2026 онд ОХУ-ын төсвийн алдагдал гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна
ОХУ-ын төсвийн алдагдал 2026 оны эцэс гэхэд төлөвлөсөн хэмжээнээсээ гурав дахин ихсэж магадгүй байна. Энэтхэг ОХУ-аас авах газрын тосны хэмжээгээ багасгасан, мөн улс орнууд газрын тосыг хямдралтай үнээр авах нь нэмэгдсэн явдал төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байгаа юм. Мөн зардал тооцоолсноос их байх магадлалтай гэж засгийн газартай ойр нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ.
Төсвийн алдагдал талийж магадгүй гэх тооцооллыг ОХУ-ын засгийн газартай холбоотой судалгааны хүрээлэнгийн эдийн засагчид гаргасан аж. Тэд тооцооллоо нийтлэхээр төлөвлөөгүй байгаа аж. Барууны хориг арга, бодлогын хүү өндөр түвшинд байгаа явдал болон ажиллах хүчний хомсдолтой тулгарч буй ОХУ-ын эдийн засаг улам хүндэрч байгааг энэ мэдээлэл харуулж байна.
Эдийн засагчдын хийсэн тооцооллоор бол 2026 онд эрчим хүчний экспортоос олох орлого төлөвлөснөөс 18 хувиар буурах магадлалтай байгаа юм. Үүнээс болоод төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5-4.4 хувьтай тэнцэж магадгүй аж. ОХУ-ын засгийн газар 2026 оны төсвийн алдагдлыг 1.6 хувьд барихаар төлөвлөж байжээ. Мөн шинэ тооцооллоор улсын зардал 4.1-8.4 хувиар өсөх магадлалтай юм.
Төсвийн нийт орлого төлөвлөснөөс 6 хувиар буурч, 37.9 их наяд рубль буюу 494.78 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Нэрээ нууцалсан засгийн газартай ойрын эх сурвалж "Төсвийн нөхцөл байдал эрс муудаж байна. Орлого багасаж, зардал нэмэгдэж байна" гэж хэлжээ. Энэ асуудал маш эмзэг тул тэр эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн байна.
ОХУ-ын засгийн газар болон төв банкны тооцоолол нь ерөнхийдөө одоогийн нөхцөл байдлыг хэвээр үлдэнэ гэж тооцоолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх жилдээ дөхөж буй Украины дайн 2026 онд үргэлжилж, барууны хориг арга хэмжээ хэвээр байна гэж тооцжээ.

Лхагва гарагт /2026.02.04/ Оросын засгийн газрын нийтэлсэн шинэ тоо баримтаар эрчим хүчний салбарын орлого нэгдүгээр сард хоёр дахин буурчээ. Энэ нь 2020 оны долоодугаар сараас хойш үзэгдсэн хамгийн бага үзүүлэлт юм. Тодруулбал ОХУ газрын тос, байгалийн хийн экспортоос нэгдүгээр сард 393.3 тэрбум рублийн (5.13 тэрбум ам.доллар) орлого олсон байна.
Оросын эдийн засаг дайны эхний гурван жилд харьцангуй тогтвортой байсан. Харин өнгөрсөн жил Төв банк инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ 2000-аад оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн юм. Үүнээс болоод эдийн засгийн өсөлт эрс саарсан.
Газрын тос, байгалийн хийн салбар болон худалдан авагчдад чиглэсэн барууны хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын газрын тос 20 гаруй хувийн хямдралтай зарагдаж байгаа. Мөн өнгөрсөн жил рублийн ханш ам.долларын эсрэг 45 хувиар чангарсан нь орлогод мөн сөргөөр нөлөөлжээ. Учир нь газрын тосны татварыг доллароор тооцож, рублиэр төлдөг юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой ярилцаж ОХУ-ын газрын тосноос татгалзах тохиролцоонд хүрсэн гэх мэдээ гарахаас өмнө энэ тооцооллыг хийсэн байжээ. Эх сурвалжийн хэлснээр тэд Энэтхэгийн худалдан авалт 30 хувиар буурна гэж таамаглан тооцооллоо хийсэн аж. Энэ таамаглалаа эдийн засагчид хэвээр үлдээсэн байна.
ОХУ болон Украин энэ долоо хоногт хоёр дахь удаагийн хэлэлцээгээ хийж эхэлсэн. Талууд асуудлыг хэлэлцээ үр дүнтэй явагдаж байна гэж мэдэгдсэн юм. Төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж болох 4.1 их наяд рублийн нөөц ОХУ-д бий. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, орлого одоогийн хурдаараа буурсаар байвал энэ нөөц нэг жилийн дотор шавхагдана.
Алдагдал өсөж, нөөц багассанаар эдийн засаг шууд нуран унахгүй гэж эх сурвалж хэлсэн байна Гэхдээ санхүүгийн байгууллагууд үүнд зохих хариу арга хэмжээ авах шаардлагатай болно. Тус эх сурвалж "Сүйрэл бол биш. Алдагдлыг санхүүжүүлэх боломжтой, гэхдээ бодлогын хүү өндөр байх үед" гэж хэлжээ. Түүний хэлснээр Сангийн яам төсвийн зардлыг танах санал гаргах магадлалтай байна. Гэхдээ эдийн засаг удааширч байгаа үед зардал танах нь буруу алхам болно гэдгийг тэр онцолсон юм.

Судалгааны хүрээлэнгийн гаргасан тооцоо нь арилжааны банкнууд болон бусад байгууллагуудын таамаглалтай ерөнхийдөө тохирч байгаа юм. “Альфа Инвестмент" фирмийн шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосыг хямд үнээр зарж байгаа явдал болон рублийн ханш одоогийн түвшиндээ байвал энэ жил төсвийн орлого 3 их наяд рублиэр буурна.
ОХУ-ын хоёр дахь том банк болох ВТБ-ийн шинжээчид 2026 онд засгийн газар 2.5 их наяд рублийг нөөц хөрөнгөөс гаргана гэж тооцоолжээ. Ингэснээр нөөцөд ердөө 1.6 их наяд рубль үлдэнэ. Кремль газрын тосны үнэ тодорхой хэмжээнээс давсан үед экспортын орлогын тодорхой хувийг цуглуулдаг.
Гэвч Оросын газрын тос энэ үнээс доогуур зарагдсаар байна. Одоогоор орлого таслах үнийг нэг баррель газрын тос 59 ам.доллар байгаа юм. Засгийн газар энэ үнийг жил бүр нэг доллароор бууруулахаар төлөвлөж буй. Ингэснээр ирээдүйд газрын тосны үнэ өсөхөд санд мөнгө төвлөрүүлэх боломжийг бүрдэнэ.
ОХУ-ын эрх баригчид төсвийг тэнцвэртэй барихыг барууны хориг арга хэмжээний эсрэг гол хамгаалалт гэж үздэг. Шадар сайд Александр Новак хоёрдугаар сарын 3-нд хэлэхдээ, барууны шинжээчид зориудаар төсвийн орлогод хохирол учруулахыг зорьж байна гэжээ. Тэрбээр нэмж "Төсвийн тэнцвэртэй байдал бол манай санхүү, эдийн засгийн тогтвортой байдлын үндэс. Бид эдгээр үзүүлэлтийг алдагдуулж болохгүй" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.