
Өчигдөр /2026.03.03/ Үндэсний дээд лигийн "Khan Falcons" болон "BCH Knigths" багуудын плей-оффын цувралын хоёр дах тоглолт "М Банк" аренад болсон. Тус тоглолтод "BCH Knights" баг 80:81 харьцаатайгаар ялалт байгуулж цувралыг 2-0 болгон тэргүүлсэн. Тэгвэл тоглолтын эхний үе дуусаж хувцас солих өрөө рүү тамирчид явах үед "BCH Knights" багийн импорт тоглогч Davion Warren Khan Falcons багийн тамирчин залуу тоглогч О.Өсөхбаярыг ар нуруунаас дагз руу нь санаатайгаар хүчтэй цохисон гэх мэдэгдлийг "Khan Falcons" баг гаргасан.
Тус мэдэгдэлдээ "Плэй-оффын эхний шатны хоёр дахь тоглолтын завсарлага (Halftime) 48-45 харьцаатай Khan Falcons онооны илүү дуусах үед хувцас солих өрөө рүү явах замд BCH Knights багийн тамирчин болох Davion Warren "Khan Falcons" багийн тамирчин залуу тоглогч О.Өсөхбаяр-ийн ар нуруунаас дагз руу санаатайгаар хүчтэй цохиж, бүдүүлэг спортын ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргасан болно. Энэхүү үйл явдал нь тамирчны аюулгүй байдалд халдсан, мөн тоглолтын үр дүнд нөлөөлөх том хүчин зүйл, мэргэжлийн спортын үнэт зүйлийг зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна. Иймд дээрх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд шуурхай нягтлан шалгаж, уг тамирчинд зохих хариуцлага тооцохыг МСБХ-ны удирдлагад Khan Falcons багийн зүгээс албан ёсоор хүсэж байна" гэсэн юм.
Харин "BCH Knights" баг хариу мэдэгдэл гаргасан юм. Тодруулбал “BCH Knights” сагсан бөмбөгийн клуб нь “Биеийн тамир, спортын тухай” хууль болон холбогдох хууль тогтоомж, “Олон улсын сагсан бөмбөгийн холбоо”-ны дүрэм, Холбооны дүрэм болон бусад дүрэм, журам, хэмжээг баримтлан Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. Үндэсний Дээд Лиг-ийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “BCH Knights” – “Khan Falcons” багуудын тоглолтын эхний хагасын завсарлагааны үеэр хувцас солих өрөө рүү явах замд “Khan Falcons” багийн тамирчин О.Өсөхбаяр нь манай клубийн тоглогч Дэвион Уоррен руу дэгээдэх үйлдэл гаргасан.
Уг нөхцөл байдалд манай тоглогч өөрийгөө хамгаалах зорилгоор түлхсэн. “Khan Falcons” багийн зүгээс гаргасан мэдээлэл дээрх шиг манай багийн тоглогч Дэвион Уоррен нь “Khan Falcons” багийн залуу тоглогч О.Өсөхбаярын ар нуруунаас дагз руу санаатайгаар хүчтэй цохиж аюулгүй байдалд нь халдсан үйл явдал болоогүй. Бодит нөхцөл байдлыг тодорхой нотлох баримтгүйгээр гуйвуулж, тамирчны нэр хүндэд халдаж, олон нийтийг төөрөгдүүлэх буруу ташаа мэдээлэл дамжуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлье" гэжээ.
Тэгвэл "Khan Falcons" багийн дасгалжуулагч Д.Тулга өөрийн цахим хуудаснаа "Манай багийн хувьд хөгжлийн лигээс гарж ирсэн шинэ залуу баг плей оффд гарах том зорилгоо биелүүлсэн сэтгэл хангалуун байгаа. Хожсон хожигдсон ч Монголчууд даа залуус минь сайхан үнэн шударга өрсөлдөөн үзүүлж тоглох зорилготой байгаа. Гэхдээ Knigts багийн тоглогч D.Waren хийсэн зүйлс дээ тоглолтын дараа манай өрөөний үүдэнд ирээд уучлалт гуйж байна гээд зогсоод байсан чинь одоо бүр би яагаа ч үгүй гээд өөрөө болон багаараа худал мэдэгдэл олон нийт сошиалд гаргасан байна. Өнөөдрийн болсон бүх зүйлс дээр зөндөө харсан гэрчүүд болон олон хүмүүс байгаа. Нэмээд тоглолт дуусаад манай клубийн гүйцэтгэх захирал н.Ганзоригийг олон хүний нүдэн дээр D.Waren боож биед нь халдаж байхад "М Банк" аренагийн хамгаалагчид салгасан нь бүгд баримттай гэрчүүдтэй шүү" хэмээн бичжээ.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.