Улс төрийн мэдээ

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ хэзээ чуулахыг МАН-ын генсек Я.Содбаатар зарласан буруу жишиг

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Хархорин суманд зохион байгуулж, Хархорум хотын бүтээн байгуулалттай холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргана” гэж мэдэгдсэн.

Энэ бол Өвөрхангай аймгийн хархорин сум үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраар МАН-ын генсекийн хэлсэн үг юм.

Бод доо, улс төрийн нам бол үзэл баримтлалын хүрээнд сайн дураараа эвлэлдэн нэгддэг нэгдэл бөгөөд нэг ёсондоо ТББ. Ийм ТББ-ын төлөөлөл сумынхаа 70 жилийн ойн баяр наадмаар "Ах нь УИХ-ын чуулганыг энд хуралдуулна аа" гээд зарлачихсан хэлбэр.

Монгол бол Үндсэн хууль, парламентын засаглалтай улс. Хууль тогтоох засаглал бол манай улсын төрийн эрхийг барих дээд байгууллага мөн. Үүнийгээ тусгаар улсын хувиар Үндсэн хуулиараа баталгаажуулан, УИХ-ын чуулганыг хэзээ хуралдах, хэрхэн явагдах зэргийг нарийн дэгээр хуульчлан зохицуулдаг. Бид ийм тогтолцоонд шилжээд даруй 30 гаруй жил болчхоод байна.

Ээлжит бус чуулган зарлах хуралдуулах эрх зөвхөн УИХ-ын даргад байх бөгөөд одоогийнхоор С.Бямбацогтын бүрэн эрхийн хүрээний асуудал. УИХ-ын даргын статусыг Монгол Улс төрийн өндөрлөгийн хоёрдугаарт дэсэлж, Гүйцэтгэх засаглалын өмнө манлайллыг хэрэгжүүлдэг.

Ийм байхад нэг ТББ-ын нарийн бичиг сумын 70 жилд очингуутаа төрийн эрх барих дээд байгууллагыг хуралдуулна гэж мэдэгдсэн нь эрх хэмжээний хэтийдсэн хэтрэлт юм.

Одоогийн нөхцөлд УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах эсэх онцгой эрх зөвхөн С.Бямбацогтод бий. УИХ-ын дарга С.Бямбацогтоос өмнө Төрийн тэргүүн ч дууграх эрхийг Үндсэн хуулиараа хааж өгсөн зохицуулалттай.

Гэтэл улс төрийн намын нарийн бичгийн дарга төрийн эрхийг барих дээд байгууллагын эрхэнд шууд халдаж, хуралдуулах товыг С.Бямбацогтоос түрүүлээд зарлачихсан нь энэ.

Хамгийн хачирхалтай нь, парламентын дархлааг төрийн өндөрлөгийн хувиар сахин хамгаалах учиртай С.Бямбацогт Я.Содбаатарын үгэнд ганц үг ганхийсэнгүй.

Бодвол, өнөөгийн төрийн тэргүүний гүн дэмжлэгээр УИХ-ын даргын өндөр сэнтийд суусантай нь холбоотой биз. Учир нь, Я.Содбаатар бол Ерөнхийлөгчийн сайн найз бөгөөд ЕТГ-ын даргын албан тушаалаас сэлгэж, МАН-ын генсекээр очсон нэгэн юм.

Нэг нам удаан засаглаад ирэхээр Я.Содбаатарын үйлдэл шиг эцэстээ тухайн улс төрийн нам нь дүрээ гүн орж, парламентын эрх ёсонд халдахаа юман чинээ боддоггүй. Томилуулсан даргынхаа ойрын хүнийг яаж ч төрийн эрхэнд халдаж байсан дуугардаггүй С.Бямбацогт хүмүүс төрөөр дүүрчхэж байгаа билээ.

Хамгийн эмгэнэлтэй нь, төрийн эрхийн ийм зөрчлүүд өрнөж байхад олон нийт нь ч "МАН УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж болно" гэх ойлгоцоор шүүмжлэлт сэтгэлгээ үл гаргаж, хэрсүү байх чанраа улам бүр гээсээр байна.

Эрх зүйт, Үндсэн хууль, төрт ёсоо дээдэлдэг оронд бол Я.Содбаатарыг МАН-ын генсекээс буулгах, төрийн эрхэнд халдсан хэргээр ял асуух хэмжээнд асуудлыг ярих ёстой билээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

даавуун нохой

Зочин
Зочин

Мангар

Холбоотой мэдээ

Back to top button