“Эгүүр” брэнд“Эгүүр”-ийн сэдэвTop StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Эгүүр”-ийн сэдэв: Монголын сэтгүүл зүйг ямар ирээдүй хүлээх вэ. Бид юуг өөрчилж бас хэвээр авч үлдэх вэ

Олон улсад “Journalism” биш “Media”, “Mass communication” гэдэг үгс хэвлэл мэдээллийн салбарыг тодорхойлдог болсон нь лав 10 жилийн өмнөөс юм. Гадаадын их, дээд сургуулиуд сэтгүүлч биш олон нийтийн харилцааны, медиа мэргэжилтэн бэлтгэх болов. Сэтгүүл зүйн тухай ойлголт ийн өөрчлөгдөх болсон нь технологийн болоод цаг үеийн шалтгаантай.

“Ройтерс институт”, АНУ-ын хэвлэлийн институтээс хэвлэл мэдээллийн салбарт ирээдүйн зүгээс тулгаж буй бэрхшээл, өөрчлөлтүүдийг жагсаасан байх юм. Ингэхдээ “Media” биш “Journalism” гэдэг үг ашигласан нь сэтгүүл зүйг авч үлдэх гэсэн эрмэлзэл мэт.

АНУ-ын хэвлэлийн институтээс:

  1. Интернэт орчин дахь худал мэдээлэл, үзэл бодлын урсгал ихэссээр буй
  2. Салбарын бизнес модель эвдэрсэн
  3. Уламжлалт хэвлэл, мэдээллийн байгууллагууд шинэ тутам технологид хурдтай дасан зохицох шаардлагатай болсон
  4. Хэвлэлийн эзэд ашиг олох, ашигтай ажиллахад хэт их анхаарах болсон
  5. Олон нийт сэтгүүл зүйд итгэхгүй, авч хэлэлцэхээ больсон гэсэн таван хүндрэлийг дурджээ.

Энэ судалгааг хэвлэлийн эздээс болон редакцын нэгж ажилтнуудын аль алинаас нь авч, харьцуулжээ.

Харин “Ройтерс институт” энэ талаарх нийтлэлдээ:

“Хэвлэл нь биш платформууд нь олон нийтийг удирддаг болсон”,

“Хүмүүс алгоритм, автоматжуулалтад суурилсан янз бүрийн мэдээлэлд өртөх боллоо. Үүнд дижитал медиа шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэж чадахгүй байна”,

“Сэтгүүл зүй олон нийтийн анхааралд өртөх, итгэлийг нь хүлээхээ болилоо”,

“Бизнес модель нь сорилттой нүүр тулж, улам бүр арилжааны болоод улс төрөөс хараат хэлбэрээс зайлах аргагүй боллоо”,

“Мэдээний төрөл, сэдэв урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн хүрээнд очлоо. Үүнийг дагаад гайхалтай сэтгүүл зүйн бүтээл хийх боломж ч бий болсоор байгаа” гэсэн таван санааг “Хэвлэл мэдээллийн салбарын ирээдүй” гэж тодорхойлжээ.

Eguur News агентлаг нь жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр салбарынхаа асуудлыг хөнддөг. 2021 онд “Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой вэ”, 2022 онд “Монголын мэдээллийн сайтууд яагаад гажуудав. Бид хаашаа явах ёстой вэ” контентоор та бүхэнтэй уулзсан. Редакцын бүх сэтгүүлч, уран бүтээлчдийн хамтын бүтээл болдог “Эгүүрийн сэдэв” контентоо энэ удаад “Монголын сэтгүүл зүй ямар шинэчлэл өөрчлөлттэй нүүр тулж байна вэ. Тэдэнд хэрхэн дасан зохицож, бас юуг нь үнэнчээр авч үлдэх шаардлагатай вэ” агуулгаар бэлтгэлээ.

М.Тэнгис


Нэгдүгээр хэсэг: Сэтгүүл зүйн салбар хэрхэн ямар өөрчлөлтүүдтэй нүүр тулж байна вэ

Нэн тэргүүнд Монголын сэтгүүл зүйн салбар ирээдүй өөд замнахын тулд ямар өөрчлөлтүүдийг хүлээн авч, дасан зохицох шаардлагатай болсоор буйг авч үзье. Нэгдүгээр хэсгээс,

  • Зах зээл болон бизнес модель
  • Хүлээн авагч, олон нийтийн хандлага
  • Улс төрчид болон бизнесийн хандлага
  • Хүний нөөц, залуу ажиллах хүчний талаас бид ямар шинэчлэлүүдтэй нүүр тулж буйг олон талт хэлбэрээр хөндөхийг зорилоо.

1.1. Бизнес модель болон зах зээлийн өөрчлөлт

Кэйс 1. 300 сая төгрөгийн сошиал маркетинг гэрээлэгч нь,

  • 65 хувийг /195 сая орчим/ Фэйсбүүк бүүстинг, бусад идэвхжүүлэлт
  • 23 хувийг /70 сая орчим/ мэдээллийн сайтуудад
  • 3 хувийг жиргээнд зарцуулжээ.

Кэйс 2. 800 сая төгрөгийн хэвлэлийн зардалтай ТӨХК нь,

  • 150 орчим мэдээллийн сайт гэх домэйн хаягтай
  • Арилжааны телевизүүд
  • Өдөр тутмын сонинууд
  • Сошиал нөлөөлөгчидтэй бусад байдлаар гэрээлжээ.

Бид 2021 онд "Эгүүрийн сэдэв" контентыг бэлтгэхдээ, жилдээ 50 тэрбум орчим төгрөг хэвлэл мэдээллийн салбарт эргэлддэг гэх тойм тоог танилцуулж байв. Брэндийн төлөвшлөө дагаад 50 тэрбумын 60-70 хувь нь нийт хэвлэл мэдээллийн 10-25 хувьд ноогддог. Гэвч 50 тэрбумаа ХМБ-уудын нийт тоонд хуваавал, тухайн үед жилдээ нэг байгууллагад 99 сая орчим төгрөг ногдож байсан бөгөөд сардаа тухайлсан редакц 8 сая төгрөгөөр “амьдрах” шаардлагатай нүүр тулдгийг онцолж байжээ.

Хамгийн сонирхолтой нь, нөхцөл байдал ийм муу ч Монголд дампуурлаа зарласан ХМБ байдаггүй.

Зах зээлийнх нь шуурга харьцангуй ухаалагжиж, иргэд контент төлвийг сонирхдог болсон нь энэ жилүүдийн сайн тал. Бид өнөөдөр яг сэтгүүл зүйн халуун гол тогоог "идэх хоол"-той байлгах үүрэг хүлээн ажиллаж буй телевиз, мэдээллийн сайт, өдөр тутмын сонины удирдлагуудыг хэрхэн ажиллаж байгаа талаарх байр суурийг сонирхуулж байна.

АСУУЛТ: "Өнөөгийн нөхцөлд тогтсон редакц бүхий, ихэнх байдлаараа ашгийн бус нийтлэлийн бодлоготой ХМБ удирдахад тулгарч буй бэрхшээл, бизнес модель болон зах зээлийн өөрчлөлтийг хэрхэн даван гарч байна вэ"

А.Баярбат: Нийт борлуулалтын 50-иас доош хувийг уламжлалт орлого эзэлдэг

/NTV телевизийн захирал/

Өнөөгийн нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа телевизийн салбарт тулгарч байгаа олон асуудал байна. Хамгийн гол гурван асуудлаа нэрлэе.

Нэгдүгээрт, шударга өрсөлдөх боломж хомс. Учир нь энэ салбар олон тооны оролцогчидтой. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л 60, улсын хэмжээнд 100 орчим телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ олон телевизүүд бизнесийн зарчмаараа үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл үгүй. Үүнтэй холбоотойгоор чадавх сул, үнэлэмж тааруу. Тааруу үнэлэмжээс үүдэж орлого нь бага. Орлого багаас улбаалж оюуны өмчийн хулгай гарах цаашлаад чанартай, чадалтай боловсон хүчин авах боломж хомс болох гэсэн асуудлууд гардаг.

Хоёрдугаарт, технологийн дэвшил, цахим орчинтой холбоотойгоор уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэлт, хандалт тогтмол буурч байна. Энэ бол манай телевизийн салбарын анхаарах ёстой асуудлуудын нэг яах аргагүй мөн. Гэхдээ нөгөө талаас нь харвал шинэ үзэгчтэй болох, залуу сегментүүдэд мэдээллээ хүргэх боломж гэж харагдахаар.

Гуравдугаарт, хүний нөөцийн чадавхын асуудал. Маш хүнд. Чадалтай сэтгүүлч, найруулагч, эвлүүлэгч олно гэдэг төвөгтэй. Эхлээд дурдсанчлан салбар нь өөрөө ийм төвөгтэй байдалд орчихсон болохоор төсөв санхүүгийн асуудал нь хүнд. Үүнээс улбаалсан боловсон хүчний асуудал тааруу. Нөгөө талаар хэвлэл, медиа салбарын төгсөн гарч буй боловсон хүчний чадавх сул байна. Гадаад хэлний мэдлэг тааруу. Хуучин ажиллаж байсан залуус гэр бүлээрээ гадагшаа маш ихээр явж байна. Энэ их төвөгтэй асуудал болоод байна.

Манай NTV телевизийн хувьд хувьсамтгай зах зээлд аль болох өөрчлөгдөхийг хичээн ажиллаж байна. Жижиг гэлтгүй хурдан хугацаанд өөрчлөгдөж цаг үеийн нөхцөл байдалтайгаа тохирсон бизнес модель бий болгохыг зорьдог. Зөвхөн уламжлалт байдлаар бизнес моделоо харалгүй хурдан хөрвөсөн, олон талт эх үүсвэр харж ажилладаг. Нийт борлуулалтын 50-иас доош хувийг уламжлалт орлого эзэлдэг. Шинэ тутам цахим төрлийн бизнесийн хэв маяг руу анхаарлынхаа 50 хувийг хандуулж ажиллаж байна.

Х.Мөнхжаргал: Зөвхөн зар сурталчилгаа, захиалгад найдах биш орлогын олон эх үүсвэртэй болоход анхаарч байна

/“Зууны мэдээ" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга/

Өдөр тутамдаа цаасан сонин хэвлэж, уншигч захиалагчдадаа хүргэхийн тулд санхүүгийн олон төрлийн эх үүсвэртэй байх шаардлага тулгарч байна. Тиймээс зөвхөн зар сурталчилгаа, захиалгад хязгаарлагдахгүйн тулд сониныхоо дэргэд polit.mn, zms.mn цахим сайт ажиллуулж, Фэйсбүүк хуудас давхар хөтлөн явуулж байна.

Мөн соён гэгээрлийн материалууддаа анхаарч "Монгол бичиг", "Өв соёл" буландаа тодорхой төсөл санаачлан хэрэгжүүлж, санхүүжилт бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Өдөр тутмын сонин гэдэг түүх бичиж үлдээдгээрээ онцлог. Бид архивт байгаа өмнөх нийтлэлүүдээ судлаач, сонирхогчдод төлбөртэй үзүүлэх, ном товхимол хэвлүүлэн худалдах зэргээр орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж ажилладаг.

Мэргэжлийн өндөр түвшинд мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд хамт олноороо тогтмол сургалтад хамрагддаг. Өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал бол боловсон хүчний хомсдол. Шинэ Z үеийнхэн тогтмол цаг, ажлын орчинд хандах хандлага нь өөрчлөгдсөн тул манай редакц цахим, оффис хосолсон байдлаар ажлын цагт уян хатан зохицуулалт хийсэн.

Ж.Мядагбадам: "Хэн бүтээлч байна, хэн тоймлож байна" гэсэн өнцгөөс биднийг хэрэглэгчид ажигласаар байгаа

/Eguur.mn агентлагийн Ерөнхий эрхлэгч/

Хэвлэлийн салбарт эргэлддэг зар сурталчилгааны мөнгөн урсгал хоёр жилийн өмнөх 50 тэрбум гэсэн ерөнхий дүнгээсээ холдоогүйг энэ сэдвийг бэлтгэх явцдаа мэдэв. Үүгээр хэвлэлийн нийт редакц яагаад ч амьдрах боломжгүй юм. Эл салбарт мөнгө нийлүүлэгчид ухаалаг болж, хэрсүүжсэн. Ерөөсөө уншдаг гарын таван хуруунд багтах мэдээллийн сайттай болж, хэрэглэгчид төлөвшиж байгаа энэ үед цөөн редакцуудад л албан ёсны мөнгөн урсгал очиж байгаа гэдгийг баттай хэлье. Анхнаасаа шууд дамжуулалт, видео хэлбэрт төдийлөн автаагүй манайх шиг залуувтар редакц энэ жилүүдэд бичдэг байдлаараа л мөнгө татаж ирсэн.

Уншигчдад улс төрийн агуулгуудыг тайлбарлах, нийгмийн асуудлаар голч хандах зэрэг тодорхой ялгарал бий болгохоор хэрэглэгчид, сурталчилгаа нийлүүлэгчид ч дагаад жил тутам тогтворжиж байгаа. Төрийн байгууллага, хувийн хэвшлүүд, олон улсын байгууллагууд одоо "Хэн бүтээлч байна, хэн тоймлож байна" гэсэн өнцгөөс биднийг анхааралтай ажиглах болсон. Үүн дээр бидний зах зээлийн эрэлт харьцангуй өөдрөг яваа. Тодорхой бэрхшээлүүд тулгарсаар буй. Цалин, ажилчдын нийгмийн асуудал ямагт бэрхшээл дагуулсаар байгаа ч бизнес моделын хувьд хэлбэржиж, богино хугацааны өөрчлөлт зэргээ тооцоод, "давгүй" яваа гэж хэлье.

Гэхдээ шударгаар хэлэхэд ямар ч хэвлэл өнөө үед дампуурахгүй байгаа нь энэ салбарт "албан бус" тодотголтой, сул мөнгө эргэлдэж байгааг илчилсэн хэрэг юм. Өвлийн жагсаалын үеэр л гэхэд зорилготой субьектүүд маш их мөнгийг медиа руу оруулсан. Мэдээж тролл баг, Фэйсбүүк, Твиттер зэрэг платформуудад энэ мөнгөний ихэнх хэсэг зарцуулагдаж байгаа ч манай салбарт яваа сул мөнгө гэж чухам үүнийг л хэлнэ байх.

Ж.Мядагбадам


1.2. Мэдээ мэдээлэл хүлээн авагч буюу хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлт

Мэдээ мэдээлэл хүлээн авагч иргэд, хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлтийн судалгааг редакцаас авч бэлтгэлээ.

Судалгааг түүврийн аргаар 306 хүнээс авсан бөгөөд гол зорилго нь хэрэглэгчид мэдээллийг ямар хэлбэрээр, хаанаас, хэрхэн хүлээж авдаг хийгээд ямар төрлийн мэдээг хэвлэл мэдээллийн салбараас хүсдэг талаар судлахад оршино.

Судалгаанд оролцогчдын 64 хувь нь интернет платформуудаас мэдээллийг хүлээж авдаг аж. Тэр дундаа 80 хувь нь мэдээллийг Фейсбүүк орчноос авч байна. Мөн нийт судалгаанд оролцсон иргэдийн 63 хувь нь анализ, тоймлосон хийгээд харьцуулсан мэргэжлийн бүтээлийг уншиж, судлахыг хүсэж байгаа юм.

Судалгааны үр дүнгээс дараах дүгнэлтүүдийг хийх боломжтой байв:

  • Нэгт, судалгаанд оролцогчдын дийлэнхийг 26-35 насныхан бүрдүүлж байна.
  • Хоёрт, интернэт платформ ашиглаж мэдээлэл авдаг иргэд 64 хувийг нь бүрдүүлж байна.
  • Гуравт, судалгаанд оролцогчдын олонх буюу 80.3 хувь нь Фейсбүүкээс мэдээлэл авдаг.
  • Дөрөвт, мэдээлийг эх хэл дээрээ түлхүү уншдаг хэмээн судалгаанд оролцогсдын 72.8 хувь хариулжээ.
  • Тавт, судалгаанд оролцогчдын 40 хувь нь видео хэлбэрээр мэдээлэл авахыг илүүд үздэг байна.
  • Зургаад, текстэн хэлбэрээр мэдээлэл авахыг хүсдэг иргэд судалгаанд оролцогчдын 82.7 хувийг бүрдүүлж байлаа.
  • Долоод, мэдээллийн үнэн бодит эсэхийг албаны эх сурвалжаар нягтлахыг илүүд үзэж байна.
  • Наймд, 47.5 хувь нь мэдээллийн агентлагийн захирал, мэргэжлийн шинжээч, судлаачийн хувь хаягаас мэдээлэл авахыг илүүд үздэг.
  • Ест, олон нийт анализ, тоймлосон, харьцуулсан материал уншихыг хүсэж байна.

Редакцаас авсан дээрх судалгааны үр дүнд олон нийт анализ бүхий мэдээ мэдээллийг уншихыг хүсдэг байна. Мэдээ мэдээллийг цахим платформуудаар, тэр дундаа Фейсбүүкээс авч буй. Цахим платформоос мэдээлэл авч буй болгоныг хуурамч, чанаргүй мэдээлэл хэмээн үзэж болохгүй.

Шалтгаан нь мэргэшсэн шинжээч, судлаач, сэтгүүлчдийн цахим хаягаас авч буй мэдээлэлд олон нийт итгэж байгаа юм. Мөн ямар нэгэн байдлаар бичвэр хэлбэрийн мэдээлэл уншихад цаг хугацааг зориудаар зарцуулдаг хэмээн дээрх судалгаанд гарав.

Судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Д.Мөнхбат, Н.Анужин


1.3. Улс төрчид ба бизнесийн салбарынхны хандлагын өөрчлөлт

Хэвлэл мэдээллийн салбарын талаарх улстөрчид болоод бизнесийн салбарынхны чиг хандлагын өөрчлөлтийг энэхүү хэсгээр дүгнэхийг хичээв.

УИХ-ын гишүүдэд хуулийн төслөө сурталчлах тодорхой хэмжээний санхүүжилт гэж бий. Тэд хэвлэл мэдээлийн байгууллагатай хамтран ажиллах, сошиал бүүстэд зарцуулахын алийг чухалчилж үзэж буйг сонирхлоо.

Улс төрчид

АСУУЛТ: Хэвлэл мэдээллийн байгууллагыг ямар байвал үүргээ биелүүлж байна гэж хардаг вэ. УИХ-ын гишүүд хуулийн төслөө сурталчлах зардал, санхүүжилтээ хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал бүүст хоёрын алинд нь түлхүү зарцуулахыг чухалчилдаг вэ?

Ц.Мөнхцэцэг: Үнэнийг нуухгүй, баримтыг мушгин гуйвуулахгүй байх нь хэвлэлийн үүрэг

/УИХ-ын гишүүн/

"Олон Улсын сэтгүүлчдийн холбооны 1954 он баталсан "Сэтгүүлчдийн баримтлах зарчмууд"-аа мөрдөн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагыг үүргээ биелүүлж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, үнэнийг мэдэх олон түмний эрхийг хангах нь сэтгүүлч хүний нэн тэргүүний үүрэг. Мөн сэтгүүлчид үнэнийг нуун дарагдуулахгүй, баримт сэлтийг мушгин гуйвуулахгүй байх ёстой. Мэдээ, гэрэл зураг, баримт сэлтийг олж авахдаа шударга арга хэрэглэх учиртай. Харин хор уршиг тарихуйц, хуудуутай мэдээлэл нийтэлсэн нь нотлогдвол засч залруулахын төлөө бололцоотой бүхнээ хийх. Цаашлаад арьсны өнгө, хүйсийн ялгаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн юм уу өөр үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарлаар болон бас бус шалтгаанаар ялгаж гадуурхахаас сэрэмжлэхийн төлөө чадах бүхнийг хийж байгаа бол чөлөөт хэвлэл мэдээллийн үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байна гэж үзнэ".

Б.Жаргалмаа: Мэдээллийг тэнцвэртэй хүргэх нь хэвлэлийн үүрэг. Санхүүжилтийн асуудлыг чухалчилдаггүй

/УИХ-ын гишүүн/

"Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд бусдын эрхийг хүндэтгэн мэдээ мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэж, дүгнэлт хийх эрхийг уншигч, үзэгчдэд өөрсдөд нь үлдээх эрхийг олгож байвал үүргээ биелүүлж байна гэж хардаг. Ингэхдээ хэнээс ч хараат бусаар олон талын байр суурьтай хүргэх гэдэг хэмжүүр чухал үүрэгтэй. Гэрээ хийдэггүй тул санхүүжилтийн асуудлыг чухалчлахгүй, хариулт өгөх боломжгүй"

Г.Дамдинням: Хуулийн төслөө сурталчлах үүднээс хэвлэл, уулзалт, сошиал орчинд санхүүжилт гаргахыг чухалчилдаг

/УИХ-ын гишүүн/

“Хэвлэл мэдээллийн байгууллага хоточ нохойн үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэж чадаж байгаа. Тиймээс хуулийн төсөл сурталчлах тодорхой хэмжээний санхүүжилтээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон уулзалт, сошиалд орчинд аль алинд нь ер нь бүх хэлбэрээр зарцуулахыг чухалчилдаг”.


Бизнесийн байгууллагууд

АСУУЛТ: Бизнесийн байгууллагууд, банкны салбарынханд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө зарцуулж сурталчилгаагаа явуулах, хамтарч ажиллах хандлага хэвээр байна уу. Энэ нь байх ёстой зүйл мөн үү?

Б.Мэдрээ: Арилжааны банкнууд хэвлэл мэдээллийн салбартай хамтрах нь зөв

/Монголын банкны холбооны Ерөнхийлөгч/

“Арилжааны банкнууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зөв гэж хардаг. Шинээр гаргаж, нэвтрүүлж буй өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд хүргэх гол арга хэрэгсэл нь ерөөсөө л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод байна. Хэвлэлтэй яаж, хэрхэн хамтран ажиллахаа жил бүрийн маркетинг төлөвлөгөөндөө тусгаж, тодорхой хэмжээний төсөв баталдаг. Түүнийг нь ТУЗ нь хэлэлцэн шийдвэрлэдэг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ хийхийг сайшаахгүй. Ахмадууд нь өдөр тутмын сониноор, залуучууд нь сошиал орчноор дамжуулан сайтын мэдээллүүдийг авчхаж байна. Сониноор дамжуулан бас үг, үзэл бодлоо илэрхийлчхэж болж байна”

Л.Амар: Арилжааны банк хэвлэл мэдээллийн байгууллага хоёр байнгын хамтрагчид

/Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал/

"Банкны салбар нь олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх үүднээс хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд макро эдийн засаг, банк санхүүгийн салбарын талаарх ойлголт, сургалтыг тогтмол өгч, хамтарч ажилласаар ирсэн. Байнгын хамтрагчид гэсэн үг. Арилжааны банк нь бизнесийн байгууллага. Бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь цаг үеэ дагаад байнга шинэчлэгдэж байдаг. Харилцагчдад мэдээлэл хүргэх хэрэгцээ, шаардлага үргэлж үүсдэг. Энэ салбарт цахимжих үйл явц ч эрчимтэй өрнөж байгаа. Манай улсад банкны харилцагчдын сэтгэл ханамжийн түвшин хөгжиж буй бусад улсуудтай ижил түвшинд байна гэх 2022 оны судалгааны үр дүн гарсан. Харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг тогтмол хүргэх, санхүүгийн боловсролыг сайжруулах хэрэгцээ их байгаа харагдаж байгаа юм"

О.Амартүвшин: Бизнес, хэвлэл хоёр зэрэгцэж хөгжсөн салбар. Салгаж ойлгох аргагүй

/МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч/

Бизнесийн байгууллагуудын үйлчилгээгээ олон нийтэд хүргэх гол суваг нь хэвлэл мэдээллийн байгууллага. Сүүлийн үед уламжлалт хэвлэл мэдээлэл саармагжиж, сошиал орон зайд шинэ тутам хэвлэлийн агентлагууд бий болсоор байна. Тэглээ гээд хумигдахгүй, түүгээр нь дамжуулаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулсаар л байдаг. Аливаа нэг бизнесийн байгууллагын нэр хүндэд халдсан буруу, зөрүү мэдээлэл түглээ гэхэд түүнийг зөвөөр эерүүлэн засах суваг нь бас л хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Бизнес, хэвлэл хоёр үүссэн цагаасаа л зэрэгцэж хөгжсөн салбар. Салгаж ойлгох аргагүй, үеийн үед хамт байх ёстой ч салбарууд. Олон талын ач холбогдол болон эрсдэл бий. Цаг хугацааны явцад аль аль нь хөгжинө. Мэдээж мөнгө төлж зориуд худал мэдээлэл тараах агуулгыг бид дэмжиж болохгүй.  

Ж.Оюунчимэг: Бизнесийн байгууллага хэвлэл, сошиал бүүстийн аль алинд нь сурталчилгааны зардал гаргана

/R.E.D эжэнси ХХК Гүйцэтгэх захирал/

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг "долоо хэмжиж нэг огтол" гэдгийн үлгэрээр аливаа мэдээлэлд нухацтай, хурдтай, далайцтай, бүх талын байр сууринаас хандаасай. Мөн байгууллага, хувь хүний нэр төрийг хүндэлж үздэг байгаасай гэж боддог. Олон нийтийн мэдээллийн дархлаа сул байгаа энэ үед үнэн зөв мэдээллээр хангах нь хамгийн чухал. Энэ үүднээс хандалт авах гэж нийгмийг бухимдалд автуулах, сенсац хөөсөн мэдээллийг түгээхгүй байх нь хариуцлага. Мөн өөрсдийн орон зайгаа мөнгөөр битгий худалдаасай. Аливаа бизнесийн байгууллага хэнд зориулж, ямар мэдээлэл хүргэхээс хамаараад хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал бүүст хоёрын аль алинд нь сурталчилгааны зардал гаргана.


Дээрх байр сууриудаас харахад:

Нэгт, парламентын гурван гишүүнийг асуумжид оролцуулав. Тэдний  хоёр нь санхүүжилт тал дээр хариулт өгөөгүй бөгөөд нэг нь хуулиа сурталчлахын тулд хэвлэлд ч, сошиалд ч санхүүжилт хаях нь зөв гэж үзсэнээ илэрхийлэв.

Хоёрхон сарын өмнөх “Meta” компанийн зүгээс хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүн Э.Батшугар Фейсбүүк сурталчилгаанд хамгийн өндөр: 28,567 ам.доллар буюу 99.8 сая төгрөг зарцуулсан байсан. Удаах нь УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар 14,092 ам.доллароор, гуравт, ХҮН нам 11,034 ам.доллароор, дөрөвт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 10,112 ам.доллароор, тавд, ХҮН намын Б.Найдалаа 8,604 ам.доллароор сурталчилсан байдаг. “MCS”-ийн Топ 10-ын зарцуулсан нийт мөнгөн дүн $88,619 буюу 309.6 сая төгрөг болж буй. Эндээс улстөрчид хэвлэлд гэхээсээ илүү сошиалд мөнгө хаяж сурталчилгаагаа хийх илүү сонирхолтой болсон гэдгийг анзаарч болох юм.

Хоёрт, аливаа бизнесийн байгууллага, арилжааны банкууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажилласаар ирсэн, цаашид ч шаардлагатай хэмээн харж байгаа аж.

П.Урнаа


1.4. ХМБ-д ажиллах хүний нөөц, залуу үеийн хандлагын өөрчлөлт

Хэвлэл мэдээллийн салбарын залгамж халаа болсон залуу үеийг бэлтгэх нь редакцуудын чухал үүрэг. Гэвч хүний нөөц хомстолтой, залуу үеийнхэн онцлогоосоо шалтгаалж амархан ухарч няцдаг, нухацтай биш хөнгөн хэлбэрийн сэтгүүл зүйг сонгодог гэлцдэг.

Энэ хүрээнд залуу сэтгүүлчидтэй ажиллаж буй "Ubn" сайтын Ерөнхий эрхлэгч Г.Лхагвадорж, "ТВ5" телевизийн Улстөр мэдээллийн албаны дарга А.Болдсайхан нартай ярилцлаа.

-Ихэвчлэн аль үеийн сэтгүүлчидтэй ажиллах нь илүү бүтээмж өндөртэй байна вэ?

Г.Лхагвадорж: Шинэ үеийн залуус ажлын бүтээмж өндөртэй. Үүнээс гадна тэд ажилдаа хариуцлагатай, шинэ зүйл сурах маш их хүсэл, тэмүүлэлтэй санагддаг. Гэхдээ дан ганц хариуцлага, бүтээмжээс илүүтэй харилцаа, хандлага ч маш чухал. Тиймдээ ч харилцааны соёлтой, ёс зүйтэй хүмүүстэй ажиллах нь түүнээс илүү давуу талтай. Зарим талаараа залуучуудтай ажиллах нь хүндрэлтэй байдаг ч шинийг санаачилдаг, шинийг эрэлхийлдэг, улам илүү хөгжих сэтгэлгээ нь давамгайлдаг учраас бусад туршлагатай хүмүүстэй ажиллахаас илүүтэй Z үеийн залуустай ажиллах нь амар байдаг.

А.Болдсайхан: Үе үедээ л бүгд сайн ажиллахыг боддог байх. Нас асууж байгаа бол 28-34 насны сэтгүүлчидтэй ажиллахад бүтээмж өндөр байна.

-Залуу сэтгүүлчдийг бэлтгэх нь редакцуудын үүрэг хариуцлага болоод байгаа ч үүнийгээ хэрэгжүүлэхэд буюу залуустай тулж ажиллахад хүндрэл учирдаг уу. Тийм бол ямар?

Г.Лхагвадорж: Шинээр ажилд орох гэж байгаа залуусаа туршлагаас илүү харилцаа, хандлагыг нь хардаг учраас манайд нэг их хүндрэл үүсээд байдаггүй.

А.Болдсайхан: Сэтгүүлч болохын тулд олон зүйл уншиж, олон талын мэдлэг хуримтлуулах ёстой байдаг. Харин шинэ үеийн залуусын гол дутагдал нь тийм биш юм болов уу гэж хардаг. Хэдий технологи хөгжиж, юм улам л хялбар болж байгаа ч сэтгүүлчийн тархи, сэтгэлгээг орлож чадахгүй. Өөрөөр хэлбэл оюуны ачаалал даах чадвар нь сул юм шиг санагдах болсон.

-Залуу сэтгүүлчдийн мэргэжлээрээ тууштай ажиллах байдлыг нийтлэгээр харахад суларч буй гэж хэлж болно. Үүнд юу нөлөөлж байна гэж хардаг вэ?

Г.Лхагвадорж: Залуу сэтгүүлчид мэргэжлээрээ тууштай ажиллахгүй байх хандлага ажиглагддаг. Үүнд олон төрлийн хүчин зүйл нөлөөлнө.

Нэгдүгээрт, Ажиллах орчны нөхцөл байдал болон хамт олны уур амьсгал

Хоёрдугаарт, Санхүүгийн нөхцөл байдал болон хангамжтай холбоотой асуудал

Гуравдугаарт, Мэдээлэл нээлттэй, ил тод байхын хtрээр залуус олон улс руу хандаж, сурч, боловсрох зэрэг өөр түвшний нөөц боломжоо эрж хайж чаддаг учраас ажлын байранд тогтворгүй байх нөхцөл ажиглагддаг. Тиймээс залуусыг санхүүгийн хувьд санаа зовохгүйгээр ажиллуулж байж тогтвортой ажиллах боловсон хүчин бүрдүүлж чадна гэж ойлгодог.

А.Болдсайхан: Сошиал өндөр хөгжсөн энэ цагт бүх хүн сэтгүүлч байх боломжтой болсон нь хамгийн их нөлөөлж байгаа байх. Мэргэжлийн сэтгүүл зүй л сошиал ертөнцөөс ялгарах ганц гарц нь гэж боддог. Дээр нь хэвлэл мэдээллийн байгууллага хэт олон боллоо. Дараагийн гол асуудал нь мэдээж цалин хөлс, нийгмийн асуудал.

-Танай редакц залуу сэтгүүлчдийг мэргэжлийн болгож төлөвшүүлэх,  ажлын байранд нь авч үлдэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

Г.Лхагвадорж: Манай редакц нь залуу сэтгүүлчдийг төлөвшүүлж, мэргэжлийн чиг баримжааг нэмэгдүүлэхийг маш их хичээдэг. Ubn.mn сайтын редакц 10 хүний бүрэлдэхүүнтэй. Үүний 80 хувь нь Z үеийн залуус. Яагаад шинэ үеийн залуусыг сонгож, нэг баг хамт болж ажилладаг вэ гэхээр өмнө хэлсэнчлэн шинийг сурч мэдэх хүсэл тэмүүлэл, юмыг харах өнцөг өөр байдаг. Залуусыг ажлын байранд нь авч үлдэхийн тулд нийгмийн асуудал болон цалин хөлс, хамт олны уур амьсгал мөн мэргэжлийн байхад нь хамгийн их анхаарч ажиллаж байна.

А.Болдсайхан: Хамгийн түрүүнд сэтгүүлчээр ажиллах сонирхолтой эсэхийг нь мэдэхийг хичээдэг. Түүний дараа дадлага хийх, сургах ажил эхэлнэ. Телевизийн хувьд бүх студи, компьютерын програмууд, сургалтууд зэрэг нь нээлттэй байдаг. Мэдээж мэргэжлийн, туршлагатай сэтгүүлчдийн өдөр тутмын ажлаас суралцах, мэдээ, нэвтрүүлгээс эхлээд сэтгүүл зүйн контент бэлтгэх бүх ажилд гар бие оролцох боломжийг нээж өгдөг.


Тэгвэл залуу боловсон хүчнийг бэлтгэж буй сургалтын байгууллагын төлөөлөл ямар байр суурьтай байна вэ. Энэ үүднээс Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D.), Профессор Д.Дагиймаатай ярилцлаа.

-Төгсөгчдийг мэргэжлээрээ ажиллахад багш нар хэрхэн анхаарч чиглүүлдэг вэ?

-Мэдээж бид аль болох мэргэжлээр нь ажиллуулах сонирхолтой. Түүний тулд гурван удаа дадлага хийлгэдэг. Ингэхдээ ихэнх тохиолдолд тэнхмийнхээ төгсөгчидтэйгөө холбож өгнө. Манай төгсөгчдийн холбоо их хүчтэй л дээ. Тийм учраас тэднийхээ залгамж болон төгсөж байгаа хүүхдүүдийг дагалдуулах, холбох ажлыг зохион байгуулдаг. Нөгөө талаас одоогийн оюутнууд бүгд цагийн ажил хийдэг болсон. Энэ байдалд нь миний зүгээс, хэрвээ “СU”-д дадлага хийгээд байвал төгсөөд тэндээ л ажиллана. Тийм учраас аль болох оюутан байх хугацаандаа мэргэжлийнхээ ажлыг хиймээр байна гэж сануулж, ойлгуулж анхааруулах байдлаар ханддаг.

Жишээ нь, манай сургууль “Тэнгэр” телевизтэй гэрээ байгуулаад гуравдугаар курсийн хоёр оюутнаа цалинтай дадлагажигчаар ажиллуулах гэж байна. Учир нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд оюутнуудыг ажиллуулдаг ч цалин өгдөггүй. Ингэхгүй л бол оюутнууд худалдагч, зөөгч гээд үйлчилгээний салбарт цагаар ажиллах гээд явчхаад байна.

-Залуу сэтгүүлчдийг мэргэжлийн редакцад ажиллах тухайд чухалчилж, онол болон практикийн түвшинд хангалттай ойлголт өгч чадаж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Дөрвөн жил сураад сэтгүүлч болох гэж байгаа хүмүүс инстант сайт, мэргэжлийн сайт, редакц гэж юу байдаг талаар хангалттай онолын ойлголттой болчихсон байгаа. Мөн сэтгүүлчийн ангийн оюутнууд гурван удаа дадлага хйидэг. Тэгэхээр тэр талын ойлголт бол маш сайн байгаа.

-Таны харж байгаагаар сэтгүүлчид төгсөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн аль төрөлд ажиллах сонирхол давамгай байдаг вэ?

-Би яг энэ чиглэлээр 2020 онд судалгаа хийсэн. 48 хувь нь телевизд гэж хариулсан. Ер нь хүүхдүүд анхнаасаа телевизийн салбарт ажиллах сонирхолтой орж ирдэг. Би 2020 оны тавдугаар сард сэтгүүлч бэлтгэдэг найман их дээд сургуулийн 235 оюутнаас онлайнаар судалгаа авсан. 13 хувь нь сайтад, 12 хувь нь сонин сэтгүүлд, 18 хувь нь байгууллагын олон нийттэй харилцах албанд ажилламаар байна гэсэн үр дүнг харуулсан. Ер нь анх элсэж орж байгаа хүүхдүүд сэтгүүл зүйн ажлыг телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчээр төсөөлж орж ирдэг.

Дэлхий нийтэд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж  байгаа оюутнууд цахим талбарт ажиллах сонирхол давамгай байгааг Америкийн судалгаанаас харж байсан. Сүүлийн үед  маркетинг руу маш олноор хөрвөх хандлага ажиглагдах болсон. Ялангуяа сайн сурдаг хүүхдүүд бол бизнесийн томоохон байгууллагуудын маркетингийн алба руу орох үзэгдэл нийтлэг байна.

Мөн дээрээс нь олон нийттэй харилцах албанд ажиллах сонирхолтой төгсөгчид олон болсон. Судалгаагаар оюутнууд мэргэжлээрээ ажиллахгүй байх нь нийтлэг ажиглагдсан учраас сэтгүүлчээр ажиллахгүй гэж хариулсан оюутнуудаас яагаад гэж асуухаар "Сэтгүүл зүй бол хэт мэдрэмжгүй байна, салбарын нэр хүнд унасан байна, цалин бага, ажлын тогтсон цаггүй буюу цагийн дарамттай байдаг" гэсэн хариулт өгдөг. Энэ нь салбарын өнөөгийн нөхцөл байдал шинээр төгсөж байгаа боловсон хүчнүүдийг мэргэжлээрээ ажиллахад төвөгтэй байгааг харуулж байгаа юм.

-Хувь хүний сонголт болоод салбараас хамаарах хүчин зүйлсийн нөлөөгөөр  энэ салбарт хүний нөөцийн дутагдлын  асуудал үүсэж байна.  Энэ тал дээр танд ямар шийдэл байж болохоор харагддаг вэ?

-Энэ салбарын нэр хүнд өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа ойлголт шиг уруугаа орчхоогүй. Би өөдрөгөөр хардаг. Хүмүүсийн бодоод байгаа шиг хүнд хэцүү бас биш. Хэвлэл мэдээллийн салбарыг уруу дорой, нэр хүндгүй харагдуулах сонирхол улстөрчдөд байна. Энэ нь өөрөө төгсөгчдөд нөлөөлөөд байгаа юм л даа. Тэгэхээр салбарын нэр хүндийг өсгөх ажлуудыг хиймээр. Гэхдээ энэ нь хиймлээр өсгөх гэсэн үг биш шүү дээ. Бодит байдлыг нь зөвөөр ойлгуулах ажил хиймээр юм уу гэдэг байдлаар би санал дэвшүүлдэг. Дээрээс нь сэтгүүлч бэлтгэж буй сургуулиуд орчин үед бий болоод буй шинэ чиглэлүүдээр сургалтын хөтөлбөрөө сэлбэх шаардлага үүсээд буй. Үүнийг салбар өөрөө шаардаж эхэлж. Жишээ нь, мультмедиа, дижитал сэтгүүлч гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдэд цахим салбарт ажиллах медиа технологийн мэдлэг хэрэгтэй болж байна гэсэн үг. Иймд сургуулиуд энэ чиглэлээр мэдлэг олгох, сошиал медиа хөгжүүлэгч шинэ ур чадвар олгоход анхаарах лабораторитой болох хэрэгтэй.


Харин хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй залуу сэтгүүлчид ямар байр суурьтай байна вэ. Энэ үүднээс "iToim" агентлагийн сэтгүүлч Н.Саруулдөл, "Ubn" сайтын сэтгүүлч Ц.Янжиндулам, "Tsahiur" сайтын сэтгүүлч Т.Энхзул нартай ярилцлаа.

-Сэтгүүлзүйн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна, энэ салбарт ажиллахад тулгардаг бэрхшээлүүд гэвэл юуг нэрлэх вэ. Шантрах тохиолдол гарч байна уу?

Н.Саруулдөл: Хоёрдугаар курсээс эхэлж ажилласан гэхээр таван жил орчим болж байгаа юм байна. Ер нь хүн бэрхшээлийг яаж хүлээж авахаас л шалтгаалдаг. Энэ салбарын цалин муу, цаг наргүй, нэр хүнд муу гээд халширвал халшрахаар олон шалтгаан байна. Хүний л амьдрал болсон хойно энэ бүхнээс шантралгүй яах вэ. Гэхдээ энэ болгоныг надад тохиолдож буй бэрхшээл гэж хараад байвал өөр ямар ч ажил хийсэн ялгаагүй л мэдрэмж авах байх. Амархан ажил гэж байдаггүй, мэргэжил бүр тодорхой хэмжээнд стресстэй, даван туулах бэрхшээлтэй байдаг гэж боддог. Тиймээс бэрхшээл тулгарсан ч, шантарсан ч даваад гардаг. Ганц хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй бүх л салбар хямарсан харагдаж байна. Гайгүй явж байгаа нь уул уурхай, IT, банк, санхүүгийн салбар юм уу даа л гэж харагдах юм. Нэгэнт л нийгэм даяараа ийм болжээ.

Ц.Янжиндулам: Сэтгүүлзүйн салбарт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өдөр бүр олон талын эх сурвалжуудтай уулзаж, мэдээ мэдээлэл бэлтгэдгийн хувьд сэтгүүлчээр ажиллаад явахад тулгарч болох олон бэрхшээлийг дурдаж болно. Жишээ нь, сэтгүүлч бидний хувьд ялангуяа төрийн байгууллагаас мэдээлэл авна гэдэг бол зарим үед маш хүнд даалгавар шиг санагддаг. Хэдий бид иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллаж байгаа хэдий ч түүгээр түрий барьж мэдээлэл авах гээд дайраад суучихдаггүй. Ёс журмынх нь дагуу хүсэлтээ тавьж, зохих мэдээлэл авдаг. Гэтэл зарим байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалздаг, удаашруулдаг, хүнд суртал гаргадаг нь ч үнэн. Нэг тоон баримт авах гэж 4-5 байгууллагын 10 гаруй хүн рүү утасдаж байсан тохиолдол ч байдаг. Тиймээс сэтгүүлчдийн ажлыг уяхгүйгээр төрийн байгууллагууд нээлттэй, ил тод байгаасай гэж боддог. Энэ мэт байдлаас шалтгаалаад нийтлэл, мэдээллээ сэтгэлд хүрэх хэмжээнд хийж чадаагүй үедээ өөрийгөө голж, шантрах үе гардаг.  

Т.Энхзул: 2022 онд МУБИС-ийн сэтгүүлч мэргэжлээр төгсөөд Tsahiur.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна. Би хувь хүнийхээ тухайд хар бараан мэдээлэл, хүчирхийлэл, зодуур, мансуурлын тохиолдлуудыг аль болох анзаарахгүй өнгөрөхийг хичээдэг, эмээдэг төрлийн хүн. Гэтэл яг сэтгүүлчээр төгсөөд ажлын байран дээр гараад ирэхэд энэ бүхэнтэй нүүр тулсан. Бичих, мэдээлэхээс өөр ямар ч аргагүй, миний ажил юм чинь. Эхлээд дотроо жаахан хямарсан, айсан. Гэвч тухай бүр дээр бодоод үзэхээр сэтгүүлч л үүнийг сурвалжилж учир шалтгааныг нь тайлбарлах, сэрэмжлүүлэх учиртай. Би энэ бүхний учрыг нь ойлгуулж мэдээлж байж нийгэм цэвэршинэ, хэн нэгнийг дараагийн хүчирхийлэл, мансуурлаас сэргийлж чадна гээд өөрийгөө зоригжуулсан. Бусдаар бол асуудалгүй дээ.

-Энэ салбартаа хэдэн жил үнэнч ажиллана гэж төсөөлдөг вэ?

Н.Саруулдөл: Яг тэдэн жил ажиллана гэсэн бодол алга. Өсөж дэвжихийг бол хүсдэг, түүнийхээ төлөө хичээж л явна. Салбартаа үнэнч ажиллах ёстой юу гэдгийг бодоод байсан чинь хоёр талтай л юм байна.

Нэг талаас хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Дурласан ажлаа хийж, таалагдахаа боливол солиод дараагийн өөр ажил хийх нь тухайн хүний эрх. Сэтгүүлчдэд өндөр цалин амлаад өөр салбар руу аваад явчихдаг л даа. Үүнд хэнийг ч буруутгах аргагүй. Сайхан амьдрахын төлөө л сонголтоо хийж байгаа шүү дээ.

Нөгөө талаас салбараа бодохоор тууштай ажиллаж, тогтвортой үнэ цэн бүтээх боловсон хүчин хэрэгтэй байгаад байдаг. Тогтвортой ажилласнаар ажилласан хугацаанд нь болсон үйл явдал, хэн юу гэж байр суурь илэрхийлж байсныг тод томруун санаж, нийтлэл нэвтрүүлэгтээ ашиглавал сайн материал гарах нь ч бий. Гэтэл бага цалинтай, цаг наргүй энэ ажлыг тогтвортой хийх хүн ховор. Манай салбарт сэтгэлтэй нь л тунаж үлддэг гэх яриа бий. Тиймээс энэ хоёр талыг редакцууд, ажил олгогчид сайтар бодож, тугалыг нь тураахгүй эхийг нь эцээхгүйгээр шийдээд яваасай гэж бодож байна.

Ц.Янжиндулам: Насаараа ажиллана гээд хэлчихвэл худлаа хэлсэн болох байх. Юу ч тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ өөрийнхөө юу чаддаг хүн бэ гэдгээ мэдэх хүртлээ ажиллана гэж боддог.

Т.Энхзул: Хэдэн жил гэхээсээ илүүтэй хэрхэн ажиллах вэ гэдгээ илүү сайн төсөөлж байгаа. Миний амбиц бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр төрөлжиж ажиллах. Тэр болтол үзэх, туулах, туршлагажих, мэдлэгээ улам сайжруулах гээд асуудлууд байна. Өөрөө энэ асуудлуудаа даван туулсны дараа асуудал хөндсөн, нийгэм рүү чиглэсэн сэтгүүлч болно.

-Залуу сэтгүүлч энэ салбартаа тэсэж үлдэхийн тулд юуг даван туулах шаардлага бий болж байна гэж хардаг вэ?

Н.Саруулдөл: Сэтгүүлчээр ажиллаж буй хүмүүс цөөрч байгаагийн хэрээр нэг сэтгүүлчид ногдох ажил улам нэмэгдэж байна. Энэ ачааллыг давах шаардлага бий болж буй бололтой. Бас өөрийгөө даван туулах шаардлагатай. Уг нь миний дотоод хүн надад "Чи өөр ажил хийвэл яасан бэ, жаахан өндөр цалинтай газар ажиллавал яасан бэ" гэж хэлээд байна. Бэрхшээл тулгарах, стресстэх тусам энэ бодол намайг идэж, мэргэжлээсээ халширсан байх вий, бууж өгсөн байх вий гэж айдаг. Ер нь тэгээд хүний даван туулах ёстой зүйл бол хүн өөрөө л байдаг юм шиг.

Ц.Янжиндулам: Аль ч салбарт ажиллаж буй хувь хүн бүрд тодорхой хэмжээний саад бэрхшээл тулгарах нь мэдээж. Тэр болгонд шантраад байвал дөрвөн жил их сургуульд сурч, үнэтэй цаг заваа алдах шаардлага юу байсан юм бэ гэж боддог. Тиймээс асуудлыг боломжоороо шийдвэрлэж, салбартаа аль болох үлдэхийг л хүсэж байна.

Т.Энхзул: Би оюутны дадлагаа хийж байхдаа сэтгүүлч мэргэжлийн давуу тал, онцлог бүгдийг мэдсэн. Сэтгүүлчээр ажиллахад цаг наргүй л явах юм байна. Маш олон талын сайн мэдлэгтэй, хурдтай, илүү сэтгэж байж энэ салбарын хүн болно гэж ойлгосон.  

-Ирээдүй хэрхэн төсөөлөгдөж байна, сэтгүүлчийн мэргэжлээр тасралтгүй ажиллах боломж нөхцөл одоогийн нийгэмд бий гэж хардаг уу?

Н.Саруулдөл: Тасралтгүй ажиллаад явж байгаа сэтгүүлчид байгаа юм чинь хэнд ч тийм боломж бий байх. Манай салбар нэлээд залуу шүү дээ, уг нь. Редакторууд, захирлууд ихэвчлэн 40-өөс доош насныхан байх шиг харагддаг. Тэд салбараа арай өөрөөр хардаг байлгүй дээ. Ямар нэг байдлаар одоогийн нөхцөл байдал сайжирна гэж итгэдэг.

Т.Энхзул: Би багаасаа их сониуч, бүх юмыг сонирхож асуудаг лавладаг хүүхэд байсан нь өнөөдөр энэ мэргэжлээр ажиллаад явахад эерэгээр нөлөөлж байна. Манай мэргэжил мэдлэгтэй, мэдрэмжтэй, илүү сайн хүчтэй сэтгэж чаддаг байх шалгууртай. Тийм болохоор алхам тутамдаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ч суралцаж байна. Ер нь аль ч салбарт шаардлага, шалгуурыг бүрэн хангаж чадсан мэргэжилтэн л хүлээн зөвшөөрөгдөж, урт удаан хугацаанд оршин тогтнодог.  

-Танай редакц хөгжих, боловсрох чиглэлд тань хэрхэн анхаарч ажилладаг шиг санагддаг вэ?

Н.Саруулдөл: Энд тэндээс зохион байгуулж байгаа мэргэшүүлэх сургалт, уулзалтад тогтмол суулгадаг. Миний бие одоо МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны ангид суралцаж байгаа юм. Улс төрийн сэтгүүл зүйн анги гээд хэлэхэд буруудахгүй. Өдрийн анги болохоор ажлын цагтай давхцах тохиолдол бий. Энэ хугацаанд цалинтай чөлөө өгдөг.

Анх iToim-д орж байхдаа мэдээ дөнгөн данган бичдэг, томоохон ярилцлага, сурвалжилга хийж чаддаггүй байсан. Бүгдийг нь хамт олноороо заалгаж сурсаар явж байна. Анх ажил орж байх үедээ бичиж байсан материалуудаа харахаар одоо инээд хүрдэг. Ер нь редакц гэдэг өөрөө боловсон хүчин бэлтгэдэг, илүү боловсруулдаг газар шиг санагддаг. Бүх редакцууд тийм байгаасай.

Ц.Янжиндулам: Миний хувьд Ubn.mn сайтын редакц үүсгэн байгуулагдан цагаас хойш ажиллаж байгаа. Харьцангуй залуу редакц. Манай редакцын 80 орчим хувь нь Z үеийн залуус. Бид хөгжиж байж л урагшилна гэж боддог учраас гараас гаргаж буй материал бүрээ чанаржуулахыг хичээдэг. Харин хийж буй материалыг чанартай болгоход дан ганц бидний оролцооноос гадна удирдлагуудын зөвлөгөө, чиглүүлэг байдаг гэж ойлгодог. Тиймдээ  ч өдөр бүр хөгжиж байдаг гэж ойлгодог.

Т.Энхзул: Манайх эрэн сурвалжилдаг, баримттай мэдээлдэг, маш сайн төлөвшсөн редакц. Би анх хөгжиж, өсөж дэвжихээр танайхыг сонгосон гэдгээ хэлээд орж ирсэн. Гоё итгэл өгч хүлээн авсан. Тэр цагаас хойш зааж зөвлөж, тусалж дэмжин, алдааг минь засаж залруулаад явж байгаа. Харин би хувь хүн талаасаа өөрөө илүү сайжрах ёстойгоо ойлгож байна.  

Б.Отгонбаяр, Д.Мөнхбат


1.5. Дэлхийн чиг хандлага

1961 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарын талаар дагнан бичиж байгаа “Columbia Journalism Review” сонирхолтой судалгаа хийжээ. Ер сонирхоход, тэд сүүлийн жилүүдэд сэтгүүл зүй хэрхэн дижитал орчинд дасан зохицож буйг тусгайлчлан судалж байгаа аж.

Энэ удаа АНУ-ын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн шинэчлэлүүдэд дасан зохицох оролдлого хийж байгааг судалж үзжээ. Нэгэнт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хүний нөөцөө тэлэх, санхүүжилт босгоход асуудалтай нүүр тулахаа больсон, олон арван жилийн түүхтэй “BBC”, “CNN”, “’South China Morning Post” зэрэг  хэвлэлээс туршлага судлах нь учир дутагдал бий.

Харин АНУ-ын орон нутгийн хэвлэлийн хүний нөөц, уншигчийн цар хүрээ, эргэлтийн хөрөнгө нь манай улсын мэдээллийн хэрэгслүүдтэй дүйнэ. Тийм учраас эл судалгааг жишээлэхээр сонгов.

  • Мэдээллийн хэрэгслийн 10 тутмын ес нь буюу 90 хувь нь вэб сайт ажиллуулж байна. Сонингуудын хувьд, мэдээ нийтлэлээ PDF хувилбараар санал болгодог нь 17 хувь орчмыг эзэлдэг аж.
  • Мөн 10 тутмын найм нь өөрийн гэсэн Фэйсбүүк хуудас нээжээ. Хэдий тусгайлчлан вэб сайт хөгжүүлээгүй ч сошиал хуудастай байх нь бий (Гурван хэвлэл мэдээллийн хэрэгсэл тутмын нэг нь).
  • Гар утасны тусгай аппликейшн хөгжүүлэх нь нэлээд түгээмэл. Мэдээллийн сайтуудын 84 хувь, телевизүүдийн 74 хувь нь өөрсдийн гэсэн тусгай программ, аппликейшн ажиллуулдаг.
  • Тэдний 57 хувь нь хандив цуглуулах, эсвэл гишүүнчлэлээр бүртгүүлэх (subcribtion) зэрэг мэдээллээ олон нийтэд төлбөртэй санал болгох хэлбэрийг хэвшүүлжээ.
  • Хэдий дижитал хэлбэрт түгээмэл шилжиж байгаа ч сэтгэгдлийн хэсгийг харилцан адилгүй байлгадаг аж. Тухайлбал, ер вэб сайтуудын 56 хувь нь л сэтгэгдэл бичих хэсэгтэй байна.
  • 47 хувь нь текстээс гадна видео хувилбараа давхар санал болгож байна. 44 хувь нь Youtube-д видеогоо байршуулдаг аж.
  • Ихэнхид нь видео, аудио хэлбэрийн шууд дамжуулалт бага (16 хувь, подкэст 11 хувь) байна.
  • Сонин болон сайтуудын дундаж ачаалал 20 секунд. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч сайтад нь дунджаар 20 секунд орчим хандаад гардаг гэсэн үг.
  • Харин төлбөр төлж байж бүх мэдээ, материал нь нээгддэг хэлбэр 23 хувийг эзлэх агаад өдөр тутмын сонингууд юм уу олон жилийн түүхтэй, дижитал хэлбэрт давхар хувирсан мэдээллийн хэрэгслүүд дийлэнх хэсгийг эзэлдэг.  

“The Washington Post” сонинд редактораар ажиллаж байсан, сэтгүүлч Ражу Нарисетти хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйд тулгамдаж буй есөн асуудлыг тодорхойлжээ. Тэр энэ талаас Зүүн Виржинийн Их сургуульд лекц уншсан бөгөөд өдгөө цуврал видео контент хийж байна. Тэр байж болох гарц гаргалгаануудыг дурдсан бөгөөд, эцэст нь “Ирээдүй хэлж биш хийсэж ирдэг. Гэхдээ бэлтгэлтэй байхгүй бол нэг өглөө та сэрээд л нам цохиулна” гэсэн нь анхаарал татаж байна.

Нэг: Уншигчид ирэх албагүй, бид өөрсдөө очих ёстой

Фэйсбүүк тэргүүтэй сошиал платформууд сэтгүүл зүйд шинэ нөхцөл байдлыг үүсгэж буй учир олон нийт мэдээ олж авахын тулд хичээл зүтгэх гаргахаа больжээ.

Тийм учраас дижитал орчинд ажиллах нь нэгэнт тодорхой болсон сэтгүүлчид бичих, мэдээлэхдээ түүнийгээ зах зээлд өрсөлдөж чадахуйц бүтээгдэхүүн болгох шаардлагатай. Адаглаад SEO буюу интернэт орчин дахь хайлтуудад өөрсдийнхөө мэдээ, материалыг илэрц болгон харагдуулах тохиргоог хөгжүүлэх учиртай.

“Хэвлэл мэдээллийн салбарт ‘эргэлтийн маркетер’ гэдэг албан тушаал бий болохоос өөр аргагүй. Тэр хэрхэн мөнгө олохыг хариуцна. Гэвч дижитал сэтгүүл зүйд нэвтрүүлж чадахгүй л байна” гэж Ражу Нарисетти хэлжээ.

“Би сэтгүүлчээр ажиллахдаа олон хүнд хүрэхийн тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх ёстой” гэж ярьсан байна.

Хоёр: Гайхалтай бүтээл хийх чухал ч хүмүүст хүргэх нь бүр чухал

Өнөөдөр уншигчид эх сурвалжаас эх сурвалж, төхөөрөмжөөс төхөөрөмж рүү шилжиж байна. Аль ч мэдээллийн хэрэгсэл тэдний анхаарлыг хязгаарлагдмал хугацаанд татаж байгаа.

Нарисетти “Хэвлэмэл орчинд ажиллахдаа л бид гайхалтай бүтээл хийж чаддаг байжээ. Дижитал болсноос хойш, уншигч дээд тал нь хоёр минут төвлөрч чадвал сэтгүүлч та азтайд тооцогдоно. Өөрөөр  хэлбэл агуулга гайхалтай байх нь л хангалттай байхаа больсон. Уншигчийг тогтоон барих цорын ганц арга зам бол Facebook хүчээ авч, Марк Цукерберг бүхнийг “атгах”-аас өмнө амжилттай ажиллаж байсан жишээг судлах. Жишээ нь, “The Wall Street Journal”-ийн график хийцлэл, эсвэл “The New York Times”-ийн интерактив шууд дамжуулалтын хэлбэрийг анхаарч үзэх хэрэгтэй” гэжээ.

Гурав: Агуулга, технологи уулзаж байж сайн контент бүтнэ

Үр дүнтэй дижитал сэтгүүл зүй хийхийн тулд сэтгүүлч ч, дизайнерууд ч, бүгд хамтран ажиллах ёстой. Гэхдээ бусдын юу хийж байгааг ойшоож үздэггүй уламжлалт мэргэжилтнүүд тэгж багаар ажиллах тухайд нэлээд хойрго.

Нарисетти “Сэтгүүлч та дижитал орчинд ажиллах боллоо гээд код бичиж сурах шаардлагагүй л дээ. Харин код бичдэг хүний хэлээр ярьж сурахаас өөр аргагүй” гэж ярьсан байна.

Дөрөв: Орлогын хувьд дижитал орчинд лав найдалтгүй

Хэдийгээр уншигчид дижитал хувилбар луу улам олноор шилжиж байгаа ч мэдээллийн хэрэгслүүд тэндээс ашиг олж чадахгүй л байна. Мэдээллийн хэрэгслүүд нь биш, эсрэгээрээ мэдээллийн сайт дээр зар сурталчилгаагаа тавиулж буй субъектүүд нь илүү орлоготой байх юм.

Тиймээс редакцууд орлого олох шинэ загваруудыг дижитал орчинд бүтээгдэхүүн болгож турших нэн шаардлагатай.

Нарисетти “The New York Times”-ын “Цасан нуранги” нийтлэлийг жишээлсэн байна. Маш олон хүнд хүрч, хандалтаар “бөмбөгдүүлсэн” ч үүнээсээ “The New York Times” орлогогүй үлджээ. Энэ бүтээл Пулитцерийн шагнал хүртсэн. Дижитал орчинд хийгдсэн бүтээл олон хүнд хүрсэн нь гайхам амжилт хэдий ч “The New York Times”-т санхүүгийн өгөөж авчирсангүй. Хэрэв сонин, сэтгүүл дээр хэвлэгдсэн бол борлуулалтаараа амжилт олох байлаа.

Тав: Видеонд гарц байх боломжтой

Вэб сайт хөгжүүлэхдээ давхар видео хэлбэрийг үзэгчдэд санал болгох нь давгүй гарц байж болох юм. Нэгдүгээрт үзэгчид видеонд дуртай, хоёрдугаарт сурталчилгааг видеоны өмнө байршуулах боломжтой.

“Видеонд бизнес модель байж мэднэ. Тийм ч болохоор анх хэвлэмэл медиа байсан “The Wall Street Journal”  сард 1600 орчим буюу 120 цагийн видео бүтээж байгаа нь дэлхийн хамгийн том видео үйлдвэрлэгчид (телевизийн салбараас гадна) тооцогдож байна.

Зургаа: “Нэгдүгээрт гар утас”

Гар утсаар болон зөөврийн төхөөрөмжөөр дамжуулан мэдээ унших хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тул энэ хэлбэрийг анхаарахаас өөр аргагүй.

Ихэнх хэвлэлүүд “Нэгдүгээрт гар утас” стратегиэр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, мэдээ материалаа хамгийн түрүүнд гар утсаар уншигдана гэдгийг тооцож байна. Урт материалыг гар утасны дэлгэцэнд нэг удаад багтах байдлаар дэглэж байх жишээтэй. “The Wall Street Journal”-ыг хэрэглэгчдийнх нь 36 хувь зөвхөн гар утсаар уншдаг байна. Тийм учраас гар утасны хөгжүүлэлтэд чиглэсэн баг ч ажилладаг.

Долоо: Компаниуд өөрсдөө контент бүтээх болов

Олон компани өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж сурталчилгаагаа хийдэг байсан. Одоо больж, шууд хэрэглэгчидтэйгээ харилцах болжээ. Энэ хэвлэлийн байгууллагуудад “заналхийлж” байна.

Компаниуд ч өөрсдөө чадварлаг контент бүтээгчид болжээ. Жишээ нь, “General Electric” компани #6secondsciencefair нэртэй видео контент эхлүүлж, энэ чиглэлд инновацын манлайлагч болж байна.

Найм: Материалаа төлбөртэй уншуулах нь бага ч болов дэмтэй

Материалаа төлбөртэй уншуулах, захиалагч татах, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх (subscribe) хэлбэр нь амжилт олж магадгүй. Гэхдээ бүрэн бус. Нарисетти “Одоогоор нийт хэрэглэгчдийн 5 орчим хувь нь л мэдээг төлбөр төлж уншиж байна. Тэгэхээр үүнийг орлогын нэмэлт эх үүсвэр гэж харах нь зохилтой бөгөөд асуудлыг бүрэн шийднэ гэх юм бол ихэнхдээ бүтэлгүйтнэ” гэжээ.

Ес: “Уншдаг уншигч” хэзээ ч алга болохгүй

Томоохон сонинууд дампуурахад хүрсэн нь бий ч хэвлэмэл сэтгүүл зүйг зар сурталчилгаанд ашиглах сонирхол байсаар байгааг мартаж болохгүй. “The Washington Post” сонин улсдаа сонингийн зах зээлийн 40 орчим хувийг дангаар эзэлж чадаж байгаа. Энэ нь маш боломжийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Нарисетти “Бид үргэлж хэвлэмэл сэтгүүл зүйд ажиллаж чадах ажилтнуудтай байх ёстой. Цөөн хүн л үүнийг хийнэ. Гэхдээ хийх хүн үргэлж хэрэгцээтэй хэвээр байх болно” гэжээ.

Эцэст нь, үргэлж хувьсан өөрчлөгдөж буй дижитал орчинд тэсэж үлдэхийн гол түлхүүр бол дасан зохицох, туршилт хийх, дараа нь юу болохыг таамаглах явдал. “Нэгэнт ирээдүй бол ирээдүй учраас л ирээдүйн тухай ярихад сайхан байдаг. Муу мэдээ гэвэл, ирээдүй хэлж биш хийсэж ирнэ. Тийм учраас, бэлтгэхгүй л юм бол нэг өглөө сэрээд та нам цохиулах нь дамжиггүй”

М.Тэнгис


Хоёрдугаар хэсэг: Өөрчлөлтүүдийн зэрэгцээ сөрж зогсон, авч үлдэх үнэ цэнүүд

Хэдийгээр сэтгүүл зүйн өмнө технологийн авчирсан шинэчлэлүүд, бизнес моделийн ойлгомжгүй байдал, залуу үе болон уншигч, үзэгчдийн хандлагын өөрчлөлт зэрэг асуудал тулгамдаж байгаа ч "Дасан зохицно" гээд зарим үнэ цэнээ орхих нь зөв үү.

2.1. Текстийг чухалчлах

Тухайлбал текстийг чухалчлах байдал. Сэтгүүлч Ражу Нарисеттигийн хэлснээр "Уншдаг уншигч хэзээ ч алга болохгүй" гэж үнэн үү.

Өнөөдөр технологи дийлсэн хурдтай нийгэмд текст уншихаас залхуурч, хойш суудаг болцгоосныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч буй. Энэ үүднээс тэдний олонх хэрэглэдэг сошиал платформд нь зориулсан хэлбэрийн зураг, график дийлсэн, видеонд суурилсан, хөнгөн-богино контентуудыг үйлдвэрлэхээр эрмэлзэх болсон.

Гэвч "Бичих хоцрогдсон", "Урт нийтлэл хэн ч уншихаа больсон" гээд уламжлалт бичлэгийн хэлбэрийг бүрэн орхигдуулах эсэх нь маргаантай юм.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан энэ тал дээр "Технологийн дарангуйлалд орсон сэтгүүл зүйн ирээдүйд бичдэг сэтгүүлч л үлдэнэ. Эфир, эфирийн нэвтрүүлэг хүний тархинд үлддэггүй юм билээ" гэж ярилаа. Түүнийг дандаа эфирийн нэвтрүүлэгт ажилласан, энд амжилт гаргасан сэтгүүлч гэдгийг бид мэднэ.

Нөгөө талаас, бидний түүврийн аргаар авсан судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар текстэн мэдээ, нийтлэл хүлээн авахыг эрмэлздэг гэж хариулсан. Мөн 63 хувь нь тоймлосон, анализ хийсэн материал уншихыг хүсдэг гэдгээ илэрхийлсэн байсан. Үүнээс харахад, хүмүүст аливаад "хөнгөн жин"-гийн хандаагүй, учир агуулгыг өргөн хүрээнд нь тайлбарласан, уламжлалт текстэн контент хэрэгцээтэй байгааг ойлгохуйц.

Гадаадын жишгээр бол "Уншихаа байсан орчин үеийн нийгэм" гэдэг ойлголтыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин жил ирэх тусам сайн тоймчид, сайн нийтлэлчид, сайн аналилстууд улам үнэд орж, тэд хариуцлагатай сэтгүүл зүйн тулгуур багана нь болж буй. Манай зах зээлд ч, хэн бичиж байна, түүнд бизнесийн байгууллага, улс төрийн хүрээнийхэн зар сурталчилгаа, пи-ар чиглэлээр хандах хандлага давамгайлах болсон нь нууц биш юм.

2.2. Сэтгүүлч мэргэжлийн үнэ цэн

Аль ч редакцад чадварлаг хүний нөөц дутаж байгаа нь өнөөдөр дотоод асуудал болсон. Замаасаа шантардаг, өөр салбарт хүч үзэхээр шийддэг, орхидог хандлага ч сэтгүүл зүйд цөөнгүй. Энэ нь мэргэжлийн өөрийнх нь хүнд хэцүү нөхцөлүүдээс шалтгаалдаг.

Гэхдээ "Дуртай нь л үлддэг" гэлцдэг хэвлэл мэдээллийн салбарт яг чин үзэл санаатай, мэргэжилдээ, салбартаа үнэнч сэтгүүлчид байх нь чухал цаг үе болоод байна. Энэ шинэчлэлүүдийг үнэнч бөгөөд сайн сэтгүүлчдийн хамт тосон угтаж, дасан зохицох шаардлагатай.

Үүний тулд улам олон ургальч, мэдлэг боловсролтой, олон талд хөрвөх чадвартай сэтгүүлчид бэлтгэгдэх нь чухал байна. Маш товчхондоо, сэтгүүл зүйн салбарыг гэрэл гэгээтэй төсөөлөхийн тулд эхлээд сэтгүүлч гэдэг мэргэжил нийгмийн бусад тулгуур салбартай өрсөлдөхүйц хэмжээний үнэ цэнтэй, хувь мэргэжилтнээс ихийг шаарддаг гэдгийг үзүүлэх, ойлгуулах хэрэг бий.

Макс Вэбэр 200 жилийн өмнө "Сайн сэтгүүл зүйн бүтээл эрдэм шинжилгээний ажилтай дүйцэхүйц "оюун ухаан" шаарддаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй" хэмээж байсан билээ.

М.Тэнгис


Гуравдугаар хэсэг: Шинэчлэл өөд гарц гаргалгаа

3.1. Монголын хэвлэлүүд улс төрийн чиг баримжаагаа зарлаж, ялгарал үүсгэх шаардлагатай юу

"Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн чиг баримжаагаа зарладаггүй. Барууны хэвлэлүүд шиг ил зарлах ёстой" гэх нийтлэг шүүмжлэл хөвөрдөг. Хөгжлийн түүх, соёлын түвшин, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн хачин жигтэй үе туулж буй бид өөрсдийгөө барууны хэвлэлүүдтэй харьцуулах нь энэ тохиолдолд зөв үү. Тэднээс өөр. Гэхдээ зүйтэй байх арга зам бий зэргээр асуудлууд хөвөрдөг. Уг сэдэв маш том агуулга. Үүнд редакциуд үзэл баримтлалаа зарлах нь ЗӨВ, БУРУУ гэсэн хоёр оролцогчийн байр суурийг онцолж байна.

АСУУЛТ: Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрийн чиг баримжаа, үзэл баримтлалаа нээлттэй зарлах цаг үе, орчин нөхцлийн бодит шаардлага үүссэн үү. Өнгөрсөн хугацаанд зоригтой зарлаагүйн улмаас нийгэмд ямар гажуудал үүссэн бэ?

Л.Нарантөгс: Хэвлэлүүд улс төрийн чиг баримжаагаа зарлаж, үзэл санаагаараа өрсөлдөх ёстой

/News.mn агентлагийн Ерөнхий продюсер, тоймч/

Мэдээж улс төрийн намууд нь үзэл баримтлалын учраа олоогүй байхад хэвлэл мэдээлэл үзэл баримтлалаа зарлах ёстой гэх нь заримд маань тэнэг сонсогдож магадгүй. Барууны гээд буй АН-ын хэрэгжүүлсэн сургуулийн үдийн цай хөтөлбөр шиг ийм лут халамжийн тогтолцоо хуучин нийгэмд ч байгаагүй. Гэтэл энэ мэт бодлогыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч өөрсдийн хувь нэмрээ оруулсан.

Одоо ч хэвлэл мэдээлэлд хуучны зүүний үзэл бат нот оршсоор байна. Бид төлбөрөө төлсөнд нь бус ямар үзэл санаа, чиг баримжааг дэмжих вэ гэдгээ одоо зарлах цаг болсон. Үгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн пропаганда хийдэг талбар, хуучны суртал ухуулгын сонин, мэдээллээс ялгарах юмгүй, хараат хэвээрээ байсаар байх болно. Сошиалд ч байр сууриа бүр мөсөн булаалгана.

Нуулгүй хэлэхэд сэтгүүчид маань ч эрх чөлөөний үзэл санааг улстөрчөөр төсөөлөх нь олонх байна. Үүнээс болоод өөр хоорондоо тэс өөр үзэл санаануудыг бүгдийг нь хольж хутгаад бантан болгон буцалгахаар бид оролдсоор жонхуу болгочихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд социализмын үе шиг хүний амьдралыг бүхэлд нь төр бүрэн мэдэх ёстой биш юм гэхэд ямар нэгэн байдлаар оролцох ёстой гэсэн үзэл санаа зонхилж байна.

Тиймээс улс төрийн чиг баримжаагаа зарлаж, үзэл санаагаараа өрсөлдөх нь чухал. Өнөөдөр ганц үзэл баримтлал нь тодорхой сонин гэвэл “Үнэн”. Уншигчид нь тодорхой. Эрх баригчдын эсрэг, иргэдийн талд зогсох уу, ивээлд нь багтах уу гэдгээ өөрсдөө зарлах нь соёл. Гадны хэвлэлийн эрх чөлөө хөгжсөн орнуудад энэ зайлшгүй болчихсон зүйл. Ингэж байж бидэнд ялгарал гарна.     

Ц.Чимэддондог: Үзэл санаа, чиг баримжаагаа зарлах цаг нь арай болоогүй байна

/Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч/

Манайд хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн үзэл баримтлалаа зарлах цаг болсон уу? Монголд улс төрийн үзэл баримтлалаа ил тодоор зарласан хэвлэл мэдээллийн байгууллага нэг ч алга. Улс төрийн намуудын дэргэдэх хэвлэлийг эс оруулбал шүү дээ.

  • “Монголын үнэн” сонин гэхэд МАН-ын төв хэвлэл гээд эзэмшил, харъяалалаа бичсэн байдаг. Яахав зарим эзэд аль талд байдгаа хэлсэн нь бий.
  • "Өдрийн сонин"-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн гуай одоогоос арав гаруй жилийн өмнө “Манай сонины сэтгүүлчид Ц.Элбэгдоржийг муулах л юм бол би турсагыг нь хуулах юм чинь” гэж хэвлэлд ярьсан нь бий.
  • Н.Энхбаярыг “Зууны мэдээ” хэзээ ч мөшгөхгүй.
  • “Өнөөдөр” сонины архиваас Н.Багабандийн тухай ширүүн шүүмжлэл бүү хэл жаахан хазгай хэл ч олдохгүй.

Өөрөөр хэлбэл манай хэвлэл мэдээллийн байгууллага үзэл баримтлал гэхээсээ илүү улс төрчийн хувь хүн талд нь үйлчилдэг нь нууц биш.

Нөгөө талаар,

  • Улс төрийн олон талт үзэл баримтлалыг шингээж бодлого хэрэгжүүлэх ёстой улс төрийн намууд манайд сонгодог утгаараа хөгжөөгүй,
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчин бүрдээгүй,
  • Үзэл баримтлалаас үл хамааран хараат бусаар ажиллах сэтгүүл зүйн үндсэн үүргээ ухамсарлах боловсрол, соёл сэтгүүлчдэд хангалттай хүрээнд төлөвшөөгүй,
  • Олон нийтийн улс төр болоод мэдээллийн боловсрол туйлын хангалтгүй байна.

Энэ мэт өөр олон шалтгааны улмаас манайд аль нэг улс төрийн үзэл баримтлалыг нийтлэлийн бодлогодоо тусгасан хэвлэл мэдээллийн байгууллага хэрвээ байсан ч үзэл санаа, чиг баримжаагаа зарлах цаг нь арай болоогүй байна гэсэн байр суурийг би хэлэх байна.

Ингэж зарлаад ч олон нийтийн итгэл үнэмшил, зах зээл дэх өрсөлдөөн, нийтлэл нэвтрүүлгийн чанар, санхүүгийн менежментэд онц нөлөө үзүүлэхгүй юм. Харин ч хэн нэгний халаасанд бүр яваад орчихсон муу нэр зүүж, сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэр болох эрсдэлтэй.

Олон Улсын хэвлэлүүд үзэл баримтлалаа зарлахдаа хэрхэн хандаж байгаа вэ?

Ихэнх улс орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайлсан нэг нэр дэвшигч, нам эвслийг дэмждэг гэхээс илүү өөрсдийн улс төрийн үзэл баримтлалыг баруун, зүүний улс төрийн баримтлалтай хэмээн ерөнхийлөн мэдээлдэг.

Шведэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл: Улс төрийн үзэл баримтлал, чиг баримжаагаа зарлах нь зөв үү? гэсэн асуулгад хүмүүсийн 62% нь  мэдээлэх хэрэгтэй гэсэн бол 10% нь байж болохгүй гэж үзжээ.

Чили улсад: Иргэдийн 48% нь хэвлэл мэдээллийн байгууллага үзэл баримтлалаа ил зарлах нь буруу гэсэн бол 40% нь зөв гэж үзсэн бөгөөд үлдсэн хувь нь түдгэлзсэн хариу өгсөн талаар Ройтерс институтын судалгаа байна.

Энэ асуудал нь үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Ихэнх мэдээллийн агентлагууд тухайлбал Reuters, AP зэрэг томоохон агентлаг, редакциуд төвийг сахих чиглэлд ажилладаг. Сонин үүссэн цагаас сонины хуудсууд дээр редакциуд улс төрийн байр суурь, үзэл баримтлалаа чөлөөтэй илэрхийлдэг практик тогтсон.

Гэхдээ ашгийн төлөөх байгууллагууд улс төрийн байр суурьтай байх албагүй. Жишээлбэл, ABC телевиз нь Walt Disney компанийн эзэмшилд байдаг бөгөөд Диснейн эцсийн зорилго бол бүх төрлийн улс төрийн үзэл баримтлал бүхий хүмүүс, бүлгээс ашиг олох явдал байх нь мэдээж. Тиймээс ABC тул улс төрийн үзэл баримтлал илэрхийлэх огт шаардлагагүй юм.

Тухайлбал, сүүлийн үед тренд болоод байгаа Texas Tribune байна. АНУ-ын техас мужийн хөгжлийн төлөө ажиллана гэдгээ зарласан. The 19th гээд сайт феминист хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, цөөнхийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр ажилладгаа мөн зарласан байдаг. The Economist либерал эдийн засаг, чөлөөт зах зээлийг дэмжигч гэдгээ тунхагладаг. Эдгээр нэршлийн цаана мөн л улс төрийн үзэл баримтлал оршиж буй.

Хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн үзэл баримтлалаа тунхаглах хийгээд улс төрийн аль нэг хүчнийг дэмжих нь огт өөр хоёр ойлголт гэдгийг юуны өмнө анхаарах ёстой.

Дани зэрэг сэтгүүл зүй өндөр хөгжсөн ихэвчлэн Европийн зарим орны томоохон сонин хэвлэл улс төрийн үзэл баримтлалаа зарласан нь бий. Тухайлбал, Баруун төвийн нам болох Forza Italia намын нэрт зүтгэлтэн Silvio Berlusconi Италийн Ерөнхий сайдаар ажиллахын зэрэгцээ маш том хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төвлөрүүлэн эзэмшиж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь мэдээж баруун төвийн үзэл баримтлалыг нийтлэлийн бодлогодоо баримтлах хэдий ч тэр нь эрх баригчдын халаасанд орно гэсэн үг биш юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн эрхэм зарчим нь олон нийтэд үнэнчээр үйлчлэх. Өөрөөр хэлбэл олон янзын үзэл бодол бүхий хүмүүсийн бүгдийнх нь байр суурийг тусгасан нийтлэлийн бодлого хэрэгжүүлэх, үүний тулд эзэмшил, хөрөнгө оруулагч, санхүүжилтийн эх үүсвэрээ ил тодоор байлгах шаардлагатай болно. Тийм ч учраас дэлхийн томоохон ихэнх мэдээллийн агентлаг, редакциуд улс төрийн аль нэг үзэл баримтлалыг дагалгүй, бие даасан, тэнцвэртэй бодлого хэрэгжүүлдэг.

Гэхдээ л CNN гэх мэт томоохон байгууллага улс төрийн ямар бодлогыг дэмждэг нь мэдээллийн хөтөлбөрөөс нь илт харагддаг.

Ж.Мядагбадам


3.2. Бизнес модель, зах зээлийн тухайд хэрхэн тэсэж үлдэх шаардлагатай байна вэ

ХМБ-ууд бизнес моделийн хувьд мухардалд орж, технологийн хөгжилд дагасан шинэ тутам шок үүсч, зах зээл хумигдсан нь ганц Монголын зовлон биш гэдгийг та дээрх агуулгуудаас уншсан байгаа. Үүн дээр бид АНУ дахь орон нутгийн хэвлэлүүд хэрхэн ажиллаж буйг дээр орчуулан хүргэв. Нэгэнт соёл нь тогтсон, мөнгө олдог сувгууд нь хэдийнэ тодорхой болсон дэлхийн том агентлагуудын жишээнээс илүү дээрх кэйс бидэнтэй ойр бууж буйг онцлууштай. Монголд,

  • Аливаа материалыг төлбөртэй уншуулах, үзүүлэх соёлын төлөвшлийг бий болгоход хэвлэлүүд өөрсдөө санаачлагатай байх,
  • Контентын ялгарал үүсгэж, брэндингээ зарах, төлбөртэй агуулгыг олшруулах,
  • Видео ба агуулгын хүчтэй нэгдлийг ХМБ-ууд үүсгэх шаардлага,
  • Орлогын бүтцээ задалж, олонлог болгох,
  • Технологийн хөгжлийн үетэй дасан зохицох, үүн дээр ажиллах хүчний зардлын хэмнэлт үүсгэх зэрэг шинэ тутам шаардлагууд үүссээр байна.

Хэвлэлийн салбарын мөнгөн урсгалыг хувийн ААН-үүд, арилжааны банкууд, ТӨХК-иуд, уул уурхайн салбар, төрийн албан байгууллагууд, олон улсын байгууллагууд зэрэг бүтцүүд бүрдүүлдэг. Гэвч эдгээр нийлүүлэгчид технологийн хөгжлөө дагаад, бусад платформууд руу хүчтэй "урвасаар" байгаа нь дэлхий дахины хэвлэлийн асуудал болчхоод байна.

Уншигчид, мэдээллийн хэрэглэгчид дунд хийгдэж буй судалгаануудаас харахад видео агуулгад хошуураад байгаа мэт боловч уншдаг уншигч ямагт супер хэмжээнд үнэлэгдсээр байгааг орхигдуулж болохгүй юм. Нөгөө талд уншигчид сошиал нөлөөлөгчдөөс илүү хувь сэтгүүлч, тоймчдод илүү итгэлтэй хандаж байгаа нь салбарын зах зээлийн өгөөж нэмэгдүүлэх хувь хүн дээр түшиглэсэн бас нэг гэрэл гэгээ юм.

Ж.Мядагбадам


3.3. Хүний нөөцийн асуудалд хэрхэн үзэл санаанд үнэнч, залуу сэтгүүлчдийг бэлдэх вэ

Залуу сэтгүүлчид халширч байна, залуу үед итгэх итгэл нурж байна хэмээгсэд хаа сайгүй.

Энэ асуудал редакцуудын өмнө тулж ирээд байна. Үеийн онцлог үүнд хамгийн их нөлөөлдөг. Үүнийг дээрх агуулгуудад хөндсөнөөр эрхлэгч, албаны дарга нар ч, их дээд сургуулийн багш ч батлан ярьж байна.

Тийм ч учраас гадаадын орнуудад "Залуу сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр", "Залуу сэтгүүлчдийн төв", "Залуу сэтгүүлчдийн нэгдэл", "Залуу сэтгүүлчдийн орон зай" зэрэг зорилтот холбоо, байгууллага, клубүүд харьцангуй олон байгааг ажиглаж болно. Өөрөөр хэлбэл, технологийн өөрчлөлтийг хүлээж авахад ямар нэг саадгүй залуу үеийнхэн салбарын үнэ цэнийг ойлгож, хэвээр нь авч үлдэх уламжлалт үнэ цэнүүдээ хадгалж чадвал тэдэнд итгэл хүлээлгэхийг хүсэцгээж буй.

Бидний контентод байр сууриа хуваалцсан залуу сэтгүүлчид энэ салбарт ажиллахад цөөнгүй хүндрэл гардаг ч ямар нэг зүйлд хүртлээ ажиллана гэж хариулсан. Мөн Ubn.mn сайтын Ерөнхий эрхлэгч Т.Лхагвадорж тэдэнтэй ажиллахад зарим сул тал бий ч хамгийн бүтээмж өндөртэй, итгэл даадаг хэмээсэн билээ. Мөн ажиллах хүчний дийлэнх нь залуусаас бүрдэж буй "Tenger" телевизийн Гүйцэтгэх продюсер Б.Батцэнгэл "Эхний цаг хугацаанд бид ойлголцох асуудлуудаа даван туулсан. Бид одоо ард нь гарч чадсан. Залуу үеийн өөр онцлогийг ялгаатай тал нь л гэж харахаас сул тал гэж хардаггүй" гэж ярьсныг энд эшилж байна.

Өөрөөр хэлбэл ирээдүй тийм ч бүрхэг биш. Харин редакцууд аль болох залуустай ажиллахдаа тэдний хүсэл, сонирхлыг мэдрэх, эргээд мэргэжилдээ дуртай сэтгүүлчид бэлтгэх үүрэг хариуцлагыг үүрэх шаардлагатай байна.

М.Тэнгис


3.4. Хэрэглэгчдэдээ гологддоггүй ХМБ байхын тулд яах вэ?

Эл нийтлэлийн 1.2 дугаар хэсэгт мэдээ мэдээлэл хүлээн авагчийн хандлагын өөрчлөлтийн талаарх 306 хүнээс судалгаа авснаа хүргэсэн билээ. Уг судалгаа нь олон нийтийг бүрэн гүйцэд төлөөлж чадахгүй гэдэг нь үнэн. Гэсэн хэдий ч мэдээ мэдээллийг хүлээн авагчид юуг хүсэж, уншиж, хаанаас мэдээ мэдээлэл авдаг талаарх чиг баримжааг гарган өгөх юм.

Редакцаас авсан дээрх судалгааны үр дүнд олон нийт анализ бүхий мэдээ мэдээллийг уншихыг хүсэж буй. Тодруулбал, судалгаанд оролцогсдын 61.7 хувь нь анализ, тоймлосон, харьцуулсан мэдээ мэдээллийг авахыг хүсдэг хэмээн хариулжээ.

Судалгааны үр дүнгээс харахад мэдээг товч бөгөөд шуурхай байдлаар хүргэх нь чухал хэдий ч нийгмийн хөгжлөө дагаж олон нийт чанартай хэмээн тодорхойлох мэдээ мэдээллийг хүлээн авахыг хүсэж байгаа юм. Ингэхдээ дата сэтгүүл зүйг гол чиглэлээ болгож, мэдээллийг боловсруулсан, агуулгыг чухалчилдаг контентыг хэвлэл мэдээллийн салбараас шаардаж эхэлж буй.

Гэсэн хэдий ч цаг хугацаа хэмнэсэн атлаа харьцуулсан аналитик мэдээ мэдээллийг ч хүлээн авах хүсэл эрмэлзэл байсаар. Энэ бүхэн нь эргээд хэрэглэгчдэд гологдохгүйгээр мэдээ мэдээллийг хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд цаг үеэ даган хувьсаж, шинэчлэгдэхдээ уламжлалт сэтгүүл зүйг хослуулах шаардлага тулгарч байна. Нийгмийн аль ч цаг үед мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх нь чухал бөгөөд бичвэр хэлбэрийн мэдээ мэдээлэл ч хуучрахгүй, уншигдсаар байгааг судалгаанаас харах боломжтой. Харин агуулгын хувьд илүү боловсронгуй байхыг шаардаж байна.

Н.Анужин


Тэмдэглэл: Сэтгүүлч Ражу Нарисеттигийн хэлсэнчлэн "Ирээдүй бол ирээдүй учраас л ярихад амар. Гэвч хэлж биш хийсэж ирдэг. Бэлэн л байхгүй бол нэг өглөө сэрээд нам цохиулна".

Бид хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн талаар ихэвчлэн бүрхэг төсөөлөлтэй суух нь бий. Дэлхийн бусад орнууд ч яг ижил: Технологийн өөрчлөлтүүд, бизнес моделийн эмзэг байдал, сошиал платформуудын хүчирхэгжил зэрэг асуудлуудтай нүүр тулж, дасан зохицохоор хичээж буйг дээр дурдсан.

Гэхдээ энэ материалыг бэлтгэж байх явцад хэвлэл мэдээллийн салбарын эзэд, эрхлэгч, редакторууд болон нэгж сэтгүүлчид, их дээд сургуулийн багш нь ч тодорхой суурь асуудлыг нэрлээд, бусдаар дасан зохицож ажиллах боломжтой гэдгийг хэлж байна.

Судалгаанд оролцсон хүмүүс ч хариуцлагатай ХМБ-аас, тоймлож харьцуулсан аналитик бичвэр уншихыг илүүд үздэг гэж хариулсан нь олзуурхууштай дүн юм. Дэлхийд ч уламжлалт ХМБ хоцрогдох болоогүй хэмээн текстийг чухалчилж байгаа талаар дээр дурдсан.

Иймд эцсийн дүндээ бидэнд салбартаа хайртай зан чанар, өөрчлөлтүүдийг чадмаг мэдэрч, дасан зохицох соргог хараа, мөн уламжлалт үнэ цэнээ хадгалах бүтээлч сэтгэлгээ байвал хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйг эерэгээр харах боломж байна.

М.Тэнгис


ДУГААРЫН ЧИГЛҮҮЛЭГЧ: Ж.МЯДАГБАДАМ

ДУГААРЫН УДИРДАГЧ: М.ТЭНГИС

АЖИЛЛАСАН СЭТГҮҮЛЧИД:

П.УРНАА

Б.ОТГОНБАЯР

Д.МӨНХБАТ

Н.АНУЖИН

МЕДИА БАГ:

Б.ЭРДЭНЭБАЯР

О.УЛСБОЛД

Б.МЯГМАРБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-03 09:34

Ямар бүтээлч ажиллаа вэ Эгүүр

Зочин
Зочин
2023-05-03 10:48

С�##�барын асуудлаа зоригтой хөнджээ

Энхдэлгэр
Энхдэлгэр
2023-05-03 11:10

Сэтгүүлчид дээ баярын мэнд хүргэе, ээ

Зочин
Зочин
2023-05-03 11:11

Хөөрхөн сэдвүүд ээ баздаг гоё контент аж бидний юу хийдэг хэн болох нь өнөө нийгэмд маш чух�##� шүү

Зочин
Зочин
2023-05-03 11:11

Хэвлэл фн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе ээ

Зочин
Зочин
2023-05-03 11:13

Хөөрхөн юм

Зочин
Зочин
2023-05-03 11:13

Ажл йн амжилт хүсье

Зочин
Зочин
2023-05-03 11:15

Хэвлэл мэдээллийн хүчийг бид буруу ашигладаг троллуудад эзэмдүүлээд дуусч байгаа дөө. гэтэл энэ олон редакци бодлоготой газрууд чинь хүч зарж бидэнд дамжуулан сурв�##�жилж ажиллаж байдаг гэдгийг ялгах нь ёстой цөөхөн болчихжээ

Зочин
Зочин
2023-05-03 11:19

Сэтгүүлчдийн эвлэл нь МАН-даа үйлчилдэг. МАН-ын төрийн �##�бан хаагчдад Ган үзэг шагн�##�аа өгдөг. Төрийн �##�бан хаагчдыг гишүүнээр элсүүлээд тэдэнд зориулсан сург�##�тыг өөрсдөө хийдэг. Тэр нэг цагаан толгойтой хөгшин бор эгч хэн билээ? Пивоны нэртэй адилхан нэртэй. Боргио билүү, тэр эгч манай Эрдэнэтэд ирээд сург�##�т заасан даа. Танд хандаж хэлэхэд, дахиж битгий хүмүүсийн цагийг дэмий үрж байгаарай, та нар чадваргүй, худлаа юм билээ шүү. Хэвлэлийн эрх чөлөө мандтугай.

Зочин
Зочин
2023-05-03 19:29

Үнэхээр хүнд юм өгөхөөр сайхан контент болж ээ баяр хүргэе

Зочин
Зочин
2023-05-03 19:29

Бүгдэд нь баярын мэнд хүргэе ээ

Зочин
Зочин
2023-05-03 19:30

Баг ха т олонд нь ажлын амжилт хүсье

Зочин
Зочин
2023-05-03 19:30

Мундаг байна шүү

Хаха
Хаха
2023-08-08 13:10

Наад нам дагасан өлөн хулгаачуудын хулгаа хииж олсон мөнгөны жоохон үртсэнд хуурттага�##� боль л�##�руудаа ха�##�тын гэрээ гээд л эхлэнэ дээ гоё яригчдааа

Зочин
Зочин
2023-11-28 15:28

Эцсийн дүгнэлт нь юу юм бол доо. Хамгийн гол нь "Сургууль төгслөө, би сайн сурч байсан. Мэргэжлийн сэтгүүлч хүн".. гэх мэт онгироод байгаа нөхдүүд огт боловсроогүй байдаг. Оюуны хэрэгцээ хангахаар юм хийдэггүй. Эх хэлээ ч сайн мэддэггүй. Төрөлхийн уха�##�аг нэг нь аажмаар гайгүй болдог ч автоматаар онц сурдаг нөхдүүд бол ямар ч авьяасгүй, мэдрэмжгүй байдаг. Тэгсэн хэрнээ дуртай нь сэтгүүлч болж байна гэж яриад хэрэггүй.

ИРГЭН
ИРГЭН
2024-01-30 16:31

Монголын Радио, Телевиз, Сайтууд _ Сэтгүүлчид_ Хэвл�##� мэдээллийнхэн Авилгын шинжтэй Нам , Улс төрчидын Гэмт үйлдлыг нуун дарагдуулсан _ *Ха�##�тын гэрээ* гэгч зүйлээсээ с�##�ахгүй л юм бол хичнээн Гоё сайхан_ Хэлэлцүүлэг, Зөвлөгөөн хийгээд ч юу ч өөрчилж чадахгүй, бахь байдгаарааа хэдэн Сэтгүүлчид ээ Улс төрчидын золиос болгож Шоронлуу илгээгээд дуусна,

Зочиныыё
Зочиныыё
2024-02-05 10:07

сэтгүүлч математик физик хими суурь мэдлэг муу учраас бие дааж ан�##�из хийх мэдээллийн үнэн үөвийг ш�##�гууртай дэлгэх чадвар муу байна,

Холбоотой мэдээ

Back to top button