Эдийн засгийн мэдээ

Төр Тавантолгойн нүүрсний ордыг "Энержи ресурс"-аас авч, ганц “Ухаа худаг”-ийг үлдээсэн шийдвэр

Тавантолгойн нүүрсний ордыг төрд авах ажил хэзээнээс эхлэлтэй талаар "Тавантолгойн Цагаан толгой" номд тухайн үеийн хуралдааны тэмдэглэл, тогтоол шийдвэрүүдийг хавсаргажээ.

Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд "Макро эдийн засгийн бодлого"-оо тодорхойлж, ингэхдээ санхүүгийн салбарын эрсдлийг хамгаалах хүрээнд Тавнтолгойн бүлэг орд газрыг төр дангаараа эзэмшиж, хөрөнгө оруулагч компанийг төр сонгон, төрийн нэрийн өмнөөс хэлэлцээ хийх агуулгыг тусгаж байв.

Тухайн үед Тавантолгойн орд газрыг хамтран эзэмших, ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг олон нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох, улмаар стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байсан аж. Мөн Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд авах асуудлаар тус ордын тусгай хэлэлцээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, "Энержи ресурс" ХХК-ин удирдлагатай яриа хэлэлцээг 2008 оны 1-р сарын 15-ын дотор үр дүнг нь танилцуул хэмээн тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд үүрэг болгосон байна.

Тавантолгойн компанийн лицензийг эзэмшиж байгаагийн хувьд "Энержи ресурс" компанитай ийн хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хэлэлцээ ч удаж, лицензийг төрд авахын тулд нөхөн олговор өгөх нөхцөл ч бий болов. Нөгөөтээгүүр, нүүрсний тийм том орд газрын монголчууд дангаараа эзэмшээд, эзэмшсэн хэрээрээ дангаар нь ашиглах боломжгүй байсан нь бодит үнэн байсан юм. Иймээс тэр үед хэлэлцээг ахалж байсан Х.Наранхүү сайд "Энержи ресурс"-ыг төсөлд оролцох нөхцлөөр хангана гэсэн тохиролцоо хийж болох санал ч дэвшүүлж байж.

2007 оны 12-р сарын 26-ны өдөр Үйлдвэр худалдааны яамны хурлын зааланд уулзсан бөгөөд уулзалтад Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж ажлын хэсгийн ахлагч Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, ажлын хэсгийн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Байгаль орчны яамны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Энхбат, Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн, Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх Н.Байлыхүү, "Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Зоригт, Түлш, эрчим хүчний яамны Түлш, эрчим хүчний бодлого төлөвлөлтийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Ш.Батренчин нар байлцаж.

Нөгөө талаас "Энержи ресурс” ХХК-аас ажлын хэсгийн ахлагч "Энержи ресурс” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргал, ажлын хэсгийн гишүүн "Энержи ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж, "Петровис" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батсайхан, "Моннис" ХХК-ийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, "Энержи ресурс” ХХК- ийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Ц.Батжаргал, "Энержи ресурс" ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Үүрцайх нар оролцож байжээ.

"Энержи ресурс" ХХК ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт төрийн хувь оролцоог тогтоох тухай хэлэлцээг эхлүүлж байв. Энэ хэлэлцээгээр "Энержи ресурс" ХХК-ийн зүгээс Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах ашиглалтын лицензийг төр өөртөө шилжүүлэн авах асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэсэн байдаг.

Ингээд уг уулзалтаар "Энержи ресурс" ХХК-иас төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлын задаргааны талаарх танилцуулгаа бэлтгэж өгөхийг даалгасан бөгөөд дараа дараагийн уулзалтаас Засгийн газар Тавантолгой дотор нэг талбай дээр ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй үлдээх санал тавьсныг улс төрийн хувьд хүлээн авах боломжгүй гэж "Энержи ресурс" ХХК-ийн зүгээс байр сууриа илэрхийлж, Тавантолгой дахь бүх зөвшөөрлөө өгөөд Бор толгой, Ухаа худаг, Шар тээг дэхь зөвшөөрлөө авч үлдэх шийдвэрээ мэдэгдсэн байна.

Учир нь нийт оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан болон хүлээх эрсдлээ ч бодож үзсэн ердөө 34 сая тонн коксжих нүүрсний таамаг нөөцтэй, дан эрчим хүчний нөөц зонхилсон талбайтай үлдэхийг хүлээн авахгүй гэжээ. Х.Наранхүү сайд Засгийн газрыг төлөөлж буйн хувьд Шар тээг, Бор толгой хоёрыг, үгүй бол зөвхөн Ухаа худаг гэсэн саналыг авч үзэж болно, өөр боломжгүй хэмээх байр суурийг илэрхийлсэн байна. Ухаа худаг нь тухайн үед нөөцийн 5-6 хувь л гэж тооцогдож байжээ.

"Энержи Ресурс" ХХК-ийг төлөөлсөн ажлын хэсгийн ахлагч Ж.Оджаргал "Өнөөдрийг хүртэл буулт хийж ирсэн. Анхны хэлэлцээр 14 хувь гэж тохиролцохоор болсон ч ийн 5-6 хувь болж буурч байна. Бид маш уян хатан санал тавьсан" хэмээснээр долоо дахь уулзалтыг өндөрлүүлэв. Дараа дараагийн уулзалтаар Засгийн газрын төлөөллүүд шахалт үзүүлж, Ж.Оджаргалын тавьсан олон саналыг хүлээн аваагүй бөгөөд гэрээнд өгсөн саналууд нь ч дэмжигдээгүй.

Ингээд 9 дэхь уулзалтын араас 2008 оны 3-р сарын 19-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар "Энержи ресурс" ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахыг даалгасан байна.

1999 оноос Тавантолгойн нүүрсний орд газарт хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг "Энержи Ресурс" ХХК эзэмшиж ирсэн бөгөөд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүүлэх тухай гэрээг 2008 оны 3-р сарын 21-ний өдөр Засгийн газартай байгуулан төрд буцаан өгсөн түүхтэй.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button