Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Хэдэн долоо хоногийн дараа дайн дуусах эсэх нь ямар нэгэн байдлаар тодорхой болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт /2025.12.28/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Флорида мужид хүлээн авч уулзлаа. Тэд Дэлхийн II дайнаас хойш Европт өрнөж буй хамгийн том дайныг дуусгах зорилгоор хэлэлцэв. Трамп Зеленскийг угтахдаа энхийн гэрээ байгуулах үндэс суурь байгаа гэсэн өөдрөг үг хэлээд Мар-о-Лаго дахь хэлэлцээний байр руу орсон юм.

Уулзалтын дараа Зеленский хамтарсан хэвлэлийн бага хурал хийхдээ Киев, Вашингтоны дэмжиж буй 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний хэлэлцээнд ахиц гарсан гэжээ. Гэхдээ дайныг зогсоохын тулд хийх ажил их байгааг тэд онцолсон юм. Трамп "Уулзалт маш үр дүнтэй боллоо. Зарим хүний тооцооллоор бол энхийн төлөвлөгөөний 95 хувь дээр зөвшилцөлд хүрсэн. Би яг хэдэн хувь гэдгийг мэдэхгүй ч дайныг зогсоох тал дээр маш их ахиц гаргалаа" гэсэн байна.

20 зүйл бүхий энхийн төлөвлөгөө нь анх 28 зүйлтэй байсан билээ. Энхийн төлөвлөгөөний эхний хувилбарыг Москва, Вашингтон хоёр хэлэлцэж боловсруулсан. Тус төлөвлөгөө ОХУ-ын ашиг сонирхлын талд хэт их хазайсан байна хэмээн Киев, Европын холбоотнууд санаа зовсон тул Вашингтонтой хэд хэдэн удаа хэлэлцэж өөрчилсөн нь одоо 20 зүйлтэй төлөвлөгөө болсон.

Тэгвэл 20 зүйл бүхий төлөвлөгөөг хэлэлцсэн Трамп, Зеленский хоёрын уулзалтын онцлох үйл явдлуудыг харцгаая.

Дайн дуусах уу, эсвэл тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх үү?

Мар-а-Лагод Зеленскийг хүлээн авахдаа Трамп дайныг дуусгахад ямар нэгэн хугацаа хатуу заагаагүй хэмээсэн. Тэгж хэлсэн ч гэсэн дөрвөн жил шахам үргэлжилсэн дайныг дуусгах хамгийн тохиромжтой үе одоо гэх мессеж бүхий байр суурийг тэр илэрхийлсэн юм.

Трамп "Бид хэлэлцээний эцсийн шатанд ирээд байна. Дайн дуусах уу, эсвэл маш удаан үргэлжилж, дахин олон сая хүн амь үрэгдэх үү гэдгийг харах л үлдлээ" гэжээ.

Зургийн эх сурвалж: China Daily

Тэрбээр энхийн хэлэлцээний явц сунжирч буйд сэтгэл дундуур байгаа. Трамп дайныг зогсоож чадахгүй байгаад заримдаа Зеленскийг, заримдаа Путинийг буруутгадаг. 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр тэр ажлаа хүлээн аваад нэг өдрийн дотор л дайныг шийдэж чадна гэж мэдэгдэж байсан. Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа түүний захиргаа дайныг тийм  ч хурдан дуусгаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

Харин одоо энхийн хэлэлцээ хамаагүй хэцүү байгааг Трамп хүлээн зөвшөөрөв. Үүний нэг шалтгаан нь тэ Путинтэй тогтоосон хувийн харилцаагаа хөшүүрэг болгон ашиглаж чадахгүй байгаатай холбоотой юм.

Ням гарагийн уулзалтын дараа Трамп "Ганц хоёр маш хэцүү, маргаантай асуудал байгаа ч бид сайн ажиллаж байна. Энхийн хэлэлцээ бол нэг өдрийн дотор шийдэгдэх зүйл биш, маш төвөгтэй асуудал. Хэдэн долоо хоногийн дараа дайн дуусах эсэх нь ямар нэгэн байдлаар тодорхой болно" гэж хэлсэн байна.

20 зүйл бүхий төлөвлөгөөгөөр бол Украин улс АНУ болон Европын орнуудаас аюулгүй байдлын баталгаа авна. Мөн ирээдүйд Европын Холбоонд гишүүнээр элсэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тус улс зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг одоогийн тооноосоо бууруулахгүй. Донецк мужийн төлөөх байлдааныг одоогийн фронтын шугам дээр зогсооно гэж тусгажээ. Ингэхдээ Украин болон ОХУ-ын талууд цэргээ татаж, цэрэггүй бүс байгуулна.

Төлөвлөгөөнд Луганск, Запорожье, Херсон мужуудаас хоёр тал мөн адил цэргээ татахыг тусгасан байна. Үүний зэрэгцээ ОХУ Днепропетровск, Николаев, Сумы, Харьков мужуудаас цэргээ бүрэн гаргана гэж зааж өгчээ. Мөн дайны дараа дэд бүтэц, эдийн засгийг сэргээхэд зориулж 800 тэрбум долларын тусламж олгоно гэх нөхцөл байгаа юм.

Путин уулзалтад байгаагүй ч нөлөө нь мэдрэгдсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сард АНУ-ын Аляска мужид айлчилж Трамптай дайны талаар хэлэлцсэн. Энэ нь Путиний хувьд улс төрийн ялалт байсан гэж шинжээчид үзсэн юм.

Путин Флорида дахь уулзалтад ирээгүй ч хэлэлцээнд түүний нөлөө хүчтэй байлаа. Трамп Зеленскийтэй уулзахаасаа өмнө Путинтэй нэг цаг гаруй утсаар ярьсан юм. Кремлийн мэдээлснээр энэхүү дуудлага хийх хүсэлтийг Трамп өөрөө гаргажээ. Түүнчлэн Трамп Зеленскийтэй уулзсаныхаа дараа Путинтэй дахин ярилцана гэж мэдэгдсэн.

Трамп Путинтэй ярьсныхаа дараа Украиныг дэмжих байр сууриа өөрчилдөг явдал өмнө нь ажиглагдаж байсан. Энэ нь Украины талыг баримтлагчдын санааг зовоодог байв. Аравдугаар сард Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украинд алсын тусгалтай пуужин өгөхөө больсон.

Зургийн эх сурвалж: Bloomberg

Энэ удаад Трамп байр сууриа өөрчлөөгүй ч Путинийг магтсан байна. Путин Запорожьегийн цөмийн цахилгаан станцад анхаарал хандуулж буйг нь Трамп сайшаажээ. Тэр "Ерөнхийлөгч Путин тус станцыг ажиллуулах тал дээр Украинтай хамтарч ажиллаж байгаа. Тэр станцыг бөмбөгдөхгүй байгаа нь том алхам юм" гэж Трамп хэлсэн байна. Мөн Путинийг энхийн асуудалд нухацтай хандаж байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Үлдсэн 10 хувь ба газар нутгийн асуудал

Уулзалтын өмнө Зеленский энхийн төлөвлөгөөний нөхцөлүүдийн 90 хувь дээр санал нэгдсэн гэж мэдэгдсэн. Одоо санал зөрөлдөөд буй 10 хувийн асуудлыг шийдэх үлдсэн. Үүнд Запорожье цөмийн станцыг хэрхэх болон газар нутгийн эзэмшлийн тал дээр буулт хийх асуудлууд багтаж буй. Трамп ОХУ урагшилж довтлохоос өмнө одоо газар нутгийн буулт хийх нь дээр байж магадгүй гэж Зеленскийд зөвлөсөн юм. Москва Украины Донбасс бүсийг бүрэн хяналтдаа авах сонирхолтой.

Зеленский ямар ч энхийн хэлэлцээрийг бүх нийтийн санал асуулгаар шийдэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Украины Үндсэн хуульд газар нутгийн тухай асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэж тусгаж өгсөн байдаг. Гэхдээ ийм санал асуулгаар явуулахын тулд гал зогсоох шаардлагатай гэж тэр хэлсэн юм. Харин ОХУ улс ням гарагийн уулзалтын өмнөхөн Украин руу пуужин болон дроноор цохилт өгчээ. Москва гал зогсоох хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа.

Кремлийн зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ Трамп, Путин хоёр түр хугацаанд гал зогсоох нь мөргөлдөөнийг улам сунжруулна гэдэг дээр санал нэг байгаа гэсэн юм Украин фронт дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Донбассын тал дээр шийдвэр гаргах ёстой гэж тэр нэмж хэлсэн байна. Трамп хэлэлцээнд хүрэхэд ойртож байна хэмээсэн ч Донбассын эзэмшлийн маргаан томоохон асуудал хэвээр байгааг онцолсон юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хичнээн ч дайн зогсоочихвоо! Тоогоо алдлаа

Холбоотой мэдээ

Back to top button