Медведев Трампыг сайшаав
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг энх тайвныг эрэлхийлдэг үр дүнтэй удирдагч гэж сайшаажээ. Трамп ОХУ-д эерэг эсвэл сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг асуухад Медведев хариулахдаа, түүнийг сонгосон америкчуудын шийдвэрийг хүндэлдэг гэж хариулсан байна.
Тэр “Трамп бол сэтгэл хөдлөл ихтэй хүн. Гэхдээ нөгөө талаас түүний алхмуудаас үүсдэг эмх замбараагүй байдал нь халхавч. Үүний цаана ухамсартай, чадварлаг байдал нуугдаж байгаа нь илт байна. Трамп энх тайвныг дэлгэрүүлэгч гэж түүхийн хуудсанд бичигдэх хүсэлтэй байгаа. Үүнийхээ төлөө ч хичээж байгаа учраас америкчуудтай харилцах харилцаа илүү үр бүтээмжтэй болсон” гэжээ.
Медведев ОХУ-ыг тун удахгүй дайнд ялалт байгуулна хэмээсэн байна. Гэхдээ гол зүйл нь дахин зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилж сэргийлэх явдал гэжээ. Тэр “Дайн аль болох хурдан дуусаасай гэж хүсэж байна. Гэхдээ цаашлаад юу болох талаар бодох нь чухал. Ялалтын гол зорилго бол шинэ мөргөлдөөнөөс урьдчилж сэргийлэх явдал” гэсэн юм. ОХУ одоогийн байдлаар Украины газар нутгийн тавны нэгийг эзэмшдэг. Гэхдээ тус улс Донбасс бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авч чадаагүй байна. Одоогийн байдлаар Украин Донбасс бүсийн 10 орчим хувийг хянадаг юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.