Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайны улмаас амь үрэгдсэн болон бэртсэн цэргийн тоо хоёр сая хүрэхэд ойрхон байна

Дайны улмаас амь үрэгдсэн эсвэл бэртэж гэмтсэн Украин болон ОХУ-ын цэргүүдийн тоо энэ хавар хоёр сард хүрэх төлөвтэй байна гэж Стратеги болон Олон улсын судалгааны төв (CSIS) мэдэгджээ. Вашингтонд үйл ажиллагаа явуулдаг тус төс мэдээлснээр Дэлхийн II дайнаас хойш ямар нэгэн их гүрэн ОХУ-тай адил олон хэмжээний цэрэг дайнд алдаж байгаагүй аж.

Хоёрдугаар сард дайн дөрөв дэх жилдээ орох гэж буй энэ үед ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд хүчтэй цохилт өгч байна. Үүний улмаас Киев хотын оршин суугчид халаалт, цахилгаан эрчим хүчгүй болоод байгаа билээ.

“CSIS”-ийн тайлангаас харвал 2022 оны хоёрдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сарын хооронд ОХУ-ын 1.2 сая цэрэг амь үрэгдэж, бэртэж гэмтжээ. Тус төвийн тооцоолсноор 325 мянга хүртэл орос цэрэг байлдаанд амь үрэгдсэн байна.

“Украины талбарт эрчээ олж, ахиц гаргаж байна гэх мэдээ явж байгаа ч тоо баримтаас харвал ОХУ маш жижиг газар нутаг эзлэхийн төлөө их хэмжээний хохирол амсаж байгааг харууллаа. Мөн тус улс томоохон гүрний хүч нөлөөгөө алдаж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ямар ч том гүрэн ийм олон тооны цэргийн хохирол амсаж байгаагүй” гэж тус тайланд бичжээ.

Илүү цөөн хүн амтай Украины 500-600 мянга орчим цэрэг дайнд амь үрэгдэж эсвэл бэртсэн байна. Амь үрэгдсэн цэргийн тоо 140 мянга гэж “CSIS” тооцоолжээ. Москва эсвэл Киевийн аль аль нь цэргийн хохирлоо мэдээлдэггүй. Харин нөгөө тал илүү хохирол амсаж байгаа гэж харуулахыг эрмэлздэг.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус судалгааг найдвартай мэдээлэл гэж үзэж боломжгүй хэмээжээ. Зөвхөн ОХУ-ын Батлан хамгаалах яам л цэргийн хохирлын тал дээр мэдээлэл өгөх эрхтэй гэж тэр хэлсэн байна. Батлан хамгаалах яам 2022 оны есдүгээр сараас хойш мэдээллээ шинэчлээгүй. Тухайн үед 6 мянган цэрэг амь үрэгдсэн гэж тус яам мэдээлж байсан юм.

Харин Украины тал энэхүү судалгаа дээр мэдэгдэл хийгээгүй байна. 2025 оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “NBC News”-тэй ярилцахдаа 46 мянган цэрэг дайнд амь үрэгдсэн гэж хэлсэн билээ. “CSIS”-ийн тооцооллоор бол ОХУ, Украины талд нийтдээ1.8 сая цэрэг бэртэж, амь үрэгдсэн байна.

Тайланд бичсэнээр ОХУ-ын арми 2024 онд байлдааны талбарт санаачилгыг гартаа авч хурдтай урагшилсан ч гэсэн одоо удааширчээ. ОХУ-ын цэргүүд өдөрт 15-70 метр л урагшилж байна гэж “CSIS” мэдээлсэн байна. Энэ нь “Өнгөрсөн зуунд тохиосон бараг бүх томоохон дайны явцаас удаан байна” гэж тус тайланд бичжээ.

Эх сурвалж: AP

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button