Л.Баттөр: Мутацид орсон вируст вакцин үр дүнгүй гэх судалгаа байхгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлэхдээ “Халдварын тоог багасгах зорилго байсан ч харамсалтай нь тэр тоондоо хүргэж чадсангүй. Хөл хорионы эрчим төдийлөн буурсангүй. Хөл хорио зарлаагүй бол өдрөөс 3000-4000 хүн өвчлөх эрсдлээс сэргийлж чадсан.
Мутацлагдсан хэлбэрийн хувьд албан ёсоор тодорхойлж зарлах ёстой. Манай гурван эмч Япон улс руу 20 орчим сорьц явуулж судалгаа хийж байгаа. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс PCR шинжилгээнд суурилсан мутаци илрүүлэх шинжилгээ хийж үзсэн. 33 сорьц хамруулснаас Турк улсаас ирсэн гурван иргэнээс Их британи хувилбар байна гэсэн урьдчилсан судалгааны үр дүн гарсан.
Энэ хүмүүс Турк улсаас ирээд ХӨСҮТ-д 10 орчим хоног эмчлүүлж байгаа. Мөн олон нийт дундаас хүнд мутац хэлбэр гарсан. Бусад хүмүүс нийтлэг хэлбэрүүд илэрсэн. Тиймээс хүн амын дунд өргөн тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Манай мэргэжилтнүүд ирж эцсийн баталгаатай хариуг хэлнэ.
Баримтлах эмчилгээ, халдвар хамгааллын дэглэм яг адилхан. Вакцин үр дүнгүй гэсэн судалгаа байхгүй. Жил гаруй хугацаанд 20 мянга орчим мутацлагдсан хэлбэр гарсан. Нас баралтыг бууруулахад эрт оношлогооны арга хэрэглэх ёстой. Одоо шинж тэмдэгт суурилж, тусламж үйлчилгээ үзүүлэх стратеги рүү орсон. Мөн ХӨСҮТ, ЦТЭ, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр тусламж үзүүлдэг байсан бол сүүлийн өдрүүдэд хувийн эмнэлгүүдийг татан оролцуулж байна.
Уушигны аппарат 800 орчим байдаг. Бүгд ашиглаад нөөцгүй болсон зүйл байхгүй. Экмо аппарат нэг л байгаа. Энэ аппаратанд хүн бүр орох заалт байхгүй” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.