НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: 90 жилийн замналтай Монголын волейболчид одоо л спорт ордонтой болох нь

Волейбол бол Монголд хөгжсөн анхны спорт юм. Ийн хөгжихдөө хоёр замаар үүсэж дэлгэрсэн гэж үздэг. Нэгт ард түмний эрүүл мэндийг бэхжүүлэх, хоёрт эх орноо батлан хамгаалах, хөдөлмөрт бэлхэн байх чадварыг нэмэгдүүлэх гол хэрэглүүр болгохын тулд... Ингэхдээ анхны программыг 1925 онд боловсруулан гаргасан гэдэг. Гэтэл бүхэл бүтэн ер гаруй жилийн замналтай  Монголын волейболчид өдийг хүртэл бэлтгэлээ хийж, тоглох заалтай болоогүй явсан нь тун харамсалтай. Гэхдээ энэ спортод элэгтэй, ид шинэ үе болон гялалзаж буй залуу үедээ дуулгах сайхан мэдээ байна.

-МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО УДАХГҮЙ ЗОРИУЛАЛТЫН БЭЛТГЭЛИЙН ЗААЛТАЙ БОЛНО-

Юу вэ гэвэл тун удахгүй зөвхөн волейболлын спортод, тамирчдад зориулсан спорт заал нийслэл Улаанбаатар хотод сүндэрлэх нь. Монголын Волейболын холбоо шижигнэсэн хурд хүч, сэтгэлгээний өндөр чадвартай залуу үеийнхнээр бүл нэмсээр буй энэ цаг үед үүн шиг сайхан мэдээ хаа байх вэ.

Тиймээс манай сурвалжлах баг үе үеийн волейболчдынхоо хүсэл мөрөөдөл болоод байсан, зөвхөн тэдэнд зориулагдах спорт заалтны нээлтийн шав тавих ёслолыг зорин очиж сурвалжиллаа.

Өвлийн сар гэхэд тэнгэр хаяарч, нар гийсэн дулаахан өглөө бид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороолол 22-р хороонд шинээр баригдаж буй “Монголын воллейболын холбооны спорт заал”-ны барилгын шав тавих ёслолд ирлээ. Дөнгөж баригдаж буй гэмээр барилгын хажууханд идээ будаагаар ширээ засаж, басхүү ард нь барилгын танилцуулга зураг болон жижиг загварыг үзүүлэн болгон тавьжээ.

Уг арга хэмжээ ид дундаа үргэлжилж, дуусахын наана бид Монголын воллейболчдын холбооны тэргүүн, Ай Ди Си Проперти ХХК-ийн захирал Т.Баярхүүтэй ярилцлаа.

-МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛИЙН ЗААЛЫГ НИЙТ 2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИНА-

-Юуны өмнө олон воллейболчдын хүсэл болсон спорт заалыг барих гэж буйд тань баяр хүргэе. Та манай уншигчдад барихаар зорьж буй барилгынхаа тухай танилцуулаач?

-Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжөөд 90 гаруй жил болсон байна. Удахгүй 100 жилийн ойн баяр нь болно. Монголын волейболын холбоо нь дэлхийн волейболын холбоонд элсээд 60 гаруй жил болсон. Гэвч энэ хугацаанд манай улсад шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн заал байхгүй байлаа. Миний хувьд Монголын волейболын холбоог тэргүүлдэг хүнийхээ хувьд өнөөдөр улсын шигшээ багийн бэлтгэлийн заал барих ажлын шавийг тавьж байна. Одоогоор зураг төслийн ажил бэлэн болсон. Шавь тавих ёслол маань сайхан болж байна. Ёслолд маань холбооны удирдлагууд ч мөн хүрэлцэн ирлээ.

-Уг барилгын санхүүжилт хаанаас гарч байгаа вэ?

-Тус барилга нь нийт хоёр тэрбум гаруй төгрөгөөр баригдах юм. 2021 онд барилгын ажил дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Монголын воллейболын холбоо нь өөрөө төрийн бус байгууллага учраас өөр газраас санхүүжилт авах боломжгүй юм.

Т.БАЯРХҮҮ: ҮНДСЭН СПОРТ ЗААЛ МААНЬ 24X36 ХЭМЖЭЭТЭЙ, ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН

-Барилгын бүтэц, хэсгийг танилцуулаач?

-Үндсэн спорт заал маань 24x36 хэмжээтэй, олон улсын стандарт шаардлагыг хангасан. Нэгдүгээр давхарт хүлээлгийн танхим, тамирчдын амрах байр, фитнес заал, волейболын холбооны оффисийн өрөө байрлах юм. Үндсэндээ 2-3 давхар байгууламж болно. Волейболын үндсэн заалны маань тааз 12-14 метрийн өндөртэй. 300 орчим хүний багтаамж бүхий суудалтай.

Мөн үзэгчдийн суудлыг анхнаасаа тохь тухтай байлгах тал дээр анхаарч ажиллана. Улсын чанартай томоохон тэмцээн уралдаануудыг ч мөн уг зааландаа явуулах боломжоор хангана. Монголын үе үеийн волейболчдын хүсэн хүлээсэн ажлын шав нь ийнхүү тавигдаж байгаад баяртай байна. Ирэх хавар гадаа дулаархаар үндсэн барилгын ажил эхлэнэ.

-ТАМИРЧИД БЭЛТГЭЛЭЭ БАЙНГА БАЗААХ БОЛОМЖ БҮРДЭЖ, ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ-

-Уг барилга баригдахаас өмнө тамирчдад ямар хүндрэл бэрхшээл учирч байв?

-Зориулалтын заалгүй байсан учраас шигшээ багийн тамирчид маань бэлтгэлээ базаах, сургуулилт хийх тал дээр хүндрэлтэй байсан. Харин энэ заал баригдсанаар тамирчид маань байнгын бэлтгэл сургуулилтаа базаах, ая тухтай амрах нөхцлүүд бүрдэх юм. Тэмцээн уралдаан зохион байгуулах болон бэлтгэл базаахад ямар нэг цагийн хязгаарлалт тавихгүйгээр онцлогтой.

Волейболын түүхийн хуудсанд “акулууд” гэж тэмдэглэхээр амжилт, туршлагын зузаан намтартай Уурхайчин, Эрчим, Алтайн барс, Энагурэ, Хасу Мегастарсынхан залуу үеийнхнээр “ цус сэлбэж” байна.

Түүнчлэн  тоглогчдын дундаж нас 18-25 байгаа нь өсвөр үеийнхэн волейболын спортод ихээр дурлаж, Монголын Волейболын гуравдахь үе нэгэнт эхэлсэн нь  харагдаж буй юм. Илүү хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, хурц ухаан бол волейбол. Энэ утгаараа өв тэгш иргэнийг төлөвшүүлэхэд багийн спорт тэр дундаа волейболын төрөл онцгой үүрэгтэй юм. Шинэ спорт ордонтой болсноор манай тамирчдын ур чадвар улам сайжирч, 90-ээд жилийн түүхтэй энэ спортоор дэлхийд нэрээ цуурайтуулах цаг тун ойрхон буй за.

Ийнхүү удахгүй баригдах барилгын ажил нь саад тотгоргүй байхын ерөөлийг дэвшүүлж, бидний өнөөдрийн сурвалжилга өндөрлөсөн юм.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ККк
ККк
2020-11-09 21:13

Херенге менгийг нь энэ 3 лам гаргаж байгаа аятай кк

Холбоотой мэдээ

Back to top button