Ерөнхийлөгчийнхтэй харьцуулахад Парламентын засаглалтай орнуудын эдийн засаг, ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтүүд илүү байдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.11.19/ хүлээн авсан. Өнгөрсөн пүрэв гарагийн чуулганаар Ерөнхийлөгч асан Хүрэлсүх парламент хоёр шатлалтай болж Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэхийг бүх нийтийн санал асуулгаар явуулж, шийдэх нь дээр гэж хэлсэн билээ. Олон улсын туршлагаас харвал нийгмийн сайн сайхан байдлын хувьд парламентын засаглал нь ерөнхийлөгчийн засаглалаас дээр үр дүн авчирдаг юм.
Ерөнхийлөгчийн засаглалтай харьцуулахад парламентын засаглал нь илүү хүчирхэг, хүртээмжтэй институцүүдийг бүрдүүлэх нөхцөлийг бий болгож, улмаар эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг дэмждэг гэж улс төрч судлаачид үздэг. Харин ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын ДНБ-ий өсөлт харьцангуй удаан, орлогын тэгш бус байдал өндөр, эдийн засгийн тогтворгүй байдал илүү их байдгийг “Australian Institute of International Affairs” байгууллагын судалгаа харуулсан байна.
Тус байгууллага засаглалын ялгаа эдийн засгийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлдгийг судалсан юм. “Australian Institute of International Affairs” 138 орны макро эдийн засгийн өгөгдөл 1950-2019 оны хооронд хэрхэн өөрчлөгдсөнд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын эдийн засгийн үзүүлэлт парламентын засаглалтай орнуудынхаас тогтмол доогуур байсан юм.
Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад эдийн засгийн өсөлт илүү удаан, инфляц өндөр, орлогын тэгш бус байдал их байдагт улс төрийн тогтворгүй байдал, бодлогын залгамж алдагдах үзэгдэл голлох нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Гүйцэтгэх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх нь улс төрийн савлагааг нэмэгдүүлж, эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад саад учруулдаг аж. Тухайлбал, парламентын засаглалтай орнуудтай харьцуулахад ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын улс төрийн тогтвортой байдлын түвшин статистикийн хувьд мэдэгдэхүйц доогуур байжээ. Мөн парламентын засаглалтай орнуудад ардчилсан тогтолцоо илүү урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх хандлагатайг судлаачид онцолсон юм.
Судалгаанаас харвал ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын эдийн засгийн өсөлт парламентын засаглалтай орнуудынхаас жилд дунджаар 0.6-1.2 нэгж хувиар бага байжээ.
Тодруулбал, 1960 онд нэг хүнд ногдох бодит ДНБ-ий голч үзүүлэлт ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад 1,428 ам.доллар байсан бол парламентын засаглалтай орнуудад 6,260 ам.доллар байсан юм. Энэ дүнг 2010 оны ам.долларын ханшаар тооцсон байна.

Он жилүүд өнгөрөх тусам энэ зөрүү улам нэмэгджээ. 2019 он гэхэд парламентын засаглалтай орнуудад нэг хүнд ногдох ДНБ-ий голч үзүүлэлт 24,659 ам.долларт хүрсэн байна. Харин ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад ердөө 5,204 ам.доллар байв. 1960 онд ерөнхийлөгчийн засаглалтай оронд нэг ам.долларын орлого ногдож байхад парламентын засаглалтай оронд 4.39 ам.доллар ногдож байв.
Тэгвэл 2019 онд ерөнхийлөгчийн засаглалтай оронд нэг ам.долларын орлого ногдож байхад парламентын засаглалтай оронд 4.74 ам.доллар ногдох болсон байна. Мөн ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад инфляц өндөр, хэлбэлзэл ихтэй байсан нь эдийн засгийн тогтвортой байдлыг улам сулруулжээ.
Орлогын тэгш бус байдал ч хоёр засаглалын хэлбэрт ялгаатай байв. Ерөнхийлөгчийн засаглал нь баялгийн тэгш бус хуваарилалтыг улам нэмэгдүүлэх хандлагатайг судалгаа харуулжээ. Учир нь эрх мэдэл нэг гарт төвлөрөх нь эрх баригч элитүүдийн ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжих нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Судлаачдын тооцоолсноор бусад хүчин зүйлийг тогтмол байсан нөхцөлд ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын орлогын тэгш бус байдал парламентын засаглалтай орнуудынхаас 16-20 хувиар өндөр байсан юм. Бусад хүчин зүйлсэд нь газарзүйн байршил, колоничлолын түүх, шашин шүтлэг, хэр удаан хугацаанд ардчилсан засаглалтай байсан гэх мэт зүйлс багтжээ.
Эдийн засгийн үзүүлэлтүүд ийм ялгаатай байдгаас гадна парламентын засаглалтай орнууд ардчиллын түвшний үзүүлэлтээр тогтмол өндөр үнэлгээ авдаг. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөө илүү өргөн хүрээнд хангагдаж, хууль дээдлэх ёс хүчтэй байдаг аж. Эдгээр нь эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрахтай шууд холбоотой хүчин зүйлс юм.
Парламентын засаглал илүү хүчтэй институц бүрдүүлдэг нь эдгээр үзүүлэлт дээр ялгаа гарахад нөлөөлж байна. Хүчирхэг институцүүд нь тогтвортой тогтолцоог бий болгох, улс төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үр нөлөөтэй хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг дэмждэг байна.
Институцийн үүрэг
Парламентын засаглалтай орнуудад эвслийн Засгийн газар байгуулах, улс төрийн зөвшилцөлд хүрэх шаардлага гарч ирдэг. Ийм орчин нь эдийн засгийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хямралыг зөв зохицуулахад таатай нөхцөл бүрдүүлдэг байна. Харин ерөнхийлөгчийн засаглалын үед сонгуульд ялсан тал бүх эрх мэдлийг авч, улс төрийн туйлшрал, төрийн үйл ажиллагааны үр ашиггүй байдлыг бий болгох нь олонтоо тохиолддог аж.
Судлаачид хэд хэдэн үзүүлэлтийг харьцуулан шинжилж, ардчиллын үйл явцад иргэдийн оролцоо, төлөөлөл илүү хүртээмжтэй байж, ардчилал болон улс төрийн тогтвортой байдал илүү удаан үргэлжилдэг болохыг тогтоосон байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад эрх мэдэл нэг хүний гарт төвлөрдөг тул эрх мэдэлд тавих хяналт суларч, эрх мэдлээ урвуулан ашиглах эрсдэл нэмэгддэг. Үүний жишээ нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар юм. Эрдоганы хувьд бүрэн эрхээ ашиглан шүүх засаглал, хэвлэл мэдээлэл болон бусад институцэд тавих хяналтаа чангатгаж, ардчиллын эрх мэдэл хуваарилах, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан.

Харин парламентын засаглалтай орнуудад хууль дээдлэх ёсны хэрэгжилтийн төсөөллийн үнэлгээ илүү өндөр, гүйцэтгэх засаглалд тавих парламентын хяналт илүү хүчтэй, авлигатай тэмцэх тогтолцоо илүү үр дүнтэй байдаг аж.
Институцийн эдгээр ялгаа эдийн засагт ч нөлөөлнө. Парламентын засаглалтай орнуудад хүний капиталын түвшин өндөр, олон улсын худалдаанд илүү нээлттэй, эдийн засгийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх хандлагатай байдаг юм.
Орлогын тэгш бус байдлын хувьд институцийн чанар ялгаатай байдлын ихэнхийг үүсгэж байжээ. Гэхдээ ерөнхийлөгчийн засаглал нь институцийн хүчин зүйлсээс гадна орлогын тэгш бус байдлыг дордуулах хандлагатай байсан аж. Харин инфляцын түвшинд институцийн чанарын нөлөө харьцангуй бага, засаглалын хэлбэр шууд нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын инфляцын үзүүлэлт институцийн чанараас үл хамааран муу байдаг аж. Ихэнх улсад Төв банк бие даасан байдгийг тооцож үзсэн ч энэ үр дүн өөрчлөгдөөгүй юм.
Дүгнэхэд энэхүү судалгаа улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт харилцан адилгүй байгаа нь институцийн, чанарын ялгаатай ихээхэн холбоотой болохыг харуулжээ.
Эх сурвалж: Australian Institute of International Affairs, The Conversation













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.