ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн халдвар авсан сувилагчийн ойрын хавьтлуудыг тусгаарлажээ

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өгч дууслаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тус төвд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, эмч ажилчид нь коронавирус туссаар байна гэсэн сошиал мэдээлэлд дараах хариу тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 8-нд манай халдвар хамгааллын багт ажилладаг ариутгагчаас халдвар илэрсэн. Түүний ойрын хавьтлын 29 хүнийг тусгаарлаж, давтан шинжлэхэд хариу сөрөг гарсан.
Арванхоёрдугаар сарын 9-нд коронавирусийн шинжилгээ авах багийн лаборант халдвартай нь батлагдсан. Түүний ойрын хавьтал гэж 44 хүнийг тусгаарлаж шинжлэхэд мөн халдвар илрээгүй. Тэр хүн гэрийн тусгаарлалт дуусаж ажилдаа ирсэн эхний өдрөө халдвар авсан.
Арванхоёрдугаар сарын 10-нд Сүрьеэгийн тасгийн туслах сувилагчаас халдвар илэрсэн. Түүний хавьтал болох Сүрьеэгийн тасгийн эмчийн шинжилгээ сөрөг гарч, үгүйсгэгдсэн байсан тул тэр хоёр хоног ажлаа хийгээд явсан. Түүний ойрын хавьтлуудыг мөн тусгаарласан, одоогоор халдвар илрээгүй байна” гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.