Хайрцагнаасaa гарч СЭТГЭЖ чаддаг болжээ

Увс аймгийн Наранбулаг суманд түр амрах зогсоол шинээр барьж, орон нутагт нь хүлээлгэн өгсөнтэй таарлаа. Үзлээ, харлаа, сонирхлоо. “IMFORMATION CENTER” гээд гадны улс оронд байдаг даа. Яг л түүн шиг юм. Сум, орон нутгийнхаа газар зүйн онцлог, үүх, түүх, соёлын дурсгалт газраа бүгдийг нь багтаасан иж бүрэн танилцуулга нь байна.
Наранбулаг сумыг хэзээ, хэрхэн үүсгэн байгуулсан, бусдаасаа ямар ялгаатай, яагаад зорих ёстой, юуг үзэж, харах боломжтой вэ? гээд хэрэгтэй байж болох бүх мэдээлэл байна. Дан ганц Монголоор биш англи хувилбараар хийж, зэрэгцүүлж тавьсан нь шинэлэг санагдлаа. Үүнийг “Жамбал сан”-гаас энэхүү бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийжээ.. Жамбал нь Наранбулаг сумын уугуул, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын аав юм билээ.

Өөрөө ч нийгмийн сүлжээгээр энэ тухайгаа хэлсэн. Аавынхаа төрж, өссөн төрөлх нутаг оронд нь үлдэцтэй, олон жилийн настай хөрөнгө оруулалт хийж. Манайхан л болсон хойно аливаа асуудлыг ухаж ойлгохоос илүүтэй улс төржүүлж, харддаг болсон цагт ийм тайлбар давхар хийх нь зүй. За тэр ч яах вэ. Хүсвэл албан ёсны хаягтаа байршуулсан видеоноос энэ талын мэдээллийг авч бас нягталж болно. Магадгүй Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодлого, түүнд зарцуулдаг төсвийн үр ашгийн сул талыг бэлхнээ харууллаа гэхэд болно.
Уг нь 21 аймагтайгаа автозамаар холбогдсон нь үнэн л юм бол иймэрхүү түр амрах цэгүүдийг олноор байгуулах ёстой. Бүр болохгүй бол жишиг болохуйц бэлэн загвар нь энд, Наранбулаг суманд байна.
Хайрцагнаасаа гарч сэтгэж чадаж байна!

Яг үнэндээ Засгийн газраас Монгол Улсыг сурталчлах нэрийн дор өнгөрсөн хугацаанд хэчнээн тэрбум төгрөгийг гадагшаа урсгав. Үр дүнд нь 21 аймаг, 330 сум нь өнөөх л бахь байдгаараа “Угтах хаалга”-наас өөр хөгжилгүй суугаа нь гашуун үнэн, бидний бодит төрх болсоор удлаа. Өөрөөр хэлбэл, 21 аймгийг холбосон автозам дагуух бэлээхэн сүлжээ нь байхад “Угтах хаалга”-аараа өөр хоорондоо өрсөлдөж, уралдах биш гаднын жуулчид, дотоодын аялагчдадаа зориулсан ийм дэд бүтцийг илүү олныг барьж байгуулмаар байна. Ядаж л орон нутгийнхаа онцлог, байгалийн дурсгалт газрын мэдээллийг илүү цэгцтэй, ойлгомжтой, бүтээлчээр сурталчилдаг болбол зориод ирж байгаа хүмүүстээ ч хэрэгтэй, сум, орон нутгийн амьжиргаанд ч дэмтэй юм аа.

Уг нь Монгол Улс чинь Соёлын болон Байгаль орчны асуудал эрхэлсэн яамтай биз дээ. Энэ олон жил юу санаачилж, яаж гийгүүлсэн болохоороо ийм анзааны бүтээн байгуулалтыг хийж чадахгүй өдийг хүрсэн нь гайхмаар шүү. Хэлбэр хөөцөлдсөн цементэн хаалга биш, хүндээ хэрэгтэй түр амрах зогсоол олныг бариад эхэлбэл тэр чинь л томоохон сурталчилгаа болохоор байна даа. Монголын аялал жуулчлалын соёл ч, замын аюулгүй байдал ч шал өөр түвшинд очих шүү.
Агаарын юм ярьж асуудлыг аргацааж суухаар амьдралд дэмтэй, бодитой, үр дүнтэй иймэрхүү ажил л Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй байна даа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо иргэд нь өөрсдөө ухамсартай байгаад, хог хаяхгүй, элдэв хачин нэр дүрс будаж сийлэхгүй, арчилгаагаа хийгээд л байвал сайхансан.
Орчин үеийн ямар гоё шийдэлтэй юмбэ.