Трампын гадаад бодлогыг империалист гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп он гарснаас хойш хэд хэдэн маргаантай алхам хийлээ. Үүнд Венесуэль цэргийн ажиллагаа явуулан, удирдагч Николас Мадурог нь татан буулгаж, Гринландыг өөртөө нэгтгэх тухай дахин сөхөгдсөн заналхийлэл багтаж байна.
Трамп "Америк нэгт" гэх уриагаар АНУ-ыг гаднын улс орнуудаас тусгаарлах бодлого сурталчилдаг. Энэ нь АНУ-ын эдийн засаг болон аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалдаг гэж Трамп мэдэгддэг билээ. Харин зарим шинжээчид энэ бодлого нь 19-р зууны колоничлогч гүрнүүдийн үйлдлийг санагдуулж байна гэж үзэж байгаа юм. Одоо түүний хийсэн маргаан дагуулаад буй алхмуудыг авч үзэцгээе.
Венесуэль
Энэ сарын эхээр Трамп Венесуэл улсад цэргийн ажиллагаа явуулах тушаал өгсөн. Цэргийн ажиллагаа амжилттай явагдаж удирдагч Николас Мадуро болон түүний эхнэрийг барьсан. Тэднийг шүүхээр Нью-Йорк хотод авчирсан байгаа.
Вашингтон Венесуэлийг түр хугацаанд удирдана гэж Трамп мэдэгдсэн. Одоогийн байдлаар Мадурогийн Дэд ерөнхийлөгч байсан Дельси Родригез түр ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Родригез тус улсыг АНУ-ын хяналт дор улаа удирдаж байна. Трамп мөн Венесуэлийн зах зээлдАНУ-ын газрын тосны томоохон компаниуд орно гэж мэдэгдсэн.Венесуэль бол дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орон билээ.
Шүүмжлэгчид Трампыг Венесуэлийн газрын тосны нөөц дээр хэт анхаарч байна гэж үзэж байгаа юм. Мадурог баривчилсан нь хар тамхины наймааг бууруулах зорилготой хууль сахиулах ажиллагаа гэж Цагаан ордон харуулах гэж оролдсон. Гэвч Трамп газрын тосонд анхаарал хандуулж буй нь эргэлзээ төрүүлж буй. НҮБ-ын Хүний эрхийн алба АНУ-ын Венесуэлд хийсэн үйлдлийг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал хэмээн дэлхийн нөхцөл байдлыг илүү аюултай болголоо гэж шүүжилсэн байна.
“Council on Foreign Relations” байгууллагын ахлах ажилтан, Жоржтауны их сургуулийн профессор Чарльз Купчан "Ерөнхийлөгчийн бодлого бодит байдал дээр тусгаарлах үзэл биш, харин нео империализмын шинжтэй байна" гэжээ. Трамп Венесуэлийн ажиллагааны дараа Мексик, Колумби болон Гринландад заналхийлж байгааг тэр онцолсон юм.
Гринланд
Трамп Гринландыг АНУ хяналтдаа авах шаардлагатай гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гринланд бол Данийн вант улсын эзэмшлийн газар нутаг. Тус арал дээр АНУ-ын агаарын цэргийн бааз байрладаг. Тэрхүү цэргийн бааз нь ОХУ эсвэл БНХАУ Гринландыг эзлэхээс сэргийлэх зорилготой. Тус арал нь стратегийн чухал байршилтай, ашигт малтмалаар баялаг учир АНУ хяналтдаа авахыг хүсэж байгаа билээ.
Трамп зөвхөн цэрэг байршуулах нь хангалтгүй гэж үзэж буй. Гринланд болон Дани улс Гринландыг худалдахгүй гэж мэдэгдсэн. Харин Трамп цэргийн хүчээр булаан авах боломжийг үгүйсгээгүй юм. Дани болон АНУ нь хоёулаа НАТО-гийн гишүүн орнууд.
"Chatham House" судалгааны төвийн Олон улсын хуулийн хөтөлбөрийн захирал Марк Веллер "АНУ олон улсын тогтолцоонд ганцаардмал улс болох эрсдэлтэй байна" гэж хэлжээ. Трамп мөн Канадыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж заналхийлж байсан ч сүүлийн саруудад энэ талаар дахин дурдаагүй юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.