Аман дээрээ "Төвбанкны алдагдлыг Засгийн газар хариуцахгүй" гэсэн ч ачир дээрээ 2028-2032 онд жил бүр ₮1 их наядын бонд гаргахаар тохирчээ

Улсын Их Хурлын 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын дагуу инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэл рүү явах нь.
2027 онд Мөнгөний бодлогын Үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны санхүүгийн бие даасан байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц шинэчлэлийн эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм. Энэ хүрээнд инфляцыг үүсгэж, тэтгэж буй мөнгөний илүүдэл нийлүүлэлтийн сувгуудыг үе шаттай хязгаарлах, Төв банкны институцийн чадавхыг бэхжүүлэх нийт 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 13.4 хувьтай байгааг 2027 онд 6 хувь буюу 2.2 дахин бууруулах зорилт тавьжээ. Төвбанкнаас өнгөрсөн 15 жилийн хугацааны мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээр инфляц ердөө таван жилд нь зорилтот түвшиндээ хүрсний цаад шалтгаан нь Монгол Улс Валютын сангийн хоригт байх үеийн "сахилга бат" нөлөөлсөн байх юм.
Инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдахад эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, төсвийн шинжтэй санхүүжилт, төсвийн тэлэлт нөлөөлж ирсэн тул 2027 оны Үндсэн чиглэлд эдгээр суурь шалтгааныг арилгах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах цогц арга хэмжээг тусгасан гэнэ.
Төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал ₮4.8 их наяд, хуримтлагдсан алдагдал нь ₮6.8 их наядад хүрснийг "хариуцах" эзэн холбогдогч олдохгүй бие бие рүүгээ шидэж байснаа нэгдсэн шийдэлд хүрчээ. Төвбанкны алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай нөхөх хүрээнд Засгийн газар 2028-2032 онд жил бүр ₮1 их наядаас доошгүй дүнтэй тусгай нөхцөлтэй үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэн зах зээл дэх илүүдэл мөнгийг татах хэрэгслийг өргөжүүлэх аж.
Мөн цаашид Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлж, Төв банк үндсэн чиг үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад төвлөрөх нөхцөлийг сайжруулах хүрээнд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, 2028 онд бүрэн шилжүүлэхээр тусгасан бөгөөд одоогийн зээлдэгчдийн гэрээ, зээлийн хүү өөрчлөгдөхгүйг онцлов.
Түүнчлэн төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримталж, төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзахаар тусгаснаар валютын зах зээлд ил тод, өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, төгрөгийн илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Гэвч УИХ-ын гишүүд 2027 оны Улсын төсвийг өргөн барьсны араас Мөнгөний бодлогын баримт бичгийг өргөн барьсан учраас дундын зөрүү болох ₮10 гаруй их наядын асуудлыг хэрхэх нь тодорхойгүй байгаа нь инфляцыг ирэх онд 6 хувьд хүргэх боломжгүй гэдгийг хэлж байна.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.