөр авч ажиллана. Мөнгө авсан гээд худлыг үнэн болгож, үнэнийг худал болгож болохгүй.
Ингэвэл сэтгүүл зүй биш тархи угаалт болно. Мөн зөвхөн нэг талыг барих бус буруутгагдаж байгаа талдаа үг хэлэх боломж олгох нь ёс зүй. Манай хувьд бүх нам эвслийн нас хүйс харгалзахгүй олон төрлийн сурталчилгаа бэлтгэж цацахаар бэлтгэн ажиллаж байна. Энэ орлогоороо бид өөрсдийн гэсэн оффисийн урьдчилгаа мөнгө бүрдүүлэх, ажилтнуудынхаа амьдралд туслах хэмжээний сайн бонус өгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилготой.
Сонгуулиас бусад үед бид ийм хэмжээний мөнгө олж чаддаггүй. Тиймээс харин ч ил цагаан зарлаж байгаад татвараа төлөөд олсон мөнгөөрөө дээрх зүйлсийг хийнэ гэж төлөвлөсөн. Нэр дэвшигчид өөрийгөө танилцуулах, ойлгуулах, хийсэн ажлаа сурталчлах хэрэгцээ байгаа. Сонгогчид үнэн, тэнцвэртэй тэр мэдээллийг нь авах эрхтэй. Харин бид энэ огтлолцол дээр үнэгүй ажиллах боломжгүй".
GoGo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн:
"Юун түрүүнд сонгуулийн өмнө л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жирийн үеэс илүү орлого олдог гэх хэвшмэл ойлголтыг залруулах нь зүйтэй. Манай сайт шиг бизнесийн, олон улсын байгууллагуудаас дийлэнх орлогоо бүрдүүлдэг ХМХ цөөн боловч бий. Сонгуулийн өмнө зарим сэтгүүлч баг болж жирийн үеэс орлогоо нэмэх боломжтой юм байна гэж ойлгосон. Түүнээс редакцуудын орлогод томоохон ялгаа гардаггүй байх гэж бодож байна.
Манайх сонгуулийн үеэр цөөн тооны хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. ХМХ үүргийнхээ дагуу намуудын ажлын тайлан, зорилго, зорилт, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг нийтэлж болно гэж үзэж байна. Гол нь тэнцвэртэйгээр, ёс зүйн дүрмээ мөрдөх ёстой.
Бид зар сурталчилгааг хэрхэн явуулдаг, түүнтэйгээ л адил буюу гүтгэлэг, доромжлол, худал мэдээллийг тараахгүй, манай редакцын бодлогод нийцсэн контентыг төлбөр төлсөн гэдэг тэмдэглэгээтэй нийтэлдэг. Мөн намууд, нэр дэвшигчидтэй заавал гэрээ байгуулна, дансаар төлбөрөө авдаг. Бэлэн мөнгө авахгүй. Уншигч таван мэдээ уншаад л сонгуулийн сурталчилгаа үзээд байвал яах билээ гэдгээ ч бодолцож, нэг өдөрт оруулах сурталчилгааг хязгаарлах тохиолдол бий. Мөн сонгогчдын боловсролд чиглэсэн, сонгогчдод сонголт хийхэд нь туслах мэдээ, нийтлэл, сурвалжилгууд, тойм нийтэлдэг".
"Mongol HD" телевизийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ:
"Бид редакцын үнэн зөв байдлыг хадгалахын зэрэгцээ ашигтай хамтран ажиллах тухай ярихдаа, ялангуяа сонгуулийн үеэр бизнесийн ашиг сонирхлыг шударга, үнэн зөв сэтгүүл зүйд нийцсэн байлгахад гол анхаарлаа хандуулдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүрээнд энэхүү тэнцвэрт байдлыг хэрхэн үр дүнтэйгээр хангахыг бид дараах байдлаар төсөөлдөг.
Эхлээд ил тод байдал хамгийн чухал. Хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүгийн харилцаа, ивээн тэтгэлэгт аливаа контентоо үзэгчдэдээ ил тод мэдээлэх ёстой. Энэхүү ил тод байдал нь итгэлцлийг хадгалахад тусалдаг тул маш чухал юм. Энэ нь манай үзэгчдэд ямар контент нь төлбөртэй болохыг мэдэх боломжийг олгож, тухайн мэдлэгийг ашиглан мэдээллийг үнэлэх боломжийг олгодог.
Дараа нь редакцын агуулга болон сурталчилгаа нь хоорондоо ялгаатай байх ёстой. Ивээн тэтгэлэгтэй контент болон зар сурталчилгаанууд нь тодорхой шошготой байх нь чухал. Энэ нь манай редакцын агуулгыг арилжааны ашиг сонирхлоор бус зөвхөн сэтгүүлзүйн стандартад нийцүүлэн гаргасан бүтээл болохын баталгаа болж байдаг.
Цаашилбал, сэтгүүлчийн ёс зүй нь наймаалцдаг тохирдог зүйл биш. Хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн, шударга, хараат бус байдлыг дээдэлсэн ёс зүйн хатуу дүрмийг баримтлах ёстой. Энэ нь санхүүгийн эрсдэлээс үл хамааран тэнцвэртэй хамрах хүрээг хангаж, төөрөгдүүлсэн мэдээлэл, суртал ухуулга явуулахаас зайлсхийх гэсэн үг юм.
Хамрах хүрээний хувьд, ялангуяа сонгуулийн үеэр бүх нам, нэр дэвшигчдийг сурталчилгааны төсвөөс үл хамааран тэгш хамруулах нь амин чухал юм. Энэ практик нь шударга ардчиллын үйл явцыг дэмжих гол тулгуур юм. Зохих хуулиудад энэ зарчим хангалттай туссан байдаг.
Хариуцлагын тал дээр дотоод болон гадаад хяналтын найдвартай механизмыг бий болгох нь арилжааны үйл ажиллагаа нь манай редакцын агуулгыг алдагдуулахгүй байхад тус дэм болдог. Энэ нь байгууллагын ёс зүйн удирдамжийг дагаж мөрдөж буйг хянадаг, тайлагнадаг иргэдийн төлөөлөгч, уншигч редактор, тэр ч байтугай гаднын хэвлэл мэдээллийн ажиглагчид зэрэг үүрэг оролцоотой байж болно. Үүнийг Хэвлэлийн Мэдээллийн Зөвлөл сайн хийж хэрэгжүүлдэг гэж хувьдаа дүгнэдэг.
Манай сурвалжилгатай холбоотой олон нийтийн санал хүсэлтийг идэвхтэй авах нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бид зөвхөн ашгийн төлөө бус уншигчдынхаа хэрэгцээ, санаа зовоосон нийгмийн асуудлуудад хариу үйлдэл үзүүлэх зорилгыг бэхжүүлж байдаг. Эцэст нь, сэтгүүлчид болон борлуулалтын багуудад редакцын хараат бус байдлыг хадгалах, ёс зүйн хил хязгаарыг ойлгохын ач холбогдлын талаар тогтмол сургалт явуулах нь хэдий орлогыг эрсдэлтэй болгодог байсан ч зайлшгүй чухал зүйл юм.
Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх бодит жишээ бол сонгуулийн үеийг стратегийн хувьд ашиглан тодорхой шошготой ивээн тэтгэлэгтэй контент, сэтгүүлзүйн ёс зүйг баримталсан, нухацтай, тэнцвэртэй сонгуулийн сурвалжилгыг бэлтгэн хүргэх нь орлого бүрдүүлээд зогсохгүй мэдээлэлтэй сонгогчдыг бий болгоход чухал хувь нэмэр оруулж, улмаар уншигчид болон ардчиллын үйл явцын өмнө хүлээсэн ХМБ-ын үүрэг хариуцлага юм"
unnu.news-ийн редактор Б.Лхагвацэрэн:
"Энэ жилийн УИХ-ын сонгууль нь манай редакц, багийн сурвалжлах анхны сонгууль гэдгээрээ онцлог. Түүнчлэн, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь ач холбогдолтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүдийн тоо ихэссэн, намын жагсаалтаар зарим УИХ-ын гишүүд сонгогдоно, бүсчилсэн тойрогтой болсон зэрэг богино хугацаанд хийсэн олон өөрчлөлтийн талаар хүн бүр мэдээлэлтэй байгаа гэдэгт итгэлгүй байна. Манай редакцын зорилтот бүлэг, хүлээн авагчдын насны бүтэц харьцангуй залуу буюу 18-35 насныхан дийлэнх нь байдаг.
Мөн эдгээр насны сонгогчдын ирц хангалтгүй байдагтай холбогдуулан unnu.vote нэртэй сонгогчийн боловсрол олгох төслийг эхлүүлээд байна. Бид энэ удаагийн сонгуулийг сурвалжлах, мэдээлэхдээ өөрсдийн редакцын бодлого болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан ажиллана. Ёс зүйн зарчимд “Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана” гэж тусгасан байдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгааны хугацаанд УИХ-ын сонгуулийн хууль тогтоомж, холбогдох байгууллагуудаас гаргасан журмын дагуу үнэн, зөв, бодитой, тэнцвэртэй мэдээллийг түгээхийг зорьж байна.
Хэдийгээр сонгууль бол компанийн хувьд орлогожих өндөр боломжтой үе байдаг ч тодорхой зарчим, бодлогын дагуу төлбөртэй контент бүтээсэн бол нээлттэй зарлаж, ажиллана. Түүнчлэн, хамтран ажиллахаар санал тавьсан хувь нэр дэвшигч, нам эвсэлтэй шууд хамтран ажиллахгүй.
Яагаад гэвэл, манай редакцаас бодлогоор дэвшүүлж, ярьдаг уриалдаг тодорхой сэдвүүд бий. Уур амьсгалын өөрчлөлт, тэгш хүртээмж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, цомхон төрийн бүтэц, эдийн засгийн либералчлал зэрэг манай редакцын үзэл санаатай нийцэх бодлогыг дэвшүүлж буй талуудтай хамтран ажиллана. Мөн хувь сонгогч бүрийн сонголт олон зүйлсэд шууд ба шууд бусаар нөлөөлөх тул хариуцлагатай, мэдээлэлтэй саналаа өгөхөд зорьж, бэлтгэлээ эхлүүлсэн".
ТЭМДЭГЛЭЛ:
Дэлхийн аль ч оронд улс төрийн сонгуулийн үеэр хэвлэл рүү орох санхүүжилт нэмэгддэг. Үүгээрээ нийтийн дунд байдаг түгээмэл ойлголтоор бол бүх хэвлэлүүд худалдагдчихаад байгаа. Гэвч бизнесийн зарчмаар сонгуулийн үеэр орлогоо нэмэгдүүлэх нь эргээд чөлөөт хэвлэл чадавхжихад маш чухал дэмжлэг болж өгдөг.
Гол нь хэвлэлүүд тодорхой улс төрчийг дэмжихдээ нийтийн эрх ашигт хор учруулахгүй байх, нийтлэлийн бодлогын хэм хэмжээгээ барих зэрэг ёсзүйн асуудлууд хөндөгдсөөр байгаа юм.

Харин сургагч багш, эрдэмтэд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Сэтгүүл зүйн сургагч багш Ц.Чимэддондог, "Өндөр хөгжилтэй орнуудын жишигт сэтгүүл зүй болон пи-ар, сурталчилгааны үйл ажиллагааг хольдоггүй. Жил ирэх тусам ялгаж, тусгаарлаж байна. Нэг үгээр, сэтгүүлч хүн сурталчилгааны контент хийж болохгүй. Энэ нь сэтгүүл зүйн үндсэн зарчимтай шууд харшилдаг.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сонгуулийн сурталчилгаанд зорилтот, төлбөртэй контент хийх, нэр дэвшигчидтэй шууд хамтран ажиллах нь олон улсын жишигтэй нийцдэггүй.
Харин ХМБ нь хувийн ААН болохын хувьд төлбөртэй буюу сурталчилгааны бэлэн мэдээ, материалыг авч түгээдэг. Энэ нь хамгийн цэвэр бизнес зарчим болдог.
Ингэхдээ заавал "Төлбөртэй", "Редакцаас бүтээгээгүй" гэдэг шошго, таних тэмдэглэгээг тавьдаг онцлогтой" гэлээ.
Харин МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш, доктор Д.Идэржаргал, "Аливаа ХМБ болон сэтгүүлчид сонгуулиар ёс зүйн ээдрээт байдалд орох нь элбэг. Нэг талаас үнэн бодит мэдээллийг түгээх, нөгөө талаар ААН-ийн хувьд нэр дэвшигчдээс ирж буй төлбөртэй мэдээллийг нийтэлж ашиг олох шаардлагатай болдог. Үүнийг зөв тэнцвэржүүлэх нь үргэлж тулгамддаг асуудал, том сорилт. ийм үед дараах чухал асуудлуудыг анхаарвал зүйтэй гэж бодож байна.
- Нэгдүгээрт, зорилготой мэдээлэх ёстой. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааны талаарх үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэх нь нэгдүгээрт тавина. Нөлөөллөөс ангид байх ёстойг үргэлж санавал зүй.
- Хоёрдугаарт, ил тод байдлыг хангах ёстой. ААН-ийн хувьд санхүүжилтийн эх үүсвэр, намуудтай харилцах харилцааны тухайд ил тод байх. Тодруулбал, "төлбөртэй мэдээ" гэдэг нь хангалттай ойлгогдохуйц шошго тавих, ялгамжлах. Эсвэл тухайн нам, нэр дэвшигчийг дэмжиж буй гэдгээ тодорхой учир шалтгааны үндсэн дээр зарлаж болно. Энэ нь уншигчдын итгэлийг хадгалахад тусална.
- Гуравдугаарт, ХМБ зар сурталчилгааны бодлогоо гаргах ёстой. Улс төрийн сурталчилгааг хүлээн авах тодорхой шалгууртай болно гэсэн үг. Үүндээ, бүх нэр дэвшигчид зар сурталчилгааны боломжийг тэгш хүртэх хэрэгтэй. Иймд хэнийг ч ялгаварлан гадуурхахгүйгээр зохицуулсан товч бодлого байж болно.
- Дөрөвдүгээрт, мэдээ ба үзэл бодлыг салгах ёстой. Бэлэн ирсэн төлбөртэй мэдээ нийтлэл нь үргэлж ашиг сонирхол агуулж буй. Иймд үзэл бодолд тулгуурласан материал гэдгийг тэмдэглэж, мэдээнээс ялгах ёстой.
- Тавдугаарт, баримтыг нягтлах ёстой. Нэр дэвшигчдийн явуулж буй мэдээллийг шалгавал зүй. Худал байвал энэ нь сонгогчдын шийдвэрт сөргөөр нөлөөлнө. Иймд баримтыг нягтлан шалгах үүргээ тодорхой хэмжээнд биелүүлэх болдог.
- Зургадугаарт, нийтийн эрх ашиг нэгдүгээрт гэдгийг мартаж болохгүй. Ашиг орлого чухал ч үүнээс дээр нийтийн эрх ашиг байх юм. Зар сурталчилгааны орлого чухал ч үнэн зөв мэдээлэл авах олон нийтийн эрхийг зөрчиж болохгүй.
Эцэст нь сонгогчдын боловсролд чиглэсэн кампанит ажил явуулах нь үндсэн үүрэг. Энэ бол нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй чухал хэлбэр. Ингэснээр олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах боломжтой хэмээн үзэж болно" гэлээ.
Дөрөвдүгээр хэсэг: Дээрхийг зэрэгцүүлж, зөв ажиллахын тулд редакцууд ямар бэрхшээлтэй нүүр тулж байна вэ?
Сургагч багш, эрдэмтдийн онцолсноор,
- Нэг талаас сэтгүүл зүйн үндсэн үйл ажиллагаа
- Нөгөө талаас ашиг орлого буюу сурталчилгааны, төлбөртэй контент нийтэлж, нэвтрүүлэх хоёрыг тэнцвэртэй авч явах нь редакцуудын хувьд сорилт болж байна.
Харин манай редакцууд ямар бэрхшээлтэй нүүр тулж байна вэ?

Энэ хүрээнд Eguur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам, iSee.mn сайтын үүсгэн байгуулагч, эрхлэгч М.Отгонбаяр, News.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ш.Оюунчимэг нарын байр суурийг сонирхлоо.
М.Отгонбаяр: Хэвлэлүүд редакцын бодлогоо зарлаж, энэ хүрээндээ мэдээллээ бэлтгээд эхэлбэл буруу хандлагын бай болохгүй
"Редакцын бодлоготой зөрчилдсөн мэдээлэл, сурвалжилгаас бид шууд татгалздаг тул бэрхшээлтэй нүүр тулаад байгаа зүйл одоогоор алга. Манай редакцын бодлого бол хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг дээдлэн, хамгаалах. Мөн эдийн засаг дахь улс төрийн оролцоог багасгаж, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх гэсэн барууны үзэл баримтлалтай. Уншигч, хүлээн авагчдын хандлагын хувьд бол “манай улс хүндээ хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй болж дээ” гэж шүүмжлэлтэй ханддаг болсон.
Пиар, маркетингийн уламжлалт, буруу хандлага гэхээсээ илүүтэй манай зарим хэвлэлүүд “бусдын зорилготой пиарын өгөөш”-ийг үмхээд байдаг. “Пиар гэдэг бол сэдвээ өг, хэвлэлүүд өөрсдөө хийдэг юм” гэсэн үг бий. Энэ нь хэвлэлүүд өөрсдөө ч мэдэхгүйгээр бусдын пиарын хэрэгсэл болоод явдаг гэсэн үг. Иймд хэвлэлүүдийн редакцын бодлогоо баруун, зүүн, төвийн гээд тодорхой зарлаж, редакцын бодлогынхоо хүрээнд мэдээлэл, сурвалжилга бэлтгээд эхэлбэл буруу хандлагын бай болохгүй"
Ж.Оюунчимэг: Сошиал, мэргэжлийн сэтгүүл зүй хоёр том ялгаатайг улстөрчид ойлгохгүй байгаа нь харамсалтай
"Хэвлэл мэдээлэл өөрөө бизнесийн байгууллага боловч Монголд бол олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах сайн дурын байгууллага гэсэн ойлголттой байдаг. Бусад бизнесийн байгууллагаас ганц ялгаатай зүйл нь мэдээ, мэдээлэл дамжуулах, хүргэх үүрэг хүлээдэг, олон нийтийн өмнө илүү их хариуцлага хүлээдэг онцлог, давуу талтай л гэсэн үг.
Тэр утгаараа сонгуулийн үеэр контентоо тодорхой хэмжээнд үнэлж, нэр дэвшигчид, намуудад зориулсан тусгай контентууд бэлтгэж, сонгогч, нэр дэвшигч хоёрын гүүр болдог. Мэдээж тодорхой хэмжээний үнэлэмж, зардлаа тооцоод, харилцан ойлголцож хамтран ажиллана. Гэхдээ сонгуулийн ажил хийж байна гээд редакцийн үндсэн үйл ажиллагаа, бодлого, зарчмаа алдахгүйн тулд илүү их ачаалал, илүү ажиллагаа шаарддаг. Ялангуяа www.news.mn зэрэг тогтсон уншигчидтай, тогтмол контентуудтай байгууллагын хувьд шууд сонгууль руу “гулсаад орчихгүй”-н тулд тэнцвэртэй байдлыг хангах, хэрэглэгчдэд хэрэгтэй, чухал байх үүднээс нь боловсруулах, ач холбогдолтой, сонирхолтой шинэ контентууд санаачлах зэргээр ажилладаг.
Улс төрийн намууд, нэр дэвшигчид сонгогчдод өөрийгөө таниулахдаа бодлого ярихаас илүү сошиалд “тэнэг” ч хамаагүй зүйлээр од болох гэсэн хүсэл нь өнөөдөр ч хэвээрээ байна. Сошиал, фэйсбүүкт олон сая доллар цацах бус мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд бодлогоо танилцуулах, хийсэн ажлаа тайлагнах зэргээр ажиллаж сурах хэрэгтэй юм шиг. Сошиал, мэргэжлийн сэтгүүл зүй хоёр маш том ялгаатай гэдгийг улстөрчид ойлгохгүй байгаа нь харамсалтай. Мэргэжлийн сэтгүүл зүйгээр дамжуулан бодлого ярьж, танилцуулж, мэтгэлцэх нь өөрөө уншигчдаа ч гэсэн боловсруулах, мэдээлэл өгөх чухал алхам гэдгийг ойлгохгүй, зөвхөн сошиалд доллараар бүүстлээд эсвэл тролл ажиллуулж байгаагаа мундаг пи-ар, марктинг гэж үзэж болохгүй юм.
Нөгөө талд улстөрчидтэй холбоотой мэдээлэл түгээж эхлэхэд олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаалтын гэрээ хийжээ гэж хардаж эхэлдэг нь улстөрчид нь ч хэвлэл мэдээлэл нь ч уншигчдаа огт бэлтгээгүйнх. Угтаа бол хэвлэлүүд хамтран ажиллах гэрээ л хийдэг. Нэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн байгууллагаас олон нийтэд хүргэх чухал мэдээ, мэдээллийг нь дамжуулах үүргийг хэвлэл мэдээллийнхэн хүлээдэг. Олон нийтийн ойлгоод байгаа шиг хаалтын гэрээ буюу дааж, давшгүй их мөнгө аваад юу ч мэдээлэхгүй, дамжуулахгүй байх өнөөдрийн нөхцөлд бараг л боломжгүй зүйл. Хаалтын гэрээ хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг л байхгүй дээ, байлаа гэхэд маш цөөн тооны бөгөөд тодорхой эрх ашигтай хүмүүсийн л хийх үйлдэл.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санхүүжилт, хүний нөөц хоёр бол “толгойны өвчин” болоод байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цалингаа өндөр болгох, контент, мэдээллээ сайжруулахын тулд “толгойны өвчин”-өө даван туулж, санхүүжилтээ сайжруулах, нэмэхийн тулд контент үйлдвэрлэл дээрээ илүү их ач холбогдол өгч ажиллаж, ачааллаа үүрсээр л байгаа. Учир нь бид бол үнэн бодитой, эх сурвалжтай, баталгаатай мэдээ, мэдээлэл түгээх үүрэгтэй учраас маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “толгойны өвчнөө”-өө эм ууж, түр аргацаагаад үүргээ ухамсарлаад явж л байна. Цаашдаа ч даван туулаад л гарна. Мэдээж олон улсын хэвлэлүүд шиг мэдээгээ төлбөртэй болгох замаар ажиллаж болох ч монголчуудын хувьд энэ бол ойрын хэдэн жилдээ биелэхэд хүндрэлтэй. Ялангуяа унших мэдээлэлдээ мөнгө төл гэвэл манай хөрсөн дээр буухгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулна гэвэл санхүүгийн эх үүсвэрээ шийдэх зөв шийдэл олох нь чухал байна".
Ж.Мядагбадам: Сонгуулийн үеэр редакциудыг тасралтгүй шалгадаг
"Өдөр тутмын мэдээний агентлагуудын хувьд мэдээллийн үнэн зөв байдал, найдвартай, итгэхүйц суваг болох үүрэг нь тодорсоор байгаа. Медиа хөгжихийн хэрээр олон мэдээллийн урсгал зэрэгцэж, уншигчид яг найдвартай мэдээний сувгийг чухалчлах болсон. Сонгуулийн үеэр редакциуд энэ орон зайд ажиллахын зэрэгцээ сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, харьцуулсан агуулгуудаар хэрсүү уншигч бэлдэх, улс төрийн нарийн нюансуудыг тайлбарлах зэрэгт анхаарч байгаа гэж хардаг. Манай Eguur агентлагийн нийтлэлийн бодлого хэрсүү уншигч бэлдэх чиглэлд анхаарч, ийм түлхүүр үгтэй болоод нэлээд удаж байна.
Өнөөдөр монгол дахь ХМБ-уудаас Монцамэ, МҮОНРТ хоёроос бусад нь хувийн байгууллага. Гэвч хүлээн авагчид нь яг төрийн байгуулагатай зэрэгцүүлэн, түүнээс ч илүү өндөр ёс зүй, нийтэд тустай байдал хүсдэг. Сонгуулиар хэвлэлүүд мэдээлэх үүрэгтэйгээ зэрэгцүүлээд, төлбөртэй контентууд бэлтгэх, дамжуулах суваг дээрээ бизнесийн борлуулалтаа өсгөдөг. Энэ нь бизнес явж байгаа л хэлбэр.
Бэрхшээлийн тухайд маш олон гомдлоор сонгуулийн үеэр редакциудыг тасралтгүй шалгадаг. Хуулийн байгууллагууд хамтарсан ажлын хэсэг гаргаж байгаад, нэр дэвшигч гомдол гаргалаа л бол маш хурдан шалгаж эхэлнэ. Зарим тохиолдолд мэдээллийн сайтыг хаах хүртэл санамж авдаг. Сэтгэгдэл хэсгээ шууд хаалгадаг хуулийн зохицуулалт дотоодод үйлчилж байна. Ер нь их айдастай, маш их анхаарал шаарддагаараа сонгуулийн үе нь онцлог юм".
РЕДАКЦЫН ТЭМДЭГЛЭЛ:
Дээрх агуулгаар бид сонгуулийн үеэр хэвлэлүүд тодорхой үүрэг хүлээж ажиллах нь зайлшгүй. Энэ нь дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын түүхэнд ч тогтсон жишиг, үүрэг, ажиллах арга барил болон тогтсоныг хөндөв. Монголд ч сонгулийн үеэр редакциуд нийтийн мэдэх эрхийг хангасаар ирсэн хэвшлээ илүү чамбайруулж, хэрсүү уншигч бэлдэх, сонгогчийн боловсролд анхаардаг байдлаар боловсронгуй болгосоор байна.
Мэдээж сайны хажуугаар саар асуудал байгаа юу гэвэл байгаа. Редакциуд илүү мэргэжлийн байх, мэдээлэлд шүүлтүүртэй хандах, үзэл баримтлалаа зарлах, мошиал хуудсуудаа эрс ялгарах зэрэг шинэ тутам шаардлагууд үүссээр буй. Мөнхүү ханатай сэтгүүлчид байхад ёсзүйн хувьд төлөвшил дутмаг сэтгүүлчид ч бий. Гэвчиг нийтээрээ л урагшлах гэж хичээн ажилласаар буйг дурдууштай.
Санхүү мөнгөний тухайд ярихад, ганц монголд биш дэлхийн аль ч оронд сонгуулийн үеэр хэвлэлүүд рүү санхүүжилт ихээр ордог. Бизнесээ өргөтгөх, санхүүгээ тэлэх цикл хугацаа нь өөрөө улс төрийн сонгууль болдог нь нууц биш. Редакциуд сонгуулиар мэдээлэл дамжуулах сувгаа бизнесийн байдлаар үнэлж зарах, төлбөртэй контент агуулга бэлтгэн нийлүүлэх, пи-ар зөвлөгөө гүйцэтгэл авах зэргээр мөнгөжиж буй. Энэ нь бизнесийн зарчмын хувьд буруутгаад байх үзэгдэл биш гэж дүгнэж болох юм.
Гэвч бизнесийн хэт ашиг олох хөөсрөлд автаж, нийтийн эрх ашгийн төлөө бус олон улс төрчдийг хэвлэлүүд нийтээрээ дэмжих, улс төрийн зорилготой комнтент бүтээлт олноор түгээх зэрэг үзэгдлүүд байсаар буй нь шүүмжлэх ёстой өнцгүүдийн нэг билээ.
Ж.Мядагбадам
ДУГААРЫН УДИРДАГЧ: Ж.МЯДАГБАДАМ, М.ТЭНГИС
АЖИЛЛАСАН СЭТГҮҮЛЧИД:
Б.ОТГОНБАЯР
Ц.НАРАНЦАЦРАЛ
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
МЕДИА БАГ:
Б.ЭРДЭНЭБАЯР
О.УЛСБОЛД
Б.МЯГМАРБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг
Эгүүр сайтаас ихэнх мэдээлэлээ авдаг .Туйлширдаггүй ,олон сэдвээр өргөн дэлгэр мэдээлэл өгдөг. Отгонбаяр , Оюунчимэг нар зөв хандлагатай ярилцлага өгчээ. Зарим сэтгүүлчид , сайтууд ХААЛТЫН ГЭРЭЭТЭЙ худ�##�ддагсан юм шиг мэдээ өгдөг .Тийм сайт , сэтгүүлчидийг тоож уншдаггүй сонихдог ч үгүй .
Эгүүүр мундаг шүүү
Mash ih hodolmor shingeej tom aguulgaar bichjeee bayr hurgey mundag shvv
Баяр хүргэе үнэхээр сайн байна
Mundag gehees oor vg alga bayr hurgey
Ойрд ийм сайн матерт�##� уншааагүй уджэээ
Emh tsegts aguulga uneheeeer tasarhai
Баярын контентооо бэлдсэн шиг бэлджэээ. Баярын мэндэээ
end garsan buh setguulchid zasgiin gazraas sanhuujdeg, arhichin shantaajchin setguulchid l bn, urnaa tuul 2 oos busad ni uzel bodloo hediine hudaldaad idsen arhichid bn, ter chimgee bol manlailagch tolgoilogch , urvagcg