НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэд: Азтай нь л шатахуун олж авдаг боллоо. Хэлэх үг алга

Одоогоос найм хоногийн өмнө буюу долоодугаар сарын 23-нд Монгол Улсын засгийн газар "Улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна" хэмээн мэдэгдэж байв. Гэтэл 17 хоногийн нөөц нь ердөө найм хоногт дуусав уу.

Учир нь сүүлийн хоёр өдөр Улаанбаатар хотын автомашины тэн хагас нь ШТС-уудын үүдийг өдөр шөнөгүй захих болов. Тухайлбал иргэд шатахуун авах гэж бүтэн өдөр болж байна. Жолоочид хотын зүүн захаас баруун зах хүртэл бүх ШТС-ууд очно. Өгч байгаа газар нь 1-2 км, зарим газраа 3-4 км урт дараалал үүсэв. Шатахуун авах гэж гараад шатахуунгүй болж машинаа чирүүлж буй жолоочид ч цөөнгүй байв.

Орон нутаг ч энэ зовлонг тойрохгүй дайрах нь мэдээж. Улмаар салбарын сайд Г.Дамдинням Солонгос улс руу шатахуун "гуйхаар" мордож БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, нөөцийн яамтай хэлэлцээр хийжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна. Монголын заяа ихээ гэж..." хэмээн бичсэн байна.

Шатахуунд дараалж буй иргэд дараах мэдээллийг өгөв.

Иргэн1: Өглөө босоод л шатахуун авахаар гарсан. Одоог хүртэл авч чадаагүй. Удахгүй машины шатахуун дуусах нь авч амжих эсэхээ мэдэхгүй л байна. Шатахуун өгч байгаа ШТС-уудад дараалаад зогсоод авахын даваан дээр шатахуун дууссан гээд хаачхаад байна. Тэгж таслуулж явсаар өдрийг өнгөрөөлөө.

Иргэн2: Бараг азтай нь л шатахуун олж авдаг боллоо. Манайхан ч дараалж хүлээгээд сурч байх шиг байна даа. Өглөөний 6:00 цагаас шатахуунд дараалж эхэлсэн. Хоёр ШТС-д “таслуулчихлаа”. Шатахуун авах эсэхээ мэдэхгүй сууна. Сүүлдээ уур ч хүрэхээ больдог юм байна. Хэлэх ч үг алга даа.

Иргэн3: Шөнийн 03:30 цагт хөдөөнөөс орж ирээд гэртээ ч очоогүй шатахуун хайгаад явж байна. Шатахуун авах гэж явсаар шатахуунаа бараг дуусах нь. Орон нутаг бүр шатахуун өгөхгүй байна лээ. Нэг өглөө сэрэхэд л шатахуун хомсодчихсон байх юм. Хоёр хоногийн өмнө хэвийн байсан юм уг нь.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button