Өвөл айсуй: Идэр есөөр иргэд шатахуунд дугаарлаж, АИ-92 бензин 4000₮ давах вий
Шатахууны үнэ дахин 200 төгрөгөөр нэмэгдэж, АИ-92 бензиний литр тутмын үнэ 3040 төгрөгт хүрлээ. Одоогоор шатахууны Үнийн зөвлөл албан ёсоор хуралдаагүй, үнийг нэмэгдүүлсэн шийдвэрээ танилцуулаагүй байгаа. Гэтэл ААН-үүд өөрсдөө үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Шатахууны үнэ нэмэгдсэн атлаа дахиад бензин хүрэлцээтэй байгаа эсэх, дараалал буурах уу гэдэг хүлээлт иргэдийн дунд өндөр. Хэдий гэнэт шатахууны үнэ нэмэгдсэн ч ШТС-ууд дараалал, хязгаарлалтгүй олгох нь юу юунаас илүү чухал.
Бодит байдал нь, бид шатахууныхаа гол нийлүүлэгч ОХУ-аас хамааралтай. Тус улсын хувьд ч шатахууны нийлүүлэлтийн хүндрэл, дотоодын хомсдолтой нүүр тулж, зарим бүс нутагт урт дараалал, худалдааны хязгаарлалт үүссэн. Мөн орон нутагт малчид, тариаланчдад шатахууны хомсдол нэн тэргүүний асуудал болоод байгаа. Тэдний гол ажлыг нугалдаг хэрэгсэл болох мотоцикль, тракторын шатахууны хэрэглээ нэмэгдэх цаг хугацаа айсуй. Одоо ид ургац хураалт, сааль сүүний үе. Гэтэл орон нутагт АИ-92 бензины үнэ 4200 төгрөгт хүрсэн нөхцөл байдалтай байна.
2025 оны тавдугаар сард АИ-92 бензиний үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдэж, 2390 төгрөгөөс 2590 төгрөг болсон. Тухайн үед хоёр жил гаруйн хугацаанд тогтвортой байсан үнийн түвшин ийнхүү өөрчлөгдсөн юм.
Жилийн хугацаанд үнэ өссөн ТАЙМЛАЙН
- 2025 оны тавдугаар сар: 2390 → 2590 төгрөг, +200 төгрөг
- 2026 оны долоодугаар сарын 15: 2590 → 2840 төгрөг, +250 төгрөг
- 2026 оны наймдугаар сарын 14: 2840 → 3040 төгрөг, +200 төгрөг
- 2026 онд нийт: +450 төгрөг
- 2025 оны мөн үеэс: +450 төгрөг буюу ойролцоогоор 17.4 хувиар өсөв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр “ОХУ-аас нийлүүлж буй АИ-92 бензиний импортын үнэ наймдугаар сарын 1-нээс нэг тонн нь 851 ам.доллар болж өссөн. Суурь импортын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор дотоодын импортлогч аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх шаардлага тавьж эхэлсэн” гэж буй. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 97 орчим хувийг ОХУ-аас импортолдог учир АИ-92 бензиний үнийг өмнө нь 705 ам.доллар орчимд тогтворжуулж ирсэн.
Харин 2026 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улс 505.2 мянган тонн автобензин, 956.7 мянган тонн дизель түлш импортолжээ. Автобензиний импорт өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар, дизель түлшний импорт 14.4 хувиар өссөн байна.
Өөрөөр хэлбэл шатахууны импортын хэмжээ өсөж байгаа ч нийлүүлэлт, үнэ тогтвортой биш. ОХУ-ын хил үнэ, валютын ханш, тээвэрлэлтийн зардал зэрэг хүчин зүйлс дотоодын үнэд шууд нөлөөлөх эрсдэл хэвээр.
200 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн халаасанд хэрхэн мэдрэгдэх вэ?
Нэг литр энгийн АИ-92 бензиний үнэ 450 төгрөгөөр нэмэгдсэн нь өдөрт ихдээ 5 литр шатахуун хэрэглэдэг жолоочийн хувьд 30 хоногт тооцоход үнэ нэмэгдэхээс өмнө 388,500 төгрөгөөр шатахуун авдаг байсан бол, үнэ өссөний дараа 456,000 төгрөг зарцуулна гэсэн үг. Үүнийг жилээр тооцоход үнэ нэмэгдэхээс өмнө жилд 4,656,000 мянган төгрөг шатахуунд зарцуулдаг байсан бол 450 төгрөгөөр нэмэгдсэний дараа жилд 5,472,000 төгрөг зарцуулдаг болно гэсэн үг. Харин Евро-92, 95, дизель түлшний үнэ өсвөл дээрх зардал даруй өндөр дүнгээр тооцогдоно.
Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 798,000 төгрөгийн орлоготой иргэний орлогын 50-иас илүү хувь нь шууд шатахууны сарын хэрэглээнд явна гэсэн үг. Харин ҮСХ-ны мэдээлсэн дундаж цалин болох 2,500,000 төгрөгийн орлоготой иргэний цалингийн 10 гаруй хувь нь шатахуунд зарцуулагдана.
Харин бензин тээврийн зардлын хамгийн гол хэрэглээ учраас нөлөө нь зөвхөн автомашинтай иргэдээр хязгаарлагдахгүй. Хот хоорондын болон нийтийн тээвэр, хүргэлт, хүнс, өргөн хэрэглээний барааны тээвэрлэлтийн зардалд шууд нөлөөлөх боломжтой.
Өнгөрсөн жилийн үнийн өсөлтийн дараахан ч шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн зарим өргөн хэрэглээний барааны үнэ өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.
Тиймээс 200 төгрөгийн нэмэгдэл нь ШТС дээр харагдах үнэ биш. Түүний цаана иргэдийн амьжиргааны зардал, нийтийн тээвэр, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ, улмаар өрхийн өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэхэд гол жинг дарсан.
Ингээд харвал, идэр есөөр монголчууд шатахуунд дугаарлаж, энгийн АИ-92 бензин литр нь 4000 төгрөгт хүрэхдээ тулах вий.
Б.АЛТАНГЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗГ-аас онцгой албан татвар, гаалийн хураамжыг 100% чөлөөлсөн тул үнээ бууруулсан бна... А92-2586 төгрөгөөр тогтсон бна