Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: Халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарна

УИХ-ын чуулганы цахим хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг батална. 

Хэлэлцэх эхний асуудалдаа орсноор УИХ-ын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг нар онцгой нөхцөл байдалд чуулганы хялбаршуулсан дэгээр явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хялбаршуулсан дэгээр хэлэлцэх болсон тул УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганыг удирдаж, УИХ-ын дарга хяналт тавихаар болсон юм.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж баталлаа. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос  85.5 хувийн саналаар дэмжлээ.

УИХын гишүүн М.Оюунчимэг:

Төсвийг нэлээд шахаж чамбай боловсруулсан. Ирэх оны төсөлд коронагийн эрсдлийг хэрхэн тооцоолсон бэ. Мөн санхүүжилтийг хэрхэн  тусгав. Эрүүл мэндийн асуудал чухал болж байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Та ажлын хэсэгт ажилласан. Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг онцгой цаг үед батлах гэж байна. Ирэх оны төсөвт цар тахлыг хамгийн хүндээр төсөөлөөгүй ч гэсэн хэрэв эрсдэл учирвал гэсэн нөхцөлтэйгөөр боловсруулсан гэж бодож байгаа. Хэрэв цар тахал хүндэрвэл иргэдийнхээ орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулж тэтгэх зорилгоор  870 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд суулгасан. Үүнийг УИХ-аас ч гэсэн хэвээр нь баталж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн бүхий л байгууллагын санхүүжилт, худалдан төсвийг нь анх оруулж ирсэн байдлаар нь батлах гэж байна. Тодорхой хэмжээгээр эрсдэлийг тооцоолсон төсөв болсон.

УИХын гишүүн Х.Булгантуяа:

Цар тахлын тухай  хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна, Засгийн газар ямар бодолтой байна вэ. Цар тахлын үед төсвийн тодотголыг хийхэд ч амаргүй. 7.2 хувийн эдийн засгийн өсөлтийг хэр  биелэгдэнэ гэж харж байна вэ?.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийн хугацааг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа. Цар тахлын хууль дотор нэг удаа зургаан сараар сунгана гэсэн зохицуулалт бий.

УИХын гишүүн Ж.Чинбүрэн:

Эхлээд төсвөө батлаад дараа нь тодотголын асуудлыг ярих нь зөв өө. Сангийн сайд ч гэсэн дэмжиж байна. Өнөөдөр эрсдэлд анхаарахад хүн болгон гэртээ байж, шинжилгээг олноор хийх шаардлагатай болно. Ингэж байж цаг алдалгүй халдвар авсан хүмүүсийг илрүүлж,  эмчлэх боломж бүрдэнэ. Монголчуудын насжилт харьцангуй залуу учир хүндрэл бага байх болов уу гэж итгэж байгаа. Иргэд халдвар авснаа мэдэхгүй гадуур явж байгаад халдаах вий. Тиймээс гэрийн дэглэм барих нь хамгийн чухал шүү. Үүний төлөө бүгд хичээж ажиллая.

УИХын гишүүн Т.Доржханд:

Төсвөө хуулийн хугацаанд багтаан батлах нь зөв байх.Тодотгол хийх нь зайлгүй асуудал. Ирэх жилийн төсвийн төсөөлөл хэтэрхий өөдрөг байгааг би өмнө нь хэдэнтээ  сануулсан ч тоогоогүй. Одоо энэ төсөөллөө яаж харж байна. Эдийн засаг дэлхийн дахинд агшиж байхад өөдрөг төсөөллөө ч бид буулгах ёстой. Хоёрдугаарт,

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 26 тэрбум төгрөгийг танаад үүнийг УИХ-ын Тамгын газрынхны цалинг нэмэгдүүлсэн гэдэг мэдээлэл байна. Үүнд тодорхой хариулт өгөөч.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасагдаагүйг та сайн мэдэж байх ёстой. Халамж хавтгайрч байна гэж сүүлийн үед их ярьж байгаа. Хүүхдийн мөнгөнөөс гадна 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгогдоно. Цаашид энэ халамжийг багасгаж халамжаас хөдөлмөр рүү шилжинэ. Төсөв батлагдаад дуусмагц Засгийн газар халамжийн чиглэлд шинэчлэл  хийх хуулиуд орж ирнэ.

Ирэх жилээс эхлэн нийт халамжаас таван хувь буюу 26 тэрбум төгрөгийг хэмнэе санал яригдаж байгаа.

УИХын гишүүн Б.Баттөмөр:

Төсөв бол хөгжлийн баримт бичиг. Сүүлд баталсан Алсын хараа-2050 зэрэг баримт бичгүүдтэй төсөв хэр уялдав гээд харахаар төвөгтэй байгаа. Өнөөдөр төсвөө батлаад тодотголын үеэр энэ  тал дээр анхаарч засах нь зөв гэсэн саналыг гаргаж байна. Газрын албаны бүртгэлжүүлэлт хангалтгүйгээс 110 тэрбум төгрөг авч чадаагүй нь маш хариуцлагагүй. Энэ бол хүн бүхний нүдэн дээр байдаг асуудал. Энэ бүхнийг засах ёстой.

УИХын гишүүн Ж.БатЭрдэнэ:

Та ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ихэд ярьж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд цар тахал улс орны хэмжээнд гарлаа. Цар тахлыг хэдий хэр хугацаанд дарах эсэх нь одоогоор тодорхойгүй, таашгүй. Тиймээс энэ үед бид ямар ард иргэдтэй байх вэ гэдгээ бодох цаг нь болсон. Өр зээлтэй, ААН нь зогссон, баялаг бүтээгчид нь санхүүгийн хүндрэлд орсон ийм нөхцөл биднийг угтах нь ээ. Тиймээс нөгөө ярьж байсан ЖДҮ-ийг дэмжих, хөдөө аж ахуйгаа тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд төсөвт төдийлөн анхаараагүй. Үүнд цаашид ямар бодлогыг баримтлах вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Халдвар дотооддоо тархвал эдийн засагт бүх талдаа нөлөөлөх нь ойлгомжтой. Ямар хэмжээнд яаж нөлөөлөх вэ гэдэг нь  тодорхой цаг хугацааны дараа мэдрэгдэх байх. Тэр үед нь би гүйцэт хариулъя. Ийм үед ЖДҮ-ийг дэмжих чиглэлд мөнгө тавих нь зөв үү гэдэгт би эргэлзэж байна. Яагаад гэвэл эдийн засаг хумигдах байдалд орвол ЖДҮХС-ийн зээл чанаргүйд орно. Арай өөр бодлогыг авч хэрэгжүүлэх нь оновчтой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Дотооддоо нэгэнт халдвар алдсан энэ нөхцөлд тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсөд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Энэ хүмүүс өдөр шөнөгүй ажиллаж байна. Цалин урамшууллыг нь хангалттай олгох хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Өглөө засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд ийм чиглэл өгсөн. Энэ чиглэлээр тодорхой шийдлүүд гараад явна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан төсөв болсон. Хэд хэдэн барилга, обьектод зориулагдаж Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулагдана. Тийм учраас тун удахгүй тодотголоо оруулж ирэх ёстой. Ард түмний амьдралыг сайжруулах чиглэлээр ажилла.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button