Төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэгч аймгийн Засаг дарга нарын хариуцлага хаана байна вэ

Орон нутгийн удирдлагуудын нэр авлига, албан тушаалын хэрэг, төсвийн хөрөнгийг буруугаар захиран зарцуулсан зөрчилд холбогдож, улмаар хөрөнгө орлого нь огцом өссөн, хууль бус томилгооны маргаан дээр ч дуулдах боллоо. Нэг аймагт хүүхдийн цэцэрлэгийн барилга хоёр дахь жилдээ гацаж, нөгөө аймагт төсвийг зориулалт бусаар зарцуулсан тэрбумын зөрчил аудитын тайланд тусжээ. Харин зарим аймгийн Засаг даргын суудал эзгүйрч, заримд итгэл үзүүлэх, эсэхийг ИТХ-аар нь хэлэлцэж байна.
Нэгдмэл төрийн байгууламжтай Монгол Улсад 21 аймгийг удирдаж буй Засаг дарга нар бол төрийн удирдлагыг хэрэгжүүлж, тухайн орон нутгийнхаа хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээний хэрэгжилтийг хариуцдаг. Гэвч сүүлийн үед аймгуудын удирдлагатай холбоотой мэдээллүүдийг сөхвөл төлөвлөсөн ажлаа хугацаанд нь хэрэгжүүлээгүй, төсвийн хөрөнгийн зарцуулалтад зөрчил гарсан, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зэрэг асуудал анхаарал татаж байна.
-Өвөрхангайд Засаг даргын суудал эзгүй, өмнөх удирдлага нь авлигын хэрэгт холбогдов-
Өвөрхангай аймгийн Засаг даргын албан тушаал сүүлийн үед томилгооны асуудлаар анхаарал татаж байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Пүрэвдорж албан үүргээ хүлээлгэн өгч, түүний орлогч М.Батзориг түр орлон ажиллаж байгаа. Дараагийн Засаг даргад Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэнгийн нэр яригдаж эхэлсэн ч томилгоо эцэслэн баталгаажаагүй байна.
Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж авлигын хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 12 жил нэг сарын хорих ял сонссон юм.
Тодруулбал, А.Ишдоржийг Засаг даргаар ажиллаж байхдаа “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан. Тус компани Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн 15 ортой өргөтгөлийн барилгыг 1 тэрбум 356 сая төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан байжээ.
Анхан шатны шүүх 2026 оны есдүгээр сарын 4-нд хэргийг хэлэлцэж, А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хорих ял оноосон. Харин хахууль өгсөн гэх Т.Баатарсүрэнд хоёр жилийн хорих ял шийтгээд байв.
Гэвч 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.
Учир нь анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй, өмнө нь холбогдсон бусад эрүүгийн хэрэгт оногдуулсан ялыг шийтгэх тогтоолд тусгаагүй, Эрүүгийн хуулийн хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзжээ.
-Төв аймагт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга хоёр дахь жилдээ гацав-
Төсвийн хөрөнгөөр эхлүүлсэн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгаж, иргэдэд хүргэх нь мөн л Засаг даргын ажлын үр дүнг хэмжих нэг үзүүлэлт. Төв аймгийн Баянцогт суманд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга үүний нэг жишээ болж байна. 2024 онд тус цэцэрлэгийн барилгыг 2.8 тэрбум төгрөгөөр барихаар тендер зарласан ч зураг, төсөв нь магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажаагүй байхад зөвхөн барилга угсралтын ажилд гэрээ байгуулсан гэх асуудал гарчээ.
Үүний улмаас гадна шугам сүлжээ, тохижилтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж, барилгын ажил зогссон байна. Аудитын байгууллагын дүгнэлтэд барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд аймгийн төсвөөс 976.6 сая төгрөгийг нэмж шийдвэрлэх шаардлагатай болсон талаар дурджээ.
Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Туул голын хойд болон дунд салаан дээр барихаар төлөвлөсөн төмөр бетон гүүрний ажил ч тодорхойгүй нөхцөлд шилжсэн байна. Анх 2019 онд 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тусгасан уг ажлын зураг төсөл, хэрэгжүүлэх нөхцөлд 2024 онд өөрчлөлт оруулсан ч цаашид хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байгаа аж.
Эдгээр асуудал Л.Төмөрчөдөрийг Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд үүссэн бөгөөд төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналт, төлөвлөлтийн чанарын талаар асуулт дагуулж байна.
-Завхан аймагт 2.3 тэрбумын төсвийн зөрчил илэрч, 3.7 тэрбумын ажил хугацаандаа дуусаагүй байна-
Аймгийн Засаг дарга нарын ажлын үр дүнг төсвийн зарцуулалт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээр хэмжихэд Төрийн аудитын тайлан чухал баримт болдог. Тухайлбал, Завхан аймгийн Засаг даргын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд төсвийн зарцуулалттай холбоотой хэд хэдэн ноцтой асуудлыг дурджээ.
Аудитын дүгнэлтээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын санхүүгийн тайланд хийсэн аудитаар төсвийг үр ашиггүй, хэт үрэлгэн, зориулалт бусаар зарцуулсан 2 тэрбум 385.7 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, ижил төрлийн зөрчил давтагдан гарсаар байгааг мөн тэмдэглэжээ.
Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 1 тэрбум 473.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнд төсвийн хөрөнгөөр спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, шагнал урамшуулал олгох, бэлэг дурсгалын зүйл худалдан авах зэрэг зардлууд багтжээ.
Тухайлбал, төсвийн хөрөнгөөр мөнгөн аяга худалдан авсан, албан хаагчдад хуульд заагаагүй нэмэлт урамшуулал олгосон, спортын арга хэмжээ зохион байгуулж төсвөөс санхүүжүүлсэн зэрэг зөрчлийг аудитын тайланд тусгасан байна.
Үүнээс гадна Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 3 тэрбум 766 сая төгрөгийн ажил гэрээний хугацаанд бүрэн дуусаагүй, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй байсныг аудитын байгууллага онцолжээ.
Аудитын тайланд өмнөх зөвлөмжийн хэрэгжилт 60 хувьтай байгааг дурдсан бөгөөд төсвийг үр ашигтай зарцуулж, давтагдсан зөрчлийг арилгах шаардлагыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тавьсан байна.
-Увс аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх, эсэхийг ИТХ нь хэлэлцэж, огцруулах саналыг дэмжив-
Увс аймгийн Засаг даргын томилгоо ч улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудлын нэг болоод байна.
Тус аймгийн Засаг дарга С.Батжаргал 2025 оны аравдугаар сарын 27-нд нас барснаас хойш шинэ удирдлагын томилгоо хүлээгдэж байв. Улмаар 2026 оны хоёрдугаар сард Э.Насанбатыг аймгийн Засаг даргаар томилохыг ИТХ-ын төлөөлөгчдийн 53.13 хувийн саналаар дэмжсэн юм.
Харин энэ оны арваннэгдүгээр сарын эхээр түүний боловсролын баримт бичигтэй холбоотой асуудал хөндөгдөж, дипломын мэдээлэл дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлгүй байгаа талаар Боловсролын ерөнхий газрын албан бичигт дурдсан гэх мэдээлэл нийтэд хүрсэн юм. Мөн тендертэй холбоотой асуудалд нэр холбогдоод байна.
Үүнтэй холбогдуулан Увс аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Э.Насанбатад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэж, 35 төлөөлөгчийн 22 нь огцруулах саналыг дэмжжээ. Ингэснээр уг тогтоолыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.