НҮБ: Мьянмарын арми сонгуулийн зургаан сарын хугацаанд 700 гаруй энгийн иргэний аминд хүрсэн
НҮБ-ын мэдээлснээр, Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн жилийн сонгуулийн үйл явц өрнөсөн зургаан сарын хугацаанд 700 гаруй энгийн иргэний амь насыг хохироосон гэв. 2025 оны наймдугаар сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хугацааг хамруулсан НҮБ-ын тайланд баталгаажсан мэдээллээр хамгийн багадаа 702 хүний амь үрэгдсэний дотор 224 эмэгтэй, 153 хүүхэд байжээ.
Тус тайланд таван жилийн өмнө төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг авсан цэргийнхэн сонгууль зохон байгуулахаа зарласнаас хойших зургаан сарын нөхцөл байдлыг тусгасан байна. Сөрөг хүчний намуудыг оролцуулаагүй учраас уг сонгуулийн үйл явцыг олон нийт "хуурамч сонгууль" хэмээн өргөнөөр шүүмжилж буй. Түүнчлэн тайланд дурдсанаар, олон улсын тусламжууд буурсаар байгаа нь сая сая хүний зовлон бэрхшээлийг улам нэмэгдүүлсээр байгааг онцолжээ.
Мьянмарын дотоодод цэргийн хүчнүүд албадан дайчилгаа явуулж, армийн эгнээгээ тэлж байгаа энэ үед босогчдын бүлгүүд зарим бүс нутагт байр сууриа алдаж байна. Мьянмарын арим 2021 онд төрийн эргэлт хийснээр иргэний дайн дэгдэж, олон мянган хүн амь үрэгдээд зогсохгүй сая сая хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн юм. Өнөөдрийн байдлаар тус улсын өргөн уудам газар нутгууд зэвсэгт бүлгүүдийн хяналтад ороод буй билээ. Аравдугаар сард болсон нэгэн халдлагын үеэр Сагаингийн Чаунг-У хотод сургуулийн өмнө цугласан энгийн иргэдийн дунд тэсрэх бодис дэлбэрч, 23 хүн түүн дотроо дөрвөн хүүхэд амиа алдаж 60 гаруй хүн шархадсан юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ВВС







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.