Ж.Баярмаа: ХХОАТ-ын 81 хувийг нь цалин авч байгаа 975 мянган иргэн бүрдүүлдэг

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өнөөдөр УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Үнийн өсөлт, инфляциаас шалтгаалаад иргэдийн гар дээр авч байгаа цалин үнэгүйдсэн. Дундаж цалин 2.2 сая төгрөг байдаг. ХХОАТ-ын 81 хувийг нь цалин авч байгаа 975 мянган иргэн бүрдүүлдэг. Энэ татварыг нэг хувь болгож бууруулбал иргэдийн гар дээр үлдэх мөнгө бага ч болов нэмэгдэнэ. Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай хүний татвар төлөх мөнгөнөөс 180 мянган төгрөг иргэнд үлдэнэ гэсэн үг. Махны үнэ 30 мянга давсан байгаа энэ үед бага мөнгө хэдий ч нэг шуудай гурил, будааны мөнгө юм" гэлээ.
Дундаж давхаргын иргэд өрөөс өрний хооронд, зээлээс зээлний хооронд олон жил амьдарч байна. Үүнээс шалтгаалан 60 хүртэлх насныханд гадаадад ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдсэн талаар судалгааны дүн байна. Энэ нь цалин хөлс амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой гэсэн юм.
ТӨК-иудын түрээсэнд зарцуулж 55 тэрбум аас эхлээд хасах танах зардал маш их бий. Эрх баригчид хүсэхгүй байна. Хэрвээ хасаж чадахгүй бол бид хасаад өгч болно. Жишээ нь, 2025 оны улсын төсвийг батлахад долоо хоногийн дотор 2.3 их наяд төгрөгөөр бууруулсан. Дараа нь улсын төсөвт тодотгол хийж, зардлаа 1.9 их наядаар бууруулж оруулж ирсэн байдаг. Тэгэхээр зардлыг бууруулахад ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь хэмнэлттэй, үр ашигтай, зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж чадваас зөрүү мөнгийг гаргахад асуудал байхгүй гэсэн юм.
Ташрамд дурдахад, ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах хуулийн төслийг үдээс хойш Төсвийн байнгын хороогоор, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товтой байгаа юм.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud