50 хувийн нэмэгдэл: Багшийн гар дээр буусан уу

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн талаар Боловсролын яам мэдээлсэн. Яамнаас танилцуулсан жишиг тооцооллоор шинэ багшийн цалин нэмэгдлийн дараа 4 сая төгрөгт дөхөж, 20-иос дээш жил ажилласан багшийнх 4.5–4.7 сая төгрөгт хүрэх боломжтой гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан юм.
Гэвч бодит байдал дээр энэхүү нэмэгдэл хэрхэн тооцогдож, багш нарын гар дээр хэдэн төгрөг очих вэ гэсэн асуулт салбар дотор маргаан дагуулсаар байна.
Албаны тооцоолол ба бодит хүлээлт
Албан мэдээллээр СӨБ-д нэг жил ажилласан багшийн үндсэн цалин 1,559,000 төгрөгөөс 2,338,500 төгрөг болж нэмэгдсэн. Бүх төрлийн нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээг дээд түвшинд тооцвол нийт цалин нь 3,993,578 төгрөгт хүрэх боломжтой гэж танилцуулжээ. Харин 20-иос дээш жил ажилласан цэцэрлэгийн багшийн цалин 4,539,228 төгрөг болохоор дурдсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд анхны жилдээ ажиллаж буй багшийн нийт цалин 4,135,356 төгрөг, 20-иос дээш жил ажилласан багшийнх 4,728,956 төгрөгт хүрэх тооцоог мөн танилцуулсан.
Гэвч эдгээр нь бүх нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээ дээд шатандаа бүрэн олгогдсон нөхцөлд хүрэх боломжит дүн гэдгийг багш нар онцолж байна.
“Нэмэгдэл бодитоор орсонгүй” гэсэн гомдол
Нийслэлийн багш нарын хэлж буйгаар бодит нөхцөл дээр уг нэмэгдэл бүрэн хэрэгжээгүй, зарим тохиолдолд урьдчилгаа цалин хуучин дүнгээр орсон хэвээр байгаа аж. Мөн багшийн ажил зөвхөн хичээл заахаар хязгаарлагдахгүй, анги удирдах, бичиг баримт боловсруулах, шалгалтын материал засах, судалгаа гаргах, эцэг эхтэй хамтран ажиллах зэрэг өндөр ачаалал дагалддаг ч энэ бүхнийг бодит үнэлгээ, урамшуулалд бүрэн тусгадаггүйг хэлж байна.
Нийслэлийн багш нарт орон нутгийн нэмэгдэл олгодоггүй атлаа жишиг тооцоололд хамгийн дээд нөхцөлийг багтаан тайлбарлаж буй нь бодит амьдралтай зөрүүтэй гэсэн шүүмжлэл ч гарчээ.
Хоёр өөр суурь тооцоолол – нэг цалинд
Багш нарын үйлдвэрчний эвлэлээс цалингийн тооцоонд хоёр өөр суурь зэрэг хэрэглэж байгаа нь бодлогын зөрчил үүсгэж буйг мэдэгдсэн. Одоогоор:
- Засгийн газраас тогтоосон 1,484,000 төгрөгийн доод суурь
- Боловсролын сайдын баталсан 2,226,000 төгрөгийн салбарын суурь гэсэн хоёр хэмжээ зэрэгцэн мөрдөгдөж байна.
Үүний улмаас төрийн алба хаасан хугацаа, мэргэжлийн зэргийн нэмэгдэл зэргийг доод сууриас, харин анги удирдсан зэрэг ачааллын нэмэгдлийг салбарын сууриас тооцож байгаа нь нэг багшийн цалинг дотроо зөрчилтэй бүтэцтэй болгожээ.
Үйлдвэрчний эвлэлийн тооцоогоор энэ ялгаанаас шалтгаалан багш нар сар бүр дунджаар 250–300 мянган төгрөгийн орлогын зөрүү хүлээж болзошгүй байна.
Хувь уу, нэрлэсэн дүн үү?
Орон нутгийн багш нарын хувьд нэмэгдлийг хувь бус нэрлэсэн дүнгээр олгож буй нь олон жил ажилласан, мэргэжлийн зэрэгтэй багш нарт сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Туршлага, ур чадварыг үнэлэх ёстой нэмэгдлүүд доод сууриас тооцогдож, зарим ачааллын нэмэгдэл өөр сууриас бодогдож буй нь тогтолцоог ойлгомжгүй болгожээ.
Мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл хасагдсаны дараах бодит орлогын талаарх ил тод мэдээлэл дутмаг байгааг багш нар шүүмжилж байна.
Тоон дээр өссөн ч, бодит амьдралд мэдрэгдэх үү?
Ийнхүү “50 хувийн нэмэгдэл” гэх тоон мэдээлэл бодит орлогод хэрхэн буух нь суурь цалин, нэмэгдэл бодох аргачлалаас шууд хамаарч буй нь тодорхой байна. Салбарын багш нарын нийтлэг шаардлага нь цалингийн бодлого нэг мөр, ойлгомжтой, ил тод байх явдал юм.
Ижил хөдөлмөр эрхэлж буй багш нар ижил зарчмаар үнэлэгдэж, туршлага, ур чадвар нь бодитоор урамшдаг тогтолцоо бүрдэхгүй бол цалингийн өсөлт цаасан дээр нэмэгдсэн ч амьдрал дээр мэдрэгдэхгүй хэвээр үлдэх эрсдэлтэйг тэд анхааруулсаар байна.
Тэгэхээр асуулт хэвээр үлдлээ: 50 хувийн нэмэгдэл бодитоор багшийн гар дээр буусан уу, эсвэл “сахил” хүртээд дээр “шал дордов” уу?
Э.БАЯНМӨНХ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.