Ө.Батзул агсны гэргий: Хүү бид хоёрт монгол түмнийхээ хайр, хүндлэлийн хариуг үзүүлэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна

Сар шинийн барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн билээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул нь 2022 оны наадмаар тухайн үеийн улсын начин Д.Хүдэрбулгаар тав давснаар улсын начин цолд хүрч байв. Харамсалтай нь 2024 оны наадмын дараа буюу долдугаар сарын 30-нд зуурдаар бурхны орныг зорьсон билээ. Түүний хувьд үндэсний бөхөөр барилдахаас гадна чөлөөт бөхийн төрлөөр тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртсэн нэгэн байсан юм.
Тэгвэл түүний гэргий Т.Оюунбаяр өөрийн цахим хуудастаа "Та бүхэн минь амархан сайн байна уу. Төрийн тэргүүн хоёр дахь жилдээ бидний бахархалт аавыг хүндэтгэн түүнийг минь олон түмэнд дурсагдах онцгой мөчийг олгосонд чин сэтгэлийн гүнээс талархан суулаа.

Энэ дурсамжит өдөр миний өөрийн нутгийн хүндэлж явдаг Монгол улсын аварга МУГТ, Ч. Санжаадамба аварга маань бидний урд суудалд суун хүүтэй минь мэндлэн цөөн хором ярилцахад ихэд бэлгэшээн ирээдүйн аварга цолонд хүрэхийг хүүдээ шивнэн ерөөж, Аваргын чимэгтэй малгайн залаанаас хүү маань адислан түрүү, үзүүр бөх ах нартаа үнсүүлэхийг харах нь ээж хүний хувьд онцгой нандин мэдрэмж төрүүлсэн их хувь бэлгэшээлтэй өдөр байлаа.
Олон түмний хайр хүндлэл, урмын үгс бидний амьдралд том урам зориг, илүү их сэтгэлийн хүчийг нэмсэн өдөр болж үлдлээ. Ямар их хувь тохиолоор энэ эрхэм онцгой хүний эхнэр болох учир заяасныг, мөн учрал бүхэн утгатай гэдэг үгийг бодон эргэцүүлсээр шөнийг үдэв.

Хүү бид хоёрт монгол түмнийхээ энэ их хайр, хүндлэлийн хариуг үзүүлэх тэр өдөр биднийг хүлээн мөн ирнэ гэдэгт ээж нь итгэл дүүрэн байна. Үүний төлөө хичээн зүтгэхээс өөр сонголт бидэнд үлдээгүй ээ үр минь. Хайранд бөмбөрүүлж өсгөсөн ганц үрээс минь хамаг муу бүхэн хол байж, хүнлэг энэрэнгүй бүхэн чамайг минь хүрээлж ирээдүй нь үргэлж тод гэрэлтэй явахыг бяцхан хүүдээ ээж нь дахин ерөөе.

Бүүвэй Бүүвэй Бүүвэй. Хурай Хурай Хурай. Монгол зон олондоо Урган гарч буй “Сүрээр дарагч” хэмээх Гал улаан Морь жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлэн, Хатуу бүхэн харьж, Хамаг бүхэн дэлгэрсэн тэгш жил болохын ерөөл өргөе. Хүндэтгэсэн Монгол улсын начин Ө. Батзул агсны гэр бүлээс" хэмээн нийтэлжээ.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.